Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар Дугаар 183/ШШ2021/00211

 

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00211

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 ...........тоотод байрлах Ф ХХК /РД:../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн............ тоотод оршин суух Хадаа овогт Д-гийн Н /РД:ЧЕ......../,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, З........ тоотод байрлах Тэ ХХК /РД:......../ нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 55.514.666 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н, хариуцагч нарын төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаандгаргасан шаардлагадаа: Хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Ф ББСБХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ....дугаар барьцааны гэрээгээр 35.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн зээлийн барьцаанд хариуцагчийн эхнэр Ч.С-ын Т ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус маркийн ............. арлын дугаартай, улсын дугаар аваагүй автомашиныг барьцаалсан гэсэн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс тухайн автомашиныг худалдан борлуулах эрх байхгүй байгаагаас шалтгаалж зээлийн төлбөрөө гаргуулж чадахгүй байдалд хүрээд байна. Хариуцагч Д.Н нь зээлийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй, зөвхөн зээлийн нэмэгдүүлсэн хүүд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3.470.833 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2.250.000 төгрөг, нийт 54.675.833 төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 17.435.833 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 3.078.833 төгрөг, барьцаа хөрөнгө болох Тоёота приус маркийн автомашины 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаад өдрийн 5000 төгрөгөөр байршуулсан гараашны төлбөр 2.830.000 төгрөг, нийт 58.344.66 төгрөгийг төлөхийг удаа дараа утсаар холбогдож, гэрт нь очиж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагч Д.Н-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 55.514.666 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус маркийн ......... арлын дугаартай, улсын дугаар аваагүй автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Н.Э-гаас шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ........ дугаар барьцаат зээлийн гэрээг Ф  ББСБХХК-тай байгуулж, уг гэрээгээр 35.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд Тоёота приус маркийн J. арлын д.........угаартай, 2018 оны суудлын автомашиныг барьцаан тавьсан. Бидэнд санхүүгийн хүндрэл үүсэж, зээл авснаас хойш зээлийн төлбөрийг барагдуулж чадаагүй. Хариуцагч Д.Н болон Т ХХК-ийн захирал Ч.С бид хоёр Файнанс стор ББСБХХК-д барьцаанд тавьсан автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд захиран зарцуулах эрхийг олгож, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар захиран зарцуулах, худалдах, нэр шилжүүлэх бүрэн эрхийг олгосон ба автомашиныг мөн нэхэмжлэгчид шилжүүлсэн. Бидний зүгээс гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж үүргээ биелүүлээгүй ба гэрээний дагуу зээлдэгч гэрээг дангаар хугацаанаас өмнө цуцалж, барьцаа хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах байсан. Үүний дагуу Ф  ББСБХХК-ийг автомашиныг борлуулж, төлбөрөө төлж барагдуулах бүрэн эрх байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн зүгээс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3.407.833 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 2.205.000 төгрөгийг төлсөн. Гэтэл энэ төлбөрийг нэмэгдүүлсэн хүүд суутгаж авч байна гэж нэхэмжлэлд дурдсан нь хуулийн үндэслэлгүй ба уг төлбөрийг үндсэн төлбөрөөс хасах нь зүйтэй. Зээлдэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчид хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. Зээлийн төлбөрт төлсөн 5.675.833 төгрөгийг үндсэн зээл 35.000.000 төгрөгөөс хасаж, үлдэх 29.324.167 төгрөг дээр 2 сарын хүүг нэмж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь зээлийн гэрээний 3.10-т зааснаар зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй бол зээлийн гэрээг цуцалж, барьцаанд тавьсан автомашиныг худалдан борлуулах эрхтэй байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ф  ББСБХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Д.Н-таас зээлийн гэрээний үүрэгт 55.514.666 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн зээлийн гэрээний үүрэгт 55.514.666 төгрөг, автомашиныг гараашинд байрлуулсны төлбөр 2.830.000 төгрөг, нийт 58.344.666 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардаж, хамтран хариуцагчаар Тэнгэрийн түлхүүрХХК-ийг оролцуулжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

Зохигчдын хооронд 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Ф ХХК-аас 35.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд Тэнгэрийн түлхүүрХХК-ийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэсэн, Тоёота приус маркийн .............. арлын дугаартай, улсын дугаар аваагүй автомашиныг бариулсан болох нь барьцаат зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

Дээрх барьцаат зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч Д.Н т зөрчиж, зээлийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3.470.833 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2.205.000 төгрөг, нийт 5.675.833 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ф ХХК-аас үндсэн зээлийн төлбөр болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан заалтуудтай нийцэж байгаа боловч нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг буруу тооцон нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэгчээс өөрөөр тооцон тогтоолоо.

Хариуцагч Д.Н-таас гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн 5.675.833 төгрөгийг үндсэн зээлээс дутуу хасаж тооцсоныг зөвтгөж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдлийг 29.324.167 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг баримтлан гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь зүйтэй.

Зээлдэгчид 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 35.000.000 төгрөгийг олгосон тул 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд 7.350.000 /35.000.000х3.5=1.225.000х6 сар=7.350.000/ төгрөгийг зээлийн үндсэн хүүгийн төлбөрт төлөх үүрэгтэй байна.

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэгт 3.470.833 төгрөг төлсөн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тооцоход 10.902.491 /35.000.000х3.5=1.225.000х8 сар 27 хоног=10.902.491/ төгрөг болж байна.

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс зээлийн гэрээний үүрэгт 2.205.000 төгрөгийг төлсөн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тооцоход /31.529.167х3.5=1.103.520х1 сар 29 хоног=2.170.296 төгрөг болж байна.

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх зээлийн хэтэрсэн хугацааны хүүг тооцоход 1.778.998 /29.324.167х3.5=1.026.345х 1 сар 22 хоног=1.778.998 төгрөг болж байна.

Дээрх үндсэн болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүгийн төлбөрийг нэгтгэн тооцоход 22.201.785 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч Ф ББСБХХК-аас зээлийн гэрээний үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд нийт 17.435.833 төгрөгийг нэхэмжилж байх тул энэ хэмжээгээр хариуцагчийн төлөх үүргийг тодорхойлох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 3.078.833 төгрөгийг хангах үндэслэлтэй.

Мөн талууд барьцаат зээлийн гэрээний 4.1-т зааснаар барьцаа хөрөнгө болох автомашиныг өдрийн 5000 төгрөгийн төлбөртэйгөөр гараашинд байршуулахаар харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Ф ББСБХХК-аас иргэн Б.У-ын Баянгол д........тоотод байрлах гараашинд барьцааны эд хөрөнгө болох Т ХХК-ийн эзэмшлийн Тоёота приус маркийн ........ арлын дугаартай автомашиныг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд байршуулж, зогсоолын төлбөрт 2.830.000 төгрөгийг төлсөн болох нь төлбөрийн нэхэмжлэх, кассын зарлагын ордер зэргээр нотлогдож байна.

Иймд энэхүү зогсоолын төлбөрт төлсөн 2.830.000 төгрөг нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарч байх тул хариуцагч Д.Н-аас гаргуулж нэхэмжлэгч Файнанс стор ББСБХХК-д олгох үндэслэлтэй.

Иймд хариуцагч Д.Н-таас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 29.324.167 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 17.435.833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.078.833 төгрөг, барьцааны автомашиныг гараашинд байрлуулсан зогсоолын төлбөр 2.830.000 төгрөг, нийт 52.668.833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Файнанс стор ББСБХХК-д олгож,нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.675.833 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр барьцаалсан Т ХХК-ийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэсэн, Тоёота приус маркийн .......0 арлын дугаартай, улсын дугаар аваагүй автомашиныг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хариуцагч Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ч.С-гоос барьцаанд тавьсан автомашиныг захиран зарцуулах, нэрийг шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоог хүлээн авах эрхийг нэхэмжлэгч Ф ББСБХХК-д олгосон гэж хариуцагч нарын төлөөлөгчөөс тайлбарлаж байгаа боловч энэхүү эрх нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай итгэмжлэлээр хариуцагч Д.Н-д олгогдсоноос бус нэхэмжлэгч Ф  ББСБХХК болон түүний эрх бүхий этгээд болох Б.Н  нарт олгогдоогүй байна.

Хариуцагч Д.Н  болон Ф ББСБХХК-ийн эрх бүхий этгээд болох Б.Нямгэрэл нарт олгосон 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 104 дугаартай итгэмжлэлийг Т ХХК-аас бус иргэн Ч.С-гоос олгожээ.

Иймд дээрх итгэмжлэлийн дагуу барьцааны хөрөнгийг худалдан борлуулах эрх үүсээгүй тул барьцаанд тавьсан автомашиныг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг барагдуулах боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөвд тооцох үндэстэй бөгөөд зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй учир гэрээг цуцалж, барьцаа хөрөнгийг худалдсан орлогоор зээлийг төлбөрийг барагдуулах боломжтой байхад энэхүү үүргээ гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр зээлийн 2 сарын хүүгийн төлбөрөөс бусад үндсэн болон хэтэрсэн хугацааны, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэж хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 421.294 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Н-таас52.668.833 /тавин хоёр сая зургаан зуун жаран найман мянга найман зуун гучин гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.675.833 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 421.294 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБХХК-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан Т ХХК-ийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэсэн, Тоёота приус маркийн ........... арлын дугаартай, улсын дугаар аваагүй автомашиныг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР