Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00105

 

Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04515 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00659 дүгээр магадлалтай,

Б-гийн нэхэмжлэлтэй

У-д холбогдох

У-ын 2022.06.16-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, түүний өмгөөлөгч Ч.Ж, С.О, Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б-гаас хариуцагч У-д холбогдуулан У-ын 2022.06.16-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04515 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан У-д холбогдох У-ын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00659 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б-г У-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 27,986,228 төгрөгийг хариуцагч Уаас гаргуулан нэхэмжлэгч Бд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг Уд даалгасугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтад “дурдсугай.” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Уаас улсын тэмдэгтийн хураамжид 297,881 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Б нь У-ийн Т-н даргаар ажиллаж байхдаа даргаас гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй байхад бүх нийтийн амралтын өдөр буюу 2022.01.01-нд түрээсийн талбайн хэмжээг 3 дахин багаар тусгаж ашиг сонирхлын зөрчилтэй түрээсийн гэрээг өөрийн үеэл болох Д.М-н дагавар хүүхэд Н.З-той байгуулсан, хариуцагч У-тэй ямар нэг хамтын гэрээ байгуулаагүй У-ийн татварт гэж ажилтнуудын цалин хөлснөөс суутгал хийсэн, У-тэй ямар нэг хамтын гэрээ байгуулаагүй У /дарга Г.Ө нь мөн нэхэмжлэгч Бгийн үеэл/ гэх Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй М-д бүртгэлгүй холбоонд мөнгө шилжүүлсэн, У-тэй ямар нэг хамтын гэрээ байгуулаагүй У-ийн дарга Г.Ө-д цалин, хөлс, урамшуулал гэж мөнгө шилжүүлсэн нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гаргасан нь үндэслэлтэй гэж үзсэн У-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Э-н удирдан хийсэн 2022.06.08-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн Замын дарга 2023.06.16-ны өдөр Б-Н-80 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, У-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1.4, Дотоод аудит хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.15, 4.3-д тус тус заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан.

Энэ тушаалд Б нь У-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг хянан хэлэлцээд 2023.06.16-ны өдөр Б-Н-80 дугаартай тушаал зөв гэж дүгнэлт гаргасан. Мөн Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасныг хянан хэлэлцээд 2023.06.16-ны өдөр Б-И-80 дугаартай тушаал зөв гэж шийдвэрлэсэн.

4.2. Б нь шүүхэд 2023.06.16-ны өдөр .... дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, НД ба ЭМД нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг БГДИХАШШ 2022.12.20-ны өдрийн 102/ШШ2022/04515 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх 2023.03.29-ний өдрийн 210/МА2023/00659 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн өөрчлөлт оруулсан. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй хэт нэг талыг барьсан байна.

4.2.1. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг Н.Зтой хамаарал бүхий этгээд гэж үзэхээргүй байна, тушаалд итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан эсэхийг зааж зөрчилд тооцоогүй, түрээсийн гэрээг байгуулахад Бг тендер явуулаагүй гэж буруутгаагүй гэж дүгнэсэн байна” гэсэн байна.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нэхэмжлэгч Б нь өөрийн үеэл Д.Мгийн хүү Н.Зтой Түрээсийн гэрээг байгуулахдаа энэхүү гэрээг байгуулах эрх олгосон итгэмжлэл Замын даргаас олгоогүй байхад буюу бүх нийтээр амрах баярын өдөр болох 2022.01.01-ний өдөр байгуулсан.

Түүнчлэн Б нь Н.Зтой түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн хөрөнгө болох талбайн хэмжээг 3 дахин багасган байгуулснаас У-д 30,996,000 төгрөгийн хохирол учруулж байгааг анхаараагүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-т “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” мөн зүйлийн 3.1.6-д “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг” гэж заасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д ““төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг” мөн зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг” гэж заасныг анхаараагүй байна.

Гэрээг байгуулахдаа нийтийн албан тушаалтан тул түүнтэй холбоотой шийдвэр гаргахгүй байх, энэ тухайгаа удирдах албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэсэн заалтыг биелүүлээгүй байсан.

Мөн түрээсийн талбайг иргэн аж ахуйн нэгжид түрээслэх бол нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах үүрэгтэй.

4.2.2. Нэхэмжлэгч Б-гийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай №Б/II/80 дугаар тушаалд “ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан...” хэмээн зөрчлийг нь тодорхой тусгасан байгааг анхаараагүй нь давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд зөрчлийн шинжийг тодорхойлж улмаар энэ нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр ажилтны хүлээсэн үүргийг зөрчиж байгааг тусгасан бөгөөд нэхэмжлэгчээс авсан тайлбар, зөрчил гарсан эсэхийг хянан хэлэлцсэн хурал, түүнд хамаарах бичиг баримт, АТГ-ын албан тоот зэрэг хуульд заасан арга хэлбэрээр бэхжүүлсэн цуглуулсан нотлох баримтыг харьцуулан үзээгүй, үүнийг хэрхэн үнэлж дүгнэсэн талаар тусгаагүй нь давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болж ИХШХШТ хуулийн 40.2 дахь заалтыг зөрчсөн байна.

4.2.3. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “Х нь М-ы гишүүн болоогүй гэх үндэслэлээр Б-г шууд буруутгах үндэслэл болохгүй” гэжээ. УХ нь У-тэй Хамтын гэрээтэй бол Т-н ажилчдын Х татварын мөнгийг шилжүүлээд байгаа УХ гэх байгууллагатай хамтын гэрээг байгуулаагүй, Ү-ы бүртгэлд байхгүй үйл ажиллагаа явуулдаггүй этгээд юм.

Өөрөөр хэлбэл Т-ийн ажилчдын Э гишүүний татварын мөнгийг шилжүүлсэн гэх Э гэх байгууллагаас ямар ч эрхээ хамгаалуулах үйлчилгээ аваагүй гэсэн үг. Үүнийг давж заалдах шатны шүүх огт анхаарсангүй.

Түүнчлэн У болон УҮ-ы 2020 оны Хамтын гэрээний дагуу Г.Ө-д цалин хөлс олгосон үйлдэлд Б-г дангаар буруутгах нь учир дутагдалтай гэжээ.

Гэтэл энэ мөнгийг шилжүүлэх захиран зарцуулах шийдвэрийг нэхэмжлэгч гаргаж байгаа бөгөөд дээр дурдсанчлан У-тэй Хамтын гэрээ байгуулаагүй учир үр дүнгийн цалин урамшуулал гэж мөнгө шилжүүлэхгүй билээ.

Т-ы дарга гэх Г.Ө нь нэхэмжлэгч Б-гийн төрсөн эгчийн хүү байхад түүнийг зөрчил гаргасан гэж үзэхгүй гэсэн нь давж заалдах шатны шүүхийн магадлал нь шударга ёс, хууль ёсны зарчмыг эсрэг дүгнэлт болох бөгөөд энэ нь Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг давж заалдах шатны шүүх зөрчсөн байна.

4.2.4. Давж заалдах шатны шүүхийн 5.1.е хэсгийн дүгнэлт дэх “...Т-д хийсэн 2022.06.28-ны өдрийн Дотоод аудитын шалгалтын тайлан нь Бд сахилгын шийтгэл ногдуулсан 2022.06.16-ны өдрийн тушаалын үндэслэл болох боломжгүй, уг тайлангаар ажилтны гаргасан зөрчлийг тогтоох ажиллагаа явуулсныг нотлохгүй болно...” гэсэн байх ба Бг дээрх 2022.06.28-ны өдрийн Дотоод аудитын шалгалтын тайланг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.04.18-ны тайланг үндэслэн 2022.06.08-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн тушаал гаргасныг анхаарч үзээгүйгээр шийдвэрлэсэн.

4.2.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь тайлан хүлээн авсан буюу 2022.04.18-ны өдрөөс хойш нэг сарын дотор ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан байтал уг хугацааг хэтрүүлж 2022.06.16-ны өдөр арга хэмжээг авсан нь хуульд заасан хугацааг баримтлаагүй хүчингүй болно гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийсэн байна.

Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас хийсэн шалгалтын тайлангийн дагуу хурлаар хэлэлцэх гэхээр Б нь өвчтэй байсан тул түүнийг оролцуулан хурал хийх боломжгүй байсаар 2022.06.08-ны өдөр хурлыг хийж хурлын шийдвэрийг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь 2022.01.07-ны өдрөөр гэрээг цуцлаагүй, гэрээнд зөвшөөрөл олгосон хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурахдаа 12 дугаар сарын 30, 31-ний өдөр гэж тэмдэглэсэн байдлуудыг харьцуулан дүгнэвэл Бг гэрээг байгуулах эрхгүй гэж дүгнэхгүй юм гэсэн дүгнэлт гаргасан. Энэ зөрчлийн талаар тайлан гармагц гэрээг цуцалсан байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.05.25-ны өдрийн 001/ШХТ2023/00619 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Б хариуцагч У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: “...У-ын байгууллагад тасралтгүй 27 жил ажиллаж байгаа, тасалбарын явуулын няраваас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 2018 онд Т шинээр байгуулагдахад тус төвийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж, 2019.02.20-нд Зийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Гэтэл 2022 оны 01 дүгээр сараас эхлэн дотоод аудитын албанаас төлөвлөгөөт бус шалгалтуудыг олон удаагийн давтамжтайгаар ар араас нь хийж, эцэст нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Э-ын удирдсан 2022.06.08-ны өдрийн хурлаас ажлаас халах санал хүргүүлж, Уын даргын 2022.06.16-ны өдрийн .... дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би тушаалд дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн, гэрээ хэлэлцээгүйгээр бусдад мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй цалин хөлс олгож ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “...У-ын Т-н даргын албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26.4, 28.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нийтийн албан тушаалтны хувьд  өөрийн ураг төрөл, хамаатан садантайгаа гэрээ байгуулахгүй гэж заасан. Б нь өөрийн үеэлийн гэр бүлийнх нь хүүхэдтэй бүх нийтийн амралтын өдөр буюу 2022.01.01-ний өдөр Уын гэрээ, хэлцэл байгуулах журам болон түрээсийн гэрээ байгуулах журмыг зөрчиж ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, ажилтнуудын цалин хөлснөөс хууль бус суутгал хийж Ү-д бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байгууллагад мөнгө шилжүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн болох нь тогтоогдсон ба дээрх зөрчлүүд Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарах тул даргын 2022.06.16-ны өдрийн ... дугаар тушаал хууль зөрчөөгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...хариуцагчийн ...ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийсэн, ...итгэмжлэл олгогдоогүй байхад бусадтай гэрээ байгуулсан, ...үндэслэлгүйгээр шагналт цалин олгосон, ...талбайн хэмжээг хэт багаар тооцож гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй буюу нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэхээр байна.

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ...хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, ажлыг нь хүлээн авч, холбогдох тооцоог хийх талаар тушаал гаргасан явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсгүүдийг зөрчөөгүй, ажилтны гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...Ажил олгогч нь ажилтны сахилгын зөрчлийг тогтоолгүйгээр шийтгэл ногдуулсан нь буруу.

Тушаалд Бг итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан гэх үндэслэлийг зааж зөрчилд тооцоогүй, ...тендер явуулаагүй гэж буруутгаагүй байх тул уг зөрчлийг шалгасан ажиллагаа явуулсан эсэх нь тушаалд хамааралгүй байна.

...2022.06.28-ны өдөр гаргасан дотоод аудитын шалгалтын тайлан нь тушаалын үндэслэл болохгүй тул ...ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан гэж дүгнэхгүй..., ажилтны цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн, гэрээ, хэлэлцээргүйгээр бусдад мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй цалин хөлс олгосон гэх... зөрчлийг ерөнхий байдлаар тодорхойлж цаг хугацааг заагаагүй, сахилгын шийтгэлийг ногдуулах байсан ... хугацааг хэтрүүлж ... арга хэмжээ авсан тул хүчингүй болно.

Нэхэмжлэгч Б нь гишүүний татварыг гишүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр цалингаас нь бэлэн бусаар суутгал хийж, холбогдох байгууллагад  шилжүүлсэн нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаанд шууд хамаарахгүй,

...Х-ы дарга нарын 2020.10.13-ны өдрийн ...дүгээр тогтоолоор ... даргаар Г.Ө-ыг томилж, Х бүх гишүүдийн хурлын 2022.04.04-ний өдрийн ... тоот тогтоолоор ҮХ-ны дарга Г.Ө-ыг сонгуульт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд У болон Х-ны 2020 оны хамтын гэрээний дагуу Г.Ө-д цалин хөлс олгосонд ажилтан Б-г дангаар буруутгах нь учир дутагдалтай байна...” гэж дүгнэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Б-г Уын З-ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

9. Дээр дурдснаар хоёр шатны шүүх үйл баримтыг өөр өөрөөр дүгнэж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

10.1 Нэхэмжлэгч Б нь У-ын даргын 2022.06.16-ны өдрийн ... дугаар тушаалыг эс зөвшөөрч, тушаалд заасан зөрчлийг гаргаагүй, хууль, дүрэм зөрчиж гэрээ хэлцэл хийгээгүй гэжээ.

Ажилтны ажлаас чөлөөлсөн тус тушаалд “...Б-г ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, ажилтны цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн, гэрээ, хэлэлцээргүй бусдад мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй цалин хөлс олгож, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан...” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4,  У-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргын удирдан хийсэн 2022.06.08-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус удирдлага болгожээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ ажил олгогч нотлох үүрэгтэй.

10.2 Ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж, 2022.06.08-ны өдрийн ... дугаартай Хуралдааны тэмдэглэлд  “...тус хуралдаанаар Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас З-ийн дарга Б-г шалгасан төлөвлөгөөт бус шалгалтын тайланг хэлэлцэв. ...Б нь ажлын алдаа гаргасан тул Замын даргад ажлаас чөлөөлөх санал хүргүүлэхээр шийдвэрлэлээ...” гэжээ.

Хариуцагч буюу ажил олгогчоос: “...Б-гийн бүх нийтийн амралтын өдөр, түрээсийн талбайн хэмжээг 3 дахин багаар тусгаж, өөрийн үеэл болох Мгийн дагавар хүүхэд Н.Зтой гэрээ байгуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ, нээлттэй сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Түрээсийн гэрээ байгуулсан, ...ажилтны цалин хөлснөөс хамтын гэрээ байгуулаагүй ... татварт суутгал хийсэн, ...Хамтын гэрээ байгуулаагүй Х-ны дарга /үеэл Ө/-д цалин хөлс, урамшуулал олгосон...” үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 5.3.9, 5.3.11-д заасан ноцтой зөрчилд тооцогдох зөрчил гэж тайлбарлажээ. 

Зохигчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйл нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах харилцааг зохицуулсан байх бөгөөд 5.3-т заасан зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гээд,   5.3.9-д  өөрт нь итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, хэтрүүлсэн, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, 5.3.11-д өөрт хариуцуулсан болон нийгэмлэгийн өмч хөрөнгө, бараа материал, бичиг баримт, гэрээ, хэлцэл, мэдээ мэдээлэл, байгууллагын нууц болон ажилтны хувийн нууцыг задруулсан, дамжуулсан, хууль бусаар ашигласан, үрэгдүүлсэн, дутагдуулсан, завшсан бол ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.

10.3. 2022.01.01-ний өдрийн ... дугаартай Түрээсийн гэрээний талаар:

У-ыг төлөөлж З-ийн дарга Б иргэн Н.Зтой 2022.01.01-ний өдөр ... дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан, тус гэрээгээр Автомашины зогсоолын зориулалттай 492 м.кв талбайтай, вокзалын арын талбайд байрлах хөрөнгийг 1 м.кв талбайг 7,000 төгрөгөөр, 492 м.кв талбайг нэг сарын 3,444,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохирч, гэрээний хугацааг 5 жилээр тохиролцжээ.

М У-ын үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах журмын 5.5.в-д эд хөрөнгийг 5-аас дээш жилээр эсвэл жилд 20-оос дээс сая төгрөгийн өртгөөр түрээслүүлэх тохиолдолд эд хөрөнгөтэй холбоотой байгуулах гэрээ, хэлцэл нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр хэрэгжинэ гэж заасан байх ба талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ нь журмын дээрх зохицуулалтад хамаарах байтал Түрээсийн гэрээг байгуулахаас өмнө сонгон шалгаруулалт зарлагдаагүй байна.

Мөн Авлигатай тэмцэх газраас У-д ирүүлсэн 2022.05.30-ны өдрийн ... албан тоот, У-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч Э.Х-н 2022.04.18-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлангийн дүгнэлт, дээрх тайланг хэлэлцсэн 2022.06.08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл зэргээр Б нь итгэмжлэл олгогдоогүй байхад, мөн хууль зөрчиж гэрээ байгуулсан, ...ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан болох нь дараах байдлаар тогтоогдсон гэж үзнэ.

10.3.1. Авлигатай тэмцэх газраас У-д ирүүлсэн 2022.05.30-ны өдрийн ... албан тоотод: “... албаны дарга Д.М, Б нар нь ...садан төрлийн холбоотой буюу Д.М-гийн эцэг Ч.Д нь Б-гийн эх Ч.Х-н төрсөн дүү болох нь бичгийн баримтуудаар тогтоогдож байна, ...2022.01.01-ний өдрийн Түрээсийн гэрээнд У-ыг төлөөлж Д.М гарын үсэг зурж баталгаажуулсан, ...гэрээг байгуулахдаа сонгон шалгаруулалтыг нээлттэй ил, тод зарлахгүйгээр тухайн иргэнтэй шууд байгуулсан гэсэн байна.

10.3.2. Мөн У-ийн албаны дотоод хяналт шалгалтын байцаагч Э.Х-н 2022.04.18-ны өдрийн Төлөвлөгөөт бус шалгалтын тайлангийн дүгнэлтэд: “...Б нь даргаас олгосон албан ёсны итгэмжлэлгүйгээр түрээсийн гэрээг байгуулсан нь  2018.05.18-ны өдрийн ... дугаартай Гэрээ байгуулах журмын 3.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.2-т заасан ...нээлттэй тендер шалгаруулалтын журмыг тус тус зөрчсөн...” гэж, тайлангийн саналд: “... дугаартай Түрээсийн гэрээг хянасан У-ийн Хууль зүйн албаны орлогч дарга Д.М нь Б-тай үеэл, гэрээ байгуулсан Н.З нь Д.М-гийн нөхөр Б-н охинтой суусан хүргэн...” гэжээ.

Дээрхээс үзвэл Б нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал”-ыг бий болгосон, 11.1 дэх хэсгийн “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байж болзошгүй...” гэсэн Авлигатай тэмцэх газар болон Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дүгнэлт нь нэхэмжлэгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсныг нотолсон гэж үзнэ.

10.4. Ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн, гэрээ, хэлэлцээгүйгээр бусдад мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй цалин хөлс олгосон талаар:

У-ийн З-ийн Ү нь 2021.02.04-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар МҮ-ны гишүүнчлэлээс татгалзах тухай ...дугаар тогтоолоор МҮ-ы гишүүнчлэлээс гарсан бөгөөд тухайн өдөртөө У-ын Х-д гишүүнээр элссэн.

У-ын Ү нь МҮ-д бүртгэлгүй, мөн тус байгууллага нь У-тэй хамтран ажиллах ямар нэг гэрээ, хэлэлцээр байгуулаагүй байна.

З-ийн дарга Б нь ажилчдын цалингаас  бэлэн бусаар Ү-ы гишүүнчлэлийн татварыг дур мэдэн суутгаж, хамтын гэрээгүй У Ү-ы дансанд шилжүүлсэн, З-ийн Ү-ы дарга Г.Өод шагналт цалин олгосон болох нь У-ийн албаны шалгалтаар тогтоогджээ.

Шалгалтын тайланд дурдагдсанаар “...З-ийн дарга Б нь ажил олгогчийн хувьд У-ын Ү-ны үйл ажиллагаа, дүрэм, журмыг судлаагүй, гэрээ хэлцэл байгуулаагүй, холбогдох алба, хэлтсээс заавар зөвлөмж авалгүйгээр 2021.02 дугаар сараас 2022.01 дүгээр сар хүртэлх хугацаанд ажилчдын цалингаас  бэлэн бусаар гишүүнчлэлийн татвар гэж 45,135,187 төгрөгийг З-ийн Ү-д шилжүүлсэн, мөн Ү-ы даргад дээрх хугацаанд 6,739,772 төгрөгийн шагналт цалин олгосон байна. ...З-ийн Ү-ы дарга Г.Ө нь Б-гийн төрсөн эгчийн хүүхэд буюу хамаарал бүхий этгээд бөгөөд Б нь өөрийн хамаарал бүхий этгээдийн даргаар нь ажилладаг Ү-ы данс руу ажилчдын цалингаас Ү-ы гишүүнчлэлийн татварыг бэлэн бусаар шилжүүлж, цалин хөлс олгосон байна. ...-Бгийн дээрх үйлдэл ажил олгогчоос түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.4, 5.3.5, 5.3.8 дахь заалтуудыг зөрчсөн...” гэжээ.

Улмаар У-ын албаны байцаагчийн ... тоот актаар ...Г.Ө-д олгосон 6,739,772 төгрөгийг дарга Б төлж барагдуулж, У-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд төвлөрүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн, акт хүчин төгөлдөр байна.

10.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.

Хариуцагч байгууллагын  албаны 2022.06.08-ны өдрийн хуралдаанаар З-ийн дарга Б-г шалгасан төлөвлөгөөт бус шалгалтын 2022.04.18-ны өдрийн тайланг хэлэлцэж, энэ өдрөө ажил олгогчид ажилтныг ажлаас чөлөөлөх санал хүргүүлснээр ажил олгогч зөрчлийг илрүүлсэн гэж үзнэ.

Улмаар ажил олгогч нь тус хуралдааны тэмдэглэл болон холбогдох бусад баримтыг үндэслэн ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор 2022.06.16-ны өдөр тушаал гаргасан нь сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

11. Дээр дурдснаар ажилтанд хариуцлага тооцсон ажил олгогчийн тушаалын үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх “...хэрэгт цугларсан баримтаар Б, Н.З нарыг хамаарал бүхий этгээд гэж үзэхээргүй байна, ...ажил олгогч Б-г тендер явуулаагүй гэж тушаалд буруутгаагүй, ...итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан гэх үндэслэлийг зөрчилд тооцоогүй, ...харин  ажилчдын цалингаар Ү-ы гишүүнчлэлийн татвар суутгахдаа хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйлдэл нь хөдөлмөрийн гэрээний харилцаанд шууд хамаарахгүй, ...ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг баримтлаагүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь маргааны үйл баримтад нийцээгүй, нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан үүргээ үндэслэл бүхий бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч талын гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу  явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд заасан зөрчлүүд тогтоогдсон тул тушаалд Хөдөлмөрийн гэрээ, холбогдох журмын зүйл заалтыг дурдаагүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлад нийцсэн байна.

 Дээр дурдснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2023/00659 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Н нарын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч У-аас 2023.05.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БАЯРМАА

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД