Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00088

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/00088

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 4............ тоотод оршин суух М овогт А-ын А /РД:..............-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1..............тоотод оршин суух Х овогт Ц-ийн Э /РД:..................-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 28.035.800 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж /ШТЭҮД:........../, хариуцагчийн төлөөлөгч Б.Г , хариуцагчийн өмгөөлөгч Л.Х /ШТЭҮД:0.../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч А.-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж-ээс шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч А.А-гаас хариуцагч Ц.Э нь хамтран ажиллаж байх хугацаандаа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10.000 ам.доллар зээлж авсан ба уг мөнгийг дансаар авах хүсэлт тавьсны дагуу түүний дансанд шилжүүлж олгосон. 10000 ам.долларыг Ц.Э-ад хүлээлгэж өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан ба анх зээл олгож байхдаа буцаан өгөх хугацааны талаар тохиролцоогүй боловч түр зээлээч, удахгүй буцааж өгнө гэж авч байсан. Уг мөнгийг буцааж авах шаардлагатай болсон, буцааж өгөөрэй гэж удаа дараа хэлсэн боловч төлөхгүй гурван жил болж байгаа тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараасшалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасны дагуу зээлийг гаргуулахаар нэхэмжилж байна. Захиргааны хэргийн шүүх дээр хариуцагч Ц.Э-ын М ХХК-ийн эзэмшил дээр гаргасан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй холбоотой маргааны шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй. Уг 10000 ам.долларыг хамтран ажиллах гэрээнд заасан хөрөнгө оруулалтын зардал биш болох нь мөнгө шилжүүлсэн орлогын баримтад гүйлгээний утгыг А-гаас зээл гэсэн байгаагаар нотлогдоно. 10000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 2803.58 төгрөгөөр тооцоход 28.035.800 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ц.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 28.035.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Э-ын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Ц.Эрдэнэбат нь нэхэмжлэгч А.А-гаас мөнгө зээлсэн зүйл огт байхгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Харин зохигчид киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь нийт төслийн өртөг болох 180.000.000 төгрөгийг гаргаж, тасалбар түгээх киоскийг зохион бүтээж, түүгээр захиалсан билет тутмаас шимтгэл авч гаргасан зардлаа нөхөн барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Уг төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор бид хамтран Мета киоск ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 24-нд үүсгэн байгуулсан юм. Уг компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулах, киоскийн программ хангамжийг хөгжүүлэхэд урсгал зардлууд ихээхэн гарч байсан боловч А.А нь гэрээнд засан, анх тохиролцсон ёсоор санхүүжилт гаргаагүй тул би хамтран ажиллах гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Ингээд бидний хооронд саналын зөрүү гармагц А.А нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр гомдол гаргаж шалгуулсан бөгөөд хоёр жил орчим шалгасны эцэст уг хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2850 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон юм. Уг хавтаст хэрэгт намайг 100.000.000 төгрөг залилсан гэж гүтгэсэн ба одоо надаас нэхэмжилж буй 10000 ам.доллар, мөн миний эхнэр Н.Энхжаргалд зээлүүлсэн гэх 21.995.663 төгрөгийг багтаасан байдаг. Энэ талаар түүний мэдүүлгүүд, хохирлын тооцоо гаргаж өгсөн баримт зэрэг нь эрүүгийн хавтаст хэрэгт байгаа бөгөөд тухайн тооцоонд 10000 ам.долларыг БНХАУ руу явахдаа авч явсан гэж тайлбарласан байдаг. Бидний хамтын ажиллагааны талаарх маргааныг захиргааны хэргийн шүүхэд оюуны өмчийн маргаан хэлбэрээр хянан шийдвэрлэгдэж байгаа ба анхан болон давж заалдах шатны шүүхээр манай талд шүүхийн шийдвэр гарсан билээ. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надаас нэхэмжилж буй 10000 ам.доллар болон манай эхнэрт зээлүүлсэн гэх 23.000.000 төгрөгийн асуудлаар тайлбар гаргахдаа Эрдэм денвер оюун ухаанХХК-аас М ХХК-д олгосон хөрөнгө оруулалтын зардал гэж тодорхой тайлбарласан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч А.А нь уг төлбөрийг өгсөн гэх асуудлаар манай эхнэр, бид хоёрыг тус тусад нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татаж хэрэг үүсгүүлэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Гэтэл хамтран ажиллах гэрээний явцад үүссэн гэж маргаж байгаа оюуны өмчийн маргаан ч эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудал бол үнэн хэрэгтээ 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээтэй холбоотой ба орон нутгийн билет борлуулах киоск машиныг бүтээхэд зориулагдсан аж ахуйн хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан учраас зээлийн гэрээ гэх асуудал бол дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ба энэ талаарх санхүүгийн баримтууд эрүүгийн болон захиргааны хэргийн хавтас материалд бүрэн эхээрээ бэхжүүлэгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч талын зүгээс гаргаж буй нэхэмжлэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд уг хэргийн жинхэнэ нэхэмжлэгч нь А.А, жинхэнэ хариуцагч нь Ц.Э нар биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А-агаас өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Ц.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 28.035.800 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч А.А-гийн хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг Эрдэм денвер оюун ухаанХХК, хариуцагч Ц.Э-тын хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг М  ХХК нар нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хамтран ажиллах, харилцан туслах ерөнхий гэрээг байгуулж, шинжлэх ухаан, техникийн үйл ажиллагааны хүрээнд төсөл хэрэгжүүлэх, шинэ техник, технологи зохион бүтээх, өөрсдийн тус тус дүрэмд болон эдийн засгийн сонирхолд нийцсэн аж ахуйн нийтлэг зорилтыг хангахын тулд хамтарсан үйл ажиллагаа буюу хот хооронд болон орон нутгийн нийтийн тээврийн тасалбар түгээх машин зохион бүтээж, тасалбар түгээх үйлчилгээ явуулж ашиг олох бизнест хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ.

Уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-т энэ гэрээ нь талуудын чухал гэж үзсэн бусад тодорхой гэрээ /шинжлэн судлах ажил хийх, бэлтгэн нийлүүлэх, хүүгүй зээл олгох, хамтын бүх төрлийн үйл ажиллагаа явуулах зэрэг/ байгуулах үндэс урьдчилсан нөхцөл болно, 2 дугаар зүйлийн 2.5-д хамтын төслийг хэрэгжүүлэхэд талуудын оролцох тодорхой хэлбэр, хэмжээг нэмэлт гэрээгээр тодорхойлно гэжталууд тохиролцсоны дагуу улс, хот хоорондын автобусны билетийг автомат машин болон онлайнаар захиалах, худалдах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүрэг бүхий эхний загвар 2 киоск машиныг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр,дараагийн 10 машиныг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллагаатайгаар нийлүүлэх үүргийг МетатекХХК нь хүлээж, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөө Эрдэм денвер оюун ухаанХХК-тай киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч М ХХК нь төслийн нийт өртөг болох 180.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж тасалбар түгээх машиныг бүтээх үүрэг хүлээж, өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа киоск машинаар зарж борлуулсан үйлчилгээ бүр дээрээ шимтгэл авах хэлбэрээр нөхөж авахаар тохиролцсон учир М ХХК-ийн захирал Ц.Э нь энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлж,

2017 оны 06 дугаар сард БНХАУ руу явж, эхний загвар 2 машиныг авчрахдаа Эрдэм денвер оюун ухаанХХК-ийн захирал А.А-гаас 10000 ам.долларыг авсан болох нь зохигчдын тайлбар, орлогын ордер зэргээр нотлогдож байгаа, талууд энэ талаар маргахгүй байна.

Нэхэмжлэгч А.А-гаас М ХХК-ийн захирал Ц.Э-д 2017 оны 06 дугаар сарын 09-нд өгсөн уг 10000 ам.долларыг түр зээлдүүлсэн боловч буцаан өгөөгүй гэсэн үндэслэлээр шаардсан бол хариуцагч Ц.Э-аас уг 10000 ам.доллар нь Э ХХК, М ХХК нарын орон нутгийн нийтийн тээврийн тасалбар түгээх машин болон уг машиныг ажиллуулах программ хангамжийг зохион бүтээх хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор шилжүүлсэн санхүүжилтийн зардлын нэг хэсэг байсан бөгөөд бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч А.А-гаас хариуцагч Ц.Э-ын дансанд 10000 ам.долларыг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкныорлогын ордер гэх баримтад төлбөрийн зориулалтыг А-гаас зээл гэсэн байгаагаас үзэхэд А.Анхзаяа нь 10000 ам.долларыг Ц.Э-д зээлдүүлсэн гэх агуулгатай байх тул энэхүү мөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. /хх-26/

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг аман хэлбэрээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч А.А-гаас хариуцагч Ц.Э-д 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 10000 ам.долларыг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Ц.Э нь дээрх зээлсэн 10000 ам.долларыг төгрөгийг төлж барагдуулаагүй байх ба үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч А.А нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т зааснаар хэдийд ч шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч А.А-гийн хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрдэм денвер оюун ухаанХХК, хариуцагч Ц.Э-ын хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг М ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын зардалтай холбоотой маргаан үүсэж, уг маргааны МетатекХХК болон тус компанид программ хангамжийн инженерээр ажиллаж байсанН.Н нар нь Э ХХК-тай хамтран ажиллахаас татгалзаж, хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосны дараа нэхэмжлэгч А.А-гаас М ХХК-ийн захирал Ц.Э, ажилчин Н.Н ү нарыг билетийн машин зохион бүтээж өгнө хэмээн урьдчилгаа 100.000.000 төгрөг авч залилсан гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасныг хүлээн авч шалгаад гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2850 дугаар тогтоолоор тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.А-гаас уг хэргийг шалгаж байх явцад хохирлын тооцоо гаргаж өгөхдөө нэхэмжлэлийн шаардлага болсон 10.000 ам.долларыг хохиролд оруулан тооцсон байгаа нь энэхүү мөнгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилтийн зардал гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн Э ХХК-аас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан зохигчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, тасалбар түгээх машины программ хангамжуудын зохигчийн эрхийн гэрчилгээнүүдийг Эрдэм денвер оюун ухаанХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлдээ дээрх 10000 ам.долларын талаар хамтран ажиллагч этгээдүүд болох Ц.Э , Н.Н нар тусгай мэдлэгээ зарцуулж байгаа хэмээн шантаажилж, их хэмжээний мөнгө өгөхийг шаардан өөртөө 10.000 ам.доллар, ..... өгүүлж гэж дурдсан байгаа нь А.Анхзаяагаас дээрх 10.000 ам.долларыг хамтын үйл ажиллагааны санжүүжилтийн зардлын зориулалтаар шилжүүлсэн болохыг нотлохгүй байна.

Эрдэм денвер оюун ухаанХХК, М ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т зааснаар гүйцэтгэгч болох МетатекХХК нь төслийн нийт өртөг 180.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргах үүрэгтэй гэж заасан байх тул эхний 2 загвар машиныг Хятад улсад угсруулан тээвэрлэж авчрах болон түүнтэй холбоотой зардлыг М ХХК-ийн захирал Ц.Э өөрөөсөө санжүүжүүлэх үүрэгтэй байхад уг ажлыг гүйцэтгэхээр БНХАУ руу явахдаа А.А-гаас 10000 ам.долларын санхүүжилт авч яван, тухайн ажилд зарцуулж, эхний 2 загвар машиныг оруулж ирсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хариуцагч М ХК-ийн эхний 2 загвар болон дараагийн 10 машин киоск машиныг нийлүүлэх, уг ажлыг гүйцэтгэхтэй холбоотой зардлыг хамтран ажиллагч Э ХХК-аас санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй, тэрээр гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар өөрийн оруулсан хөрөнгө оруулалтаа киоск машинаар зарж борлуулсан үйлчилгээ бүр дээрээ шимтгэл авах хэлбэрээр нөхөн авах эрхтэй байхаар тохиролцсон байх тул Эрдэм денвер оюун ухаанХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-гаас хариуцагч Ц.Э-д 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 10.000 ам.долларыг хамтран ажиллах гэрээний санхүүжилтийн төлбөр гэж үзэхгүй.

Харин уг төлбөрийн баримтад гүйлгээний утгыг зээл гэж тэмдэглэсэн байгаа учир зохигчид тухайн 10.000 ам.долларыг хүүгүй, хугацаагүйгээр зээлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөвд тооцох үндэстэй.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 10.000 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч А.А-ад олгох нь зүйтэй бөгөөд уг төлбөр нь гадаад улсын мөнгөн тэмдэгтээр хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа тооцсон 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш 2803.58 төгрөгөөр тооцоход 28.035.800 төгрөг болсныг хариуцагч Ц.Э-аас 28.035.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 298.129 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-аас 28.035.800 /хорин найман сая гучин таван мянга найман зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 298.129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Анхзаяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР