Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2021/00924

 

 

 

 

 

 

 

 

 

 2021 оны 04 сарын 09 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00924                       Улаанбаатар хот

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар хороолол, 000 байр, 000 тоот оршин суух, Х овогт Д.Б /РД:0000/, төлөөлөн нэхэмжлэгч өмгөөллийн “СП” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 байр, 0 тоот оршин суух, Б овогт Б.У /РД:00000/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Их тойруу, Мөнх ХХК-ийн байр, 0 тоотод байрлах, АЭК ХХК /РД:0000/ нарт холбогдох

119 696 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, гэрч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буян-Аривжих нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөллийн “СП” ХХН нь үйлчлүүлэгч Д.Б олгосон итгэмжлэлийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг бүрэн төлөөлөн гаргаж байна. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.У олон жилийн өмнөөс бие биенээ таньж мэддэгийн хувьд ижил төрлийн мэргэжилтний хувьд итгэж түүний байгуулсан “ЖЭЭЮ" оноосон нэртэй, уул уурхайн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны чиглэлээр ажилладаг компанийн ажлын хүрээнд 2013 оноос хамтран ажиллаж ирсэн. Ингэхдээ компанийнх нь эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд захиалсан ажлуудыг гүйцэтгэдэг байсан бөгөөд орлогоос хувь хүртэх замаар хамтран ажиллаж байсан. Тухайн үеэс буюу 2014 оноос эхлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр компанийнх нь үйл ажиллагаанд шаардлагатай гэх санхүүгийн эх үүсвэр болох мөнгийг зээлдүүлж эхэлсэн. Нэхэмжлэгч нь олон жилийн өмнөөс таньдагийн хувьд үйл ажиллагааг нь дэмждэгийн хувьд итгэж шаардлагатай байгаа мөнгийг нь өөрийн өмчлөлийн орлогоос тухай бүр нь гаргаж хариуцагчид зээлдүүлсээр ирсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсч байсан нийт 86 761 000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар, хүүгүйгээр зээлдүүлсэн бөгөөд харин хариуцагчийн хувьд дээрх зээлээс нийт 24 250 000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. Нэхэмжлэгч нь тодорхой хугацаагүйгээр зээлдүүлсэн зээлийнхээ үлдэгдлийг буцаан авахыг шаардаж хариуцагчид “Монгол шуудан" компаниар Шаардлага хүргүүлсэн бөгөөд хариуцагч хүлээн авсан атлаа хариу огт өгөөгүй.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.У тохиролцон түүний өмчлөлийн буюу ганц хувьцаа эзэмшигчтэй, ЖЭЭЮоноосон нэртэй компанийнх нь 50 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ”-г байгуулан шилжүүлэн авсан билээ. Энэ компани нь уул уурхайн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн эрх шилжүүлэн авснаас хойш үйл ажиллагаа нь зохих ёсоор явагдаж ирсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сараас эхлэн ОХУ-ын Москва хотод Уул уурхайн ашиглалтын чиглэлээр аспирантурт суралцахаар явсан бөгөөд 3 жилийн хугацаанд суралцаад 2019 оны 01 дүгээр сард Монголдоо ирсэн. Харин энэ хугацаанд хариуцагч нь компаниа удирдаад үйл ажиллагаагаа зохих ёсоор, хэвийн, ашигтай явуулж байсан атлаа компанийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгчид ногдол ашиг хүртээгээгүйд буруутгаж шүүхээр буруутайд тооцуулахыг хүсч байна. Хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан “...компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас орсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ", мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2 дахь хэсэгт зааснаар “...ногдол ашиг авах” гэсэн эрхийнхээ дагуу 2016 оноос 2019 оны 06 дугаар сар хүртлэх хугацаанд тус компанийн олсон ашгаас үйл ажиллагааны санхүүгийн тайланг үндэслэн эзэмшиж байсан эрхийнхээ хэмжээгээр ногдол ашиг авахыг хүсч байна. Ийнхүү буруутгах үндэслэл баримт нь тус компанийн 2016-2019 оны санхүүгийн эрх бүхий байгууллагад гаргаж өгсөн тайлан болно.

Нэхэмжпэгч Д.Б нь АЭК оноосон нэртэй ХХКомпанитай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Автомашин худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, “Doosan SD 300” маркийн, 4140УН улсын дугаартай автомашиныг зээлээр худалдахаар тохиролцсон юм. Худалдан авагч буюу хариуцагч АЭК ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Б.У бөгөөд тэрээр дээрх гэрээг байгуулж, үүрэг хүлээхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээний 6 дугаар заалтад “Төлбөрийг худалдан авагч 2020.01.28 өдрөөс эхлэн сар бүр 666.25 ам.долларыг худалдагчийн Худалдаа хөгжпийн банк дахь 452587288 дансанд төлөх үүрэгтэй” гэж заасныг зөрчиж, үүргээ нэг ч удаа биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Түүнчлэн гэрээнээс 2 тал татгалзах эрхгүй бөгөөд татгалзсан тохиолдолд нөгөө талдаа гэрээний нийт үүргээ биелүүлээгүй хууль бус үйлдэл гэж үзэж байна. Мөн хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж нэхэмжлэгч нь эд хөрөнгө болон олж болох байсан орлогоор хохирсон болно. Иймээс нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч Б.У зээлдүүлсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох нийт 62 510 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бд буцаан төлүүлэх, хариуцагч буюу ЖЭЭЮ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016-2019 онд ажиллаж байсан Б.Уаас дээрх хугацаанд компанийн олсон ашгаас Д.Бд эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчийн 50 хувийн эрхийн ногдох ашиг болох 9 108 000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулах, хариуцагч АЭК ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, дээрх гэрээний 6 дугаар заалтыг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 50 буюу 11 992.5 доллар, /Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 10-ны хаалтын ханш 1 доллар 2850 төгрөг/ буюу 34 178 625 төгрөг, автомашиныг тээвэрлэн авч ирсний зардалд төлсөн 3 000 000 төгрөг, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний зардалд төлсөн 10 000 000 төгрөг буюу нийт 48 078 625 төгрөгийг хариуцагч АЭК ХХК-иас нэхэмжлэгч Д.Бд гаргуулах, нийт хариуцагч Б.У 119 696 625 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна. Хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 62 510 000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа. 2014 оноос эхлэн Д.Б Б.У нар нь хамтран ажиллаж ирсэн бөгөөд нийт 86 761 000 төгрөгийг зээл хэлбэрээр шилжүүлсэн гэдэг. Хариуцагч үүнийг өөрөө ч хүлээн зөвшөөрч 24 250 000 төгрөгийг нь буцаан төлсөн байдаг тул үлдэгдэл 62 510 000 төгрөгийг шаардаж байгаа. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар шаардах эрхтэй юм.

Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээний дагуу 2016-2019 оны компанийн олсон ашгаас 50 хувийн ногдол ашиг 9 108 000 төгрөгийг Б.Уаас гаргуулахаар нэхэмжилсэн. Б.У нь хуульд заасан компанийн эрх бүхий албан тушаалтан байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог, маргадаггүй. Тиймээс Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, ногдох ашгаа хувиарлаагүй буруутай. Компани энэ хугацаанд ашигтай ажилласан гэдэг нь татварын тайлангаар тогтоогдож байдаг.

Хариуцагч АЭК ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тоног төхөөрөмж буюу уул уурхайд ашигладаг тээврийн хэрэгсэл болох квошийг 23 985 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч гэрээгээ биелүүлээгүй, тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүй 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 666,25 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Хариуцагчийг тоног төхөөрөмжаа ав гээд байгаа газрынх нь зургийг явуулсны дараа очиж авсан. Тиймээс хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гэрээнээс татгалзсан тул гэрээнд зааснаар торгууль болох автомашины үнийн дүнгийн 50 хувь буюу 34 178 625 төгрөгийг, тээврийн зардал 3 900 000 төгрөг, автомашиныг дахин ашигладаг болгохын тулд зассан зардал 10 000 000 төгрөгийг хариуцагч АЭК ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.У болон АЭК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Ут холбогдуулан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 65 510 000 төгрөг, хамтран ажилласан хугацааны ногдол ашгаас 9 108 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгө зээлж байгаагүй, зээлийн харилцаа үүсээгүй байхад зээлийн төлөгдөөгүй үнийн дүн гэж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдсан компани байгуулан хамтран ажилласан нь үнэн боловч нэхэмжлэгчид ногдол ашиг гэж мөнгө төлөх үндэслэл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие АЭК ХХК-иас нийт 48 078 625 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч АЭК ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний харилцаа ч үүсээгүй. Хамтран ажиллахаар компани байгуулаад хамтын үйл ажиллагаа явуулж байсан эсэх дээр маргахгүй. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа явуулахад хэрэглэж байсан зардлыг одоо зээл гэж нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Зээл өгснийг нотлоно гэж өгсөн нэхэмжлэгчийн дансны зарлагын баримт дээр ч буцаан авах нөхцөлтэйгээр зээлсэн мөнгө гэдгийг нотлох зүйл алга. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт 62 510 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Хариуцагч ЖЭЭЮ ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь үнэн, 2016-2019 онд гүйцэтгэх захирал байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийг ОХУ-д суралцаад ирэхэд нь компанийг нь буцаагаад өгсөн. Тиймээс ногдол ашиг нэхэж байгаа бол хариуцагчаас биш компаниас нэхэмжилсэн нь зүйтэй. Ногдол ашиг хувиарлах талаар гарсан ямар ч шийдвэр, тушаал байдаггүй. Ногдол ашиг хуваах талаар нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж байгаагүй, татварын албаны тайлангаар цэвэр ашиг гэж үзэхгүй, зардлуудаа хасч тооцох ёстой. Ногдол ашиг хуваах талаар ямар нэгэн шийдвэр ч гарч байгаагүй, компанийн дүрмэндээ заасан эсэх нь тодорхойгүй байгаа болно.

Мөн Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч өөрөө татгалзаад автомашиныг өөр ажил байна гээд аваад явчихсан байдаг. Хэдийгээр төлбөрийг нь төлөөгүй байсан боловч гэрээнээс татгалзах ямар ч санал, хүсэлт, үйлдлийг хариуцагч хийгээгүй. Өөрөө гэрээнээс татгалзаад биет байдлаар гэрээний зүйлийг аваад явсан байж үнийн дүнгийн 50 хувийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тээвэрлэлтийн зардал, засварын зардал гэсэн боловч машин өөрөө явж байсан учраас л авч явсан байгаа, ямар машинд ямар засвар хийсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна. Д.Б нь өөрөө л өөр газар ажил байна гээд хаана байгаа газрын зургийг явуул гээд очоод авсан байдаг, түүнээс хээр гадаа хаясан зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.У, АЭК ХХК нарт холбогдуулан нийт 119 696 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч Б.У хамтран ажиллах явцад компанийн үйл ажиллагаанд зориулж шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 62 510 000 төгрөг, компанийн ногдол ашгийн 50 хувь болох 9 108 000 төгрөг, нийт 71 618 000 төгрөгийг хариуцагч Б.Уаас, автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны хохирол 34 178 625 төгрөг, автомашиныг тээвэрлэхэд гарсан зардал 3 900 000 төгрөг, засварын зардал 10 000 000 төгрөг, нийт 48 078 625 төгрөгийг хариуцагч АЭК ХХК-иас тус тус гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс хариуцагч Б.У нь мөнгө зээлж байгаагүй, тэдний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, хамтран ажиллаж байсан үйл ажиллагааны зардлыг буцаан төлөхөөр харилцан тохиролцоогүй, мөн ЖЭЭЮХХК-ийн гүйцэтгэх захирлаар хариуцагч нь 2016-2019 оны хооронд ажиллаж байсан боловч компанийг буцаан шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгчид ногдол ашиг төлөх үндэслэл байхгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэж, мөн нэхэмжлэгч өөрөө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаад гэрээний зүйлийг биет байдлаар нь буцаан авсан тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг нэхэмжлэх эрхгүй, автомашиныг тээвэрлэсэн болон засварын зардал нь баримтаар тогтоогдохгүй байна гэж маргасан. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

            Хариуцагч Б.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан талаараа маргаагүй боловч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хамтран ажиллах явцад гарсан зардлыг буцаан төлөх үүргийг хүлээгээгүй, зээлийн гэрээний үүрэгт мөнгө шилжүүлээгүй гэж маргасан бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ут нийт 86 761 000 төгрөгийг тодорхой хугацаагүйгээр зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Б.Уын ЖЭЭЮХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд зээлдүүлсэн зээлийн мэдээлэл” болон Д.Б Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарлаад зээлийн гэрээний үүргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шаардсан тул боловч үүргээ биелээгүй тул шүүхэд хандсан гэсэн. /хэргийн 7-9, 10-79, 80-р хуудас/

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шаардлага хүлээн авсан талаараа маргаагүй боловч зээлийн гэрээний үүрэгт мөнгө хүлээн аваагүй тул төлөх үүрэггүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Б.Уыг ЖЭЭЮХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд зээлдүүлсэн зээлийн мэдээлэл” гэсэн баримтаар нийт 81 311 304 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтөд 24 250 000 төгрөгийг төлсөн, нийт авлага 62 511 304 төгрөг байгаа гэсэн байх боловч уг мөнгийг зээлийн үүрэгт шилжүүлсэн, хариуцагч нь буцаан өгөх үүргийг хүлээж харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч Д.Б Хаан банкны депозит дансны хуулгаар /2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 20,  2015 оны 11 дүгээр сарын 20-ноос 2017 оны 01 дүгээр сарын 01, 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2019 оны 09 дүгээр сарын 01/, валютын дансны /2015 оны 06 дугаар сарын 01-нээс 2015 оны 08 дугаар сарын 31, 2020 оны 03 дугаар сарын 24-нээс 2020 оны 04 дүгээр сарын 29/ хуулгаар хариуцагч Б.Ут мөнгө шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар хариуцагчийн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн, хүлээн авсан талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн тодруулсан банкны дансны хуулгын агуулга, гүйлгээний утгад “...2015.07.20 7-р сар цалин 1 000 000, 2015.07.29 томилолт эрдэнэт 200 000, 2015.08.08 сэлбэг 100 000, 2015.11.06 зээл 160 000, 2015.11.26 Жи Эс Эс ЮУ ХХК-иас дугуйны мөнгө 4 792 000, 2016.02.02 УБ авто центр 2 834 300, 2019.04.04 зарлага 2 000 000, 2019.05.17 Ундрахд 150 000...” гэсэн нь олгосон цалинг буцаан шаардсан нь үндэслэлгүй, сэлбэг, дугуйны мөнгө, зөвлөхийн цалин, томилолт, шатахууны үнэд шилжүүлсэн мөнгийг зээлийн үүрэгт шилжүүлсэн гэдэг тайлбар нь нотлогдохгүй, компанийн үйл ажиллагаанд шилжүүлсэн гэх мөнгийг буцаан шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв. /хэргийн 10-79-р хуудас/

Иймд нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны явцад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах явцдаа шилжүүлсэн мөнгөө зээлийн гэрээний үүрэгт буцаан шаардсан нь үндэслэлгүй, хариуцагчийг буцаан өгөх үүргийг хүлээсэн талаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 62 510 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Уыг ЖЭЭЮХХК-ийн гүйцэтгэх удирдлага байхдаа хувьцаа эзэмшигчдын хурлыг зарлан хуралдуулаагүй, ногдол ашгаа хувиарлаагүй буруутай, компани ашигтай ажилласан болох нь татварын тайлангаар тогтоогдож байгаа тул 2016 оноос 2019 оны ногдол ашиг болох хувьцаа эзэмшигчийн 50 хувьд ногдох 9 108 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь 2016 оноос 2019 онд ЖЭЭЮХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч байсан талаараа маргаагүй боловч компани ногдол ашиг хувиарлаагүй, энэ талаар ямарваа нэгэн шийдвэр гараагүй гэж мэтгэлцсэн.

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээгээр ЖЭЭЮХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.У, Д.Б нар хамтран ажиллахаар ЖЭЭЮХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Б.У нь Д.Бд өөрийн эзэмшдэг 1000 ширхэг хувьцааны 50 хувь болох 500 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 53-55-р хуудас/

Мөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ЖЭЭЮХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.У нь Д.Бд нэг сая төгрөгний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй 1 гишүүнтэй ЖЭЭЮХХК-ийн өөрт ногдох 50 хувийг шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 54-55-р хуудас/

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд ЖЭЭЮХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.У нар нь 2016 оны 02 дугаар сарын 23-наас 2019 оны 06 дугаар сарын 11-ний хүртэл 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, хариуцагч Б.У нь 2018 оны 09 дүгээр сарын 21-нээс 2019 оны 06 дугаар сарын 11-ний хүртлэх хугацаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр тус тус бүртгэлтэй байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно. /хэргийн 51-р хуудас/

Нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй, Монгол улсад байгаагүй гэж тайлбарласан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 30-наас 2019 оны 02 дугаар сарын 20-ны хүртлэх хугацаанд “МИСиС” шинжилгээ болон технологийн үндэсний их сургууль дээд боловсролын бие даасан улсын холбооны байгууллагад аспирантаар суралцаж байсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн Оросын боловсрол болон шинжлэх ухааны яамны “МиСиС” шинжилгээ болон технологийн үндэсний их сургуулийн баримт, оюутны үнэмлэх, гадаад паспортын хуулбараар нотлогдож байна. /хэргийн 58-62-р хуудас/

Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ”, мөн хуулийн 34 дүгээ зүйлийн 34.1.2-д “давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах” эрхтэй гэж зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарласан бөгөөд компани энэ хугацаанд ашигтай ажилласан болох нь хэрэгт ирүүлсэн Татварын тайлангаар нотлогдоно гэсэн.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д зааснаар ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилах бөгөөд Монголын Татварын албаны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ЖЭЭЮХХК-ийн 2017 оны /3улирал/ орлого 10 545 452,54 төгрөг, 2017 оны /4 улирал/ орлого 10 545 454,54 төгрөг, 2018 оны /2 улирал/ орлого 22 727 272,73 төгрөг, 2018 оны /3 улирал/ 22 727 272,73 төгрөг, 2018 оны /4 улирал/ орлого 36 363 636,37 төгрөг гэжээ. /хэргийн 63-78-р хуудас/

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана” гэж заасан байх бөгөөд ЖЭЭЮХХК-ийн дүрэмд ногдол ашиг хувиарлах талаар заасан эсэх, мөн ногдол ашиг хувиарлах талаар шийдвэр гарсан эсэх, компанид ногдол ашиг хувиарлах нөхцөл бүрдсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлоогүй болно.

Иймд ЖЭЭЮХХК-ийн ногдол ашиг хувиарлах талаар шийдвэр гаргасан эсэх, бусад хувьцаа эзэмшигчид ногдол ашгийг хувиарласан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн компанийн ногдол ашгийн 50 хувь болох 9 108 000 төгрөгийг хариуцагч Б.Уаас шаардсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч АЭК ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Автомашин худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Doosan SD300 маркийн 41-40 УН улсын дугаартай улбар шар өнгөтэй автомашиныг 23 985 ам.доллараар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлбөрийг төлөх, төлбөр төлж дуусах хүртэл автомашины өмчлөл худалдан авагч талд шилжихгүй байхаар харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Автомашин худалдах худалдан авах гэрээ”, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 79-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6-д “Нэмэлт нөхцөл. Төлбөрийг худалдан авагч тал 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр 666,25 ам.долларыг худалдагчийн ХХБ дах дансанд төлөх үүрэгтэй. Гэрээнээс 2 тал татгалзах эрхгүй бөгөөд татгалзсан тохиолдолд нөгөө талдаа гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийн торгуулийг төлөх үүргийг хүлээнэ” гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, худалдан авсан автомашины төлбөрийг төлөөгүй тул гэрээнээс татгалзаж, торгууль 34 178 625 төгрөг, хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ дуусгавар болсон тул тээврийн хэрэгслийг тээвэрлэн явсан зардал 3 900 000 төгрөг, засварын зардал 10 000 000 төгрөг, нийт 48 078 625 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, гэрээнээс нэхэмжлэгч өөрөө татгалзаад эд хөрөнгө буюу автомашиныг буцаан авсан тул торгууль төлөх үүрэггүй, тээвэрлэн явсан зардлын баримтгүй, өөрийн эзэмшилд түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа тул засварын зардлыг төлөхгүй гэж мэтгэлцсэн.

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”,  226.1.2-д “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй” бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээ зөрчиж 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүр төлөх 666,25 ам.долларыг төлөөгүй тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан нь үндэслэлтэй, хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй талаараа маргаагүй болно.   

Гэвч нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсаны улмаас учирсан торгууль болох гэрээний үнийн дүнгийн 50 хувь 34 178 625 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-ний 6-д зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдол нөгөө талдаа торгууль төлөхөөр харилцан тохиролцсон, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаад автомашиныг буцаан авсан талаар маргаагүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийсэн автомашины байршлын кадастрын мэдээлэл, гэрчийн мэдүүллэгээр тогтоогдож байна.

  Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг тээвэрлэн явсны зардалд 3 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Мөн автомашины засвар үйлчилгээний зардалд 10 000 000 төгрөгийг зарцуулж хохирол учирсан гэж тайлбарлаад засвар үйлчилгээ хийсэн гэх 2020 оны 3 сарын 31-ний өдрийн 372 900 төгрөг, 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 1 086 800 төгрөг, 2020 оны 04 сарын 29-ний 397 100 төгрөг, 2020 оны 04 сарын 14-ний өдрийн 814 000 төгрөг, 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 55 000 төгрөг, 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 407 100 төгрөг, 2020 оны 06 сарын 23-ны өдрийн 90 000 төгрөг, 2020 оны 05 сарын 25-ны 638 000 төгрөг, 2020 оны 06 сарын 23-ны 805 000 төгрөг, 2020 оны 5 сарын 23-ны өдрийн 1 028 000 төгрөг, огноогүй гидро, масло авсан гэх 960 000 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ий өдрийн Монниссервис саппорт төлбөрийн баримтаар 2 984 205 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Акума эрин ХХК-ийн 550 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ажлын бээлий авсан гэх 10 500 төгрөгийн баримтуудыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 82-95-р хуудас/

Нэхэмжлэгчийн хариуцагч АЭК ХХК-тай байгуулсан “Автомашин худалдах, худалдан авах гэрээ”-нд зааснаар автомашиныг хүлээн авах болон хүлээлгэн өгөхдөө акт үйлдээгүй, автомашиныг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан талаараа хариуцагч маргаагүй, автомашиныг очиж авахад үйл ажиллагаа явуулаагүй, асахгүй байсан гэж гэрч тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаад гэрээний зүйл болох автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчаас буцаан авсан гэж тайлбарласан, гэрч Э.Наранбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр машиныг очиж авсан, очиж авахад асахгүй байсан сэлбэг сольсон” гэсэн тул 2020 оны 3 сарын 31-ний өдрийн сэлбэг авсан гэх 372 900 төгрөгийг хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд тооцож гаргуулахаар шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн автомашиныг хүлээн авахаас өмнөх засварын баримт болон нэхэмжлэгч Д.Б нь Техник түрээслэх гэрээгээр “Батбаян ложистик” ХХК-нд шанагт ачигч Доосон 4140 УН дугаартай техникийг 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс 7 сарын 20 хүртэл түрээслүүлсэн болох нь хэрэгт авагдсан Техникийн түрээсийн гэрээ, Д.Б Хаан банкны дансны баримтаар тогтоогдож байх тул хариуцагчаас засварын зардлыг гаргуулах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь бусдад түрээслүүлсэн автомашины засварын зардлыг хариуцагчаас нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна.

Иймд хариуцагчаас гэрээнээс татгалзсан хохирол автомашины үнийн дүнгийн 50 хувь болох 34 178 625 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, гэрээндээ харилцан тохиролцсон, автомашиныг тээвэрлэн авч явсан зардлын талаар баримтгүй, шүүхэд ирүүлээгүй, засвар үйлчилгээний зардалд 10 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч машиныг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буцаан авсан гэдэг нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хариуцагч АЭК ХХК-иас автомашинд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн сэлбэг авсан зардал 372 900 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 62 510 000 төгрөг гаргуулах, ногдол ашгийн 50 хувь болох 9 108 000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч АЭК ХХК-иас гэрээнээс татгалзсантай холбогдуулан гарсан зардалд 372 900 төгрөгийг гаргуулж, үлдэх 47 705 725 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.10-д зааснаар хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.2, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч АЭК ХХК-иас 372 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн АЭК ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 47 705 725 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч АЭК ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11 837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН