Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01373

 

2021.09.06 №0 Магадлал

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00924 дугаар шийдвэртэй

Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК, Б.Ут холбогдох

119 696 625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Утай Ж" компанийн ажлын хүрээнд 2013 оноос хамтран ажиллаж ирсэн. Тухайн үеэс буюу 2014 оноос эхлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр компанийнх нь үйл ажиллагаанд шаардлагатай гэх санхүүгийн эх үүсвэр болох мөнгийг зээлдүүлж эхэлсэн. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсч байсан нийт 86 761 000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар, хүүгүйгээр зээлдүүлсэн бөгөөд харин хариуцагчийн хувьд дээрх зээлээс нийт 24 250 000 төгрөгийг буцаан төлсөн байгаа. Нэхэмжлэгч нь тодорхой хугацаагүйгээр зээлдүүлсэн зээлийнхээ үлдэгдлийг буцаан авахыг шаардаж хариуцагчид Монгол шуудан" компаниар Шаардлага хүргүүлсэн бөгөөд хариуцагч хүлээн авсан атлаа хариу огт өгөөгүй. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Утай тохиролцон түүний өмчлөлийн буюу ганц хувьцаа эзэмшигчтэй, Ж оноосон нэртэй компанийнх нь 50 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г байгуулан шилжүүлэн авсан. Энэ компани нь уул уурхайн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд нэхэмжлэгчийн хувьцаа эзэмшигчийн эрх шилжүүлэн авснаас хойш үйл ажиллагаа нь зохих ёсоор явагдаж ирсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн ОХУ-ын Москва хотод Уул уурхайн ашиглалтын чиглэлээр аспирантурт суралцахаар явсан бөгөөд 3 жилийн хугацаанд суралцаад 2019 оны 01 дүгээр сард Монголдоо ирсэн. Харин энэ хугацаанд хариуцагч нь компаниа удирдаад үйл ажиллагаагаа зохих ёсоор, хэвийн, ашигтай явуулж байсан атлаа компанийн хувьцаа эзэмшигч нэхэмжлэгчид ногдол ашиг хүртээгээгүйд буруутгаж шүүхээр буруутайд тооцуулахыг хүсч байна. Хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасан ...эрхийнхээ дагуу 2016 оноос 2019 оны 6 дугаар сар хүртлэх хугацаанд тус компанийн олсон ашгаас үйл ажиллагааны санхүүгийн тайланг үндэслэн эзэмшиж байсан эрхийнхээ хэмжээгээр ногдол ашиг авахыг хүсч байна. Нэхэмжпэгч Д.Б нь А оноосон нэртэй ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Автомашин худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, Doosan SD 300 маркийн, 4140УН улсын дугаартай автомашиныг зээлээр худалдахаар тохиролцсон юм. Худалдан авагч буюу хариуцагч А ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Б.У бөгөөд тэрээр дээрх гэрээг байгуулж, үүрэг хүлээхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь гэрээний 6 дугаар заалтад Төлбөрийг худалдан авагч 2020.01.28 өдрөөс эхлэн сар бүр 666.25 ам.долларыг худалдагчийн Худалдаа хөгжпийн банк дахь 452587288 дансанд төлөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, үүргээ нэг ч удаа биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Хариуцагчийн хариуцлагагүй байдлаас болж нэхэмжлэгч нь эд хөрөнгө болон олж болох байсан орлогоор хохирсон болно. Иймээс нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч Б.Уаас зээлдүүлсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл болох нийт 62 510 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Бд буцаан төлүүлэх, хариуцагч буюу Ж ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016-2019 онд ажиллаж байсан Б.Уаас дээрх хугацаанд компанийн олсон ашгаас Д.Бд эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчийн 50 хувийн эрхийн ногдох ашиг болох 9 108 000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулах, хариуцагч А ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, дээрх гэрээний 6 дугаар заалтыг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 50 буюу 11 992.5 доллар, /Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 10-ны хаалтын ханш 1 доллар 2850 төгрөг/ буюу 34 178 625 төгрөг, автомашиныг тээвэрлэн авч ирсний зардалд төлсөн 3 000 000 төгрөг, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний зардалд төлсөн 10 000 000 төгрөг буюу нийт 48 078 625 төгрөгийг хариуцагч А ХХК-иас нэхэмжлэгч Д.Бд гаргуулах, нийт хариуцагч Б.Уаас 119 696 625 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Ай Эм Кей ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр тоног төхөөрөмж буюу уул уурхайд ашигладаг тээврийн хэрэгсэл болох квошийг 23 985 ам.доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Гэтэл хариуцагч гэрээгээ биелүүлээгүй, тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүй 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 666,25 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Тиймээс хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гэрээнээс татгалзсан тул гэрээнд зааснаар торгууль болох автомашины үнийн дүнгийн 50 хувь буюу 34 178 625 төгрөгийг, тээврийн зардал 3 900 000 төгрөг, автомашиныг дахин ашигладаг болгохын тулд зассан зардал 10 000 000 төгрөгийг хариуцагч Ай Эм Кей ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.У болон А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баатарбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Ут холбогдуулан зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 65 510 000 төгрөг, хамтран ажилласан хугацааны ногдол ашгаас 9 108 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчээс ямар нэгэн мөнгө зээлж байгаагүй, зээлийн харилцаа үүсээгүй байхад зээлийн төлөгдөөгүй үнийн дүн гэж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдсан компани байгуулан хамтран ажилласан нь үнэн боловч нэхэмжлэгчид ногдол ашиг гэж мөнгө төлөх үндэслэл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие А ХХК-иас нийт 48 078 625 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч А ХХК-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний харилцаа ч үүсээгүй. Хамтран ажиллахаар компани байгуулаад хамтын үйл ажиллагаа явуулж байсан эсэх дээр маргахгүй. Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа явуулахад хэрэглэж байсан зардлыг одоо зээл гэж нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Зээл өгснийг нотлоно гэж өгсөн нэхэмжлэгчийн дансны зарлагын баримт дээр ч буцаан авах нөхцөлтэйгээр зээлсэн мөнгө гэдгийг нотлох зүйл алга. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт 62 510 000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Хариуцагч Ж ХХК-ийн захирлаар ажиллаж байсан нь үнэн, 2016-2019 онд гүйцэтгэх захирал байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийг ОХУ-д суралцаад ирэхэд нь компанийг нь буцаагаад өгсөн. Тиймээс ногдол ашиг нэхэж байгаа бол хариуцагчаас биш компаниас нэхэмжилсэн нь зүйтэй. Ногдол ашиг хувиарлах талаар гарсан ямар ч шийдвэр, тушаал байдаггүй. Ногдол ашиг хуваах талаар нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж байгаагүй, татварын албаны тайлангаар цэвэр ашиг гэж үзэхгүй, зардлуудаа хасч тооцох ёстой. Мөн Автомашин худалдах, худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч өөрөө татгалзаад автомашиныг өөр ажил байна гээд аваад явчихсан байдаг. Хэдийгээр төлбөрийг нь төлөөгүй байсан боловч гэрээнээс татгалзах ямар ч санал, хүсэлт, үйлдлийг хариуцагч хийгээгүй. Өөрөө гэрээнээс татгалзаад биет байдлаар гэрээний зүйлийг аваад явсан байж үнийн дүнгийн 50 хувийг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Мөн тээвэрлэлтийн зардал, засварын зардал гэсэн боловч машин өөрөө явж байсан учраас л авч явсан байгаа, ямар машинд ямар засвар хийсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна. Д.Б нь өөрөө л өөр газар ажил байна гээд хаана байгаа газрын зургийг явуул гээд очоод авсан байдаг, түүнээс хээр гадаа хаясан зүйл байхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.10-д зааснаар хариуцагч Б.Ут холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.2, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Ай Эм Кей ХХК-иас 372 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэгчийн Ай Эм Кей ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 47 705 725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11 837 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Зохигчдын хооронд үүсэн зээлийн харилцаа нь бичгээр үйлдэгдсэн гэрээгээр нотлогдохгүй ч хуульд заавал бичгээр байгуулсан гэрээ байх шаардлага байхгүй. Мөн үргэлжилсэн хугацаанд буюу буцаан төлөх хугацаа товлоогүй зээл тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлдүүлсэн мөнгөө буцаан авахаар бичгээр шаардсанаа Монгол шуудан компаниар дамжуулан хүргүүлснийг хариуцагч тал хүлээн авсан байгаа. Шүүх зээлээ буцаан авах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо "...компанийн үйл ажиллагаанд шилжүүлсэн гэх мөнгөө буцаан шаардсан нь үндэслэлгүй... гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний санхүүжилт гарсныг хүлээн зөвшөөрч байгаа атлаа гагцхүү нэг талын эрх ашгийг баримтлан, түүний хүсэлд нийцүүлэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нь гомдож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох компанийн хувьцаа эзэмшигчийн ногдол ашгаа авах зөрчигдсөн эрхийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гайхширч, шүүхийн хууль хэрэглээний алдаа гэж үзэж гомдож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн компанийн хувьцаа эзэмшигч болсон, зохигчид нэг компанийн хувьцааг хамтран эзэмшиж байсан, хариуцагч нь тухайн компанийн Гүйцэтгэх Захирал байсан, тухайн компанийн эрх бүхий байгууллагад мэдүүлсэн санхүүгийн тайлангаар ашиг олсон болон нэхэмжлэгч гадаад оронд суралцаж байсан хүндэтгэн үзэх нөхцөл байсан талаарх баримт, үйл явдал нотлогдож байгааг дүгнэсэн атлаа зөвхөн Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн заалтыг баримтлан хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүх гүйцэтгэх захирал хурлыг зарлан хуралдуулах, хурлын зарыг мэдэгдэх, хэлэлцэх асуудлаа урьдчилан илгээх, шаардлагатай нөхцөлөөр хангах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар нэг ч дүгнэлт хийгээгүй. Гүйцэтгэх захирал нь хурлаа хуралдуулах тухай Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн ногдол ашиг хүртэх эрх зөрчигдсөнийг тогтоох дүгнэлт хийж чадсангүй. Мөн шүүх дүгнэхдээ бусад хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилсан эсэх нь тодорхойгүй гэжээ. Зөвхөн 2 хувьцаа эзэмшигчтэй, нөгөөдөх нь хариуцагч өөрөө болохыг өмнө дүгнэж бичсэн байгаа шүү дээ. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч хувьцаа эзэмшигчийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаараа баримтаар нотлоогүй гэжээ. Шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хүндэтгэн үзэх нөхцөлд буюу гадаад оронд суралцаж байснаа нотолсон бөгөөд өмнө нь шаардаагүй, энэ нэхэмжлэлээр шаардаж байна гэдгийг ойлгохыг хүсэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдож байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн гурав дахь шаардлага буюу А ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, үүргээ зөрчсөн хариуцагчид хариуцлага хүлээлгэх шаардлагын дийлэнхийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж гомдож байна. Хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн авч, ашиглаж байсан атлаа төлбөр төлөх үүргээ зөрчсөн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн хариуцагчийн буруутай үйлдэл байсан. Шүүх талуудын хооронд үүссэн үйл явдлыг зохих баримтуудыг үндэслэн хүлээн зөвшөөрч байгаа боловч шийдвэрээ гаргахдаа Гэвч нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны улмаас учирсан торгууль болох гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 34,178,625 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй... хэмээн дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Хариуцагчийн буруу гэвэл: Нэгд, гэрээг байгуулахдаа ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөөгүй буюу нэхэмжлэгчийн олгосон итгэлийг алдсан; Хоёрт, гэрээ байгуулж автомашиныг хүлээн авснаас хойш 78 хоногийн дараагаас эхний төлбөр төлөх тухай нэхэмжлэгчийн олгосон боломжийг ашиглаагүй; Гуравт, гэрээгээр тохиролцсон тодорхой хугацаанд төлөх ёстой төлбөрөө 2 удаа дараалан төлөөгүй; Дөрөвт, дээрх үүргүүдээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, гэрээнээс татгалзахад хүргэсэн буруутай бөгөөд энэ тохиолдолд харилцан тохиролцсоноор хариуцагч нь торгууль төлөх нь талуудын сайн дурын үндсэн дээр, гэрээний чөлөөт байдлын хүрээнд тогтоосон хариуцлагын төрөл байсан. Шүүх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын үйлдэл, эс үйлдэхүй нь шударга, зүй ёсны үйлдэл мөн эсэхийг үнэнийг баримтлах замаар тогтоох ёстой. Шударга ёсны зарчмын гол зорилго бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зан байдлаас хамааралтайгаар гарч болох зарим үр дагавраас иргэний эрхийг хамгаалахад оршдог. Энэ хэргийн хариуцагч нь гэрээндээ үнэнч байж чадаагүй, үүргээ шударгаар биелүүлж огт чадаагүй шүү дээ. Шүүх энэ талаар нэг ч дүгнээгүй харамсаж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд 232.5 дахь хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийн аргын нэг болсон торгууль нь урьдчилан гэрээндээ заасан байх болон үүргээ гүйцэтгээгүй тал нь төлөх гэсэн үндсэн 2 нөхцөлтэй байдаг бөгөөд энэ фактын хувьд ч хариуцагчийн гэм бурууг нэхэмжлэгч нотолсон байгаа. Харин хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүйгээ няцааж, өөрийгөө зөвтгөж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Ут холбогдуулан 119 696 625 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... зээлийн гэрээний үүрэгт 62 510 000 төгрөг, компанийн ногдол ашгийн 50 хувь болох 9 108 000 төгрөг, автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзснаас гэрээний үнийн дүнгийн 50 буюу 11 992.5 доллар буюу 34 178 625 төгрөг, автомашиныг тээвэрлэн авч ирсний зардалд төлсөн 3 000 000 төгрөг, эвдрэл гэмтэл, засвар үйлчилгээний зардалд төлсөн 10 000 000 төгрөг буюу нийт 48 078 625 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... нэхэмжлэгчээс мөнгө зээлж байгаагүй, бидний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, хамтран ажиллаж байсан үйл ажиллагааны зардлыг буцаан төлөхөөр харилцан тохиролцоогүй, мөн Ж ХХК-ийг буцаан шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгчид ногдол ашиг төлөх үндэслэл байхгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлийн нэг шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 86 761 00 төгрөг гаргуулах үндэслэлээ ... хариуцагч Б.Ут 86 761 000 төгрөгийг тодорхойгүй хугацаагаар, хүүгүйгээр зээлүүлсэн, хариуцагч 24 250 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэж тайлбарлаж, үлдэх 62 510 000 төгрөг гаргуулана гэж тайлбарлаж Хаан банкинд эзэмшдэг өөрийн депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан байна. /хх10-49/

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх нотлох баримтуудыг үнэлж Б.Ут шилжүүлсэн мөнгийг цалин, томилолт Эрдэнэт, сэлбэг, дугуйны мөнгө, зөвлөхийн цалин, зарлага гэсэн агуулгаар шилжүүлсэн байх тул дээрх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу биш юм.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ... нэхэмжлэгч Монгол шуудан компаниар дамжуулан мөнгөө буцаан авахаар шаардсан бичгийг хүргүүлсэн гэсэн үндэслэл заасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт хариуцагчид мөнгө шилжүүлсэн гэж байдлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн нэхэмжлэгч 2019 оны ногдол ашиг болох хувьцаа эзэмшигчийн 50 хувьд ногдох 9 108 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Б.Уыг Ж ХХК-ийн гүйцэтгэх удирдлага байхдаа хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулаагүй, ногдол ашгаа хувиарлаагүй, компани ашигтай ажилласан болох нь татварын тайлангаар тогтоогдож байна гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.У нь Д.Бд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 1 000 000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй 1 гишүүнтэй Ж ХХК-ийн өөрт ногдох 50 хувийг шилжүүлсэн болох үйл баримт тогтоогдсон байна. /хх.54,55/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.У нар нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-ний хүртэл 50, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, хариуцагч Б.У нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 11-ний хүртлэх хугацаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр тус тус бүртгэлтэй байсан байна. /хх.51/

Нэхэмжлэгч ногдол ашиг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хэргийн 63-78 дугаар талд Монголын Татварын албаны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг ирүүлсэн, уг тайлангаар Ж ХХК-ийн 2017 оны /3улирал/ орлого 10 545 452,54 төгрөг, 2017 оны /4 улирал/ орлого 10 545 454,54 төгрөг, 2018 оны /2 улирал/ орлого 22 727 272,73 төгрөг, 2018 оны /3 улирал/ 22 727 272,73 төгрөг, 2018 оны /4 улирал/ орлого 36 363 636,37 төгрөг гэсэн баримт авагдсан байна.

Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсэгт ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэж тус тус заасан байх бөгөөд дээрх баримт нь компанийн татвар төлсөн баримт байх бөгөөд уг баримтаар цэвэр ашгийг тодорхойлох боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч компанийн ногдол ашгийг хувь хүнээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хувиарлана.

Анхан шатны шүүх Ж ХХК-д ногдол ашиг хувиарлах нөхцөл бүрдсэн эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь энэ талаар баримтаар нотлоогүй байна гэж дүгнэж, компанийн ногдол ашгийн 50 хувь болох 9 108 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй боломжгүй юм.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ай Эм Кей ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Doosan SD300 маркийн 41-40 УН улсын дугаартай улбар шар өнгөтэй автомашиныг 23 985 ам.доллараар худалдсан, нэхэмжлэгч дээрх гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх.79/

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд 48 078 625 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Тээврийн хэрэгслийг тээвэрлэн явсны зардалд 3 900 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Автомашинд засвар үйлчилгээний зардалд 10 000 000 төгрөгийг зарцуулж хохирол учирсан гэж тайлбарлаж, засвар үйлчилгээ хийсэн гэсэн агуулгаар зарлагын баримтуудыг ирүүлсэн боловч уг баримтуудыг үндэслэн хариуцагчийн буруутай ажиллагаанаас дээрх хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй. /хх.82-95/ Учир нь уг баримтууд нь автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчаас буцаан авсны дараа огноологдсон байна.

Харин гэрч Э.Наранбатын ... 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр автомашиныг очиж авсан, очиж авахад асахгүй байсан, сэлбэг сольсон гэх мэдүүлгийг анхан шатны шүүхээс үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сэлбэг авсан гэх 372 900 төгрөгийг хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохиролд тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/00924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 745 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО