Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01153

 

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01153

 

 

 

А.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00088 дугаар шийдвэр, нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Э-ад холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 28 035 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Надаас хариуцагч Ц.Э- нь хамтран ажиллаж байх хугацаандаа 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 000 ам.доллар зээлж авсан ба уг мөнгийг дансаар авах хүсэлт тавьсны дагуу түүний дансанд шилжүүлж олгосон. 10 000 ам.долларыг Ц.Э-ад хүлээлгэж өгснөөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан ба анх зээл олгож байхдаа буцаан өгөх хугацааны талаар тохиролцоогүй боловч удахгүй буцааж өгнө гэж авч байсан. Захиргааны хэргийн шүүх дээр хариуцагч Ц.Э-ын Метатек ХХК-ийн эзэмшил дээр гаргасан зохиогчийн эрхийн гэрчилгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамааралгүй. Уг 10 000 ам.долларыг хамтран ажиллах гэрээнд заасан хөрөнгө оруулалтын зардал биш болох нь мөнгө шилжүүлсэн орлогын баримтад гүйлгээний утгыг А.А-гаас зээл гэсэн байгаагаар нотлогдоно. 10 000 ам.долларыг нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш болох 2 803,58 төгрөгөөр тооцоход 28 035 800 төгрөг болж байна. Иймд хариуцагч Ц.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 28 035 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Э- нь нэхэмжлэгч А.А-гаас мөнгө зээлсэн зүйл огт байхгүй бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Харин зохигчид киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Метатек ХХК нь нийт төслийн өртөг болох 180 000 000 төгрөгийг гаргаж, тасалбар түгээх киоскийг зохион бүтээж, түүгээр захиалсан билет тутмаас шимтгэл авч гаргасан зардлаа нөхөн барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Уг төслийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор бид хамтран Мета киоск ХХК-ийг 2016 оны 11 дүгээр сарын 24-нд үүсгэн байгуулсан юм. Уг компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулах, киоскийн программ хангамжийг хөгжүүлэхэд урсгал зардлууд ихээхэн гарч байсан боловч А.А- нь гэрээнд заасан, анх тохиролцсон ёсоор санхүүжилт гаргаагүй тул би хамтран ажиллах гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Ингээд бидний хооронд саналын зөрүү гармагц А.А- нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр гомдол гаргаж шалгуулсан бөгөөд хоёр жил орчим шалгасны эцэст уг хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2850 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон юм. Уг хавтаст хэрэгт намайг 100 000 000 төгрөг залилсан гэж гүтгэсэн ба одоо надаас нэхэмжилж буй 10 000 ам.доллар, мөн миний эхнэр Н.Энхжаргалд зээлүүлсэн гэх 21 995 663 төгрөгийг багтаасан байдаг. Энэ талаар түүний мэдүүлгүүд, хохирлын тооцоо гаргаж өгсөн баримт зэрэг нь эрүүгийн хавтаст хэрэгт байгаа бөгөөд тухайн тооцоонд 10 000 ам.долларыг БНХАУ руу явахдаа авч явсан гэж тайлбарласан байдаг. Бидний хамтын ажиллагааны талаарх маргааныг захиргааны хэргийн шүүхэд оюуны өмчийн маргаан хэлбэрээр хянан шийдвэрлэгдэж байгаа ба анхан болон давж заалдах шатны шүүхээр манай талд шүүхийн шийдвэр гарсан билээ. Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ надаас нэхэмжилж буй 10 000 ам.доллар болон манай эхнэрт зээлүүлсэн гэх 23 000 000 төгрөгийн асуудлаар тайлбар гаргахдаа Эрдэм денвер оюун ухаан ХХК-аас Метатек ХХК-д олгосон хөрөнгө оруулалтын зардал гэж тодорхой тайлбарласан байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч А.А- нь уг төлбөрийг өгсөн гэх асуудлаар манай эхнэр, бид хоёрыг тус тусад нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татаж хэрэг үүсгүүлэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Гэтэл хамтран ажиллах гэрээний явцад үүссэн гэж маргаж байгаа оюуны өмчийн маргаан ч эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй байна. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудал бол үнэн хэрэгтээ 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээтэй холбоотой ба орон нутгийн билет борлуулах киоск машиныг бүтээхэд зориулагдсан аж ахуйн хамтын үйл ажиллагаанд зарцуулагдсан учраас зээлийн гэрээ гэх асуудал бол дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл ба энэ талаарх санхүүгийн баримтууд эрүүгийн болон захиргааны хэргийн хавтас материалд бүрэн эхээрээ бэхжүүлэгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч талын зүгээс гаргаж буй нэхэмжлэл нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх бөгөөд уг хэргийн жинхэнэ нэхэмжлэгч нь А.А-, жинхэнэ хариуцагч нь Ц.Э- нар биш юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-аас 28 035 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 129 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 298 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х давж заалдах гомдолдоо: Анх 2016 оны 9 дүгээр сарын 14 өдөр "Эрдэм дэнвер оюун ухаан" ХХК болон "Метатек" ХХК-ны хооронд киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээ" байгуулагдаж улмаар тус гэрээг хэрэгжүүлэхийн тулд 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Метакиоск ХХК гэсэн дундын хамтарсан компани байгуулж үйл ажиллагаа явуулж 34 ширхэг киоск машиныг оруулж ирж, гэрээгээ биелүүлсэн байхад тус компаний хувьцаа эзэмшигч А.А- нь учир битүүлэг байдлаар залилан хийсэн гэсэн гүтгэлгээр Ц.Э-ад 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг хаах №2850 тогтоол гарсан байдаг ба энэхүү эрүүгийн хэргийн материалд нэхэмжлэлд дурдаж буй 10 000 ам долларын тооцоог зээлсэн биш гэрээг хэрэгжүүлэхдээ залилсан гэж тодорхой мэдүүлж, төлбөр тооцооны баримт гаргаж өгсөн байдаг.

Эрүүгийн хэрэг залилангийн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаагдсан учраас хуулийн этгээд нарын хооронд аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд зориулагдаж хийгдэж байсан төлбөр тооцоо санхүүжилтийг хувиргаж зээл олгосон гэж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа явдал нь эрүүгийн хэргийн хавтас хэрэгт цугларсан нотлох баримтанд бэхжүүлэгдсэн үйл явдлын бодит байдалд нийцээгүй атал анхан шатны шүүх хамтын ажиллагааны киоск машин БНХАУ-аас худалдан авсан санхүүжилтэнд зарцуулагдсан 10 000 ам долларыг хувь хүмүүс иргэд хоорондын зээл гэж үзсэн нь илт хууль бус гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч А.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хамтарсан "Метакиоск" компанийн хувьцаа эзэмшигч ба 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс "Эрдэм дэнвэр оюун ухаан" ХХК-ийн захирлаар ажилладаг ба дээр дурдсан хамтын ажиллагааны гэрээтэй салшгүй холбоотой. Иргэний хуульд заасны дагуу дундын өмч хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар хамтарсан компани байгуулсан учраас хуулийн этгээд нарын маргаанд хувь хүн нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Ц.Э-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28 035 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.А- нь хариуцагч Ц.Э-ын дансанд 10 000 ам.долларыг шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерт төлбөрийн зориулалтыг Анхзаяагаас зээл гэснийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж /хх-26/ байгаа боловч хариуцагч уг төлбөрийн зориулалтын талаар маргажээ.

Эрдэм денвер оюун ухаан ХХК болон Метатек ХХК-ийн хооронд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хамтран ажиллах, харилцан туслах ерөнхий гэрээ, Киоск машин нийлүүлэх цаашид хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд уг гэрээг хэрэгжих явцад хариуцагч Ц.Э- нь 2017 оны 6 дугаар сард БНХАУ руу явж, эхний загвар 2 машиныг авчрахдаа Эрдэм денвер оюун ухаан ХХК-ийн захирал А.А-гаас 10 000 ам.долларыг авсан болох нь зохигчдын тайлбар, орлогын ордер, прокурорын тогтоол зэргээр нотлогдсон байна. /хх-ийн 81-85/

Хамтран ажиллах, харилцан туслах ерөнхий гэрээний 2.4-т Талууд шаардлагатай тохиолдолд хамтын төслүүдийг үнэ төлбөр, хүү нэмэгдэлгүйгээр харилцан санхүүжүүлнэ. Энэ зорилгоор мөнгөн хөрөнгийг аль нэг талын дансанд нэгтгэн оруулна гэж тохиролцсон байна. /хх-ийн 84/

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2850 дугаартай тогтоолоор иргэн А.А-гийн гомдлоор нээсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэхдээ ...хамтын ажиллагааны явцад Метатек ХХК-ийн захирал Ц.Э- нь БНХАУ-д киоск машин судлах ажлаар явахад гарсан зардал ...зэргийг Эрдэм денвер оюун ухаан ХХК-аас санхүүжүүлж ажилласан байна... гэж дүгнэсэн байхаас гадна цагдаагийн байгууллагад гаргасан А.А-гийн гомдолд хавсаргасан хохирлын хэмжээнд энэ хэргийн маргааны зүйл болох 10 000 ам.долларыг оруулан тооцсон, нэхэмжлэгч А.А- нь хамтран байгуулсан Метакиоск ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн зэргээс үзэхэд Эрдэм денвер оюун ухаан ХХК-ийн гүйцэтгэх захирал А.А-гаас хариуцагч Ц.Э-ад 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн 10 000 ам.долларыг хамтран ажиллах гэрээний санхүүжилт гэсэн хариуцагчийн татгалзал, тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. /хх-ийн 56-59, 70/

Иймд Эрдэм денвер оюун ухаан ХХК, Метатек ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу гаргасан зардлыг зээлийн гэрээний үүрэгт тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ц.Э-аас 28 035 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2021/00088 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ц.Э-ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28 035 800 төгрөг гаргуулах тухай А.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 302 830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ