Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00659

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/00659

 

 

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04515 дугаар шийдвэртэй,

 

А-гийн нэхэмжлэлтэй

Б- холбогдох,

 

Б-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/II/80 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, түүний өмгөөлөгч Ч.Жадамба, С.Оюунцэцэг, Ж.Төмөрхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, Б.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- нь улсад нийтдээ 32 жил ажилласнаас - Б- нийгэмлэгт тасралтгүй 27 жил ажиллаж байгаа бөгөөд тасалбарын явуулын нярвын ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

2018 онд З- шинээр байгуулагдахад замын хэмжээнд явагдсан тус төвийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр З-ийн даргаар томилогдон ажиллаж байсан.

1.2. Дотоод аудит хяналт шалгалтын албанаас төлөвлөгөөт бус шалгалтуудыг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн олон удаагийн давтамжтайгаар ар араас нь хийж эцэст нь Дотоод аудит, хяналт, шалгалтын албаны дарга А.Э-ын удирдсан 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар ажлаас халах санал хүргүүлж - нийгэмлэг Б-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/II/80 дугаартай тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн, гэрээ хэлэлцээгүйгээр бусдад мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй цалин хөлс олгож ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр оногдуулсныг зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

1.3. Нэхэмжлэгч нь тушаалд дурдсан үйлдлийг хууль, дүрэм, гэрээ зөрчин хийгээгүй болно. Иймд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/II/80 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А- нь - Б- нийгэмлэгийн З-ийн даргаар ажиллаж байхдаа замын даргаас гэрээ байгуулах итгэмжлэл олгоогүй байхад хамаарал бүхий хүн болох Н.О-той нийгэмлэгийг төлөөлөн ашиг сонирхлын зөрчилтэй түрээсийн гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26.4, 28.1.2 дахь заалтуудыг зөрчсөн, ажилтнуудын цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байгууллагад гэрээ, хэлцэлгүйгээр мөнгө шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, - Б- нийгэмлэгийн Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.1.4, Дотоод аудит хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.15, 4.3-т тус тус заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргах эрх зүйн үндэслэлтэй болох нь - Б- нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Э-ын удирдан хийсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл болон бусад холбогдох баримт материалаар тогтоогдсон.

2.2. Мөн А- нь - Б- нийгэмлэгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн Б/II/80 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар - Б- нийгэмлэгийн дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан бөгөөд комиссын хуралдаанаар гомдлыг хэлэлцэж, ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй тул гомдол гаргагч А-гийн гомдлыг хангахгүй шийдвэр гаргасан.

2.3. Иймд “Б-” ХНН-ийн замын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/II/80 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, нийгэмлэгийн дүрэм, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд бүрэн нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.1.5-д заасныг баримтлан - Б- нийгэмлэгт холбогдох - нийгэмлэг Б-ын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/II/80 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан тайлбар, нотлох баримт, үйл баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй, үнэлэлт дүгнэлт хийгээгүй, маргааныг шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлийг хангалттай тайлбарлах боломж олгоогүй, хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн үгүйсгэж буй баримт, тайлбаруудыг харьцуулж анхаарч үзэлгүй хөнгөн хуумгай Н-сан тул шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1.1. Ажлаас халах шийдвэрийн үндэслэл болсон Дотоод аудит, хяналт шалгалтын албаны шалгалтын тайлан дүгнэлт, тус албаны дарга А.Э-ын 2022 оны 06 сарын 08-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэл зэрэг баримт материалууд нь үндэслэл муутай, хэт нэг талыг барьсан баримтууд гэдгийг үгүйсгэж буй нөхцөл байдал, баримтуудыг шүүх анхаараагүй. Энэхүү дүгнэлт нь Аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, 16.3 дахь хэсэгт зааснаар баталгаажаагүй баримт байгаад шүүх дүгнэлт хийгээгүй.

4.1.2. Нэхэмжлэгчийн мэтгэлцэх боломжийг хариуцагчийн хариу тайлбарт шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараар хязгаарлаж тайлбарлах боломж олголгүй хариу тайлбараа дэмжиж байна гэх агуулгаар зогсоож зөвхөн хариуцагчийн нэмэлт тайлбарт ач холбогдол өгч маргааныг шийдвэрлэсэн.

4.1.3. Шүүх зохих байгууллагуудаас ирсэн хариу тайлбар бүхий албан бичгүүдийг зохих ёсоор үнэн, бодит байдалд үнэлээгүй.

4.1.4. Шүүх хуралдааны тэмдэглэл өнөөдрийг хүртэл гараагүй болно.

4.2.1. Авто зогсоолын түрээсийн гэрээг Тээвэрлэлт хариуцсан Замын орлогч даргын зөвшөөрснөөр байгуулсан байсан. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт нэхэмжлэгчийг өөрийн хамаарал бүхий этгээдтэй ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан гэж огт дүгнээгүй байгааг шүүх анхаарч үзээгүй.

4.2.2. Авто зогсоолын түрээсийн гэрээнд бичигдсэн огноо 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, тухайн гэрээг хуулийн алба хянаж бүртгэхдээ огноог 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу шинэ жилийн өдрөөр бичсэнийг мэдэхгүй тул үүнийг нэхэмжлэгч хариуцах учиргүй. Мөн нэхэмжлэгчийг хуулийн албаны орлогч дарга Д.И-тай төрөл садны холбоотой тул хуйвалдаж гэрээ байгуулсан гэж буруутгадаг.

Монгол хэл дээрхи гэрээ хэлцлийг хуулийн албаны орлогч монгол дарга хянаж байх, орос хэл дээрх гэрээ хэлцлийг албаны орос дарга хянаж байх талаар чиглэл өгсөн Замын даргын тушаал шийдвэр байдаг. Энэ утгаараа З-ийн бусад байгууллагатай байгуулсан 30 гаруй гэрээ Хуулийн албаны орлогч дарга Д.И-гийн хянаж бүртгэсэн гарын үсэгтэй байдаг. Гэтэл ганцхан энэ гэрээг салгаж аваад нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Авто зогсоолыг түрээслэх тухай байгууллага дээрээ болон эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөлдөөд анх санал тавьж ирсэн иргэнийг сонгож гэрээ хийсэн.

Худалдан авалт биш болохоор тендер шалгаруулалт зохион байгуулах шаардлага байгаагүй. Энэ нь Сангийн яамнаас ирсэн албан бичигт дурьдагдсан байдаг.

4.2.3. Төмөр замын вокзалын арын авто зогсоолын талбай нь нийтийн эзэмшлийн газар бөгөөд Нийслэлийн Авто замын газартай Замын захиргааны хийсэн гэрээний дагуу автомашины зогсоолоор тооцон төлбөртэй авто зогсоол ажиллуулах гэрээтэй, олсон орлогын 60 хувийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байсан. 2020 онд З- нь 10 хүнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулан авто зогсоолын үйл ажиллагааг эрхэлж байсан. Гэтэл 2022 оны бүтэц, орон тоогоор хөлсөөр ажиллуулах 10 орон тоог хассан тул тухайн үедээ өөрийн харьяалах албаны удирдлага, хуулийн алба, эрх бүхий холбогдох албан тушаалтнуудад танилцуулж зөвшилцсөний дагуу гадны иргэнд давхар түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээний үнэ тарифийн хувьд Б-д мөрдөгдөж буй Замын даргын баталсан хамгийн өндөр тарифаар тооцож байгууллагад ашигтай байдлаар гэрээ байгуулсан байхад Дотоод хяналт шалгалт, аудитын албанаас “байгууллагад хохиролтой гэрээ байгуулсан” гэж хэт субъектив байдлаар дүгнэсэн. Учир нь, Нийслэлийн Авто замын газарт төвлөрүүлэх орлого дээр нэмээд байгууллагад орлого орох гэрээ байгуулсан. “Бага үнэтэй гэрээ хийсэн” гэдэг асуудал Дотоод аудитын шалгалтын актанд дурьдагдсан боловч шүүх хуралдаан дээр энэ тухай огт яригдаагүй байхад шүүх шийдвэртээ “бага үнийн дүнтэй гэрээ” хийсэн гэдэг нь үндэслэлтэй гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

4.2.4. Замын даргаас олгосон итгэмжлэлгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн гэрээ байгуулсан гэж буруутгасан. Тухайн үеийн Замын дарга эрүүл мэндийн шалтгаанаар ажиллахгүй байсан бөгөөд 1-р орлогч дарга И.В.Х- гарын үсэг зурж, 2022 оны 01 сарын 07-ний өдөр итгэмжлэл олгосон. Цаг хугацааны хувьд Замын даргын итгэмжлэл зөрүүтэй гарсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн үг биш. Тухайн үед авто зогсоолын ажилчдын орон тоо хасагдсанаас 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс авто зогсоолыг эзэнтэй байлгах, зогсоолд нэвтэрсэн тээврийн хэрэгслээс төлбөрийг хураах ажлын эрх ашгийн үүднээс иргэн Н.О-той гэрээ байгуулсан.

Түрээслэгч нь Замын даргын итгэмжлэл гарч ирсний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ нь барьцааны мөнгөө тушаасан санхүүгийн баримтуудаар нотлогддог. Замын захиргаанаас хийсэн удаа дараагийн шалгалт, дарамтын улмаас түрээслэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 12-нд гэрээгээ цуцалсан. Энэхүү гэрээг байгуулснаас болж “Б-” ХНН-д ямар хохирол учирсныг хэн ч тодорхойлоогүй.

4.2.5. Нэхэмжлэгч нь 2019 онд З-ийн даргаар томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан бөгөөд шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа ажлаас халагдах хүртэл талуудын хооронд хэвийн үргэлжилж байсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм. Учир нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон шинэ Хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажил олгогч нэхэмжлэгчтэй шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хуучин хөдөлмөрийн гэрээг ямар хугацаанд дагаж мөрдөх талаар албан ёсоор тохиролцсон зүйл байхгүй байсан. Гэтэл өмнөх хуулийн нөхцлөөр байгуулагдсан эрх зүйн зөрчилтэй бичиг баримт болох хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчсөн.

4.2.6. З-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо нь гишүүдтэйгээ хуралдаж өөр бие даасан Үйлдвэрчний холбоонд нэгдэх шийдвэрийг манай 208 ажилчин гарын үсгээ зурж гаргасан бөгөөд тухайн шинээр нэгдсэн холбоо нь улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор бүртгэгдэж, тамга тэмдгээ авсан байдаг. Монголын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоондоо бүртгэлтэй эсэхийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй.

Ажилчдын цалингаас суутгасан үйлдвэрчний эвлэлийн гишүүний татвар хураамжийн мөнгийг урьд нь шилжүүлдэг байсан журмын дагуу өөрийн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооны харилцах дансанд шилжүүлсэн. Данс нь огт өөрчлөгдөөгүй, урьд нь шилжүүлдэг байсан дансанд хийсэн.

Гишүүдийнхээ хураамжийн мөнгийг Б-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо руу шилжүүлээгүй нь З-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны өөрийнх нь дотоод асуудал. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хоорондын зөрчлөөс болж нэхэмжлэгч хохирсон. Тийм ч учраас Замын хөдөлмөрийн маргаан таслах комиссоор нэхэмжлэгчийн асуудал ороход Б-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо зуун хувь ажилтны эсрэг байж ажил олгогчийн хууль зөрчсөн шийдвэрийг дэмжсэн.

4.3. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт товлогдсон шүүх хуралдааныг өмгөөлөгч С.Оюунцэцэг нь Төв аймгийн Сум дундын шүүхийн шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлт гаргаснаар мөн өдрийн 14 цагт болгон товлосон. Замын түгжрэлээс шалтгаалан амжиж ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул А- өмгөөлөгчөө оролцуулж хурлаа хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авалгүйгээр хурлыг хийсэн нь өмгөөлөгч, нэхэмжлэгч нарт хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.4. Шүүхийн шийдвэрт дурьдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.9 болон 5.3.11-д заасан зөрчил нь нэхэмжлэгчийг ажлаас Б-ын даргын Б/II/80 дугаартай тушаалд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлдээ дурьдсан хууль, дүрмийн 9 заалтанд огт авагдаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 5.3.11 дэх заалтыг зөрчсөн удаа огт байгаагүй.

Мөн хариуцагчаас хөдөлмөрийн гэрээний 5.3.11 дэх заалтыг зөрчсөн талаар буруутгаж байгаагүй төдийгүй, ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул гомдолтой байна.

4.5.1. Шүүхийн шийдвэрт дурьдагдсан “Б-” ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ТГ/22/01 тоот түрээсийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн төлөвлөгөөт бус шалгалтын тайлан, Б-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн ТБ-22/03/02 тоот акт, Дотоод аудитын шалгалтын тайлан, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/7474 тоот албан бичиг зэрэг баримтууд нь нэхэмжлэгчээс ажлаас үндэслэлгүй халсан гэх байдлаа нотолж шүүхэд гарган өгсөн доорхи баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байгааг шүүх үнэлж дүгнэлгүй нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийсэн, итгэмжлэл олгогдоогүй байхад бусадтай гэрээ байгуулсан, талбайн хэмжээг хэт багаар тооцож гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар нь иргэн Н.О-той 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн 2022 оны 04 дүгээр сарын 12-д цуцлагдсан бүрэн хэрэгжээгүй Түрээсийн гэрээтэй холбоотой юм.

Гэтэл уг түрээсийн гэрээг хийх болсон шалтгаан, Б-ын удирдлагаас түрээсийн гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон гарын үсэг, цохолт бүхий албан бичиг баримтууд, итгэмжлэлүүд дараа жилийн 01 дүгээр сарын 07-ноос 03 дугаар сарын 12-ны хооронд олгогдож байсан баримтууд, Нийслэлийн Авто замын газар болон “Б-” ХНН-ийн дарга нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэн явуулах тухай” ТЗГ-2020/28 тоот гэрээгээр түрээсийн талбайн хэмжээг тогтоож, Б-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны А-210 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Түрээсийн гэрээ байгуулах” зааврын дагуу түрээсийн гэрээ хийж, Б-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А-913 дугаартай “Тариф шинэчлэн батлах тухай” тушаалын 2 дугаар хавсралтанд авагдсан “хашаатай талбайн 1 дүгээр бүсийн тарифаар 1 м.кв-ийн 7000 төгрөгөөр тооцсон талаарх баримтуудаа нотлох баримтаар гарган өгсөн атал шүүх нотлох баримтаар үнэлж үзээгүй, дүгнээгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй.

4.5.3. Иргэн Н.О- нь А-тай хамаарал бүхий этгээд биш төдийгүй, хариуцагч тал нотолж чадаагүй. Б-ын дарга Х.Х-гийн төмөр замын бүх алба, хэлтэс, төв, салбар нэгж, замын орлогч дарга нарт гэх 2021 оны 12 дугаар сарын 24-ний 1326 дугаартай цахилгаанд 13 заалт бүхий үүрэг даалгавар өгсний дагуу байгууллагынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр авто зогсоолыг түрээсэлсэн. А- нь Тээвэрлэлт хариуцсан замын орлогч дарга Г.Г-од хаягласан 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 37/447 дугаартай “Хүсэлт гаргах тухай” гэх албан бичигт авто машины зогсоолд 10 ажилтан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллан 2021 оны 08 дугаар сарын 29-ний байдлаар 22,515,000 төгрөгийн алдагдалтай байгаа тул түрээсийн гэрээгээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэн, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 37/579 дугаартай “Тооцоолол хүргүүлэх тухай” албан тоотоор 2021 оны 11 сарын байдлаар 27,103,297 төгрөгийн алдагдалтай болсныг дурьдаад түрээсийн гэрээгээр ажиллуулбал сард 5,000,000 төгрөг, жилдээ 60,000,000 төгрөгийн ашигтай ажиллах талаарх тооцоог хүргүүлэхэд “Судалж яаралтай шийдвэрлэ” гэсэн цохолтын дагуу Зорчигч тээврийн албаны орлогч дарга НЛ- “Зардлыг сайтар тооцоолж ашигтай ажиллах талаар зохион байгуул” гэсэн цохолт зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон байдаг.

Түрээсийн гэрээг Б-ын Төлөвлөгөө эдийн засгийн алба, Зорчигч тээврийн алба, Хууль зүйн алба хянаад замын хатуу дугаар олгож, замын даргын тамга дарснаар бэлэн болсон хүчин төгөлдөр гэрээ ирж авто машины зогсоолыг гэрээгээр ажиллуулах эрх А-д олгогдож А- нь зөвхөн гэрээнд гарын үсэг зурж оролцсон тул түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийсэн гэж ажлаас халсан нь үндэслэлгүй.

З-ийн 2022 оны батлагдсан орон тоонд хөлсөөр ажиллах гэрээний 10 ажилтны орон тоо хасагдаж батлагдсан учраас автомашины зогсоолыг түрээсийн гэрээгээр ажиллуулахаас аргагүй нөхцөл байдал үүссэн байсан.

А- нь түрээсийн гэрээгээр авто зогсоолын 10 ажилтанд олгогдож байсан цалин болох 51,602,744 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл болох 6,966,370 төгрөг, хангамжийн материалд олгогдож байсан 1,215,000 төгрөг нийт 59,784,140 төгрөгийн хэмнэлт гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог төдийгүй жилд 60,0 сая төгрөгийн ашиг олох түрээсийн гэрээ байгуулан байгууллагынхаа үр ашгийг нэмэгдүүлсэн нь нотлогдож байхад ажлаас үндэслэлгүй халсан.

Итгэмжлэл олгогдоогүй байхад түрээсийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн гэж буруутгаж байгаа боловч түрээсийн гэрээний үйл ажиллагаа нь 2022.01.07-ны өдөр итгэмжлэл олгогдсоноос хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр түрээслэгчийн үйл ажиллагаа эхэлсэн баримтыг шүүх үндэслээгүйд гомдолтой байна.

Итгэмжлэл олгогдоогүй 1 сараас 3 сарын хугацаанд Б-ын аж ахуй нэгж байгууллагын дарга нар өмнө нь олгогдсон итгэмжлэлээр ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсныг хариуцагч буруутгаж үгүйсгээгүй.

4.6.1. Шийдвэрт хэнд шагналт цалин олгосон асуудлыг тодорхой заагаагүй боловч хариуцагчийн Б-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүдийн татварыг бэлэн бусаар шилжүүлсэн, байгууллагынхаа Үйлдвэрчний эвлэлийн хороон даргад шагналт цалин олгосон гэх асуудал 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Дотоод Аудитын шалгалттай холбоотой байна.

4.6.2. Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тусдаа Б-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо байгуулагдан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9074005074 дугаарын гэрчилгээ, 6520073 дугаарын регистр бүхий бичиг баримтуудыг хавсарган Б-ын дарга Ж-ад Н-ан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01 тоот албан бичгээр хамтын гэрээ байгуулахад төлөөлөгч оролцуулах хүсэлт тавьсан, баримт хэрэгт авагдсан.

4.6.3. Б-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд манай байгууллагатай хамт гишүүн болсон Б-ын Татах хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн хороо нь Б-ын Хууль зүйн албанд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 28/1681 дугаартай албан тоотоор Н-ан Б-чдын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүн болж шинээр үйл ажиллагаа явуулж байгаа тул “Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хамтын гэрээ үйлчлэх эсэх цаашид захиргааны зүгээс хамтран ажиллаж болох талаар шийд өгнө үү” гэсэнд Б-ын Хууль зүйн алба 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 10/840 дугаартай албан тоотоор Хөдөлмөрийн тухай хуулийн 13 зүйлийн 13.1 дэх хэсэгт “Хамтын гэрээ хэлэлцээр нь оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж байгууллагад түүний нэгж хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэсний дагуу Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2020 оны хамтын гэрээ нь Б-ын хэмжээнд бүрэн үйлчилнэ” гэсэн хариу ирүүлсэн учраас 2020 оны хамтын гэрээг мөрдөн ажиллаж байсан нь хууль зөрчөөгүй.

4.6.4. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хамтын гэрээний 7.4-т зааснаар шагналт цалин олгосон нь тогтоогддог тул үндэслэлгүйгээр шагналт цалин олгосон гэж шийдвэрт дүгнэснийг зөвшөөрөхгүй.

4.6.5. Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн гарын үсэг бүхий өргөдөл хүсэлтээр Үйлдвэрчний эвлэлийн татварыг бэлэн бусаар шилжүүлсэн, хууль болон хамтын гэрээг мөрдөн шагналт цалинг орон тооны Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад олгосноор Б-д хохирол учраагүй бөгөөд хариуцагчаас хохирол учирсан талаар нотлох баримт гаргаагүй, түүнчлэн Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд харъяалагдаж байхад ч шагналт цалин олгогдож ирсэн.

4.7.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэх заалтыг зөрчин ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдсэнд гомдолтой. Учир нь, иргэн Н. О-той түрээсийн гэрээг 2020.01.01-д байгуулсан, ҮЭ-ийн хороон орон тооны даргад 2021 оны 01 дүгээр сараас 11 сарыг хүртэл шагналт цалин олгосон байдаг бөгөөд хариуцагч зөрчилтэй асуудлуудыг Б-ын Дотоод аудит хяналт шалгалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 13, 14-ны өдрүүдэд хийгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр тогтоосон гэж тайлбарладаг.

Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар А-д 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор, эсхүл 2022 оны 05 дугаар сарын 18-ны дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байтал 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

4.7.2. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаартай тогтоолын 15.4.2 дахь “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг, сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино” гэж тодорхойлсон. Гэтэл А-г буруутгасан хөдөлмөрийн гэрээний 5.3.9 дэх заалтыг зөрчөөгүй, харин зардал хэмнэн үр ашгийг дээшлүүлсэн нь батлагддаг. Мөн хөдөлмөрийн гэрээний 5.3.11 дэх заалтыг огт зөрчөөгүйг тодорхой дурьдсан тул ноцтой зөрчил гаргаагүй гэж үзэж байна.

4.8. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн А-г 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаас халснаас хойших хугацаанд Дотоод аудитын шалгалт хийсэн гэх 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн материал болох 60 хуудас баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хуралд оролцуулах боломж олгогдоогүй учраас гаргаж чадаагүй. Эдгээр 60 хуудас баримтанд А-д 30,0 сая төгрөгийн акт тавигдсан мэт баримт авагдсан нь хүчингүй болсон байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

5.1. - нийгэмлэг Б-тай Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтын гэрээ байгуулсан. Гэтэл Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн бус, хамтын гэрээгүй Б-ын Үйлдвэрчний эвлэлийн хороонд Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой байгуулсан хамтын гэрээний заалтыг ашиглаж мөнгө шилжүүлсэн, хороон даргад үр дүнгийн цалин олгосон.

5.2. Тухайн байгууллагын дарга н.Ө- нь А-тай хамаарал бүхий этгээд юм. А-гийн үеэл н.И-гийн эцэг н.Д-ийн эгч н.Н-ын хүүхэд буюу эдгээр хүмүүс үеэлүүд гэдэг нь Авлигатай тэмцэх газрын баримтаар нотлогдсон. н.О- нь н.И-гийн дагавар хүүхэдтэй суусан гэр бүлийн хүн. н.Ө- нь н.Н-ын ураг төрлийн хүн юм.

5.3. Ковид 19 цар тахлын үед - нийгэмлэг Б- ажлын байрыг хадгалж, хүмүүсийг цомхотгохыг хуулиар хориглосон. Өөрөөр хэлбэл, ковидын үед ажилтнуудыг цомхотгож цөөрүүлэхгүй гэж заасан. Хэргийн 148 дугаар талд нэхэмжлэгч 82 метрийн урттай, 32 метрийн өргөнтэй 24 м.кв талбайг 3 дахин багаар тооцож, түрээсийн гэрээ байгуулсан. 1 сарын алдагдал 10,338,000 төгрөг, 1 улиралд 30,996,000 төгрөгийн алдагдал гарсан. Авто зогсоол - нийгэмлэг, Б-ын өмч тул Б-ын журмаар 3:1:3-т зааснаар өмчийг сонгон шалгаруулах замаар иргэдэд нээлттэй сонгон шалгаруулж түрээсийн гэрээг байгуулах ёстой.

Эд хөрөнгө захиран зарцуулах журмыг зөрчиж, өөрийн хамааралтай бүхий этгээдтэй түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үнэ нь талбайг 3 дахин багасгаж, 5 жилийн хугацаатай байгуулсан. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээний огноо 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр хэвлэгдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01 дугаартай түрээсийн гэрээг н.И- хянаж, А- гэрээ байгуулсан.

5.4. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А- ажилд томилогдсон учраас итгэмжлэлийг 03 дугаар сарын 16-ны өдөр авсан. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр итгэмжлэл аваагүй байхдаа 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан.

5.5. Улсын дээд шүүхийн 33 тоот тогтоол нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан ба 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэж мэтгэлцэхгүй.

5.6. Зөрчил дутагдал гарсныг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалтын тайлангаар илрүүлсэн. А- нь удирдах газарт акт ирүүлж байсан учраас акт дуусгавар болсон буюу 06 дугаар сарын 08-ны өдөр хурлыг хийж, сахилгын шийтгэл ногдуулсан нь хугацаа хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан гэх өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд болон хурлын дараа та өөрийн хүсэлтээр гараад 14 сарын тэтгэврээ аваад өөрийн эрүүл мэндээ бод гэж хэлсэн.

5.7. Алдагдалтай гэх авто зогсоол нь тэтгэвэрт гарсан ахмадуудыг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж цалин хөлсний ногдол, Ахмад настны тухай хуулиар - нийгэмлэг, Б-ын ахмадууд ажилладаг ажлын байр юм. Үүнийг булааж н.О- 7 хүн авчирч ахмадыг гаргасан.

5.8. Анхан шатны шүүх хуралдааныг өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хүсэлтээр 14 цаг хүртэл хойшлуулсан байсан. 14 цаг шүүх хурал эхлэхээр өмгөөлөгч С.Оюунцэцэг рүү залгахад утас нь холбогдохгүй байсан учраас А- Ж.Төмөрхуяг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжтой гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, уг гомдлыг хангаж, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б- холбогдуулан тус байгууллагын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/II/80 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулах тухай гомдол гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

 

3. - нийгэмлэг Б- нь ажилтан А-тай 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилтан нь тус байгууллагын З-ийн даргаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

 

4. Хариуцагч байгууллагын даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/II/80 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, “Б-” ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.4, Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Б-”-ын дүрмийн 22 “а”, “з”, “и”, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн З-ийн дарга А- нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, ажилтны цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн, гэрээ, хэлэлцээгүйгээр бусдад мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй цалин хөлс олгож ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Тушаалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна”, 83.3 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана”, 123 дугаар зүйлийн 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах”, “Б-” ХНН-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 14.1.4-д “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулах талаар, Хувь нийлүүлсэн нийгэмлэг “Б-”-ын дүрмийн 22 дугаар зүйлд Замын даргын эрхүүдийг нэрлэн заасан ба “а”-д тушаал шийдвэр гаргах, “з”-д ажилчин албан хаагчдыг ажилд авах ба халах, “и”-д замын ажилчин албан хаагчдад УБТЗ-ын дотоод дүрэм, ажилчин албан хаагчдын сахилга батын дүрэмд тогтоосон ёсоор урамшуулах ба сахилга журмын шийтгэл ногдуулах арга хэмжээнүүдийг авах эрхийг заажээ.

 

5. Ажил олгогч нь ажилтны гаргасан сахилгын зөрчлийг тогтоолгүйгээр шийтгэл ногдуулсан нь буруу гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

5.1. Тушаалд З-ийн дарга А- нь ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан гэх боловч ямар гэрээг хэнтэй байгуулсан нь зөрчилд тооцох болсон талаар тодорхойлоогүй байна. Хариуцагч байгууллага нь шүүхэд гаргасан тайлбартаа: “А- нь “Б-” ХНН-ийн З-ийн даргаар ажиллаж байхдаа хамаарал бүхий хүн болох Н.О-той нийгэмлэгийг төлөөлөн Замын даргаас итгэмжлэл олгоогүй байхад ашиг сонирхлын зөрчилтэй түрээсийн гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26.4, 28.1.2 дахь заалтуудыг зөрчсөн” гэжээ. /1хх 24-25 дахь тал/ Иймд хариуцагчийн тайлбарт үндэслэн ажилтны гаргасан гэх зөрчлийг олж тогтоосон эсэхийг хянах нь зүйтэй байна.

 

5.1.а. Нэг талаас - Б- нийгэмлэгийг төлөөлж З-ийн дарга А- нөгөө талаас иргэн Н.О- нар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Түрээсийн ТТ/22/01 тоот гэрээ байгуулсан ба гэрээний зүйл нь 492 м.кв талбайтай, вокзалын арын талбайд байрлах талбайг автозогсоолын зориулалтаар ашиглах, түрээсийн төлбөр 1 м.кв нь 7,000 төгрөг, нийт 3,444,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээнд талууд гарын үсэг зурсан байх ба түрээслүүлэгч байгууллагаас зөвшөөрсөн гэж гурван этгээд гарын үсэг зурахдаа огноог 12 дугаар сарын 30, 31-ний өдрүүдээр тодорхойлжээ. /1хх 74-83 дахь тал/

 

5.1.б. “УБТЗ” ХНН-ийн замын дарга Х.Х- танаа илтгэх хуудас гэсэн гарчигтай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Зорчигч тээврийн албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/79 дугаартай албан бичгийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн тухай тайлан нь Б/II/80 тоот тушаалын үндэслэл болоогүй, уг шалгалтын тайлангийн санал нь уг түрээсийн гэрээг хянасан “Б-” ХНН-ийн Хууль зүйн албаны орлогч дарга Д.И- нь “Б-” ХНН-ийн З-ийн дарга А-тай үеэл, гэрээ байгуулсан Н.О- нь Д.И-гийн нөхөр Т-ийн охинтой суусан хүргэн гэх мэдээлэл байгаа тул ... холбогдох хуулийн байгууллагаар шалгуулах саналтай байна” гэжээ. /2хх 171-174 дэх тал/

 

5.1.в. - Б- нийгэмлэгийн 218 тоот өрөөнд 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр явуулсан хуралдааны тэмдэглэлд хуралдааныг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга А.Э- удирдан явуулсан байх ба уг хуралдаан дээр А-гийн гаргасан тайлбарт “... Н.О- гэх хүн надтай хамаатан садангийн ямар ч хамаарал байхгүй. ... Түрээсийн гэрээ холбогдох бүх албаар хянагдсан. ... Цэцэгдэлгэр комиссар И- гэдэг хүнтэй хамаарал бүхий этгээд мөн үү гэж асуусан ба ах дүүгийн хүүхдүүд гэдгээ хэлсэн. О- гэдэг хүнийг хэн гэдгийг тухайн үед үнэхээр би мэдээгүй. И- гэдэг хүн бол замын хэмжээнд хийгдэж байгаа бүх гэрээн дээр гарын үсэг зурдаг байсан. Зөвхөн манай байгууллагын гэрээн дээр зурдаг биш. Түүнээс биш хамаатан садандаа зогсоолын талбайг түрээсэлсэн зүйл байхгүй” гэж,

Авлигатай тэмцэх газрын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/7474 тоот албан бичигт: “...мөн З-ийн дарга А- нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Н.О-той түрээсийн ТТ/22/01 дугаартай гэрээ байгуулсан. Тус гэрээг Хууль зүйн албаны дарга Д.И- нь хянан баталгаажуулсан. Гэтэл уг гэрээг байгуулсан Н.О- нь Д.И-гийн хүргэн, А- болон Д.И- нар нь үеэлүүд байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүссэн” гэх гомдол мэдээллийг хүлээн авч шалгалаа. ... - нийгэмлэг Б-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б-I-86 дугаар тушаалаар Жалар Чо овогт Д-ийн И-г Хууль зүйн албаны даргаар томилсон, ... - нийгэмлэг Б-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б-I-83 дугаар тушаалаар Жалар Чо овогт Н-ын А-г сонгон шалгаруулалтад тэнцсэн тул З-ийн даргын албан тушаалд дэвшүүлэн томилсон байна. ... Д.И-, А- нар нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “хамаарал бүхий этгээд” гэх ойлголтод хамаарахгүй хэдий ч садан төрлийн холбоотой буюу Д.И-гийн эцэг Ч.Д- нь А-гийн эх Ч.Н-ын төрсөн дүү болох нь баримтуудаар тогтоогдож байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр З-ийн дарга А- нь ТТ/22/01 дүгээр “Түрээсийн гэрээ”-г иргэн Нямсүрэнгийн О-той байгуулсан бөгөөд ... гэрээг байгуулахад Б-ыг төлөөлж тухайн үед Хууль зүйн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.И- нь гарын үсэг зурж баталгаажуулжээ. Гэрээг байгуулахдаа сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зарлахгүйгээр тухайн иргэнтэй шууд гэрээг байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдох нөхцөл байдал”-ыг бий болгосон байна.” гэж тэмдэглэсэн байдлыг харьцуулан дүгнэвэл А- болон Н.О- нарыг хамаарал бүхий этгээд гэж үзэхээргүй байна. /1хх 97-99/

 

5.1.г. Тушаалд А-г итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан гэх үндэслэлийг зааж зөрчилд тооцоогүй байгааг дурдах нь зүйтэй байна. Тушаалд дурдаагүй үндэслэлээр хариуцагч тал тайлбар гаргаж мэтгэлцсэн. Итгэмжлэлүүдэд хугацааг тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд олгодог байх ба Түрээсийн гэрээнд огноог 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж тэмдэглэсэн ч гэрээнд зөвшөөрөл олгосон хариуцагч байгууллагын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурахдаа 12 дугаар сарын 30, 31 гэж тэмдэглэсэн байдал, гэрээ байгуулах эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон, гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөр цуцлаагүй байдлуудыг харьцуулан дүгнэвэл А-г гэрээг байгуулах эрхгүй гэж дүгнэхгүй юм.

 

5.1.д. Түрээсийн гэрээг байгуулахад А-г тендер явуулаагүй гэж тушаалд буруутгаагүй байх тул уг зөрчлийг шалгасан ажиллагаа явуулсан эсэх нь тушаалд хамааралгүй байна.  

 

5.1.е. З-д хийсэн дотоод аудитын шалгалтын тайланг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гаргасан байх тул уг тайлан нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гарсан тушаалын үндэслэл болох боломжгүй юм. Иймд уг тайлангаар ажилтны гаргасан зөрчлийг тогтоох ажиллагаа явуулсныг нотлохгүй болно.

Дээрхээс дүгнэвэл ажилтан А- тушаалд заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан зөрчил гаргасан гэж дүгнэхээргүй байна.

 

5.2. А-г ажилтны цалин хөлснөөс хууль бус суутгал хийсэн, гэрээ, хэлэлцээргүйгээр бусдад мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй цалин хөлс олгосон гэх зөрчил гаргасан гэж тушаалд дурдсан боловч зөрчлийг ерөнхий байдлаар тодорхойлж цаг хугацааг заагаагүй байна. Хариуцагч байгууллага нь шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гаргасан тайлбартаа “ажилтнуудын цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийж Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байгууллагад гэрээ, хэлцэлгүйгээр мөнгө шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, “Б-ын” ХНН-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1.4, Дотоод аудит хяналт шалгалтын албаны дүрмийн 5.14, Дотоод аудит, хяналт шалгалт зохион байгуулах журмын 1.15, 4.3-д тус тус заасны дагуу “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргах үндэслэлтэй болсон” гэж тушаалын агуулгыг тайлбарлахдаа ажилтны гаргасан зөрчлийг тодотгож хугацааг мөн тодорхойлоогүй байна. 

 

5.2.а. Хариуцагч байгууллагын Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагч Ж.Р- 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Б-” ХНН-ийн З-ийн дарга А-г шалгасан тайлан”-г гаргажээ. Уг тайланд “Б-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлгүй, “Б-” ХНН-тэй хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулаагүй, З-ийн дарга А- тус төвийн Үйлдвэрчний эвлэлийн хороо Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээс гарч Б-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд элссэн тухай мэдсэн бөгөөд ажил олгогчийн хувиар уг байгууллагыг “Б-” ХНН-тэй хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийсэн эсэхийг судалж шалгаагүй, холбогдох алба, хэлтсээс заавар зөвлөмж авалгүй дур мэдэн ажилчдын цалингаас бэлэн бусаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлийн татварыг шилжүүлж гүйлгээнд нэгдүгээр гарын үсэг зурсан, З-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Ө-од шагналт цалин олгосон зөрчил гаргасан байна” гэжээ. /1хх 84-88 дахь тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь дээр дурсан тайланг хүлээн авсан буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэг сарын дотор ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулах байсан ба уг хугацааг хэтрүүлж мөн оны 06 дугаар сарын 16-ны өдөр арга хэмжээ авсан нь хуульд заасан хугацааг баримтлаагүй тул хүчингүй болно.

Нэхэмжлэгч Д.А- нь үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг гишүүдийн өөрсдийнх нь хүсэлтээр цалингаас нь бэлэн бусаар суутгал хийж, холбогдох байгууллагад  шилжүүлсэн нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаанд шууд хамаарахгүй гэж дүгнэх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хамаарахгүй юм. 

 

5.2.б. Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар тогтоолоор зорчигч тээврийн үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг тогтоож, уг татварыг тогтоосон хэмжээгээр бэлэн бусаар авч Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд дараа сарын 5-ны дотор шилжүүлэхийг ерөнхий нягтлан бодогчид хүсэхээр шийдвэрлэжээ. 

- нийгэмлэг Б- болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2020 оны хамтын гэрээг мөн оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулжээ. Энэ тохиолдолд Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн болоогүй гэх үндэслэлээр ажилтан А-г шууд буруутгах үндэслэл болохгүй болно.

Харин Улаанбаатар З-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тогтоолоор “Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүнчлэлээс татгалзаж, “Б-” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоог байгуулж, нэгдэхээр шийдвэрлэж, улмаар тус хорооны гишүүд гарын үсэг зурсан байх тул гишүүд татвар төлөх үүрэггүй болсон байна. /2хх 108-115 дахь тал/ 

Ийнхүү гишүүд татвар төлөх үүрэггүй болсон тохиолдолд цалингаас суутгал хийхгүй байх талаар ажил олгогч байгууллагад мэдэгдсэн байх ёстой юм. Иймд нэг талаас гишүүд цалин хөлснөөс татвар суутгахгүй байхыг шаардаагүй, нөгөө талаас Д.А- нь дээрх үйл явдлыг мэдсэн тохиолдолд бэлэн бусаар цалингаас татвар суутгаж буй байдалд хяналт тавих боломжтой байжээ. Энэ тохиолдолд ажилтан Д.А-гийн буруутай үйлдэлд тохирсон сахилгын шийтгэл ногдуулах учиртай юм.

 

5.2.в. Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нарын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Зорчигч тээврийн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Г.Ө-ыг томилж, З-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/22 тоот тогтоолоор Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Ө-ыг сонгуульт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд - нийгэмлэг Б- болон Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2020 оны хамтын гэрээний дагуу Г.Ө-од цалин хөлс олгосонд ажилтан А-г дангаар буруутгах нь учир дутагдалтай байна. 

 

6. Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан А-г - нийгэмлэг Б-ын З-ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

 

7. Ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 9 сар 10 хоногийн хугацаагаар сарын дундаж цалин 2,928,792 төгрөгөөс тооцвол 27,986,228 төгрөгөөр тодорхойлж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар энэ мөнгөн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/04515 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч А-г - нийгэмлэг Б-ын З-ийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговорт 27,986,228 төгрөгийг хариуцагч - нийгэмлэг Б-аас гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг Б- даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “дурдсугай.” гэснийг “дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч - нийгэмлэг Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 297,881 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА