Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01149

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Л-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж эаалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00847 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Л-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Үнэлгээнд оруулсан орон сууцыг тухайн үед 122,000 ам.доллараар худалдан аваад одоогийн төлбөр авагчид 140,000 ам.доллараар худалдсан. Гэтэл төлбөр авагчийн шаардлагаар 140,000 ам.доллараар худалдан авна гээд 3 жил ашиглаад буцаагдсан байрыг 61,965 ам.доллараар үнэлсэн. Төлбөр авагч гэх М.Г, М.У- нар нь Д.Л-ын өмчлөлийн Ү-2206031959 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхон, Олимп гудамж, 118-р байр, 202 тоот 72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 258,300,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэрээгээ зөрчиж, үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэлцлээсээ буцсанаас маргаан үүссэн. Уг маргааныг хянан хэлэлцсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 00961 тоот шийдвэрээр 54,628,000 төгрөгийг М.Г, М.У- нарт олгохоор шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 258,300,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс 40 хувь хямд буюу 176,601,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй. Уг орон сууцны зах зээлийн үнэлгээ нь 1 м.кв талбай нь 3,900,000 төгрөг байгаа бөгөөд зөвхөн энэ үнээр тооцоход 300,000,000 төгрөгөөр зарагдах боломжтой. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Төв аймаг дахь 60,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 38 м.кв талбай бүхий байрыг төлбөр авагч М.Г, М.У- нарт санал болгосон боловч аваагүй. Төв аймаг дахь байраа зарж өр төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой хэдий ч НШШГГ- нь миний бүхий л хөрөнгийг битүүмжилсэн учраас худалдан борлуулах, өр төлбөрийг барагдуулах боломжгүй байна. НШШГГ- нь Үнэлгээтэй холбоотой маргаан шүүх дээр хянагдаж байх нь хамаагүй, 258,000,000 төгрөгөөр М.Г, М.У- нарт зарсан байрыг чинь 54,628,900 төгрөгийн өр төлбөрт заавал өгнө гэсэн утгатай 2/04 тоот тогтоол, 4-180/2136 тоот мэдэгдлүүдийг ирүүлсэн. Үнэлгээчин нь үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцүүлэн үнэн зөв, бодитой үнэлэх үүрэгтэй. Маршал таун нь дээд зэрэглэлийн орон сууцны ангилалд хамаарах бөгөөд хамгаалалтын хашаатай, тусгай харуул хамгаалалттай, тусгай гэрлэн дохиотой дотроо томоохон хэмжээний үйлчилгээний төв болон сургууль цэцэрлэг нь нэг дороо байрладаг элит орон сууц юм. Энэ орон сууцыг Д.Л- анх 219,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Маргаан бүхий орон сууцны 0 төгрөгөөр үнэлсэн террас нь 24,000,000 төгрөгийн үнэлгээтэй бөгөөд засаж тохижуулах эрхийг Д.Л-ад үлдээсэн байдаг. Эд хөрөнгийн бүрдэл хэсэгтээ орох террасыг үнэлээгүй, террасын талбай нь орон сууцны талбайд орсон эсэх мэдээллийг гэрчилгээнд тусгасан талаар тодруулаагүй. Хэний эзэмшилд байдаг талаар эрх бүхий байгууллагаас тодруулаагүй. Үнэлгээ хүчингүй гэдэг нь хуучин угсармал 40-60 жил болж байгаа байрны үнээр үнэлсэн, гэтэл уг орон сууц нь 2014 онд ашиглалтад орсон, м.кв нь 3,050,000 төгрөгийн үнэтэй худалдан авсан байдаг. Гэтэл үнэлгээчин нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар м.кв 2,500,000 төгрөгөөр үнэлсэн нь хууль бус байгаа. Уг байрыг 3,050,000 төгрөгөөр худалдан авч байсан гэдгийг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл үнэлгээчин 1 м.кв үнэ 3,050,000 төгрөгийн орон сууцыг 2,500,000 төгрөг болгон бууруулж үнэлсэн, тухайн барилгын яг хажууд адилхан загвартай байрны 1 м.кв-ын үнэ 3,900,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хувьд үнэлгээ хууль бус, үнэлгээ дээр маргаж байхад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь анхны дуудлага худалдаа зохион байгуулж, мэдэгдлийг ирүүлсэн тул энэ ажиллагаа бас хууль бус учир хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 961 дугаар шийдвэрээр Д.Л-аас 54,200,000 төгрөгийг гаргуулж М.Уртнасан нарт олгосон. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгч Д.Л-ад удаа дараа мэдэгдэхэд биелүүлээгүй тул харилцах данснаас хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад төлбөр төлөгч төлбөрийг төлөөгүй. Иймээс Д.Л-ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун 118-р байрны 202 тоот орон сууцыг 2020 оны 09 сарын 03-ны өдрийн 18291310/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 180/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр авагч нар үнийн санал ирүүлэхгүй, шинжээч томилж өгнө үү гэх хүсэлт ирүүлж, төлбөр төлөгч Д.Л-ад 4-180/37625 дугаар мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй байна. Иймд талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоогоогүй тул 2020 оны 11/551 дугаар тогтоолоор шинжээч томилж, үнэлүүлэхэд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун 118-р байр, 202 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031959 дугаартай орон сууцыг 176,601,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахад худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 2395 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Бид онцгойлон үнэлгээчин болон үнэлгээний компанид хэдээр үнэлээрэй гэсэн үүрэг даалгавар өгдөггүй, тийм боломж ч байхгүй. Талуудаас үнийн санал авсан, шинжээч томилуулна гэсэн болохоор шинжээч томилсон. Үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн, үнэлгээний тайлангийн мөнгийг нь төлсөн учраас шүүхэд ирүүлдэг. Ажил гүйцэтгэх гэрээг хувь үнэлгээчин биш компанитай нь байгуулсан. Гэрээнд шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээгээр хийсэн гэсэн зүйл байхгүй, хууль сануулж эрх үүргийг тайлбарлаад үнэлгээний байгууллага буюу үнэлгээчин нь хараат бусаар дүгнэлтээ гаргадаг. Нэгэнт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан учраас анхны дуудлага худалдаа зохион байгуулсан, мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун, Кинг тауэр 118-р байр, 2 давхар, 202 тоот 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүйд тооцуулах, албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/04 тоот тухай тогтоол, 4-180/2136 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Л-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Виннер вэй ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн үнийн саналыг зөрчөөгүй буюу шийдвэр гүйцэтгэлийн үнийн саналыг зөрчвөл НШШГГ-тай байгуулсан гэрээ цуцлагддаг болох нь тогтоогдсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын хувийн сонирхлоор сонгогдсон үнэлгээний компани гэдгийг үгүйсгэж чадаагүй. Террасыг үнэлгээнд оруулаагүй үндэслэлээ үнэлгээчин тайлбарлаж чадаагүй, террасыг 24,000,000 төгрөгөөр үнэлсэн гэрээг нотлох баримтаар өгч судлуулсан байхад шүүх террасыг үнэлээгүй нь зөв гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулж бодит үнэлгээг гаргуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Үнэлгээтэй холбоотой шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасныг зөрчсөн. Мөн шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүйгээс болж анхны албадан дуудлага худалдаа явагдсан нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д.Л- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан холбогдуулан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун хотхон, 118-р байр, 202 тоот хаягт байршилтай 72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 176,601,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 2/04 тоот тогтоол, 2021 оны 02 сарын 09-ний өдрийн 4-180/2136 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1, 19, 203-204, 217/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/00961 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Л-аас 97,864,049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уртнасан, М.Гантулга нарт олгож шийдвэрлэснийг /1хх 22-23/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 28-ны өдрийн 1519 дугаар магадлалаар өөрчилж, хариуцагч Д.Л-аас 54,628,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уртнасан, М.Гантулга нарт олгож шийдвэрлэсэн байна. /1хх 24-26/

 

Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалыг Д.Л- нь сайн дураар биелүүлээгүй тул НШШГГ- нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 сарын 16-ны өдөр үүсгэн /1хх 27/, төлбөр барагдуулах ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлсэн ажиллагааг, мөн анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай хариуцагч байгууллагын тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Л- эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, террасыг үнэлээгүй, үнэлгээчин нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлсэн үнээр үнэлгээг тогтоодог, үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан байхад дуудлага худалдааг явуулсан гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргадаг.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчөөс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, эд хөрөнгийг эрэн сурвалжлах, төлбөр төлөгчид шийдвэр, магадлалыг биелүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэх, төлбөр төлөгчтэй төлбөрийг хэрхэн барагдуулах тухай уулзалт зохион байгуулах, эрх бүхий байгууллагаас төлбөр төлөгчийн эд хөрөнгийн талаархи лавлагаа, арилжааны банкуудад эзэмшдэг дансны талаархи лавлагааг гаргуулах, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан ажиллагааг мөн хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу үе шаттайгаар явуулсан нь мэдэгдэл, лавлагаа, тэмдэглэл зэргээр тогтоогджээ.

 

Мөн шийдвэр, магадлалыг албадан биелүүлэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь төлбөр авагчид өгөх өглөгтөө Төв аймгийн Зуунмод суманд байршилтай 1 өрөө орон сууцыг тооцуулах санал гаргасныг /1хх 56-57/ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулан /1хх 58/ уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ажиллагаа явуулсан боловч төлбөр авагч уг хөрөнгийг төлбөртөө тооцон авахыг зөвшөөрөөгүй байна. /1хх 61/ Тус орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гомдол гаргаагүй байна.

 

Маргааны зүйл болсон Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Маршал таун хотхон, 118-р байр, 202 тоот хаягт байршилтай 72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 09 сарын 03-ны өдөр битүүмжилж /1хх 120-121/, 2020 оны 10 сарын 16-ны өдөр хураан авч тогтоол үйлджээ. /1хх 133-134/

 

Улмаар төлбөр төлөгч талд дээрх орон сууцны үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэн /1хх 137/ боловч төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэлж чадахгүй учраас шинжээч гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж /1хх 139/, Би үнийн санал өгөхгүй гэсэн хариу өгсөн, мөн төлбөр авагч нь шинжээч томилуулан үнэлүүлэх тухай хүсэлт гаргаснаар /1хх 143/ шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь /1хх 138/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцжээ.

 

Шинжээч нь Сангийн яамнаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх /1хх 174/ ба шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шинжээчид хуульд заасан эрх, үүргийн тайлбарлан сануулсан байна. /1хх 145-148/ Шинжээч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлсэн үнээр үнэлгээг гаргадаг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаархи нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Шинжээчийн гаргасан Хөрөнгө үнэлгээний тайлан-г хариуцагч байгууллага 2020 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч /1хх 151-174/, үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 176,601,000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөр төлөгчид мэдэгдснээр /1хх 175, 177/, нэхэмжлэгч Д.Л- нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо гаргажээ. /1хх 1-арын нүүрний дардас/

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаархи мэдээллийг тусган, үнэлгээ хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурджээ. Мөн Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаас үзэхэд үнэлгээчин нь үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, төлөв байдлыг харгалзсан, адил байршил, м.кв, зориулалт бүхий бусад үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулсан, байр, орон сууцны зургийг авч бэхжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх 166-170/

 

Иймд орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, орон сууцны байршил, төлөв байдлыг харгалзан үзээгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар дээр дурдсан үнэлгээний тайлан-гаар няцаагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдсан террас нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй учир түүнийг орон сууцны бүрдэл хэсэг гэж үзэх тул террасыг үнэлээгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас өөрийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн Орон сууц захиалгаар худалдах гэрээ /1хх 2/, Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ /2хх 9-11/ нь 2014 онд хамаарч байх тул өөр цаг хугацаанд худалдагч, худалдан авагч талуудын харилцан тохиролцож тогтоосон шинэ орон сууцны үнийг түүнээс хойш 5 жил 8 сарын дараа мэргэжлийн үнэлгээчний тогтоосон үнэтэй шууд харьцуулан дүгнэлт хийх боломжгүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

Албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд уг тогтоол, мэдэгдэл /1хх 210, 221/ гарах үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулсан, эсхүл түдгэлзүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой эсэх нөхцөл байдлаас хамааран хэрхэн шийдвэрлэх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ агуулгаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гаргасан тайлбараар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

Түүнчлэн анхны албадан дуудлага худалдаагаар ялагч тодроогүйгээс гадна, анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 02 сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн болох нь хэрэгт авагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /1хх 225-226/, шүүгчийн захирамжаар /1хх 212 / тус тус нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00847 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Л-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 03-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгүй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР