Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00542

 

МАГАДЛАЛ

2021.03.

ф С ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00211 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ф Ср ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т Т ХХК, Д.Н нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 55 514 666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь ф Ср ББСБ ХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/507 дугаар барьцааны гэрээгээр 35 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн зээлийн барьцаанд Т Т ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус маркийн улсын дугаар аваагүй автомашиныг барьцаалсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс тухайн автомашиныг худалдан борлуулах эрхгүйгээс шалтгаалж зээлийн төлбөрөө гаргуулж чадахгүй байдалд хүрээд байна. Д.Н нь зээлийн төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй, зөвхөн зээлийн нэмэгдүүлсэн хүүд 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3 470 833 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 250 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 17 435 833 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 3 078 833 төгрөг, барьцаа хөрөнгө болох Тоёота приус маркийн автомашины 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаад өдрийн 5 000 төгрөгөөр байршуулсан гараашийн төлбөр 2 830 000 төгрөг, нийт 58 344 666 төгрөгийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд Д.Наас зээлийн гэрээний үүрэгт нийт 55 514 666 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т Т ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус маркийн улсын дугааргүй автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Н нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/507 дугаар барьцаат зээлийн гэрээг ф Ср ББСБ ХХК-тай байгуулж, уг гэрээгээр 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд Тоёота приус маркийн JTDKBRU2J3071010 арлын дугаартай, 2018 оны суудлын автомашиныг барьцаан тавьсан. Бидэнд санхүүгийн хүндрэл үүсч зээлийн төлбөрийг барагдуулж чадаагүй. Д.Н болон Т Т ХХК-ийн захирал Ч.Солонго нар ф Ср ББСБ ХХК-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар автомашиныг захиран зарцуулах эрхийг олгосон. Зээлдэгчийн зүгээс гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаж үүргээ биелүүлээгүй ба гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар хугацаанаас өмнө цуцалж, барьцаа хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах байсан. Үүний дагуу ф Ср ББСБ ХХК-ийг автомашиныг борлуулж, төлбөрөө төлж барагдуулах бүрэн эрх байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Хариуцагчийн зүгээс 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3 407 833 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2 205 000 төгрөгийг төлсөн. Гэтэл энэ төлбөрийг нэмэгдүүлсэн хүүд суутгаж авч байна гэж нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй ба уг төлбөрийг үндсэн төлбөрөөс хасах нь зүйтэй. Зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчид хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй. Зээлийн төлбөрт төлсөн 5 675 833 төгрөгийг үндсэн зээл 35 000 000 төгрөгөөс хасаж, үлдэх 29 324 167 төгрөг дээр 2 сарын хүүг нэмж төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь зээлийн гэрээний 3.10-т зааснаар зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй бол зээлийн гэрээг цуцалж, барьцаанд тавьсан автомашиныг худалдан борлуулах эрхтэй байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Наас 52 668 833 /тавин хоёр сая зургаан зуун жаран найман мянга найман зуун гучин гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ф Ср ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 675 833 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828 220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наас улсын тэмдэгтийн хураамжид 421 294 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ф Ср ББСБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд бариулсан Т Т ХХК-ийн эзэмшлийн 2018 онд үйлдвэрлэсэн, Тоёота приус маркийн JTDKBRU2J3071010 арлын дугаартай, улсын дугаар аваагүй автомашиныг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т Т ХХК-ийн төлөөлөгч Б.Солонго, хариуцагч Д.Н нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн боловч гэрээнд тусгагдсан заалтуудыг үнэлж дүгнээгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний 2.2.10-т ноцтой зөрчил гэдэгт зээлдэгч зээл хүүгийн төлбөрийг төлөх хугацааг 2 сараар хэтрүүлсэн эсхүл зээлийн төлбөрийн хуваарийг 2 удаа дараа зөрчсөн, зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгийн чанарыг бууруулсан зэргийг хамруулсан ба мөн барьцаат зээлийн гэрээний 3.10-т зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар төлөөгүй, тогтоосон төлбөрийн графикийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд уг зээлийг эрсдэлтэйд тооцож 14 хоногийн дотор зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулахыг зээлдүүлэгчид сануулах ба шаардлага биелэгдээгүй тохиолдолд ББСБ барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үндсэн зээлийн үлдэгдлээс гадна худалдсан орлогоор зээл төлөгдөх хүртэл бодогдсон хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгийг борлуулахтай холбоотой бусад төлбөрийг гаргуулна. 7.1.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ дууссан өдрөөс барьцааны зүйлийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу захиран зарцуулна гэж заасан заалтуудыг нэхэмжлэгч тал баримтлаагүй шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс үүдэн гарсан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гараашийн төлбөрийг хариуцагчаас гаргасан нь хуулийн үндэслэлгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийг тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч үүргээ зөрчсөөр байтал шаардах эрхээ хэрэгжүүлээгүй мөн гэрээний хугацаа дууссаны дараа барьцааны хөрөнгийг захиран зарцуулах үүргээ хэрэгжүүлээгүй. Иргэний хуулийн 224.2-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараах үүрэг, үр дагавар үүснэ гэж заагаад 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан. Гэтэл шүүхээс Т Т ХХК-аас нэхэмжлэгчид барьцааны автомашиныг захиран зарцуулах итгэмжлэл олгоогүй байна гэж дүгнэсэн нь алдаатай байна. Учир нь: Т Т ХХК-аас Автотээврийн газарт 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.Над автомашиныг барьцаанд тавих, худалдан борлуулах, итгэмжлэлийг бусдад шилжүүлэх итгэмжлэл олгосон ба мөн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Т Т ХХК-ийг төлөөлөн Б.Солонго нь автомашиныг худалдах, зээлийг барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, фидуцийн гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, гэрчилгээ хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг олгосон. Дээрх итгэмжлэлүүдийн үндсэн дээр Д.Н нь ф Ср ББСБ ХХК-ийн ажилтан Н.Нямгэрэлд уг автомашиныг компанийн нэр дээр шилжүүлэн авах бүрэн эрх олгосон итгэмжлэл олгосон. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан эсхүл итгэмжлэлийн ашиг сонирхолын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно гэж заасан ба Автотээврийн газарт гаргасан итгэмжлэлд Д.Над итгэмжлэлийг бусдад шилжүүлж болно гэсэн итгэмжлэл олгосон, үүнийг анхан шатны шүүхээс үнэлж дүгнээгүй. Хариуцагч бид анхан шатны шүүхийн шийдвэрээс барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодсон хүү, нэмэгдүүлсэн хүү, авто зогсоолын төлбөрийг зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс 6 сарын хүү 7 350 000 төгрөг болон үндсэн зээлийн үлдэгдэл 29 324 167 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 1 470 000 төгрөг авто зогсоолын төлбөрт 180 хоног буюу 900 000 төгрөг нийт 39 044 167 төгрөгийг төлөхөөр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 52 668 833 төгрөгөөс 13 624 666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ф Ср ББСБ ХХК нь хариуцагч Т Т ХХК болон Д.Над холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 17 435 833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 078 833 төгрөг, хохирол 2 830 000 төгрөг, нийт 58 344 666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлдүүлэгч гэрээг дангаар цуцалж барьцаа хөрөнгийг худалдан борлуулан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх байсан тул гэрээний хугацаа хэтэрснээс хойшх зээлийн төлбөрийг хариуцахгүй гэж маргажээ.

 

ф Ср ББСБ ХХК, Д.Наранцацрал нар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байх нөхцөлтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т Т ХХК-ийн Тоёота приус маркийн JTDKBRU2J3071010 арлын дугаартай автомашиныг барьцаалж гараашид өдрийн 5 000 төгрөгийн төлбөртэйгээр байршуулахаар тохиролцсон байна. /хх-10-12/ Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

 

Зээлдүүлэгч ф Ср ББСБ ХХК нь зээлдэгч Д.Над зээлийн гэрээгээр тохиролцсон 35 000 000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна. /хх-50/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт болох журамтай. Зээлдэгч Д.Н нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө болон түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн боловч гэрээний хугацаа дууссанаас хойш 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 3 470 833 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2 205 000 төгрөг, нийт 5 675 833 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. Тиймээс хариуцагч Д.Н нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 7 350 000 төгрөг, нийт 42 350 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Анхан шатны шүүх гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн 5 675 833 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд ... үндсэн үүргийг төлүүлнэ гэж заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчид хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс үүссэн байна. Иймээс зээлийн гэрээний хугацаа дууссан шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны хүүг тооцоход хариуцагч 22 201 785 төгрөг төлөх үүрэгтэй боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг 17 435 833 төгрөг гэж тогтоосон нь талуудын зарчимд нийцнэ.

 

Зээлийн гэрээний 3.5-т ...үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 3 078 833 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч Д.Н нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 29 324 167 төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү 17 435 833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 078 833 төгрөг, нийт 49 838 833 төгрөгийг нэхэмжлэгч ф Ср ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй.

 

Талууд гэрээний 4.1-т ...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т Т ХХК-ийн Тоёота приус маркийн JTDKBRU2J3071010 арлын дугаартай автомашиныг гараашид өдрийн 5 000 төгрөгийн төлбөртэйгээр байршуулах-аар тохиролцсон ба нэхэмжлэгч уг автмашины зогсоолын төлбөрт 2 830 000 төгрөг төлсөн болох нь кассын зарлагын баримтаар тогтоогдсон ба энэ зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгчийн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгчид гарсан зардалд хамаарч байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас уг төлбөрийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх39-40/

 

Ийм учраас анхан шатны шүүх хариуцагч Д.Наас 52 668 833 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ф Ср ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 675 833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантэй нийцсэн байна.

 

Талууд гэрээний 3.10-т Зээлдэгч нь зээлийн хүүгийн төлбөрийг 2 сар дараалан төлөөгүй, тогтоосон төлбөрийн хуваарийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд уг зээлийг эрсдэлтэйд тооцож 14 хоногийн дотор зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулахыг зээлдүүлэгч сануулах ба шаардлага биелэгдээгүй тохиолдолд ББСБ барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үндсэн зээлийн үлдэгдлээс гадна худалдсан орлогоор зээл төлөгдөх өдөр хүртэл бодогдсон үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцаа хөрөнгийг борлуулахтай холбоотой бусад төлбөрийг гаргуулна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахад барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Барьцааны зүйл болох автомашины өмчлөх эрхийг ф Ср ББСБ ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул талуудын хооронд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд нь эд хөрөнгө шилжүүлэх харилцаа үүссэн гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгч Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Тоёота приус маркийн автомашиныг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг шаардах эрхтэй.

Иймд барьцааны зүйл болох автомашины өмчлөгч Т Т ХХК-ийн төлөөлөгч Ч.Солонгын гаргасан, Д.Н болон Б.Нямгэрэл нарт Тоёота приус суудлын автомашиныг захиран зарцуулж худалдах, нэр шилжүүлэх бүрэн эрхийг олгосон талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2021/00211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 226 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БАЙГАЛМАА