Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/00689

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2021/00689 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 00А-00 тоот хаягт оршин суух, Э овогт Л.Н /РД:УС00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Гхолбогдох,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, 53,794 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 91,317,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хоролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Л.Н миний бие нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ/2019/00000 тоот дугаартай шийдвэрээр Г.Г 33,193,150 төгрөгийг төлөхөөр болж Н.Ш.Ш.Г.Гтөлбөр төлөгчөөр оролцож байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч С.Г нь хөрөнгийн үнэлгээ талуудаас гаргах боломжоор хангаагүй гэж миний бие үзэж байна. Миний орон сууц 53,794 м.кв бүхий 2 өрөө орон сууц ба зах зээлийн үнэлгээ 120,000,000 төгрөг гэж би эд хөрөнгөө үнэлж байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар зар мэдээн дээр тавигдсан заруудаар жишээ авч бүхэл бүтэн хүний орон сууцыг 91,317,000 төгрөгөөр үнэлсэнд санал нийлэхгүй байна. Тухайн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад судалсан зүйлс нь Үнэгүй.мн, зар мэдээ гэх сайт дээр тавьсан хүний зар дээрээс үнийн судалгаа гаргаж орон сууцыг үнэлж үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Мөн Н.Ш.Ш.Г.Г нь хөрөнгийн үнэлгээ хийсэн Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг ямар байдлаар шалгаруулж, бусад үнэлгээний газраас илүү гэж үзэн дээрх байгууллагаар үнэлгээ хийлгэсэн нь тодорхойгүй тул өөрсдийн байнга үнэлгээ хийлгэдэг газартайгаа тохиролцон үнэлгээ хийлгэсэн гэж хардах нөхцөл байдалд хүргэж байна. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар гаргасан Хөрөнгө Эстимейт ХХК-ийн №00/00 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 0000дүгээр шийдвэрээр Л.Нгээс 33,393,150 төгрөгийг гаргуулж Г.Г олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 00000000 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Л.Нгийн барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, 53,784 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00000000 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 00000000-00 дугаар тогтоолоор хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 0-000/00000 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу - саналаа ирүүлээгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0/000дугаар шинжээч томилоx тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийг 91,317,000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр ирүүлсэн.

Талуудад хөрөнгийг үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4-190/35896 дугаар албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0-000/00000 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээ хийх нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн хараат бус үйл ажиллагаа байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийг ижил байрлалтай, харьцангуй талбайн хэмжээ том үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон.Иймд төлбөр төлөгч Л.Н нь Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж, Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Н нь Н.Ш.Ш.Г.Г холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, 53,794 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 91,317,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, жишиг үнэд нийцээгүй бага үнээр үнэлсэн, үнэлгээ хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэж шаардлага, үндэслэлээ тайлбарладаг.

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд үнэлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00000 дугаар шүүхийн шийдвэрээр Л.Нгээс 33,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, 53,794 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /х.х-ийн 30-32 хуудас/

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, 53,794 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаартай, хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Л.Н болох нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна./х.х-ийн 43 хуудас/

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч Л.Н шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Г.Г нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2020/00000 дугаар албадан гүйцэтгэх захирамж, 69 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байна. /х.х-ийн 29-30 хуудас/

Дээрх шүүхийн 183/ШЗ2020/00000 дугаар захирамжийг үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч Л.Нгийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 36/а байрны 2 тоот хаягт байршилтай, 53,784 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 00000000 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 00000000-00дугаар тогтоолоор хураажээ. /х.х-ийн 33, 36-42 хуудас/

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэхийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Л.Нд мэдэгдсэн боловч төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй байх ба төлбөр авагч Г.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дээрх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Улмаар шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгүүдийн зах зээлийн үнийг тогтоолгохоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 36/а байрны 2 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 53,784 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 91,317,000 төгрөгөөр Хөрөнгө Эстимэйт ХХК үнэлсэн байна. /х.х-ийн 44-65 хуудас/

Хөрөнгө эстимэйт ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, 53,784 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 91,317,000 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ. /х.х-ийн 51-65 хуудас/

Иймд хариуцагч Н.Ш.Ш.Г.Г нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 53,784 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 91,317,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Н.Ш.Ш.Г.Гхолбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 00/а байрны 0 тоот хаягт байршилтай, 53,784 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 91,317,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Нгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.



ШҮҮГЧ                           Ц.ОЮУНБИЛЭГ