Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 303

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулан “Г Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Г Р” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Г Р ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах” 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Г Р ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр *** аймгийн *** сумын нутагт орших талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Уг өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байсан учраас Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу аймаг, сумын Засаг даргаас санал авахаар 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 6687 дугаартай албан бичгийг орон нутагт хүргүүлсэн. 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн Засаг даргаас 1/459 дүгээр албан бичгээр дэмжихгүй гэсэн саналыг ирүүлсэн. Ашигт малтмалын газрын Кадастрын  хэлтсийн дарга уг саналыг 

үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 355 дугаар шийдвэрээр Г Р ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Г Р ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд нэхэмжлэлийн гаргасан боловч *** аймгийн Засаг даргын 1/459 дүгээр албан бичгийг хууль бус байсныг тодруулж байж Кадастрын хэлтсийн даргын 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Улмаар *** аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Улмаар 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Захиргааны хэргйин давж заалдах шатны шүүхийн магадлалаар *** аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/459 дүгээр саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон. Иймд манай зүгээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Р ХХК нь *** аймгийн *** сумын нутагт орших *** нэртэй 17.687 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өргөдөл гаргасан. Энэ нь өргөдлийн бүртгэлд бүртгэгдсэн. Тус компанийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, тус хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр Засаг даргаас санал авахаар мэдэгдлийг хүргүүлсэн. *** аймгийн Засаг даргаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/459 дүгээр албан бичгээр тус компанид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй, дэмжихгүй гэдэг саналыг ирүүлсэн. Энэ саналыг хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно гэж заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. 

Г Р ХХК-ийн зүгээс Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг хууль бусад тооцуулах, дахин санал хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг *** аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг илт хууль бус болохыг тогтоож, Засаг даргаас дахин мэдэгдлийг авах гэдэг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлалд төрийн захиргааны байгууллагад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах болон үүрэг болгосон заалт байхгүй учраас тус компанид тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Г Р ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр *** аймгийн *** сумын нутагт орших талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан. Уг өргөдлийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн *** аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 6687 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч *** аймгийн Засаг даргаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1/459 дүгээр албан бичгээр “дэмжихгүй” гэсэн саналыг ирүүлсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга уг саналыг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 355 дугаар шийдвэрээр Г Р ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзжээ.

Нэхэмжлэгчээс *** аймгийн Засаг даргын дээрх саналыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2016/0362 дугаар магадлалаар өөрчилж, *** аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/459 дүгээр саналыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон байна.

Хариуцагч Ашигт малмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6/3491 дүгээр албан бичгээр Г Р ХХК-ийн *** аймгийн *** сумын нутаг *** нэртэй газарт гаргасан NE****** дугаартай өргөдөлд мөн аймгийн Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн, мөн дээрх өргөдлийн талбай *** аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/2 тоот тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авсан газартай бүхэлдээ давхцалтай байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг мэдэгджээ.

Нэхэмжлэгч Г Р ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал өгөхтэй холбогдуулан *** аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 05  дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжсэн” саналыг аймгийн Засаг даргад уламжилсан байдаг. Гэтэл тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахтай холбогдуулан гаргасан дээрх саналыг аймгийн Засаг даргад гаргаж хүргүүлсний дараа тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 11/2 дугаар тогтоолоор өргөдөлд дурдсан талбайг *** сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэсэн үндэслэлээр хариуцагч тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагч Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэс Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн *** аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 6687 дугаартай албан бичгийг хүргүүлж,  *** аймгийн Засаг даргаас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 1/459 дүгээр албан бичгээр санал ирүүлэх үед Г Р ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбай орон нутгийн тусгай хамгаалалтад ороогүй байсан.

          Мөн нэхэмжлэгчээс “...Бид өргөдлөө 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гаргасан сумын тусгай хамгаалалтад авсан тогтоол 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гарсан. Энэ хугацаанд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай өргөдлийг үндэслэлгүйгээр шийдвэр гаргалгүй удааснаас болж тус өргөдлийн талбайтай давхцалтай хэсгийг сумын тусгай хамгаалалтад авсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

         Өөрөөр хэлбэл хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаар дэмжээгүй санал үндэслэлтэй эсэхийг судлаагүй, түүнчлэн *** аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг  хариуцагч 2015 оны 3 дугаар сарын 17-нд хүлээн авснаас хойш 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдэл болон шийдвэр гаргасан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн *** аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг “дэмжихгүй” гэсэн саналыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2016/0362 дугаар магадлалаар илт хууль бус болохыг тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна”,  19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.”, 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.” гэж зааснаар хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Г Р ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь илт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Иймд нэхэмжлэгч Г Р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн Г Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г Р ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр *** аймгийн *** сумын нутаг *** нэртэй газарт гаргасан NE****** дугаартай өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.5. 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г Р ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 355 дугаар шийдвэрийн Г Р ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г Р ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр *** аймгийн *** сумын нутаг *** нэртэй газарт гаргасан NE****** дугаартай өргөдөлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН