Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01008

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00689 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Н-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Л.Н- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ/2019/02534 дугаартай шийдвэрийн дагуу Г.Гочоосүрэнд 33 193 150 төгрөгийг олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байна.

Хөрөнгийн үнэлгээг талуудаас гаргах боломжоор хангаагүй. Нэхэмжлэгчийн 53.794 м.кв бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ 120 000 000 төгрөг байхад хариуцагчаас томилсон Хөрөнгийн үнэлгээний тайлангаар 91 317 000 төгрөгөөр үнэлсэнд санал нийлэхгүй байна. Тухайн хөрөнгийн үнэлгээний газар нь тайлан гаргахдаа үнэгүй.мн, зар мэдээ гэх сайтуудаас үнийн судалгаа гаргаж орон сууцыг үнэгүйдүүлсэн байгаад гомдолтой байна.

НШШГГ- нь ямар үндэслэлээр Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэсэн нь тодорхойгүй. Байнга үнэлгээ хийлгэдэг газраар тохиролцон үнэлгээ хийлгэсэн гэж хардах нөхцөл байдалд хүргэж байна.

Иймд 2020 оны 09 сарын 30-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийсэн Хөрөнгө Эстимейт ХХК-ийн 01/80 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ/2019/02534 дугаар шийдвэрээр Л.Н-гээс 33 393 150 төгрөгийг гаргуулж Г.Гочоосүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 20290201 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Л.Н-гийн барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204051575 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 36/а байрны 2 тоот хаягт байршилтай, 53.794 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 03 сарын 20-ны өдрийн 20290201 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 сарын 01-ний өдрийн 20290201/02 дугаар тогтоолоор хураасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг талуудад 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 4-190/34215 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу саналаа ирүүлээгүй тул 2020 оны 09 сарын 28-ны өдрийн 9/477 дугаар шинжээч томилоx тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилоход үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 91 317 000 төгрөгөөр тогтоож, үнэлгээний тайланг 2020 оны 09 сарын 30-ний өдөр ирүүлсэн.

Талуудад хөрөнгийг үнэлгээг 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 4-190/35896 дугаар албан бичгээр мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 10 сарын 29-ний өдөр зохион байгуулахаар тогтоож, анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, мэдэгдлийг 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 4-190/37401 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээ хийх нь үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн хараат бус үйл ажиллагаа байдаг. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийг ижил байрлалтай, харьцангуй талбайн хэмжээ том үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулан жиших аргаар зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Иймд төлбөр төлөгч Л.Н- нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг зөрчиж, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НШШГГ-т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204051575 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол хд 36/а байрны 2 тоот хаягт байршилтай, 53,784 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 91 317 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Н-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 10 сарын 19-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаад хуульд заасан журмын дагуу явуулсан. Үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа нь хууль зөрчөөгүй, 91 317 000 төгрөгийн зах зээлийн доогуур үнэлсэн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Н- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх1-2, 27/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02534 дугаар шийдвэрээр Л.Н-гээс 33 393 150 төгрөгийг гаргуулан Г.Гочоосүрэнд олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, хд 36/а байрны 2 тоот 53.794 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 30-31/

Хариуцагч байгууллага нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 01 сарын 20-ны өдөр үүсгэж, мөн оны 03 сарын 20-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, 09 сарын 01-ний өдөр хураах ажиллагаа явуулж, мөн сарын 22-ны өдөр төлбөр төлөгч, авагч нарт орон сууцны үнийг 09 сарын 24-ний өдрийн 09 цагт харилцан тохиролцож ирүүлэх талаар мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан тус газрын тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон ба эдгээр ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд талууд маргаагүй. /хх 32-43/

Дээрх тогтоогдсон үйл баримтаас үзвэл, хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Л.Н-д хураалгасан үл хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэх тухай 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 4-190/34225 дугаартай Мэдэгдэл-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинбаатарт нь мөн өдөр танилцуулсан байх боловч төлбөр төлөгч тал мэдэгдэлд заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй байна. /хх 43/ Улмаар төлбөр авагч Г.Гочоосүрэн нь 2020 оны 09 сарын 25-ны өдөр Л.Н-тэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж өгнө үү гэх хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан байна. /хх 44/

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзэх тул хариуцагч байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг тогтоолгохоор 2020 оны 09 сарын 28-ны өдөр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн.

Зохигчид шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнэд нийцсэн, бодитой эсэх талаар маргасан байна.

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, хд 36/а байрны 2 тоот 53.794 м.кв орон сууцыг үнэлэхдээ орлогын хандлагын болон өртгийн, мөн зах зэээлийн хандлагын /хийцийн, байршлын итгэлцүүр/ аргуудыг ашигласан байх ба эдгээрээс зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг 100 хувийн ач холбогдолтой гэж үзэн хөрөнгийн эцсийн үнэлгээг 91 317 000 төгрөгөөр тогтоожээ. /хх 50-63/ Иймээс шинжээчийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь орон сууцыг 120 000 000 төгрөгийн үнэлгээтэй гэх гомдлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргасан боловч хуульд заасан ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаагаа тодорхой дурдаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 22-ны өдрийн 183/ШШ2021/00689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР