Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207

 

Иргэн Х.Үзбений нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, гуравдагч этгээд Х.Тасхыны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаар магадлалтай, иргэн Х.Үзбений нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг гуравлагч этгээд Х.Тасхын, гуравдагч этгээд Х.Хуанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Серхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Үзбен шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Үзбен миний хувийн байшингийн баруун хойд буланд орших 72 м.кв газар бүхий байшинг иргэн Х.Хурматхен, Х.Серхан нар надаас худалдаж аваад дараа нь наймаагаа буцааж, өгсөн мөнгөө эргүүлэн авсан атлаа намайг Казакстан улсад оршин суудаг хүүхдүүд рүүгээ явсан хойгуур урьд худалдсан үед өгсөн баримтыг ашиглан уг газрыг өөрсдийнхөө эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авчээ. Энэхүү 72 м.кв барилгыг бид 2011 онд дутуу бариад дээврийг нь тавиагүй байхдаа Х.Хурматхен, Х.Серхан нарт  13.500.000 төгрөгөөр худалдсан боловч 1 сарын дараа тэд ирээд “энэ газар өөр хүний газартай давхацсан байна, бид мөнгөө буцааж авъя” гэсэн тул мөнгийг нь өгөөд барилгаа авсан. Гэтэл 2013 оны 4 дүгээр сард Х.Серхан, Х.Хурметхан нар бидний барилгыг буулгаж ачиж эхэлсэн бөгөөд “бид газрын албанаас зөвшөөрөл авчихсан, аймгийн Засаг даргын захирамж гаргуулсан байгаа, та нартай яриад байх зүйл байхгүй” гэж хэлж бидний өмч хөрөнгөд шууд халдан, тухайн газарт фундамент цутгаж эхэлсэн. Эдгээр хүмүүсийн барилга барьсан газар нь Х.Үзбен миний эзэмшлийн газар бөгөөд энэ газарт барилга барих боломж олгосон захиргааны байгууллагын албан тушаалтны шийдвэр миний эрхийг зөрчиж байна. Энэ хүмүүс бусдын эзэмшил газар дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилга бариад зогсохгүй, барилга хоорондын зай, галын аюулгүй байдлын норм дүрмийг зөрчиж, миний хувийн сууцанд тулган барьж байгаа нь хууль бус болсны зэрэгцээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг шууд хөндөж байна. Иймд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийг хүчингүй болгож, нийт 29,140,000 төгрөгийн хохирлыг гуравдагч этгээдээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “…Төрийн өмчийн хорооны 2006 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор актлагдсан АПС-ын барилгыг тухайн үеийн түрээслэгч Х.Үзбенд худалдсан байна. Өлгий сумын архитектор Х.Серикбай, Холбооны газрын дарга Х.Үзбен, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн захирал Р.Шопанбек нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. АПС-ын барилгын эзэмшил газрыг нь тогтоосон схем зургийн дагуу 1272 м.кв газрыг аймгийн Засаг даргын 2007 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаар захирамжаар Х.Үзбен, түүний хүү Ү.Нурбек нарт эзэмшүүлсэн. Одоогийн кадастрын зурагт Х.Үзбен, Ү.Нурбек нарын эзэмшил газрын хэмжээ 1503 м.кв байгаа ба 231 м.кв газрыг зөвшөөрөлгүй хашаа татан эзэмшиж байна. Иргэн Х.Тасхын, Х.Хуани нарын гаргасан хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжаар тус бүрт нь 52.5 м.кв газрыг эзэмшүүлсэн. Энэ нь 2007 оны 225 дугаар захирамжаар Х.Үзбенд эзэмшүүлсэн 1272 м.кв газрын байршлын схем зургийн дагуу нэхэмжлэгчийн эзэмшил газарт ороогүй. Иймд, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Хуани шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Серхан, Х.Хурметхан нар нь 2011 оны 8 дугаар сарын сүүлчээр газар дээр цутгасан намхан суурин дээр 4 үе блок өрсөн газрыг Х.Үзбенээс 13,500,000 төгрөгөөр авсан. Х.Үзбений өрсөн 4 үе блокийг суурийн хамт буулгаж, оронд нь дахин суурь цутгаж, конторын зориулалтаар 7 өрөө бүхий барилга барьсан. Х.Серхан, Х.Хурметхан нар нь Х.Үзбенээс худалдаж авсан газар нь түүний эзэмшлийн газар биш байсан гэдгийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас олж мэдсэн байна. 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Засаг даргад тухайн газрыг эзэмших талаар хүсэлтээ гаргаж, шаардагдах бүх баримт бичгийг хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн өгсөн. Миний бие Х.Хуани 52.5 м.кв газар, Х.Хурметханы хүү Х.Тасхынд 52.5 м.кв газрыг тус тус хуулийн дагуу аймгийн Засаг даргын 2012 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжаар олгосон. Х.Үзбен өөрийнхөө эзэмшлийн газар биш гэдгийг ухамсарлан Х.Серхан, Х.Хурметхан нарт авсан мөнгөө буцааж олгосон. 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Х.Үзбен нь Х.Серхан, Х.Хурметхан нар дээр ирж, эрх шилжүүлэх гэрээ хийж нотариатаар гэрчлүүлье, өөрийнхөө эзэмшлийн газрын кадастрын зургаас хасалт хийлгэж өгье гэж гуйгаад байхаар нь нотариатаар батлуулсан байна. Харин уг газар Х.Үзбенийх биш болохыг мэдээд Х.Үзбентэй уулзаж тэр авсан мөнгөө буцааж өгсөн байдаг. Х.Серхан, Х.Хурметхан нарын конторын зориулалтаар барьсан байшинг буулгаж, шинээр 4 давхар орон сууц барих үед Х.Узбен нь үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна. Х.Үзбен нэхэмжлэлдээ барилга худалдсан гэж бичсэн боловч энэ нь 4 үе өрсөн 200 ширхэг блок байсан. Х.Серхан, Х.Хурметхан нар уг 4 үе өрсөн блокыг буулгаж дахин шинээр барилга барихдаа Х.Тилеухабыл, Х.Бахыт нартай гэрээ байгуулан ажиллуулсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр энэхүү барилгыг дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Иймд, Х.Үзбений нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Тасхын шүүхэд гаргасан тайлбартаа: “Х.Үзбений  нэхэмжлэлийн үндэслэлээс үзэхэд газраас гадна барилга буюу эд хөрөнгийн маргааныг давхар хөндсөн байдаг. Гэхдээ тэрээр Засаг даргын 152 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан тул газрын асуудлыг ярих ёстой. Миний бие Газрын тухай хуульд зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших хүсэлтээ албан ёсоор аймгийн Засаг даргад гаргаж, Засаг даргын 152 тоот захирамжаар Х.Хуани бид тус бүр 52.5 м.кв газар өмчлөлдөө авсны дараагаар Газрын албатай зохих ёсоор гэрээгээ байгуулсан. Иргэн Х.Үзбен нь маргаан бүхий газрыг Х.Хурметхан, Х.Серхан нарт худалдаж байсан нь анхнаасаа хууль бус үйлдэл байсан. Учир нь, иргэн аливаа газрыг өмчилж авсан тохиолдолд захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл иргэн Х.Үзбен газраа өмчилж аваагүй байхдаа тэр бүү хэл өөрийнхөө эзэмшилд аваагүй байхдаа өөрийн эзэмшлийн бус газрыг худалдсан нь хууль бус үйлдэл юм. Х.Үзбен нь өөрийн эзэмшилдээ байгаа газрын талаар маргаан үүсгэж болохоос биш бусдын эзэмшлийн газрын талаар маргах эрхгүй. Нэхэмжлэгч аймгийн Холбооны газрын дарга байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, 2007 онд Холбооны газраас шилжүүлж авахдаа төрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд төрийн өмч болох Холбооны барилгыг Төрийн өмчийн хорооны 491 дүгээр тогтоол, мөн хувь хүнд худалдахаар шийдвэрлэсэн зохих байгууллагын гэрээг үндэслэн оффисын барилгыг болон газрыг энэхүү гэрээнд зааснаар Х.Үзбений эзэмшилд шилжүүлэхээр, ингэхдээ бусад талбайд нэмж барилга барихгүй байхаар зааж, тохиролцсон байгаа. Тэгэхээр уг гэрээнд 900 м.кв газрыг л шилжүүлсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч Х.Үзбен уг газраа томсгож авах зорилгоор хуурамч баримт бичиг бүрдүүлэн, хуурамч схем зураг үйлдэн манай аймгийн урдаа барьдаг ганц архитекторч н.Серикбайн гарын үсгийг дуурайлган зурж, түүгээрээ 1272 м.кв газрыг хууль бусаар өөрийн эзэмшилдээ оруулсан. Анх гэрээнд 900 м.кв газрыг эзэмшихээр заасан байдаг. Иймд, 1272 м.кв газрыг иргэн Х.Үзбен хууль бусаар авсан нь нотлогдож байна. Нэхэмжлэгч нь Х.Серхан, Х.Хурметхан нартай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмшүүлсэн гэж яриад байгаа. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана гэж заасан. Гэтэл ийм зүйл хийгдээгүй. Нэхэмжлэгч Х.Үзбен өөрийн эзэмшлийн газраа 1503 м.кв газар байсан гэдэг. Шүүхээс хийсэн үзлэг, газрын албаны кадастрын зургаас харахад 1503 м.кв газар эзэмших эрхгүй гэдэг нь харагддаг.Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Үзбены нэхэмжлэлийн шаардлагаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжийн Х.Тасхынд холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хангаж, Х.Хуанид холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтыг баримтлан Х.Үзбений “29,140,000 төгрөгийг гуравдагч этгээд Х.Тасхынаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Үзбений нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 152 дугаар захирамжийн Х.Тасхынд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Хуанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Гуравдагч этгээд Х.Тасхын болон гуравдагч этгээд Х.Хуанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Серхан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Х.Үзбен Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас тухайн маргаан бүхий газар болон одоогийн өөрийнхөө хууль бусаар эзэмшиж байгаа хашааны хэлбэр хэмжээнд хэмжилт хийлгүүлэн хашааны талбайн хэмжээг 1503 м.кв болохыг тогтоолгосон кадастрын зургийг нотлох баримтаар хавсаргажээ. Нэхэмжлэгчийн одоо хууль бусаар эзэмшиж байгаа 1272 м.кв газраа 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар эзэмшилдээ шилжүүлэн авсан байдаг. Тодруулбал, Холбооны газрын 8440 м.кв эзэмшил газраас 1272 м.кв газрыг хасаж шинээр гэрээ хийж, гэрчилгээ олгосон байна. Мөн уг газрыг эзэмшихдээ Өлгий сумын архитектор Х.Серикбайгаар зураг төсөл, кадастрын зургийг хийлгэсэн байна. Х.Серикбай шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Холбооны газрын АПС-ийн барилга хувь хүнд шилжсэнтэй холбогдуулан түүний ойр орчмын газрын схем зургийг би үйлдэж байгаагүй, схем зурагт байгаа гарын үсэг минийх биш, зургийг би үйлдээгүй” гэсэн. Холбооны дарга байсан Р.Шопанбек гэрчийн мэдүүлэгтээ “Х.Үзбен АПС-ийн барилгыг худалдан авсан учраас уг барилгад ногдох газрыг түүнд шилжүүлсэн нь үнэн. Схем зургийг Х.Үзбен өөрөө үйлдсэн бөгөөд энэ схем зураг дээрх газрыг шилжүүлээгүй, газрыг шилжүүлэх гэрээнд бичсэн хэмжээний газрыг шилжүүлсэн” гэсэн байна. Нэхэмжлэгч өөрөө хуурамч зураг үйлдэж, дээрээс нь гэрээнд заасан хэмжээнээс илүү буюу 288 м.кв газрыг эзэмших талаар хууль бус захирамж гаргуулсан болох нь дээрх үйл баримт, гэрчийн мэдүүлэг, Газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн гэрээгээр тогтоогдож байна. Ингэснээрээ гэрээнд заасан хэмжээнээс 288 м.кв, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар тооцвол 231 м.кв, нийт 519 м.кв газрыг хууль бусаар эзэмшиж байна. Гэвч шүүхээс илүү гэдгийг тогтоосон боловч энэ газрыг Х.Үзбен эзэмших ёстой байсан гэж дүгнээд байгаад гайхаж байна. Хэрэв илүү байгаа бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор байтал энэ нь Газрын алба, нэхэмжлэгч хоорондын маргаан мэт үзэж гуравдагч этгээдийн эрх ашгийг огт харгалзаж үзээгүй, зөвхөн нэхэмжлэгчийг дэмжиж та илүү газар эзэмших ёстой юм байна, газрын хил заагийг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлээгүйд Х.Үзбенийг буруутгах боломжгүй гэж асуудлыг буруу шийдсэн нь үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй юм. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “...иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлэх газрын хэмжээг 0,07 га –аас илүүгүй байна” гэж заасан боловч Х.Үзбенд хуульд заагаагүй давуу эрх эдлүүлж байгаа нь шүүх тэгш байдлын зарчмыг хэрэгжүүлэхгүй, Х.Үзбен 1503 м.кв газрыг эзэмших эрхтэй бол Х.Тасхын 50 м.кв газрыг ч эзэмших эрхгүй байхаар шийдвэрлэжээ. Тухайн үеийн АПС-ын барилгын схем зураг нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сангаас гаргасан 2009 онд хийгдсэн кадастрын зурагтай тохирч байна гэж шүүх үзжээ. Ямар ч зураг, ямар ч барилга байгууламж кадастрын зурагтай тохирч байх нь маргааныг шууд шийдвэрлэх боломжгүй, учир нь кадастрын зургийг бодит байгаа байдлаар нь буулгаж тусгадаг, хаана ямар барилга байгууламж, хаана хоосон газар байгаа гэдгийг нэг бүрчлэн буулгадаг. Дээрх кадастрын зургуудад Х.Үзбенийн барилга, газар нь байгаа байдлаараа л тусгагдсан. Гэхдээ иргэний жинхэнэ эзэмшлийг тогтоох хамгийн гол баримт нь эрх бүхий албан тушаалтнаас хэмжээг нь зааж тусгасан эрхийн актын дагуу тухайн газар эзэмших эрхтэй байдаг. Шүүхүүд Х.Үзбений эзэмшлийн газрын эргэлтийн цэгийг тодорхойгүй гэжээ. Аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас иргэн Х.Үзбений нийт татсан хашаа, газрын байршлын кадастрын зургийг өнгөтөөр хэвлэн гаргаж нотлох баримтаар өгсөн ба үүнд хашааны координатын цэг тэмдэгтийг тодорхой үйлдсэн. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч АПС-ийн барилгын урт нь 30 м байх ёстой 24 м гэж схем зурагт буруу тусгагдсан байна, эхний зургийн байдлаар схем зураг зурагдаж 24 м гэж тусгагдсан нь буруу гэж маргасан. Энэ талаар маргаагүй, гэхдээ уг 2 давхар байшингийн баруун талын газар нь Х.Үзбений газарт орохгүй байгааг үүгээр өөрөө нотолсон болохыг шүүх анзаараагүй байна. Х.Үзбений гол маргасан асуудал нь 24 м гэж тусгагдсан /24+5/ байх тохиолдолд зөв, үүнээс цааших нь надад хамаагүй гэж мэтгэлцээний шатанд хэлсэн болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Нэгэнт уг газрын маргаан шүүхээр хянагдаж байгаа үед Засаг даргын шийдвэрт зааснаас илүү эзэмшиж байгаа газрыг нэмж эзэмшүүлсэн шийдвэр гарга гэх Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын хууль бус шаардлагыг шүүх үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна. Иймд, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааныг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Төрийн өмчийн хорооны 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор актлагдсан Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй АПС-ийн барилгыг иргэн Х.Үзбен худалдан авч, тухайн хөрөнгийн өмчлөгч болсны зэрэгцээ барилгын орчны ногоон байгууламж бүхий талбайг оруулан нийт 1272 м.кв газрыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 225 дугаар захирамжаар түүнд эзэмшүүлсэн байна.

Ийнхүү Х.Үзбен 2007 оноос хойш эзэмшиж байгаа газрын зарим хэсэгтэй давхцуулан иргэн Х.Тасхын, Х.Хуани нарт тус бүр 52,5 м.кв газрыг эзэмшүүлсэн гэж Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2007 онд Х.Үзбенд 1272 м.кв газрыг эзэмшүүлэх үед газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас түүний эзэмшил газрын хил заагийг тогтоож зураглал үйлдээгүй, харин нэхэмжлэгч газрыг хашаалан, барилга, газрын схем зургийг гаргасан байх бөгөөд энэхүү зураг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2009 онд “Төв суурин, тариалангийн газрын кадастрын зураглал, газрын тоо бүртгэлийн ажлын хүрээнд хийгдсэн байр зүйн зураг”-тай тохирч байх тул нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил заагийг түүгээр тогтоосон гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил заагийг тэмдэгжүүлж, кадастрын зураг үйлдээгүй атлаа тухайн газрын схем зурагт Х.Үзбены барилгын уртын хэмжээ 30 байхыг 24 гэж буруу тусгасны улмаас газрын нийт талбайн хэмжээ багасаж бичигдсэн нөхцөл байдлыг анхааралгүй түүний 2007 оноос хойш эзэмшиж буй газрын зарим хэсэгт давхцуулан Х.Тасхынд 52,5 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2012 оны 152 дугаар захирамжийн Х.Тасхынд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.8-д заасантай нийцсэн боловч шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалт бичвэрийн хувьд ойлгомжгүй болсон гэж үзэн давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй.

Шүүхүүд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                   М.БАТСУУРЬ

                       ШҮҮГЧ                                                                          Х.БАТСҮРЭН