Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2021/00847

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 04 сарын 02 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00847                       Улаанбаатар хот

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дүгээр хэсэг, Женерал таун, АОС байр, 000-000 тоотод оршин суух, Б овогт Д.Л /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах НШШГГр

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж 16 дугаар байр 96 тоотод оршин суух Г овогт Мишкагийн Г нарт /РД:ЧЕ85031313/ холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай №2/04 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-180/2136 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Э, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шинжээч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан болон ихэсгэсэн шаардлагадаа:

Үнэлгээнд оруулсан орон сууцыг би тухайн үед 122 000 ам.доллараар худалдан аваад одоогийн төлбөр авагчид 140 000 ам.доллараар худалдсан. Гэтэл төлбөр авагчийн шаардлагаар төлбөр авагчид 140 000 ам.доллараар худалдан авна гээд 3 жил ашиглаад буцаагдсан байрыг 61 965 ам.доллараар үнэлсэн байгаа. Энэ бол төлбөр авагч, шийдвэр гүйцэтгэгч, үнэлгээчин гэсэн гурван этгээд төлбөр авагчид миний байрыг хямд үнээр шилжүүлэх гэсэн худалд дүгнэлт болно. Иймд бодит үнийг бараг 50 хувь буулгах дөхсөн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Тус шүүхэд НШШГГ үнэлгээнд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа үнэлгээ бодит үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн ганц үндэслэлээр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулж байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь эрх мэдлээ урвуулан ашиглаж төлбөр авагч талд үйлчлэн 50 000 000 төгрөгийн төлбөрт 60 000 000 төгрөгний үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө санал болгоход саналыг хүлээж авахын оронд 300 000 000 төгрөгний үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулан хямд үнээр төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчид хууль бус аргаар зөрчлийн шийтгэвэр оногдуулангуутаа үнэлгээ хийлгэх шийдвэр гаргаж, үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулалтгүйгээр төлбөр төлөгчийн саналыг авалгүйгээр төлбөр авагчийн саналаар хямд үнээр үнэлгээ хийж өгөх байгууллагыг сонгож улмаар уг захиалгын дагуу бодит үнээс хэт доогуур үнэлгээ хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж байна.

Төлбөр авагч гэх М.Г, М.У нар нь миний өмчлөлийн Ү-2206031959 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, Олимп гудамж, 118 дугаар байр, 202 тоот 72 мкв талбай бүхий 2 өрөө зах зээлийн өндөр үнэлгээ бүхий элит орон сууцыг 258 300 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээгээ зөрчиж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах наймаа хэлцлээсээ буцсанаас энэхүү маргаан үүссэн. Энэхүү маргаанаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 00961 тоот шийдвэрээр 54 628 000 төгрөгийг М.Гантулга, М.Уртнасан нарт олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний  258 300 000 төгрөгийн үнэ цэнэ бүхий элит орон сууцыг маань зах зээлийн үнэлгээнээс 40 хувь дахин хямд буюу 176 601 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй хэмээн шүүхэд хандсан болно. Миний элит орон сууц маань өнөөдөр зах зээлийн үнэлгээ нь 1 мкв 3 900 000 төгрөг байгаа бөгөөд зөвхөн энэ үнээр тооцоход 300 000 000 төгрөгөөр зарагдах боломжтой билээ. Мөн миний өндөр зэрэглэлийн элит орон сууц нь 72 мкв талбайтай хэдий ч гадна блокон нь өөрөө 24 мкв бүхий терраз бүхий талбайтай ба энэ нь зөвхөн зах зээлийн үнэлгээ нь 30 000 000 төгрөг болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Төв аймаг дахь 60 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 38 мкв талбай бүхий байраа төлбөр авагч М.Гантулга, М.Уртнасан нарт санал болгосон боловч аваагүй. Өнөөдөр миний бие Төв аймаг дахь байраа зарж өр төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой хэдий ч НШШГГр нь миний бүхий л хөрөнгийг маань битүүмжилсэн учраас худалдан борлуулах боломжгүй, өр төлбөрийг барагдуулах аргагүй байдалд хүрсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тодорхой зааж өгсөн байх бөгөөд 27.2.4-д үнэлгээтэй холбоотой маргаан гарвал шүүгчийн захирамжаар түдгэлзүүлэх учиртай хэмээн НШШГГр нь “Үнэлгээтэй холбоотой маргаан шүүх дээр хянагдаж байх нь хамаагүй, та нарын 258 000 000 төгрөгөөр М.Гантулга, М.Уртнасан зарсан байрыг чинь 54 628 900 төгрөгийн өр төлбөрт заавал өгнө” гэсэн утгатай 2/04 тоот тогтоол, 4-180/2136 тоот мэдэгдлүүдийг ирүүлсэн учир аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д заагдсан арга хэмжээг авахгүй гэсэн учраас НШШГГр нь хууль зөрчсөн  176 601 000 төгрөгийн үнэлгээг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 10 цагт албадан дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь миний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд НШШГГ 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Албадан дуудлага худалдаа явуулах тухай дугаар 2/04 тоот тогтоол, НШШГГ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-280/2136 тоот мэдэгдлийг тус, тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсанаар Д.Л эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй. 1-рт аливаа үнэлгээг хийхдээ хөрөнгийн эзэнд нь мэдэгдэж байлцуулах ёстой байхад Д.Л үнэлгээ хийхэд оролцуулаагүй, Д.Л оролцуулахгүй байх ажлыг шийдвэр гүйцэтгэгч зохион байгуулсан байдаг. 2-рт хөрөнгийн эзэн байхгүй учраас үнэлгээчин нь обьектыг дутуу үнэлсэн байдаг. Тухайн барилгыг барьсан байгууллага нь орон сууцны терразыг 24 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад үнэлгээчин огт үнэлээгүй, 0 төгрөгөөр үнэлсэн нь ажилдаа хайхрамжгүй хандсан. 3-рт үнэлгээчин судалгаа хийхдээ тухайн байршилд 1000 гаран айлууд байхад тэдгээр айлуудын нэгнийх нь байр, 1 м.кв үнэ талбайтай харьцуулан жишиж үзээгүй, ердийн загвар үнэлгээгээр үнэлсэн.

4-рт үнэлгээчин нь хараат бус биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа буюу хамтран ажилладаг байгууллагын хүн байна гэж үзэж байна. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний 10.3-д зааснаар үнэлгээг өндөр гаргавал гэрээг цуцлана гэсэн нь төлбөр авагчтай харилцан тохиролцсон үнэлгээ хийсэн гэж үзэхээр байна. Мөн шинжээчийн төлбөрийг төлбөр төлөгчөөс нэхдэг тул гэрээний 7.3, 7.4-д зааснаар энэ үнэлгээг хүчин төгөлдөр бус байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Үнэлгээчин нь үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн үнэн зөв, бодитой үнэлэх үүрэгтэй. Маршал таун нь дээд зэрэглэлийн орон сууцны ангилалд хамаарах бөгөөд хамгаалалтын хашаатай, тусгай харуул хамгаалалттай, тусгай гэрлэн дохиотой дотроо томоохон хэмжээний үйлчилгээний төв болон сургууль цэцэрлэг нь нэг дороо байрладаг элит орон сууц юм. Энэ орон сууцыг Д.Л анх 219 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Маргаан бүхий орон сууцны 0 төгрөгөөр үнэлсэн терраз нь 24 000 000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд засаж тохижуулах эрхийг Д.Лад үлдээсэн байдаг. Энэ том талбай бүхий терраз нь эд хөрөнгийн бүрдэл хэсэгтээ орно. Гэтэл үүнийг үнэлээгүй, бусад баримтууд болох терразын талбай нь 2 өрөөр орон сууцны талбайд орсон эсэх мэдээллийг гэрчилгээнд тусгасан талаар тодруулаагүй, энэхүү терраз нь хэний эзэмшилд байдаг талаар эрх бүхий байгууллагаас буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газраас тодруулаагүй байна. Үнэлгээ хүчингүй гэдэг нь хуучин угсармал 40-60 жил болж байгаа байрны үнээр үнэлсэн, гэтэл уг Д.Л элит орон сууц нь 2014 онд ашиглалтад орсон, м.кв нь 3 050 000 төгрөгийн үнэтэй худалдан авсан байдаг. Гэтэл үнэлгээчин нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар м.кв 2 500 000 төгрөгөөр үнэлсэн нь хууль бус байгаа. Уг байрыг 3 050 000 төгрөгөөр худалдан авч байсан гэдгийг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл үнэлгээчин 1 м.кв үнэ 3 050 000 төгрөг байсныг долоохон жилийн настай орон сууцыг 2 500 000 төгрөг болгон бууруулж үнэлсэн, тухайн барилгын яг хажууд адилхан загвартай байрны 1м.кв үнэ 3 900 000 төгрөгийн үнэлгээтэй байна.

Мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хувьд үнэлгээ хууль бус, үнэлгээ дээр маргаж байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны дуудлага худалдаа зохион байгуулж, мэдэгдлийг ирүүлсэн тул энэ ажиллагаа бас хууль бус учир хүчингүй болгож өгнө үү гэв.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 961 дугаар шийдвэрээрД.Л 54 200 000 төгрөгийг гаргуулж М.Уртнасан нарт олгосон. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч Д.Лад удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул харилцах данснаас хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй тул Д.Л өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршалл таун 118 дугаар байрны 202 тоот орон сууцыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18291310/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 180/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр авагч нар үнийн санал ирүүлэхгүй шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт ирүүлж, төлбөр төлөгч Д.Лад 4-180/37625 дугаар мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй байна. Иймд талууд хөрөнгийн үнэлгээг харилцан  тогтоогоогүй тул 2020 оны 11/551 дугаар тогтоолоор шинжээч томилж, үнэлүүлэхэд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршалл таун 118 дугаар байр, 202 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031959 дугаартай орон сууцыг 176 601 000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй үнийн санал ирээгүй бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2395 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Д.Л төлбөр гаргуулах тухай шийдвэр 2018 онд гарсан. Бид иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч төлөөгүй, төлбөр төлөгч Д.Л нь өөрөө түүний өмчлөлийн Төв аймагт байрлах орон сууцаар төлбөрийг хаах хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийн дагуу бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж уг орон сууцыг хураан авч, битүүмжилж, шинжээч томилох ажиллагаа хийгдсэн боловч төлбөр төлөгч нь өөрөө алга болчихдог. Утсаа авдаггүй, хаягтаа байдаггүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад хүндрэл учруулдаг. Бид анхнаасаа Хан-Уул дүүргийн байрыг төлбөрт тооцно гээгүй, өөрөө Төв аймгийн байраа өгнө гэсэн боловч үнийн саналаа ч өгөөгүй юм. Тиймээс дахин Хан-Уул дүүрэгт байрлах Маршалл тауны байрыг битүүмжлэн хурааж авсан. Уг орон сууцны үнэлгээний талаар утсаар ярьж мэдэгдэл хүргүүлж, үнийг санал ирүүлэхийг хэдээр үнэлж байгаагД.Л асуусан боловч өөрөө ямар нэгэн санал ирүүлээгүй, хэдээр худалдаж авсан хэд гэж үнэлж байгаа талаар хэлээгүй. Үнэлгээ хийлгэхээр болсон гэдгийг Д.Лад мэдэгдсэн, хамт яваарай гэсэн боловч өөрөө бас л оролцоогүй. Бид онцгойлон үнэлгээчин болон үнэлгээний компанид хэдээр үнэлээрэй гэсэн үүрэг даалгавар өгдөггүй, тийм боломж ч байхгүй. Талуудаас үнийн санал авсан, шинжээч томилуулна гэсэн болохоор шинжээч томилсон. Үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн, үнэлгээний тайлангийн мөнгийг нь төлсөн учраас шүүхэд ирүүлдэг. Ажил гүйцэтгэх гэрээг хувь үнэлгээчин биш компанитай нь байгуулсан. Гэрээнд шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээгээр хийсэн гэсэн зүйл байхгүй, хууль сануулж эрх үүргийг тайлбарлаад үнэлгээний байгууллага буюу үнэлгээчин нь хараат бусаар дүгнэлтээ гаргадаг. Нэгэнт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан учраас анхны дуудлага худалдаа зохион байгуулсан, мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь өөрөө төлбөрөө төлөхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулаад байгаа, түүнээс бид төлбөр авагчтай тохиролцоод байгаа зүйл байхгүй гэв.   

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.М миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Миний бие Д.Л нэхэмжлэлтэй иргэний маргаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Учир нь гэр бүлийн хүн маань шинжилгээний хариу эерэг гарсан тул ХӨСҮТ-ийн эмчээс гэртээ тусгаарлалтад байхыг зөвлөсөн. Иймд шүүх хуралдааныг хангалттай нотлох баримт цугларсан тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч НШШГГрт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Кинг тауэр-118 дугаар байр, 2 давхар, 202 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай №2/04 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-180/2136 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, 176 601 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй, үнэлгээг хийхдээ төлбөр төлөгчийг байлцуулаагүй, үл хөдлөх хөрөнгийг дутуу үнэлсэн, хариуцагчтай хамаарал бүхий үнэлгээчин хууль зөрчиж дүгнэлт гаргасан, үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргаж байхад дуудлага худалдаа явуулж, мэдэгдэл гаргасан тул хууль бус үнэлгээ, хууль зөрчиж явуулсан албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн.

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, орон сууцны үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад дуудлага худалдаа зохион байгуулж, мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй  тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч Д.Л нь шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийж үндэслэлгүйгээр хариуцагч болон төлбөр авагч, шинжээчийг гүтгэж байгаа тул гомдолтой байна гэж тайлбарласан.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М.Уртнасан, М.Гантулга нарын нэхэмжлэлтэй Д.Лад холбогдох орон сууц захиалгаар худалдах гэрээний төлбөр 98 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд №183/ШШ2018/00961 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчД.Л 97 220 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Уртнасан, М.Гантулга нарт олгож шийдвэрлэсэн байна. /хэргийн 22-23-р хуудас/

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №1519 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №183/ШШ2018/00961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчД.Л 54 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уртнасан, М.Гантулга нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43 020 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. /хэргийн 24-26-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №18291310 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №183/ШШ2018/00961 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №1519 дүгээр магадлал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №183/ШЗ2018/10840 “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж”, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №183/ГХ2018/01023 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 20, 21, 22-29-р хуудас/

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь төлбөр төлөгч Д.Л өмчлөлд Төв аймаг дахь 60 000 000 төгрөгний үнэлгээ бүхий байр байхад Хан-Уул дүүргийн элит орон сууцыг төлбөр авагч нарт шилжүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нь төлбөр авагч, гуравдагч этгээд нартай хуйвалдсан гэж тайлбарласан.

Иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Л эд хөрөнгийн лавлагаагаар Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг, Баруун Зуунмод Нарлаг хотхон 1 байр, 9 тоотод байрны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэгт дурдагдсан уг үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө өгөх саналтай байгаа талаараа Д.Л нь 2019 оны 03 дугаар сарын 11,  2019 оын 08 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргаж байсан талаар хариуцагчийн төлөөлөгч нь маргаагүй. /хэргийн 41-42, 56-р хуудас/

Төлбөр төлөгчийн хүсэлтийн дагуу НШШГГр нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгавар хүргүүлж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 18291310/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг, Баруун Зуунмод Нарлаг хотхон 1 байр, 9 тоотод байрыг битүүмжилж, мөн өдрийн 18291310/02 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авч, 2019 оны 11 дүгээр сарын 12-нд 4/25374 тоот мэдэгдлээр хариуцагч нь нэхэмжлэгч Д.Лад уг орон сууцны үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 65, 72-75, 85-р хуудас/

Мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 371 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг, Баруун Зуунмод Нарлаг хотхон 1 байр, 9 тоотод байрны үнэлгээг тогтоохоор шинжээч томилсон боловч 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 146 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18291310/02 тоот эд хөрөнгө хураах тогтоол, шинжээч томилох тогтоолыг тус тус хүчингүйд тооцсон тул 2020 оны 09 дүгээр сарын 03-ны 18291310/01 Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Кинг тауэр-118 дугаар байр, 2 давхар, 202 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны битүүмжилж,  2020 оны 10 дугаар сарын 16-нд 180/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. /хэргийн 74, 88-89, 120, 133-134-р хуудас/

Нэхэмжлэгч нь дээрх иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой, шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийн талаарх гомдлоо гаргаж байгаагүй тул нэхэмжлэгч түүний төлөөлөгч нарын хариуцагч нь иргэний шийдвэр гүйцэтгэлйн ажиллагааг хууль зөрчиж явуулсан, төлбөр авагч нартай хуйвалдан Хан-Уул дүүргийн орон сууцыг төлбөрт тооцохоор авсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Лад 2020 оны 10 дугаар сарын 19-нд №4-180/37625 тоот үнийн санал авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “...үнийн санал өгөхгүй” гэсэн нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр, төлбөр авагч М.Гантулга нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “...төлбөрт хураагдсан орон сууц Хан-Уул дүүргийн 11 хороо, Маршалл таун 118 байр 202 тоотыг үнэлж чадахгүй учраас шинжээч гаргаж өгнө үү”, 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдөр төлбөр авагч М.Уртнасан “...Хан-Уул дүүргийн 11 хороо, Маршалл таун 118 байр 202 тоотыг үнэлж чадахгүй байгаа учраас шинжээч томилуулан үнэлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг тус тус ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар төлбөр төлөгч Д.Л өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031959 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалл таун Олимп гудамж 118 дугаар байр, 202 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хийлгэхээр “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь хэрэгт авагдсан талуудын хүсэлт, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №11/551 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор тус тус тогтоогдож байна. /хэргийн 137, 139-140, 143-144-р хуудас/

Хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №Ш-11/2 дугаартай “Виннэр вэй” ХХК-ийн Хөрөнгө үнэлгээний тайланд “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон Олимп гудамж 118 дугаар байр 202 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031959 дугаарт бүртгэлтэй 72 мкв талбайтай орон сууцны зориулалттай хоёр өрөө үл хөдлөх хөрөнгийг 176 601 000 төгрөг” гэж үнэлжээ. /хэргийн 152-165-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж саналт хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж зааснаар “Виннэр вэй” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай тайланг хариуцагч нь нэхэмжлэгчид 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 4-180/40908 тоот мэдэгдлээр болон төлбөр төлөгч Д.Лад утсаар мэдэгдэж танилцуулсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /хэргийн 175-р хуудас/

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, үнэлгээг хууль зөрчиж хийсэн зах зээлийн бодит үнийг тогтоогоогүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, уг үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй, үнэлгээчин нь хараат бус биш НШШГГртай хамтран ажилладаг, тэдний хэлсэн үнээр үнэлгээний тайлан гаргадаг болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №20/03 тоот НШШГГ “Виннэр вэй” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 10.3-д зааснаар, үнэлгээний төлбөр төлсөн эсэх нь эргэлзээтэй учир үнэлгээ нь хүчин төгөлдөр бус болох нь мөн гэрээний 7.3, 7.4-д зааснаар тус тус тогтоогдоно гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №20/03 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 7.3-д “захиалагч үнэлгээний ажлын үр дүнг тайлангийн хэлбэрээр хүлээж авахаас өмнө ажлын хөлсний төлбөрийг гүйцэтгэгчид төлж барагдуулах арга хэмжээг авна”, 7.4-д “гүйцэтгэгч нь ажлын төлбөр бүрэн төлөгдсөний дараа үнэлгээний тайланг захиалагчид өгнө” гэж заасан байх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-11/2 тоот тайлан хүлээлцсэн баримтаар “Виннэр вэй” ХХК нь хариуцагчид үнэлгээний тайланг хүлээлгэн өгсөн, үнэлгээний төлбөр төлөгдсөн гэж шүүх хуралдаанд хариуцагч болон шинжээч нар нь тайлбарласан тул үнэлгээний төлбөр төлөгдөөгүй, төлөгдсөн баримтыг ирүүлээгүй нь үнэлгээ хүчин төгөлдөр бус гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна. 

“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 10.3-д “шийдвэр гүйцэтгэгч нараас хоёр буюу түүнээс дээш удаа бичгээр үндэслэл бүхий гомдол гарсан, үнэлгээний хөлсийг хэт өндөр, үндэслэлгүй тогтоосон тохиолдолд гэрээг цуцлах” гэж заасан нь шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээг өндөр үнэлсэн бол гэрээг цуцлахаар заасан хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлгүй, гэрээнд “...үнэлгээний хөлсийг хэт өндөр, үндэслэлгүй тогтоосон” гэсэн байх тул нэхэмжлэгчийн үнэлгээчин нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар хэлсэн үнээр нь үнэлгээ тогтоодог гэсэн тайлбар үндэслэлгүй, тайлбараа баримтаар нотлоогүй болно.  

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлийг заасан бөгөөд 5.1.2-д хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээг хийхээр заасан тул хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.5-д заасныг зөрчсөн, хөрөнгийн ”үнэ цэнэ” гэж хөрөнгийн үнэлгээ хийсний үр дүнд тогтоосон хөрөнгийн үнэлгээний зүйлийн тухайн үеийн мөнгөөр илэрхийлэгдэх үнийн дүнг буруу тооцсон болох нь үнэлгээ хийсэн орон сууцтай ижил төрлийн барилга нь 1м.кв нь 3 600 000-3 900 000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа, терраз 2 давхарын байр дээр байдаг бөгөөд үндсэн м.кв дээр нэмэгдэж тооцогддог болох нь  Deluxe Marshall Village фэйсбүүк хуудсаар нотлогдоно гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн Deluxe Marshall Village фэйсбүүк буюу нүүр хуудсанд байх орон сууц нь одоо ашиглалтад орж байгаа шинээр баригдаж буй барилгын санал болгож буй м.кв үнэ болох нь тогтоогдож байна. /хэргийн 239-244-р хуудас/

Шүүх хуралдаанд шинжээч О.Бат-Эрдэнэ орон сууцыг үнэлгээний олон улсын стандартаар Монгол улсын Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, өртөгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар тооцсон, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтооно гэсэн учраас жишиг үнэлгээ тогтоож гаргадаг, үнэлгээ хийсэн Д.Л орон сууц нь Маршал тауны 1 ээлжийн орон сууц байсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд тусгагдсан м.кв-аар тооцсон, зах зээлд бэлэн зарагдаж байгаа ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулдаг гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүй, уг үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 118 дугаар байр, 202 тоот 72 м.кв талбай бүхий орон сууц нь зах зээлийн ханшаар хэдэн төгрөг болох, уг орон сууцтай ижил төрлийн орон сууц хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа талаарх мэдээллийг болон орон сууцыг 176 601 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур болох талаар баримтаар нотлоогүй тул шүүх орон сууцны үнэлгээг үндэслэлгүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь орон сууцны үнийг хэт доогуур үнэлсэн болох нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц захиалгаар худалдах Д.Л М.У, М.Г нарын хооронд байгуулсан гэрээгээр “орон сууцны нийт үнэ 258 300 000 төгрөг”, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Эко констракшн ХХК-ийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд “орон сууцыг 219 600 000 төгрөг, автомашины зогсоол 29 900 000 төгрөг, терраз засал өөрсдөө хийхээр 24 000 000 төгрөг” гэж, мөн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Орон сууцны барилга худалдах худалдан авах гэрээнд “...нэгж м.кв үнэ 3 050 000 төгрөг, үнэ 219 900 000 төгрөг, терраз засал өөрсдөө хийнэ 24 000 000 төгрөг, 24 м.кв терраз” гэсэн баримтуудаар тогтоогдоно гэсэн. /хэргийн хуудас/

Гэвч дээрх баримтууд нь орон сууц ашиглалтад орох үеийн буюу анх худалдах, худалдан авч байсан үеийн зах зээлийн ханш бөгөөд одоо уг орон сууц нь зах зээлийн ханш нь хэдэн төгрөг байгааг нотолсон баримтыг ирүүлээгүй, “Виннэр вэй” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тайланд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн харьцуулан зэрэгцүүлэх арга, орлогын хандлагын арга, зардлын хандлагын аргуудыг хэрэглэж үнэлж буй хөрөнгийг төлөв байдалд үндэслэн үнэлгээг тогтоосон байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ хэт доогуур болохыг шүүхээс шинжээч томилж тогтоох боломжтой гэсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн орон сууцны үнэлгээний талаарх баримтуудыг өөрөө гаргаж ирэх бүрэн боломжтой байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул хүсэлтийг хангаагүй болно.  

Нэхэмжлэгчээс үнэлгээ үндэслэлгүй, хууль зөрчсөн тул уг үнэлгээний дагуу явуулсан албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хууль зөрчсөн, илт үндэслэлгүй гэдгийг баримтаар нотлоогүй тул уг үнэлгээний дагуу явуулсан иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/04 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-180/2136 тоот дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Иймд нэхэмжлэгч Д.Л хариуцагч НШШГГрт холбогдох Хан-Уул дүүрэг, 00 дүгээр хороо, Маршал таун Кинг тауэр-118 дугаар байр, 0 давхар, 000 тоот 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн албадан дуудлага худалдаа явуулах тухай №2/04 тоот тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-180/2136 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг /70 200+70 200/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон

   

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар НШШГГрт холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун Кинг тауэр-118 дугаар байр, 2 давхар, 202 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах, албадан дуудлага худалдаа явуулах 2/04 тоот тухай тогтоол, 4-180/2136 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Л гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН