Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 354

 

“Г р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0482 дугаар магадлалтай, “Г р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5, 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г р” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн “Г р” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Г р” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Хар нэртэй газарт гаргасан NE025077 дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгажээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0482 дугаар магадлалаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 303 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Г р” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025077 дугаар өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “Г р” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0482 дугаар магадлалын Хянавал хэсэгт:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “Хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан ... талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэх” гэж зааснаас үзэхэд маргаан бүхий актаар хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Бид хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 6687 дугаартай албан бичгийг хүргүүлж, Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1/459 дүгээр албан бичгээр санал ирүүлэх үед “Г р” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй байсан юм.

2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 355 дугаар шийдвэр нь Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр дээр үндэслэн гаргасан учраас хариуцагчийг буруутгах боломжгүй гэж тайлбарлажээ.

Манай компани 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргаж, аймгийн Засаг даргын санал 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр буюу хуульд заасан 30 хоногийн хугацаанд ирсэн байна. Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өмнө өгсөн саналаа өөрчилж 2 сарын дараа тусгай хэрэгцээнд авсан тухай 11/2 дугаартай тогтоол гаргасан, мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн үндэслэл болгосон нь хариуцагч нь өмнө нь шийдвэрлэж болох удаашруулсныг тодорхой харуулж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Бид хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар албан бичгийг хүргүүлэхэд Өмнөговь аймгийн Засаг даргаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1-459 тоот санал ирүүлсэн, энэ үед манай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй байсан бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн байсан, гэтэл Хурал өмнө өгсөн саналаа өөрчилж 2 сарын дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан тухай шийдвэр гаргасан, үүнийг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр манай хүсэлтийг татгалзсан нь хариуцагч өмнө нь /хуульд заасан хугацаанд/ шийдвэрлэж болох асуудлыг удаашруулснаас манай эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэх утгатай хяналтын гомдол гаргасныг хангах боломжгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийг хүсэлт гаргах үед Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжиж байсан боловч түүнээс хойш 2 сарын дараа тогтоол гарган нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, нутгийн захиргааны байгууллага болон өөрөө удирдах байгууллага нь /сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан “газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” эрхийг хэдийд ч хэрэгжүүлэх боломжтой юм.

Нэхэмжлэгчийн зүгээс Өмнөговь аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1-459 тоот “дэмжихгүй” гэсэн саналыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 362 дугаар магадлалаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэдий ч энэхүү илт хууль бус акт буюу Засаг даргын саналын дараа Өмнөговь аймгийн Ноён сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2 дугаар тогтоол гарснаар эрх зүйн болон бодит нөхцөл байдал өөрчлөгдсөн байна.

Тодруулбал, уг тогтоол гарснаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ... бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэсэн эрх зүйн нөхцөл байдал бүрджээ.

Иймээс хариуцагч маргаан бүхий актаар Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн, нэгэнт эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг тусгай хэрэгцээнд авсан, энэ нь кадастрын системд бүртгэгдсэн байгаа тохиолдолд хариуцагчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгжих боломжгүй буюу нэхэмжлэгчийн эрх  сэргэх үндэслэлгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээр дурдсаны дагуу давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2017/0482 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ