Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 0178

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр,  шүүгч  Э.Чингис  нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Чинзориг

Иргэдийн төлөөлөгч : С.Гэрэлчимэг

Улсын яллагч Д.Цолмон,

Шинжээч эмч: Ж.Ганцэнгэл, М.Энхбаяр

Шүүгдэгч Г.Маралмаа

түүний өмгөөлөгч ,Ц.Мандал

Шүүгдэгч Т.Цогт

түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Өнөржаргал,

түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ганбатын Маралмаа, Тулгатын Цогт нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015250001693 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч : Монгол улсын иргэн, Шарман овогт Ганбатын Маралмаа,  1990 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монел 40 дүгээр гудамж, 44-а тоотод оршин суух хаягтай, /одоо Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Цэргийн хотхоны 1-215 тоотод оршин суудаг/ бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан /РД:УХ90060889/,

Шүүгдэгч : Монгол улсын иргэн,  Боржигон овогт Тулгатын Цогт,  1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, криминалистикийн шинжээч мэргэжилтэй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянзүрх дүүрэг хариуцсан тасгийн

 криминалистикийн шинжээч ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт, Баянзүрх дүүгийн 19 дүгээр хороо 1 дүгээр хотхон, 2 дугаар байр 60 тоотод оршин суух хаягтай, /одоо Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Цэргийн хотхоны 1-215 тоотод оршин суудаг / бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэгдэж байгаагүй,/РД:Х385121932/

          2.Холбогдсон хэргийн талаар

Г.Маралмаа, Т.Цогт нар нь бүлэглэн   2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 2-215 тоотод оршин суух гэртээ өмдөндөө баалаа, үгэнд орсонгүй гэж 3 нас 11 сартай Ц.Оюу-Эрдэнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан,

Г.Маралмаа нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байх хугацаандаа өөрийн дагавар охин Ц.Оюу-Эрдэнийг бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох,  эхийнх нь  бузрыг арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлаасан,

Мөн түүнчлэн Г.Маралмаа, Т.Цогт нар нь  бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны  өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байхдаа талийгаач Ц.Оюу-Эрдэнэд арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлэх, модон могойгоор ороолгох, суран бүсний арлаар зодох зэргээр байнга зодож тарчлаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч  Г.Маралмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд энэ хэрэгт холбогдсон. Анх холбогдохдоо өдийг хүртэл ийм зүйл болж, талийгаач охин байхгүй болно гэж бодоогүй. Энэ хэрэг гарсанд харамсаж байна. Энэ хэрэг ийм дээрээ тултал бага насны охиныг тарлааж алсан гэдгээр зүйлчлэгдсэндээ гутарч байна. Энэ 2 жилийн хугацаанд бүх шатны шүүхээр хэрэг хянагдсан. Энэ цаг хугацаанд намайг 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр талийгаач охинд гэмтэл учруулчихаад 02 дугаар сарын 15-нд Цогттой бүлэглэн дахин гэмтэл учруулсан гэж намайг буруутгасныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100.1-д зааснаар намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ “тарчлаасан” гэдэг утгаар биш “2-оос дээш удаа гар хүрсэн” гэдэг утгаар хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2-д зааснаар намайг буруутгаж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр “Маралмаа буруутай” гэдгийг нотолсон баримт байхгүй. Гэрч нарын мэдүүлэг бол 2015 оны 01 дүгээр сараас өмнөх цаг хугацаатай холбогдуулж өгсөн байдаг. Шинжээчийн мэдүүлэгт “2015 оны 02 дугаар сарын 17-ноос өмнө 24-48 цагийн өмнө энэ гэмтлийг авсан” гэж байдаг боловч 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг уг гэмтлийг учруулсан гэдэгтэй таарч тохирохгүй байгаа юм. 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хамгийн сүүлд Т.Цогт нь талийгаач охиныг суран бүсээр зодож гэмтэл учруулсан нь тогтоогдож байхад намайг бүлэглэж уг гэмтлийг учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Анх уг хэрэг 2015 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэж намайг шууд хорьсон. Тухайн өдрийн өглөөнөөс шөнө хүртэл өмгөөлөгчгүй байхад надад дарамт үзүүлэн 5 удаа хууль сануулалгүйгээр байцаалт авсан. Надад тухайн үед хуулийн мэдлэг байгаагүй. Тэр өдөр Цогт над руу залгаад “тасгийн дарга ирсэн байна. Одоо чамайг очоод авна, чи миний эсрэг битгий мэдүүлэг өгөөрэй” гэж хэлж байсан. Тухайн үедээ Цогт нь хоригдоод удалгүй 72 цагийн дараа хамт ажилладаг Ганцолмон шинжээч болон өөр нэг шинжээч нарын батлан даалтанд гарч байсан. Анх Баянзүрх дүүрэг дээр эрүүгийн хэрэг үүссэн нь миний эрхзүйн байдалд сөргөөр нөлөөлсөн. 2015 оны 3 дугаар сард энэ хэрэг Улсын Мөрдөн Байцаах Газар руу татагдсан байхад 1 сарын дараа миний гар утсыг байцаагчид аваачиж өгсөн байдаг. Тэр утсан дээр миний эд мөрийн баримтаар гаргаж өгч байсан нотлох баримт байхгүй болсон байсан. Мөн Цогт нь даалтанд гарсныхаа дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өөрийн гараар бичиж өгсөн “одоо цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй” гэсэн хүсэлт одоо хавтаст хэрэгт байхгүй болсон байна. Анх хэрэгтээ намайг танилцаж байхад уг хүсэлт нь байсан. Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн Цагаанбарс нь Баянзүрх дүүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан. Энэ хүн Цогтын хувийн байдлын талаар гэрчээр мэдүүлэг өгчихөөд хэрэг дээр бас шинжээчээр оролцсон байгааг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж би үзэж байна. Уг хэрэг болсонд харамсалтай байна. Би ийм байдалтай ингээд зогсож байна гэж бодсонгүй. Би өөрийн зүгээс охины биеий байдал муудахад эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Гэтэл эмнэлгийн тусламж үзүүлэхийг Цогт таслан зогсоож байсан. Шинжээчийн дүгнэлтэнд “эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь аврагдах байсан” гэж бичсэн байна лээ. Тухайн үед эмнэлгийн тусламж үзүүлэхгүй яав дээ гэж өнөөдөр үнэхээр их харамсаж байна. Энэ хоёр жилийн хугацаанд намайг аймшигтай алуурчин гэдэг ойлголтыг хэвлэл мэдээллээр цацсан нь хэрэг шийдэхэд нөлөөлж байгаа. Би Цогтын 3 дахь эхнэр. Би түүний 3 дахь охиныг би төрүүлж өгсөн. Тэр охин маань одоо миний эгчийн халамжинд байдаг. Мөн Цогт нь надтай хамт амьдрахдаа банкны зээлтэй байсан. Тэр зээлийг шилжихэд манай аавын дүү батлан даагч нь байсан учир манай ар гэрийнхэн төлсөн. Манай эгч энэ хугацаанд миний охиныг тэжээх гэж гэрээ зараад айлын хашаанд амьдарч байгаа. 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хурал болохоос өмнө би Цогттой захиагаар харьцаж байсан. Тэгэхэд Цогт захиан дээрээ “чи хэргийг даачих, би охинтойгоо амьдармаар байна” гэж бичиж байсан. Тэгэхээр нь би “хоёулаа хамт ял авч байхаар нэг нь хүүхэдтэйгээ хамт амьдраг” гэж бодоод Цогтыг энэ хэргээс гаргасан. Өнөөдөр Цогт хэлсэн амандаа хүрээгүй болохоор Давж заалдах шатны шүүх дээр би Цогтыг буцааж татсан. Цогт надад олон захиа бичиж байсан мөртлөө одоо бичихээ болсон. Өнөөдөр над руу дайрч байгаад би гомдолтой байна. Тэр Цогтын бичиж байсан захидал дээр шинжээч томилуулан “Цогт бичсэн” гэдгийг тогтоолгомоор байна. Энэ хугацаанд би Цогтыг “нэг охиноо алдсан юм чинь нөгөө охинтойгоо хамт амьдраг” гэж бодож байсан. Хэрвээ би өөрийгөө бодож байсан бол Цогтыг энэ хэргээс мултлах биш харин ч Цогтод “чи намайг гарга” гэх байсан. Иймд өнөөдөр хэргийн бодит байдлыг зөв, шудрагаар шийдэж өгнө үү гэв.

    Шүүгдэгч Т.Цогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Маралмаатай 2015 онд танилцсан. Тэр үед Маралмаа надад “би эцэг эхээс гурвуулаа байдаг. Би айлын хамгийн бага охин, дээрээ эгч, ахтай гэж хэлж байсэн. Тэгээд Маралмаа надтай хамт амьдарч байхдаа бөөгийн зан үйл хийж байгаагүй. Нэг удаа л “би чадалтай бөө хүн. Би онгодоо аваад 10 жил болж байна. Одоо чи ч бас онгодоо ав” гээд надаар бөөгийн зан үйлийн зүйлс бэлдүүлсэн. Би 2015 онд талийгаач охиноо Өнөржаргалаас авсан. Өнөржаргал надад охиноо өгөхдөө “амьдрал хэцүү байгаа учир би ажил төрөл хиймээр байна” гэснийг нь би Маралмаатай ярилцаад “охиноо авъя” гээд 2015 оны 1 дүгээр сард авсан. Тэгээд эгчтэйгээ яриад охиноо хөдөө явуулж байсан. Тэрнээс өмнө нь ч бас Өнөржаргал бид хоёр салаад тусдаа байхдаа буюу охиныгоо 2 нас гарантай байхад нь тэр эгчдээ охиноо өгч явуулж байсан. Тэгэхэд араас нь Өнөржаргал очоод “би танд охиноо өргүүлье” гэж хэлж байсан бөгөөд дараа нь би эгчээсээ охиноо буцааж авч байсан. Тэгээд Өнөржаргал бид хоёр эргэж нийлээд охиноо авч байсан. Тэгээд Өнөржаргалтай эргээд цуг амьдарч байхад аав маань өнгөрсөн. Охин маань Өнөржаргал дээр байхад би 2-3 удаа очиж охиноо авч байсан. Энэ бол өмнө болж байсан зүйл. Харин яллах дүгнэлтэнд бичигдсэн байгаа “охины гуя хөхөрсөн байсан” гэдэг дээр бол тухайн өдөр би ажилтай байсан. Маргааш нь ажлаасаа бууж ирээд үзэхэд охины маань хөл хөхөрсөн байхаар нь Маралмаагаас асуухад тэр надад “охин ээжийгээ дагаж гүйгээд хөл нь хөхөрсөн” гэхээр нь би Маралмаагийн хэлсэнд итгэсэн. Тэгээд Өнөржаргал дээр очиход тэр надаас “охины маань хөл яагаад хөхөрсөн юм бэ” гэхээр нь би түүнд Маралмаагийн хэлсэн “ээжийг санаад гарч гүйгээд хөл нь хөхөрсөн” гэдгийг хэлсэн. Дараа нь ч бас охины маань гуя нь хөхөрсөн байхаар нь Маралмаагаас асуухад тэр “энэ охин миний үгэнд орохгүй гарч гүйгээд байна. Надтай байх дургүй юм байна” гэж хэлж байсан. Маралмаа бид хоёр дээр охин ирсний дараа дээр хэлсэн шиг хөдөө явуулсан байсан охиноо буцааж авчирахад Маралмаа онгодоо буулгаад надад “охин чинь хөдөө яваад эхийн бузраар бузартсан байна” гээд 3 удаа зан үйл хийсэн. Тэр зан үйлийн эхнийг нь гэрэлтэйд, дараагийн хоёрыг нь Маралмаа “гэрлээ унтраа” гэж загнаад харанхуйд хийсэн. Тэр үед Маралмаагийн хийж байгаа зүйлийг “бидний сайн сайхны төлөө хийж байгаа зүйл” гэж бодож байсан учир хориглоогүй. Маралмаа ч надад “чи бас онгод авах гэж байгаа юм чинь хүүхддээ сайн засал хийлгэ” гэж миний тархийг угаасан. Гэрч Нарангэрэлийн хэлсэн “би айгаад хориглож чадаагүй” гэсэнтэй адил байдалд би байсан. Мөн бөөгийн зан үйлийн эд зүйлийг намайг авч өгсөн гэж Маралмаа хэлж байсан. Гэдгээр зүйлс нь угаасаа Маралмаагийн баруун гарт нь углаатай байдаг. Би тэрийг Маралмаад авч өгөх болон түүнээс авах ч эрх байхгүй. Би охинтойгоо л адил Маралмаагйин өмнө тонгойн сөгдөж суугаад Маралмаагийн хэлснийг нь хийдэг байсан. Би 2015 оны 02 дугаар сарын 14-ний өглөө “бөгжнийхөө хугацааг сунгуулъя” гээд ломбард руу явахад охин маань сэргэлэн цовоо байдалтай үлдсэн. Ломбард хаалттай байхаар нь би явсаар байгаад буцаж ирэхэд охины маань дух, эрүү, гуя нь хөхөрсөн, уруулынх нь арьс нь зулгарсан байхаар нь яасан талаар Маралмаагаас асуухад “шатан дээрээс уначихлаа. Тэгээд бас Сугарцэцэгийн хүүхэдтэй чихэр булаацалдсан байна” гэж надад хэлж байсан. Тэр 2015 02 дугаар сарын 14-ний өдөр охины маань бие нь сул байхаар нь би “түнх нь мултарсан байх” гэж бодоод тэр өдөр гэртээ хэвтүүлсэн. Маргааш нь буюу 02 дугаар сарын 15-ны өдөр дахин нөгөө ломбард руугаа очоод бөгжөө аваад өөр ломбарданд тавиад дахин ломбард орж утсаа авахад Маралмаа над руу утсаар залгаад “охин өмдөндөө шээж, баачихаад надаар угаалгаж цэвэрлүүлэхгүй байх юм. Дандаа л өмдөндөө бааж, шээх юм” гэж над руу орилоод байхаар нь би Маралмааг чимээгүй болгох үүднээс “очоод арьсыг нь хуулаад өгье” гэж мессэж бичсэн. Очиход охин маань гэрийнхээ үүдэнд өмдөндөө бааж, шээсэн байдалтай уйлаад зогсож байсан. Тэгэхээр нь би цэвэрлэх гэтэл Маралмаа цэвэрлэсэн. Тэгээд Маралмаа надад “охин чинь бас зуухны тэнд бөөлжсөн” гээд зааж байсан. Тэгэхээр нь очиж харахад бөөлжсөн гэх зүйл байгаагүй. Тэгээд охиныг цэвэрлэж байхдаа Маралмаа охиныг муучилж үглээд байсан. Тэгэхээр нь би залхаад “Маралмаагийн амыг хаахгүй бол болохгүй юм байна” гэж бодоод билэгдлийн чанартайгаар суран бүснийхээ суран хэсгээр охиныхоо хонгонд 2 удаа цохисон. Тэгэхэд охин маань уйлж орилоогүй. Тэгэхэд Маралмаа намайг хараад сууж байсан. Маралмаагийн ярьж байгаа шиг би охиныгоо үсдэх, дэвсэх гэх зэргээр зэрлэг балмадаар зодоогүй. Хэрэв би өөрийн гараар охиныгоо зодоод Маралмаатай муудалцаж байсан бол өдийд би энэ хэргийн бодит байдлыг анхнаасаа хэлээд Маралмааг хэргээс суллаж байсан. Гэтэл Маралмаа намайг түүнд захиа бичиж хэргийг өөрт үүрүүлсэн гэж ярьж байна. Амьдрал дээр хүний өмнөөс хэрэг хүлээдэг хүн гэж байхгүй. Өнөөдрийг хүртэл Маралмаа надад холбогдуулан Авлигатай Тэмцэх Газарт өргөдөл өгөн намайг шоглосоор байгаа. Би хавтаст хэрэгтэй танилцахдаа Маралмааг урьд нь хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан гэдгийг мэдээд гайхаж, шоконд орсон. Мөн айлаас гурвуулаа гэж байсан нь нэмэгдэж, ах эгчээсээ гадна доороо хоёр дүүтэй болж таарсан. Нас барсан гэх эгч нь хүртэл амьд байхаар нь би гайхсан. Ийм хүнд охиноо даатгаж үлдээсэндээ харамсаж байна. Охиныхоо амь насыг алдсанд хамгийн их харамсаж байна. Өнөөдрийг хүртэл намайг хэвлэл мэдээллээр буруутгасан. Тэр ч байтугай намайг “Маралмаагаар даруулж байгаад охиноо хүчирхийлдэг байсан” гэх зэрэг нь надад хэцүү байгаа хэдий ч би энэ хэргийн үнэн зөвийг тогтоолгомоор байна. 2015 оны 7 дугаар сарын 27-нд би гараад хэнтэй ч хэрүүл хийгээгүй тэвчээртэй хүлээсэн. Мөн Өнөржаргал миний нас барсан аавыг хүртэл архичин байсан гэж хэлж байгаад гомдолтой байна. Хэзээ нэгэн цагт үнэн гүйцнэ. Өөр хэлэх зүйлгүй гэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөрөжаргал  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Охин маань 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эх нялхаст төрсөн. Цогт бид хоёр охиноо 2 нас хүртэл нь хамт байсан. Цогт нь Маралмаатай холбогдоод биднийг эгчийнхээ хашаанд орхиод явсан. Тэр үед би охиноо тэврээд үлдэж байсан. Энэ талаар бүгдийг Цогтын эгч Туяа мэдэж байгаа. Тэгээд бид салаад би охинтойгоо хоёулаа айлын хашаанд гэр барьж амьдарч байсан. Надад хүүхдийг маань харж өгөх хүн байгаагүй. Дүү маань өөр эцэгтэй учир бид багаасаа тусдаа байсан. Мөн ээж маань нас барсан байсан. Би өөрийн төрсөн аавыгаа мэддэггүй. Тийм учир би охинтойгоо хоёулахнаа байдаг байсан. Тэгээд амьдрахын эрхэнд ажил хийж, охиноо тэжээн ажил хийхийн тулд үнэн учраа хэлж охиноо цэцэрлэгт өгөх гэж Баянзүрхийн цэцэрлэгээр зөндөө хөөцөлдөж явсан. Би охиноо цэцэрлэгт өгөөд өөрөө ажил хийе гэж бодож байсан боловч цэцэрлэгийн эрхлэгч охиныг маань аваагүй. Тэгээд би аргагүйн эрхэнд охины төрсөн эцэг Цогтод “би хоол унд, түлээ түлшний мөнгө олохын тул ажил хиймээр байна” гэж хэлэхэд тэр зөвшөөрч Маралмаатай цуг ирээд 2014 оны 11 дүгээр сарын үед аваад явсан. Тэгээд удалгүй би ажил хийсэн. Тэрний дараа буцааж охиноо аваад дараа нь дахин Цогтод өгч байсан. Охиныг маань авч явснаасаа хойш Цогт охиныг маань надтай яриулахгүй, элдэв шалтаг хэлж байсан. 2015 оны 02 дугаар 16-ны өдөр Цогт над руу залгаад “охин ухаангүй сэхээнд байна, хурдан ирвэл ир, ирэхгүй бол боль” гэхээр нь би такси бариад Баянзүрхийн сэхээнд ирсэн. Тэгэхэд Цогт байсан. Маралмаа цаана байсан. Охиныгоо хараад би түүнийг таниагүй. Маш хүн байдалтай байсан. Бүх бие нь хөхрөлт няцралтай байсан. Цогтоос юу болсон талаар асуухад “шатнаас унасан” гэдгээс өөр зүйл хэлээгүй. Тэгээд би энэ хоёртой дахин тааралдаагүй. Эмч нь яаралтай гэмтлийн эмнэлэг хүргүүлж хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж хэлж байсан. Маш их хөхрөлт няцралттай, аманд нь гуурс хийсэн байсан. Мөн пампарстай байсан учир би хөл, гуяны няцралыг хараагүй. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хагагаанд орсон. Охин маань 02 дугаар сарын 17-ноос 21-ний хооронд ухаангүй байж байгаад 21-ний өдөр охин маань нас барсан. Надад миний охин Оюун-Эрдэнэ нь л байсан. Надад өөр ойр дотны хүн байгаагүй. Охиноо ингэж бусдын гарт алдсандаа маш их гомдолтой байна. Би энэ хоёр хүнийг хоёулаа буруутай гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Энэ хэрэг 2 жил гаран үргэлжилсэн. Надад маш их хэцүү байдаг учир үнэн зөвөөр энэ хэргийг аль болох хурдан шийдэж өгнө үү. Оршуулгын зардал 4.646.839 төгрөгийг Цогт, Маралмаа нараас нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч  Г.Маралмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 02 сарын 17-ны өдөр сэжигтнээр анх мэдүүлсэн: 02 сарын 11- ний өглөө 09-10 цагийн үед охиноо гадаа тоглуулах гээд гаргасан. Охин Оюу-Эрдэнэ гадаа тоглож байгаад уйлаад байхаар нь гараад хартал “шатан дээрээс унасан” гээд газар хэвтээд уйлаад байж байсан. гэрт оруулсан, үүнээс хойш гайгүй байж байгаад 15-ны орой нурмайгаад байсан.. /2хх 14-149/

2015 оны 02 сарын 17-ны өдөр сэжигтнээр 2 дахь удаагаа мэдүүлсэн: Уржигдар 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Оюу-Эрдэнэтэй хамт хоёулхнаа гэртээ үлдээд байж байтал Оюу-Эрдэнэ намайг “чи зайл би аавтайгаа хамт баймаар байна” гээд нулимаад бас “усанд  орохгүй” гээд уйлаад байхаар нь би гараараа 2 гуя руу нь цохисон, тэгээд коршокинд суулгах гэтэл суухгүй хөл нүцгэн зогсоод байхаар нь ор луу хэвт гээд түлхтэл толгойгоороо шалан дээр тэрийгээд унасан, газар унахаар нь босгож ирээд бөгс рүү нь 2 удаа гараараа алгадаад хэвт гээд оронд хэвтүүлсэн. Тэгтэл тэр оройдоо охин жаахан нурмайгаад бие нь эвгүй байгаа бололтой байсан бөгөөд өглөө 9-10 цаг гээд сэрдэг хүүхэд чинь маргааш өглөө нь 12 цаг хүртэл унтаад сэрэхээр нь би шээх байх гэж бодоод коршокинд суулгахад “хөл өвдөөд байна” гээд зогсож чадахгүй бие сул, гулжийж унаад зогсож чадахгүй байхаар нь коршокинд нь суулгаад Цогт руу утсаар залгаад “охин зогсож чадахгүй байна хөл өвдөөд байна яах вэ” гэж асуухад Цогтоо түнх нь өвдөөд байгаа байхаа алхуулахгүй оронд нь хэвтүүлчих гэж хэлсэн. Тэгээд хувцсыг нь өмсүүлээд оронд нь хэвтүүлээд гэрээ цэвэрлээд нүүрс түлээ оруулаад галаа асаагаад байж байтал охин дуугарахгүй байхаар нь харсан чинь татчихсан байсан. Би сандраад архиар биеийг нь арчаад урд айлын эгчийг дуудаж, түргэн дуудах гэтэл утас нь болохгүй байхаар нь Цогтоо руу залгаад хэлсэн чинь “дуудлагатай явж байна” гэсэн би урд айлын эгчтэй нийлж охиныг хувцаслаад такси бариад Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн чинь дусал тариа хийгээд байж байтал Цогтоо ирээд түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд толгойны зураг аваад эмч заавал томографийн зураг авахуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас өглөө мөнгө олж ирээд зургийг нь авахуулъя гэж бодоод эмнэлгээс хүүхдээ аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд охин Оюу-Эрдэнэ хоол цайгаа идэж уугаад унтсан. Цогтоо тэр оройдоо охин бид 2-ыг үлдээгээд ажилдаа явсан. Би охиныг хараад гэртээ үлдсэн. Өнөөдөр өглөө буюу 2015 оны 02 дугаар сарын 17-ны өглөө 7 цагт охин Оюу-Эрдэнэ татаад сэрсэн, би Цогт руу залгаад чи ирж байна уу гэж асуухад одоо ингээд гарлаа гээд Цогт ирээд бид 2 түргэн дуудсан чинь ирэхгүй байж байгаад 09 цагийн үед түргэн ирээд охиныг аваад Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирсэн. Би уурлаад хэвт гээд охин Оюу-Эрдэнийг гараараа түлхсэн чинь толгойныхоо ар дагзаар саваад шалан дээр унасан .. /2-р  хх 150 /

2015 оны 02 сарын 17-ны өдөр сэжигтнээр 3 дахь удаагаа мэдүүлсэн: 2015 оны 02 дугаар сарын 15-ны өглөө Цогт, охин Оюу-Эрдэнэ бид гурав босоод цайгаа уугаад Цогт ломбард орохоор 11 цаг өнгөрөөгөөд гэрээс гарч явсан. Охин өмдөндөө баачихсан байхаар баасыг цэвэрлэж өгье гэж хэлсэн чинь үгүй гээд уйлахаар нь аав руу нь утсаар залгаж “Оюу-Эрдэнэ өмдөндөө баасан, баасаа цэвэрлүүлэхгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Цогт “наадахаа орхичих би очиж байна” гэж хэлсэн. Ахиад мессеж бичихэд “очиж байгаад наадахын чинь арьсыг хуулаад өгнөө” гэж бичсэн. Цогт 13 цаг өнгөрч байхад орж ирсэн. Цогт гэртээ орж ирээд охин Оюу-Эрдэнийг “чи өөрөө наад баасаа цэвэрлэ” гэж загнахад Оюу-Эрдэнэ өөрөө хувцсаа тайлахаар нь би охиныг усанд оруулаад алчуур дээр нь зогсоогоод баастай өмдийг нь угаасан. Намайг өмд угааж байхад Цогт охиныг өмднийхөө тэлээгээр ороолгож зодож эхэлсэн. Тэр үед нилээд хүчтэй ороолгож чанга цохиж, уйлуулаад байсан болохоор нь санаа зовоод “чи одоо боль, эмэгтэй хүүхдийг ямар чанга зоддог юм бэ” гээд хорьсон. Тэр үед Цогт Оюу-Эрдэнийн үснээс нь зулгааж “чи дахиж өмдөнд баахуу” гээд загнаж, Оюу-Эрдэнийн аманд гараа хийгээд “чи намайг харж байхад одоо бөөлжөөдөх, чи дахиж бөөлжих үү” гээд чанга хашгираад загнаад байсан. Оройдоо охин гулжийж, нурмайж байгаад хэвтсэн. Шөнөжин тонгочоод хөдлөөд унтаагүй. Маргааш нь 12 цаг хүртэл унтаад намайг босгоход хөл дээрээ тогтож чадахгүй байсан.. /2-р хх 151-152/

Яллагдагчаар татагдаад мэдүүлсэн: ..2015 оны 02 сарын 16-ны өглөө охиныг “одоо бос” гээд босгох гэтэл охин “босч чадахгүй байна, миний хөл өвдөөд байна” гээд алхаж босч чадахгүй байхаар нь Цогт руу залгаад “охин босч чадахгүй байна хөл нь өвдөөд байна” гэсэн чинь “түнх нь өвдөөд байгаа байхаа битгий алхуулаарай” гэсэн тул охины хувцсыг өмсүүлээд хэвтүүлсэн. Ойр зуурын юм хийж байгаад эргээд хартал охин Оюу-Эрдэнэ татчихсан байхаар нь би урд айлын эгчийг дуудаж хөл гарыг барьж өгөөд тэр хоорондоо түргэн дуудсан боловч ирээгүй. Урд айлын эгч Цогт руу залгаж хэлсэн байсан. Би охиныг Баянзүрх дүүргийн эмнэлэгт аваачиж дусал, тариа хийлгэсний дараа түргэний машинаар гэмтэлийн эмнэлэгрүү явсан. Очоод рентген зураг авахуулсан. Эмч томографийн зураг авахуул гэсэн. Бид хоёрт мөнгө байгаагүй, орой болсон байсан учраас бид гэртээ ирсэн. Охиныг унтуулаад Цогт ажилдаа шөнө 23-24 цагийн орчим явсан. Би охиныг хараад 02 цаг хүргээд унтсан. Уйлах шиг болохоор нь босоод харахад 04 өнгөрч 05 цаг болж байсан. Охин баана гээд коршоконд суугаад жоохон баас цухуйлгаад толгой өвдөж байна гэхээр нь хүйтэн жин тавьж унтуулсан. Өглөө 07 цагийн үед охин татаад байхаар нь Цогт руу залгаад “охин татаад байна гэж хэлсэн чинь Цогт “одоо очлоо” гэсэн тэгээд байж байснаа охины таталт нь зүгээр болсноо ухаангүй болчихоор нь би урд айлын хаалгыг татал тайлж өгөхгүй байхаар нь буцаад орсон чинь охины амьсгал таталдаад байхаар нь би хиймэл амьсгал хийсэн. Цогтыг ирэхээр нь бид Баянзүрх дүүргийн эмнэлэг явсан.. /2-р хх 155-166, 249/

Өмнөх шүүх хурлын хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлд харамсаж байна. Би талийгаач охинд ганцаараа гарч хүрч байгаагүй. Надад охиныг санаатай алъя гэсэн бодол байхгүй байсан. Охиныг би нэг удаа түлхэж унагаасан буруугаа хүлээж хохирогч Өнөржаргалаас уучлалт гуйж байна. Өнөөдөр миний буруу байгаа учир би өөрийнхөө бурууг 100 хувь хүлээж байна. Гэхдээ би ганцаараа тэр хүүхдийг тарчлааж, санаатай алъя гэсэн бодол надад нэг ч удаа төрж байгаагүй.. гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Т.Цогт  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 02 сарын 17-ны өдөр сэжигтнээр тооцогдон мэдүүлсэн: 2 сарын 13 билүү, 13 билүү сайн санахгүй байна гэртээ юм хийж байтал охин шатнаас уначихлаа гээд ороод ирсэн. Тэгээд би тэр өдрөө тархи нь хөдөлвөл бөөлжих эсвэл бие нь сулрах байх гэж бодоод ажиглахад зүгээр байсан. Маргааш нь бас зүгээр энгийн байдаг шигээ байсан. 15-ны өглөө босохдоо зүгээр цовоо сэргэлэн байж байснаа өдөр нь нурмайгаад дуугүй болсон. /22-р хх 167-169/

2015 оны 02 сарын 25-ны өдөр яллагдагчаар татагдаад мэдүүлсэн: 2015 оны 02 дугаар сарын 15-нд ломбарднаас буцаж явахад Маралмаа надруу яриад “охин өмдөндөө баачихлаа, надаар цэвэрлүүлэхгүй байна” гэж хэлсэн тэгэхээр нь би ”за за би одоо очиж байна, орхичих” гэж хэлсэн. Тэгээд утсаараа “очиж байгаад арьсыг нь хуулаад өгнө” гэж мессеж бичсэн. Би гэртээ орход охин үүдэнд, баастай өмдтэйгөө зогсож байсан. Би өөрөө өмдөө тайл гээд өмдийг нь тайлуулсан, ОО-ын цаас таслаж өгөөд өөрөөр нь бөгсийг нь арчуулсан. Маралмаа ваннд ус хийж өөрөөр нь бөгсийг нь угаалгасан. Маралмаа надад хэлэхдээ ”наадах чинь бас гараа амандаа хийж байгаад бөөлжсөн” гэж хэлсэн. Энэ үед 14 цаг өнгөрч байсан. тэгэхээр нь би охиноо урдаа зогсоож байгаад ингэж болохгүй гээд зүгээр л

бэлэгдлийн маягаар бүсээрээ бөгсөнд нь сулхан ороолгосон. ...18-19 цагийн үед хувцасаа янзалж байхдаа анзаарсан юм тэгэхэд нурмайгаад л үг дуугүй болоод бодлогоширсон маягтай суугаад хөдлөхгүй, хөдөлгөөн багатай болсон байсан. /2-р хх 172-174/

2015 оны 03 сарын 23 ны өдөр яллагдагчаар 2 дахь удаагаа мэдүүлсэн: Анх сэжигтнээр өгсөн мэдүүлэг бол Маралмааг хаацаалж өгсөн мэдүүлэг. Охин шатнаас унаагүй юм, би худлаа хэлсэн. 2 сарын 12, 13 нд шатнаас унаагүй. Намайг ломбарднаас л ирэхэд охин уйлчихсан зогсож байсан. ..2015 оны 02 сарын 16 нд гэмтлийн эмнэлэгээс эмчид нь би бичиг хийж өгөөд гарч харьсан. /2-р хх 175-178, 250/

            Өмнөх шүүх хурлын  хэлэлцүүлэгт Т.Цогт мэдүүлэхдээ: 2014 оны 09 дүгээр сард би охиноо Өнөржаргалаас авсан. Өнөржаргал “би хүүхдээ харж чадахгүй, тэжээх чадваргүй байна тиймээс чи хүүхдээ авах уу” гэсэн саналыг надад тавьсан. Би хүлээн зөвшөөрч нэг сар охиныгоо өөр дээрээ авсан. Тухайн үед би охиндоо харгис, хэрцгий, зүй бус байдлаар хандаагүй. Охин шатнаас унасан гэх өдөр би гэртээ байхгүй ажилдаа явсан байсан. Намайг ажилаасаа бууж ирэхэд Маралмаа надад “охин ээжийгээ санаад, гарч гүйж байгаад шатнаас унасан” гэж хэлсэн. Би Маралмаагийн үгэнд итгэсэн. Дараа нь охины өвдөг нь хөхөрсөн байсан гэтэл Маралмаа “тоглож явж байгаад унасан” гэж хэлэхэд нь би Маралмаад итгэсэн. Өнөржаргал надад итгэж охиныг надад өгсөн шиг би Маралмаад итгэж байсан. Өнөөдөр би Маралмаад итгэснээр юу алдсан бэ гэвэл миний эрх чөлөө, нэр төр, ганц худагт цагдан хоригдсондоо огт харамсахгүй байна. Ганцхан охиныхоо амь насыг алдсандаа харамсаж байна. Намайг охин дээрээ ямар нэгэн зан үйл хийж байгаагүй гэдгийг гэрчлэх хүмүүс байгаа. Гэтэл юунд үндэслэн намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллаж байгааг ойлгохгүй байна. Нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахад шүүх Цогт хэрэгт оролцоотой эсэхийг шалга гэж мөрдөн байцаалтанд буцаасан байх гэж бодож байна. Гэтэл надад ял сонсгож надаас нэг удаа байцаалт авчихаад 2 сарын хугацаанд нэмэлт ажиллагаа явуулаагүй. Би үүнд гайхаж байна. гэсэн мэдүүлэг

Хохирогч Б.Өнөржаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би анх 2010 оны 02 сарын 14-ний өдөр гэгээн валинтины өдөр Цогттой танилцсан. Надтай танилцахдаа Дотоодын цэргийн дэд ахлагч цолтой харуулын ажилтай байсан. Бид 2 хамт амьдарч 2011 оны 03 сарын 15-ны өдөр охин Оюу-Эрдэнэ  төрсөн. Би 2014 оны 06 сард Цогтоос салсан цагаасаа хойш охиноо аваад Баянзүрх дүүргийн 22 дугаар  хороо баруун Алтан-Өлгийд айлын хашаанд амьдарч эхэлсэн. ..2014 оны 10 сарын 02-ны өдөр Цогт ирж охиноо авсан юм түүнээс хойш 2014 оны 11 сарын 02-ны өдөр Цогт өөрөө охиныг надад авчирч өгсөн. Би маргааш орой нь хүүхдээ усанд оруулах гээд хувцсыг нь тайлахад нурууны гол хэсгээс доош ахар сүүл ууц хүртлээ хөхрөөд ягаан өнгөтэй болчихсон байхаар нь охиноо “миний охин нуруу нь яагаад хөхөрчихөө вэ” гэж асуухад “Маралмаа аниа аавыг ажилдаа явахаар чамайг харахаас дургүй хүрээд байна гээд намайг зоддог, миний үснээс зулгаадаг” гэж ярьсан. Миний охины тэгж ярихыг тухайн үед надтай хамт хашаанд амьдарч байсан хажуу гэрийн Б.Алимаа эгч хамт хүүхдээ усанд оруулах гээд байсан учраас сонсож байсан. Тэгэж ярихыг сонсоод “хүүе ямар аймаар болгоо вэ тэр Цогтын авгай нь  зодоод байдаг юм бишүү? чи залгаж хэлээч Цогт арай ч хүүхдээ ингэхгүй байлгүйдээ” гэж хэлэхээр нь би утсаар Цогт руу залгаад “охины нуруу яасан юм бэ нуруу нь хөхөрсөн байна, яагаад ийм болчихсон бэ” гэж асуухад Цогт “охин ээжийгээ санаад байна гэж гарч гүйж байгаад шатнаас унаад нуруу нь ийм болсон” гэж хэлэхээр нь нуруу ууц нь гэмтчихсэн юм биш биздээ эмнэлэгт үзүүлсэн үү гэж асуухад үзүүлсэн үзүүлсэн зүгээр гэж байналээ гэж надад хэлээд утсаа салгасан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цогт надруу ярьж охиныг авч яваад 5 хоногийн дараа 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. ..тэр үед ирэхдээ охины баруун хөл нь өвдөгнөөсөө доошоо шилбэнийхээ урд хөхөрчихсөн ирсэн. Би бас Цогт руу залгаад “охины хөл хөхөрсөн байна яасан юм бэ?” гэж асуухад Цогт “би яаж мэдэхэв дээ ирэхдээ тэгвэл хөхөрчихсөн юм байгаа биз” гээд утсаа салгасан, тэр үед манай хажуу айлын Алимаа эгч хажууд байсан болохоор энэ талаар сайн мэдэж байгаа. ..охин Оюу-Эрдэнэ 2015 оны 02 сарын 10-ны өдөр над дээр ирэхдээ биед нь ямар ч хөхөрсөн няцарсан гэмтэл байгаагүй.

2015 оны 02 сарын 17-ны өглөө 09 цагийн үед миний утас руу Цогт залгаад охин Баянзүрх дүүргийн эмнэлгийн сэхээнд ухаангүй байна яаралтай ир гэж хэлсэн, тэгээд би Даваасүрэн эгчид охин ухаангүй байна гэнэ гэж хэлсэн чинь дахиад залгадаа юу болсон юм бэ гэж хэлэхээр нь дахиж залгаад охин яасан юм бэ гэж асуухад Цогт ирж чадахгүй бол больчихоо охин сэхээнд байна гэж хэлсэн.

Намайг Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирээд Цогтоос юу болсон гэж асуухад “охин шатнаас унасан” гэж хэлэхээр нь “ямар шатнаас яаж унасан юм бэ” гэж асуухад Цогт ирж чадахгүй бол больчихоо охин сэхээнд байна гэж хэлсэн. ..сэхээ рүү орж охиноо харахад охин ямар ч ухаангүй, аманд нь хуруу хиртэй амьсгалын бүдүүн гуурс хийчихсэн, “100% аппаратаар амьсгал хийж байна танай хүүхэд өөрийн амьсгал байхгүй ирсэн” гэж хэлсэн. Би охиноо харахад охины дух зүүн хэсэгтэй хөхөрсөн, эрүүний доор 2-3 газар хөхөрсөн байсан байхаа, мөн 2 хөл гуяны урд хэсэгт хөхөрсөн, гар бугалга хэсэгт хөхөрсөн, памперс зүүсэн байсан. Тэгээд пампесрийг нь солих уу гээд тайлсан чинь охины боожоо нь 2 талдаа хөхөрсөн байсан. Тухайн үед сувилагч билүү эмч нь билүү эмнэлгийн ажилтан “энэ арай бишээ миний дүү хүүхэд унахад ийм болохгүй” гэж надад хэлж байсан. Тэр үед Баянзүрх дүүргийн цагдаагийн хүмүүс ирсэн. ..охин Оюу-эрдэнэ маань надад ирэхдээ “Маралмаа аниа, аав хоёр зодоод, аав загнадаг, аавыг ажилдаа явахаар Маралмаа аниа намайг зоддог, таавчигаар цохидог гэж ярьдаг байсан.. /1-р хх 77-83,/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2015 оны 02 сарын 17-ны өдөр Цогт над руу “эмнэлэг дээр байна, хүрээд ирээч” гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн эмнэлэгт очиход охины бие нь хөхөрч ухаангүй байдалтай байсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт хүргэж тархины мэс засал хийнэ гэж хэлж байсан. 2015 оны 02 сарын 17-ны өдрөөс 02 сарын 21-ний өдрийг хүртэл гэмтлийн эмнэлэгт ухаангүй байсан. 02 сарын 19-ний өдөр эмч “охины зүрх зогсож байна манайх аппаратаа салгалаа” гэж хэлээд тогоор хүчдэл өгөхөд зүрхний зохилт бүдэгхэн орж ирж байна гэж хэлсэн. Түүний дараа 02 сарын 21-ний өдрийн 12 цагийн үед зүрх нь зогсож нас барсан. Би ганц охиныгоо хүний гарт алдсандаа маш их гомдолтой байна. Мөн маш их харамсаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нарыг буруутай гэж бодож байна. ..оршуулгын зардалд 5.146.839 төгрөгйн баримт гаргаж хэрэгт хавсаргасан байгаа. Үүнээс Т.Цогтын эгч ар гэрээс нь 500.000 төгрөг өгсөн. Одоо 4.646.839 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна. гэсэн мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ..гэрт нь очиж хонох үед Маралмаа талийгаач охиныг байнга загнаж зандарч харьцдаг байсан. Тэгээч ингээч чамд хэлсэн биздээ гээд буланд зогсоогоод эсхүл байнга суулгаад хөдөлгөхгүй байлгадаг байсан. Тэгээд коршокондоо шээгээд босоод явахаар би чамайг шээсээ асга гэдэг биздээ гээд загнаад байдаг байсан. Бас Маралмаа бөө болж байна гээд талийгаач дүүг нэг модон могой шиг юмаар нуруу руу нь цохидог, өмсгөлөө өмсөөд бөөлөөд байдаг. Дүү маань айгаад уйлаад байдаг байсан. Би яагаад цохиж зодоод байгаа юм гэхэд “эхийнх нь бузар шингэсэн байна” гээд байсан. Олон удаа онгод нь бууж байна гээд талийгаач охиныг тэр модон могой шиг зүйлээр ороолгож зоддог байсан. Нэг удаа бүр чармай нүцгэн болгож байгаад сүү цацаад зодож байсан. Би болиулж чадахгүй айгаад л сууж байдаг байсан. Бөө болчихоод онгод нь буусан байхдаа  Маралмаа өөрөө “чи яагаад миний түшээ охины үгэнд орохгүй байна, амийг чинь таслана шүү” гэж талийгаач охин дүүг маань загнаад байдаг байсан. Дүү маань зодуулаад цохиулаад уйлаад л байдаг байсан. Тэгээд дандаа нуруу руу нь цохидог байсан. Нуруун дээр нь хөхөрсөн байсан тэрийг “манжигдуулсан” гэж хэлж байсан. Ганц хоёр л манжигдсан юу болдог юм гээд байсан. Намайг бас онгод нь буулаа гэж нуруу руу нөгөө юмаараа цохиж байсан аймаар их өвдөж байсан гэсэн мэдүүлэг /1 хх 139/

Дүү Оюу-Эрдэнэ бол өмдөндөө баадаг шээдэг хүүхэд биш намайг байхад лав өмдөндөө бааж шээж байгаагүй, өөрөө “аниа би шээе” гээд коршокиндоо суудаг юм. Нэг удаа харин орондоо бөөлжсөн тэр нь болохоор Маралмаа эгч арц арвайн будаа хольчихсон, бөө энийг өг гэсэн гээд чи дүүдээ өг гэхээр нь би өгөх гэсэн чинь Оюу-Эрдэнэ аниа би энийг идэхгүй гэсэн тэр нь аягүй гашуун юм байсан, тэгээд элсэн чихэртэй найруулаад өгч байсан дараа нь Цогт ах орой нь ирсэн тэгсэн нөгөө арцтай хольсон юм бараг идээгүй байсан чинь Маралмаа эгч энийг тэнгэр өгсөншдээ наадахдаа идүүл гэсэн чинь Цогт ах би өөрөө өгье гээд тэр юмыг идүүлсэн тэрнээс болж Оюу-Эрдэнэ шөнө орондоо шээгээд дараа нь бөөлжсөн, тэгсэн чинь Маралмаа эгч байнга орондоо шээж баах юм сонин шдээ гээд загнаад байсан. 2015 оны 01 сарын 15-наас хойш байсан шиг санагдаж байна “дүүгээ хараад өгөөч үгэнд орохгүй байна” гэхээр нь би яваад очсон 15-17 цагийн үед Маралмаа эгч цэнхэр могойтой өмсгөл өмсөөд хэнгэргээ дэлдээд Оюу-Эрдэнийг чармай нүцгэлээд өөрийнхөө өмнө 4 хөллүүлж тонгойлгож суулгаад тагшинд надаар сүү хийлгээд амандаа балгаад Оюука руу амаараа тургиад цацаад цааш нь харуулж бас цацаад тэгээд модон могойгоор нуруу руу нь цохиж байснаа дараа нь толгой руу нь нөгөө модон могойгоороо цохисон, дараа нь намайг бас модон могойгоороо нуруу руу 4-5 удаа цохисон, энэ үед Оюука уйлаад л байсан ер нь хэнгэргээ дэлдэхээр нь л айгаад уйлаад байдаг юм. Тэгээд Оюукаг хэвтүүлээд гарандаа шар тос үрж байгаад эхийнх нь хормойн бузар шингэсэн байна гээд Оюукагийн бэлэг эрхтэнг чанга базаж чимхээд, татаад гэдсгийг нь илээд улаан нойлын утсаар гэдсийг нь ороогоод зангидсан. ..надад аавтайгаа л хамт баймаар байна Маралмаа аниатай цуг баймааргүй байна гэж ярьдаг байсан.

гэсэн мэдүүлэг. /1 хх 141-142/

Гэрч Б.Алимаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2014 оны зун 7 сарын үед шиг санагдаж байна, манай хашаанд Өнөржаргал Цогтоос салаад нүүж ирсэн юм. Тэгээд нэг гэр бариад охинтойгоо 2-лаа байдаг байсан. Тэгээд түрүүн хэлсэнчлэн Цогтод охиныгоо хааяа аваачиж өгдөг, Цогт ч өөрөө ирээд аваад явдаг болсон байсан. Нэг удаа 2014 оны 11 сарын эхээр байх Өнөржаргал бид 2 хоёр хүүхдээ усанд оруулж байхад Оюу-Эрдэнийн нуруун дээр нь нилэнхүйдээ ахар сүүл хүртлээ хөхрөлт болчихсон байхаар нь би эхэлж хараад хүүе энд хөхөрчихсөн байнаштэй гэсэн чинь Өнөрөө тийм байнашдээ гэхээр нь би “Цогтруу ярьж асуугаач, Цогтын авгай нь зодоод байдаг юм бишүү Цогт арай төрсөн хүүхдээ ингэхгүй байлгүйдээ аймаар болгосон байнашдээ” гэсэн чинь  Өнөржаргал Цогт руу залгаад “охины нуруу хөхөрчихсөн байна яасан юм бэ” гэсэн чинь Цогт өөрөө л тоглож яваад шатны уруу уначихсан шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд Өнөрөө бид хоёр Оюун-Эрдэнээс өөрөөс нь асуусан чинь “Маралмаа аниа чамайг харахаас дургүй хүрээд байна” гээд аавыг ажилдаа явсан хойгуур намайг зоддог гэж хэлсэн. Тэрний дараа шинэ жилийн өмнөхөн 2014 оны 12 сарын сүүлээр шиг санагдаж байна. Цогт охинд өвлийн хувцас авч өгнө гээд авч яваад эргүүлж Өнөржаргал дээр авчирсан юм. Тэгэхэд Оюу-Эрдэнийн баруун хөлнийх нь өвдгөн дээр нь нилэнхүйдээ хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь Өнөржаргал бид хоёр “яасан юм бэ” гэсэн чинь Оюу-Эрдэнэ “Маралмаа аниа аав хоёр тавчикаар зодсон” гэж хэлсэн тэгсэн чинь Өнөрөө уурлаад “хүүхэд зодоод байдаг юм уу хаашаа юм бэ, Цогтынд очоод ирэх болгондоо хөх няц болчихсон байх юм, Цогттой уулзаж хэлж ярихаас” гэж байсан. Сүүлд надад Өнөржаргал хэлэхдээ “Оюу-Эрдэнэ надад Маралмаа аниа аавыг ажилдаа явсан хойгуур зоддог, бас Маралмаа аниаг уурлахаар аав намайг зоддог” гэж хэлсэн гэж байсан. Ер нь бол Оюу-Эрдэнэ сүүлдээ аав, Маралмаа аниа хоёр дээрээ очихгүй гээд байдаг болсон гэсэн мэдүүлэг. /1хх 106-109/

Гэрч С.Отгонжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 10 сарын 25-ны орой Маралмаа  манай өрөөнд орж ирээд “өнөө орой сахиус бууна, үзэх үү” гэсэн болохоор би өрөөнд нь орсон. Тэгээд Маралмаа бөөгийнхөө зан үйлийг хийгээд байж байхдаа нөгөө гэрт нь байсан жаахан охин Оюу-Эрдэнийг загнаад байхаар нь тухайн үедээ “ямар сонин юм бэ, ингэдэг л юм байхдаа” гэж бодоод чимээгүй гараад явсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа 2014 оны 10 сарын 28-нд ажлаа тараад гэртээ 16 цагийн үед иртэл Цогтын өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь яваад орсон чинь нүүрний пудер шингээгч гээд цацдаг юмаар Оюу-Эрдэний нүд рүү нь цацчихсан, нөгөө охин нүдрүүгээ пудер шингээгч цацуулчихсан болохоор нүдээ аних гээд аних гэхээр нь л Маралмаа загнаад “чи яах гээд байгаа юм наад нүдээ нээ” гээд уурлаад загнаад байхаар нь би өмөөрөөд “чи яаж байгаа юм бэ хүүхдийг гэж хэлээд Оюу-Эрдэнэ охиныг өвөр дээрээ аваад нүдийг нь алчуураар арчиж өгсөн. 3 настай хүүхдийн санаанаас гарахгүй санаатай эх шигээ зэвүүн хүүхэд байгаа юм гээд зэвүүцсэн маягтай Оюу-Эрдэнэ рүү харчихаад хэлээд байхаар нь охиныг өрөвдөөд гэртээ аваад орсон.

..Маралмаа аниа ингээд нүдгүй болчихвол намайг зодохгүй” гэж хэлэхээр нь миний дотор эвгүй оргиод дотор сэртэс хийгээд эвгүй оргиод явчихсан. Тэр явдлыг

Цогт, Маралмаа хоёрт хэлье гэж бодсон боловч бас зодох байх гэж бодоод хэлээгүй юм. Би Цогтыг байхгүй үед л өрөөнд нь ордог байсан тэгээд орох болгонд Маралмаа дарамтлаад байнга зодоостой, яагаад тэгдэгийн байнга завилуулаад суулгачихсан байдаг байсан. 2014 оны 11 сарын үед гэрт нь нэг удаа яваад орсон чинь Маралмаа Оюу-Эрдэнийг аймаар чанга хацарлуу нь алгадаад авсан. Яасан гэсэн чинь энэ муу дандаа ингэдэг байхгүй юу гээд аль хацарлуу нь билээ гараараа их л чанга алгадаад авч байсан ба тэр үед Оюу-Эрдэнэ бие засах гэж байгаад угаадсыг нь татаад асгачихсан юм байналээ. 2015 оны 02 сарын эхээр байхаа яг тодорхой сайн санахгүй байна өдрийг нь багцаагаар хэлэхээр 2, 3-ны үед байхаа өдрийн 16 цагийн үед Цогтын өрөөнд тэр өдөр Цогт байхгүй байх шиг байсан Оюу-Эрдэнэ уйлаад Маралмаа аниа намайг битгий зодоочдээ, одоо болышдээ, одоо болышдээ гээд тэр үгийг дахин давтаж хэлээд бахираад цурхирч уйлаад байсан. Тэр үеийн миний төсөөлөл гэвэл хүн яг амь тэмцээд юм самардаад аймаар аргаа бараад одоо болоошдээ, болоошдээ гээд уйлаад байсан. гэсэн мэдүүлэг. /1-р хх 176-179/

Гэрч Н.Хандрагчаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Миний санаж байгаагаа 2015 оны 02 сарын 03-ны өдөр Г.Маралмаа “гэрт ус байхгүй байна хүүхэд орондоо баасан байна” гэхээр нь 25 литрийн ус 09 цагийн үед гэрт нь оруулж өгөхөд Т.Цогт ажлаасаа буугаагүй ирэхээр нь худаг орно гэж хэлж байсан. Гэтэл 4 настай охин ямар ч хувцасгүй цонхны доор суучихсан цонхны доор суучихсан цонхны салхивч онгорхой байсан. Би хүйтэн өдөр байсан болохоор хувцсыг нь өмсүүлсэн. Гэтэл Г.Маралмаа хүлээж бай пудволк, дотуур өмч авч өгнө гэж зандрангүй хээлэхээр нь хүүхэддээ юм хэлж байна гэж бодоод анзаараагүй. Тэгээд би наад цамц, ноосон өмдөө өмсчих гэж хэлээд өмсүүлчихээд гарч байсан гэсэн мэдүүлэг. /1-р хх 165/

Гэрч Л.Нармандах мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : 2015 оны 02 сарын 13-ны өдөр 13-14 цагийн үед байх эхнэр Отгонцэцэгийн хамт Жаргалсайхан ахын хашаанд очиж чингэлэгнээс үхрийн өвчүү авсан юм. Машинаа чингэлэг рүү ухраагаад машинаас буугаад ирэхэд Жаргалсайхан ахын өвлийн байшингийн гадаа хашаан дотор байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын  урд буланд 4-5 орчим насны эмэгтэй хүүхэд тоглоод байж байсан. Тэгээд өвчүүгээ аваад гараад ирэхэд намайг хараад зогсож байхаар нь би машин дотроосоо чихэр аваад нөгөө охиныг дуудаж өгөхөд баярлалаа гээд авсан. Тэгэхээр нь өхөөрдөөд дахин 2 ширхэг чихэр машин дотроосоо аваад өгөхөд дахин баярлалаа гээд авахаар нь гадаа хүйтэн байна ахын дүү гэртээ ороорой гэхэд за гэж хэлсэн.  Сэргэлэн дүү цовоо байдалтай байсан бөгөөд нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэг хөхөрсөн болон гэмтсэн гэмтэл шарх харагдаагүй гэсэн мэдүүлэг. /1-р хх 211/

Гэрч Т.Туяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..нэг удаа 2015 оны 1 сарын 27-ны өдөр гурвуулаа манай ажил дээр ирсэн. Тэгээд Цогт утсаар яриад гараад явсан байсан би талийгаач охинтой уулзаад ярихад духан дээр нь хавдсан булдруу болсон байсан. Би яагаад хүүхэд ийм болгож байгаа юм гэж Маралмаагаас асуухад өөрөө хана мөргөөд гэсэн би юу гэж хүүхэд ингэж байх юм гээд талийгаач охиноос өөрөөс нь асуухад “аниа миний толгой өвдөөд би тэгсэн юм” гээд айсан байдалтай байсан. Би Маралмаад “чи хүүхдийн толгойд жин тавиад янзлахад” яасан юм гэхэд тэгвэл наадах чинь даварчихна гэсэн тэгээд би охинд чихэр өгөөд халаасанд нь хийж өгсөн, охин чихрээ авах гээд халаасандаа гараа хийхэд чи гараа аваач гээд загнаад байсан. гэсэн мэдүүлэг. /1-р хх 149/

Гэрч Ш.Батсүрэн  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..тэр өдөр 2015 оны 02 сарын 16-ны өдөр 16 цагийн үед буузны мах татаад гэртээ сууж байтал гадуураа халаад өмссөн хүүхэн гэрийн хаалга цохиод “би танай байшинд орсон хүн байнаа та утсаараа яриулаач би нэгжгүй болчихоод байна” гэж хэлэхээр нь “чи хаашаа ярих гэж байгаа юм” гэж асуухад “би нөхөрлүүгээ ярих гэсэн юм” гээд нилээд сандарсан байдалтай орж ирсэн учраас дугаарыг нь хийгээд би өөрийнхөө 89644470 дугаараас нөхөрлүү нь залгуулж байх хооронд нөгөө хүүхэн “та манай гэрт ороод хүүхэд хараад өгөөч хүүхэд татаад байна” гэж хэлэхээр нь утсаараа залгаастай хүүхний араас дагаад байшин руу ороход байшинд шалан дээр газраар матрас гудас дэвссэн түүн дээр 3-4 насны бололтой жаахан охин хэвтэж байсан. Охиныг харахад хагас ухаангүй байдалтай яг татаагүй, нэрээр нь дуудахаар мэдээд нүдээ нээх гээд өрөөсөн нүд нь хагас нээгдээд нөгөө нүд нь татаад байгаа бололтой нээгдэхгүй, мөн дуудахаар муухан “аа” гээд  дуугараад байсан. Тэр охин үс, толгой нүүр нь нойтон хувцас нь дээгүүрээ нойтон эрүү духны хэсэгт хөхөрсөн байхаар нь би тэр эмэгтэйгээс энэ “яагаад норчихсон нойтон байгаа юм бэ яагаад дух эрүү нь хөхөрчихсөн юм бэ” гэж асуухад ухаан алдахаар нь ус цацсан, сүү цацаж байгаад ус цацсан, манай хүүхэд наашаа нүүгээд юм зөөж байхад шатан дээрээс унасан юм” гэж надад хэлэхээр нь “хүүе тэгвэл тархи нь хөдлөөд удсан юм бишүү” гэж хэлсэн. Тэр хооронд нөхрийнх нь утасруу 2-3 удаа залгахад утсаа авахгүй байсан тэгтэл тэр хүүхэн та мессеж биччих гэж хэлэхээр нь “хүүхэд чинь татаад байна хурдан ир” гэж мессэж бичсэн чинь хэсэг хугацааны дараа тэр хүүхний утас руу нөхөр залгаж байна гээд ярьсан. Тэгж ярьж байхдаа нөхөр нь цаанаас нь ажилтай байна би очиж чадахгүй, түргэн дууд гээд яриад байх шиг байсан. Тэгснээ нөгөө хүүхэн та яриад өг гээд надад утсаа өгөхөөр нь би утсыг нь аваад “хүүхэд чинь татаад байна, чи хурдан ирж болдоггүй юм уу” гээд сандарсандаа жаахан ширүүн ярьсан байхаа тэгсэн чинь өөдөөс  “та яагаад намайг загнаад байгаа юм би гадуур дуудлагатай байна” гэж байсан. Би өөрийнхөө утсаар түргэн дуудах гээд залгасан чинь цагдаагийн 102 луу залгасан байхаар нь салгаад буцаагаад 103 түргэн лүү залгаж 2-3 удаа дуудлага өгсөн. Намайг анх ороод тэр хүүхдийг харахад духныхаа зүүн дээд хэсэгт хөхөрсөн, эрүүн дээрээ 2 газар жижигхэн хөхөрсөн харагдсан, түргэн дуудаад ирэхгүй болохоор нь такси бариад эмнэлэг явуулъя гээд нөгөө охины ээж эмэгтэйг гараад такси барь гээд гаргах үед би охины хувцсыг өмсүүлэх гээд ээжийнх нь гаргаж өгсөн триког өмсүүлж байхад охины 2 гуяных нь нэг тал лав хөхөрчихсөн харагдсан гэсэн мэдүүлэг. /1хх 201-202/

Гэрч О.Очирхуяг  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ..тухайн үед би хариуцсан хороон дээр гарсан хэрэг байсан учраас Г.Маралмаатай орой гэмтлийн эмнэлэг рүү явахаасаа өмнө эрүүгийн ахлах Алтангэрэлийн хамт уулзаж охин ямар байдлаар гэмтэл авсан, үнэн зөвөөр нөхцөл байдлын талаар дүгнэн асуулт хариултын журмаар асуухад Маралмаа нь өөрөө чимээгүй сууж байгаад урьд өмнө нь 2015 оны 01 сард охины толгой руу шилэн аягаар цохиж байсан, эхлээд шатнаас охиныг унасан гэж байснаа дараа нь нилээн бодож байснаа: тамхи байна уу тамхилаач гэхээр нь би тамхи өгсөн чинь тамхиа татаад би болсон асуудлыг яръя гээд охиныг зодсон талаараа ярьсан. Ярихдаа охин намайг нулимсан, тэгэхээр нь түхсэн чинь толгойгоороо шалан дээр ар дагзаараа унасан, тэгээд гуя гэлүү бөгсөн дээр нь гэлүү алгадсан гэж ярьж байсан юм. Тэр үед мөрдөн байцаагч Лхамсүрэн Маралмаагаас мэдүүлэг авсан юм. Миний хувьд болон бид нарын зүгээс Маралмааг алгадсан, үснээс нь зулгаасан ингэж тэгж хэл гэж шахалт үзүүлсэн, хүчээр хэлүүлсэн зүйл байхгүй, ингэж болохгүй гэдгийг бүгд мэднэ, Маралмаа өөрийнхөө үйлдсэн хэргийг бултуулах, өөр байдал руу мушгих үйлдэл одоо хийж байгаа юм байна гэж бодож байна. Урьд нь яагаад цагдаагийн ажилтан бид нарыг зодсон талаар хэлж яриагүй мөртлөө одоо сар гарны дараа гэнэтхэн бид нарыг зодсон хүчээр хэлүүлсэн гэж хэлж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Энэ бол худлаа. Шалгуулахад бэлэн байна гэсэн мэдүүлэг. /2-р хх 91/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 408 тоот дүгнэлтэнд: Шүүх эмнэлгийн онош, Хавсарсан гэмтэл, Гавал тархины битүү гэмтэл. Тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн эдийн няцрал. Баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх тархмал цусан хураа. Зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт. Баруун уушигны няцрал. Гавлын хөндийг нээж тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааг /120мг/ авах, цус тогтоох, гуурс тавих 1 удаагийн /2015.02.17/ мэс засал. Нүүр, толгой, мөчдийн олон тооны цус хуралт, зөөлөн эдийн няцрал. Тархи, уушигны эрс илэрсэн хаван. Тархины дарагдал. Уушигны гялтан дахь цэгчилсэн цус харвалт. Дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал.

Дүгнэлт:  Ц.Оюу-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг ямар ч байрлалд /босоо, суугаа, хэвтээ/ байхад авах боломжтой бөгөөд талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ. Гавал тархины гэмтлийн үед тухайлбал тархины хатуу хальсны доор цусан хураа үүссэн үед хэсэг хугацаанд үйл хөдлөл хийх, амьд явах боломжтой. Ц.Оюу-Эрдэнийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Ц.Оюу-Эрдэнэ нь АВО системээр Ba /III/ бүлгийн цустай байжээ. Талийгаач Ц.Оюу-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. гэсэн дүгнэлт /1-р  хх 251/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн нэмэлт шинжилгээ 408 тоот дүгнэлтэнд:

Ц.Оюу-Эрдэнийн охин хальс, үтрээ, хярзан, хошного, шулуун гэдэсний доод хэсэгт урагдал, язрал тогтоогдоогүй болно. Ц.Оюу-Эрдэнийн үтрээний болон шулуун гэдэсний арчидас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно. Ц.Оюу-Эрдэнэ нь ямар нэг бэлгийн замын халдварт өвчингүй байна. гэсэн дүгнэлт /2-р хх 2/

Шинжээч М.Энхбаяраас мэдүүлсэн: ...клиникийн эмч нар тухайн өвчтөнд илэрч буй эмнэл зүйн шинж дээр нь үндэслэн онош тавьдаг бөгөөд энэ онош нь үнэн зөв эсэхийг шинжээч эмч нар задлан шинжилгээний явцад тухайн эрхтэн дээр гарсан өөрчлөлтийг нүдээр харж, гараар тэмтэрч баримтжуулан үнэн зөв эсэхийг нь хянаж тогтоогдог юм.

Энэ хүүхдийн тархи толгойд үүссэн гэмтэл нь удсан гэмтэл байсан. Удсан гэдэг ойролцоогоор 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэс засал хийх үед 24-48 цаг буюу түүнээс дээшгүй цаг хугацаа өнгөрсөн байхаар байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс урагш 24-48 цаг, түүнээс дээшгүй хугацааны өмнө үүссэн байхаар байна. Энэ гэмтлийг авсан хүүхэд гэмтэл авснаас хойш ямар нэгэн зовиур шаналгаатай байна. Жирийн эрүүл хүүхэд шиг тоглож наадаад, орчинтойгоо харилцаад байх бараг боломжгүй, байсан ч бага байна. /унтах, уйлагнах, сулбагар болох гэх мэтээр/

Дүгнэлтэд дурьдагдснаар тархиндаа гэмтэл авсан хүн өтгөн шингэнээ хянах чадвар чадвараа алдаж болно. Мөн сэтгэл санааны байдал, айсандаа ч өтгөн шингэнээ гаргаж болно. /өөрийн мэдэлгүйгээр/ 4 настай хүүхдийн хувьд гэмтэл авсны улмаас айснаасаа болж өтгөн шингэнээ гаргасан байж болно. Биед нь үүсгэгдсэн зөөлөн эдийн гэмтэл, хөхрөлт, няцралтууд нь /олон тооны/ тархины гэмтэлтэй холбоотой байх боломжгүй юм. Түүнчлэн нэг зэрэг, нэг хүчний үйлчлэлийн улмаас өөрөөр хэлбэл өндрөөс 1 удаа унахад дээрх гэмтлүүд нэг зэрэг үүсэх боломжгүй. Уушигны гэмтэл, тархинд авсан гэмтэл 2 тус тусдаа өөр өөр хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн боломжгүй юм гэсэн мэдүүлэг. /2-р хх 23-25/ / 2-р хх 28/

Гэрч Б.Баттөгс  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Ц.Оюу-Эрдэнэ нь 4 настай эмэгтэй биеийн байдал маш хүнд тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун талын хатуу хальсны доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт хүнд хэлбэрийн комийн байдал, тархи дарагдалт үхлийн өмнөх байдалтай гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ирж яаралтай мэс засалд орж тархины баруун тал бөмбөлгөөс тархины хатуу хальсан доорх бүлэг, няцарсан тархины эдийг авах мэс засал хийлгэсэн.. гэсэн мэдүүлэг. /1-р хх 229/

Гэрч Д.Санжаажамц мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Намайг 2015 оны 02 сарын 16-ны орой жижүүрийн эмчийн хөтөлдөг үзүүлэгчийн бүртгэлийг үзэж байхад Цогтоогийн Оюу-Эрдэнэ 4 настай эмэгтэй гэсэн тэмдэглэл байсан. Үүнийг тухайн үед ажиллаж байсан Эрдэнэболд эмчээс асуухад “эцэг нь миний охин шатнаас унасан, хэвтэж эмчлүүлэхгүй, санал гомдолгүй  гээд аваад явсан. Уг нь би “тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл гэдэг онош тавиад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн юм” гэж хэлж байсан. Тухайн үед охины ар гэрийнхэн нь аваад явчихсан байсан гэсэн мэдүүлэг. /1-р хх 239/

Гэрч Б.Батнаран  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 02 сарын 16-ны өдөр тасгийн жижүүрийн эмчээр 16 цагаас эхэлж ажилласан. Ажиллаж байхад 18 цаг дөхөж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирсэн. Хүүхэд нь таталттай ирсэн. Хүүхдэд менитол дусал, анальгин, демидрол тарьж хүчилтөрөгч залгасан. Хүүхдийн таталт тавигдаж хөдөлгөөний идэвхтэй болсон. Эмчилгээ эхлэхээс өмнө яасан талаар нь асуухад 4 хоногийн өмнө хувийн орон сууцны 1 давхрын шатнаас унасан, би ажил ихтэй болохоор үзүүлж амжаагүй байсан, дөнгөж сая 30  минутын өмнө татахаар нь өөрөө авч ирлээ гэсэн. Эмчилгээ хийж байхдаа би унасан учир комьютер томограф зураг авах шаардлагатай гэхэд тэр хүүхэн “манай ажил ойрхон, би Баянзүрх дүүргийн цагдаад ажилладаг, мөнгөө аваад ирье” гэсэн. Хүүхэд унасан учир ГССҮТ-д үзүүлэх шаардлагатай учир тийшээ хүргэж өгөхөөр болсон. Гэмтэл рүү явах тухай ээжид нь хэлэхэд бид өөрсдийн машинаар аваад явъя өөрсдөө явчихъя гээд дургүй байдал илэрхийлсэн. “Албаны машин хурдан учир бид нар авч явна” гэсэн ба явах гэж байх үед аав нь гээд цагдаа өөрийн машинтай ирсэн. Машинд хүүхэд, ээж нь болон сувилагч Цагаанаа нарын хамт суугаад явсан. Явах замд охин их сэргэлэн, асуусан асуултанд хариулаад зүгээр байсан. 19 цаг 30 минутын үед ГССҮТ-д очиж хүлээлгэж өгөөд явсан гэсэн мэдүүлэг. /1-р хх 218-219/

Гэрч Б.Эрдэнэболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 02 сарын 16-ны оройн 20 цагт Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс Оюу-Эрдэнийг эмч хүргэж авч ирсэн. Анх ирэхдээ Оюу-Эрдэнийг шатнаас унасан гэж эхлээд эмч нь хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр таталт өгсөн байдалтай орж ирсэн гэсэн ба тэнд анхан шатны арга хэмжээнүүдийг аваад манай эмнэлэгт хүргэж ирсэн байсан. Хажууд нь нэг эмэгтэй хүүхдийг тэвэрсэн байдалтай орж ирсэн. Тэгээд хүүхдийг үзэхэд хүүхэд ухаантай, орчиндоо харьцаатай, команд биелүүлсэн байдалтай байсан үзлэгийг хийгээд хүүхдийн толгойн зураг авч үзэхэд зураг дээр илэрхий хугарал цуурал байгаагүй. Тэгээд яаж гэмтсэн талаар болон өмнө нь таталт өгч байсан эсэх талаар тодруулж асуухад “шатнаас 4 хоногийн өмнө унасан” гэж хамт ирсэн эмэгтэй хэлж байсан. Өмнө нь ингэж уналт таталт өгч байгаагүй гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг өмнө уналт таталт өгч байгаагүй учраас тархины гэмтэл байж болзошгүй гэж үзэн эмнэлэгт хэвтүүлэх гэтэл эмнэлэгт хэвтэхээс татгалзаж эхэлсэн. Энэ үед бол аав нь байгаагүй. Яагаад эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа юм бэ гэж асуухад “бид 2 хоёулхнаа явж байна, хувцас хунар авч ирж өгөх хүн байхгүй гэсэн шалтгааныг тавьсан. Хувцас хунарыг хүүхэд эмнэлэгт хэвтсэний дараа яваад аваад ирж болно гэдгийг хэлсэн. Аав нь ажилтай болохгүй гээд байхаар нь өөрөө ээж нь үү гэж асуухад үгүй би эгч нь гэж хэлж байсан. Тэгэхээр нь “энэ хүүхдийн талаар шийдвэр гаргах эрхтэй хүнийг дууд” гэж хэлсэн. Тэгээд түр хүлээлгэсэн цаг орчмын дараагаар аав нь гэх цагдаа хувцастай залуу орж ирсэн. Аавыг нь ирсний дараа эмнэлэгт хэвтүүлэх талаар дахиад хэлэхэд “эмнэлэгт хэвтэх боломжгүй” гээд эмнэлэгт хэвтээд юу хийгдэх талаар асуусан. Би Цогт гэдэг залууд хүүхэд уналт, таталт өгсөн учраас эмнэлэгт хэвтүүлж эмийн эмчилгээ хийнэ, толгойд комьютерийн томографийн шинжилгээ хийх талаар хэлсэн. Тэгэхэд шинжилгээний төлбөрийн талаар асуухаар нь “шинжилгээ бол төлбөртэй, яг одоо биш маргааш юм уу хэвтсэний дараа хийж болно” гэж хэлсэн. Тэгтэл Цогт “эмнэлэгт хэвтүүлэхгүй, зөвлөгөө аваад хүүхдээ аваад явна” гэж хэлсэн. Тэгээд асран хамгаалагч эцэг нь учраас эмнэлэгт хэвтэхээс татгалзаж байгаагаа бичиж өгөхийг хүссэн. Тэгэхэд аав нь тэгий гээд бичиж өгсөн гэсэн мэдүүлэг. /1-р хх 223-224/

Т.Цогтоос: Ц.Оюу-Эрдэнэ 4 хоногийн өмнө л шатнаас унаж гэмтсэн бөгөөд 2015.02.16-нд ирж ГССҮТ-д ирж үзүүлэв. Хэвтэж эмчлүүлэхээс татгалзаж зөвлөгөө авах хүсэлтэй байна” гэх баримт. /1хх 5/ Шүүгдэгч Г.Маралмаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх 167/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 189/, 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн №411 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 191-195/, шүүгдэгч Т.Цогтын иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх 220/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 205/, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх 41-44, 46-48, 1 хх 55-66, 2 хх 5-9/, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №408 дугаар дүгнэлт /1 хх 247-249/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн шинжээчийн нэмэлт шинжилгээ 408 тоот дүгнэлт /2-р  хх 2/

5-р хх-н 85-д авагдсан Шүүх эмнэлэгийн нэмэлт шинжилгээ ¹ 225 тоот дүгнэлт хэсэгт 1.Талийгаач Ц.Оюу-Эрдэнийн гавал тархинд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Уг гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болох бөгөөд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломтой.

3.Талийгаач Ц.Оюу-Эрдэнэд учирсан баруун уушигны няцрал гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Уг уушигны няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Талийгаач Ц.Оюу-Эрдэнэд цаг алдалгүй эмнэлэгийн тусламж үзүүлж эмчилгээ  хийсэн бол амь насыг аврах боломжтой гэсэн дүгнэлт, бүрэлдэхүүнтэй давтан шинжилгээ хийлгэх тогтоол / 5-р хх-н 88/,2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 280 дугаартай шинжээчийн дүгнэлт / 5-р хх-н 91-85/ шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /хх-н 96-97/, шинжилгээ хийлгэх тогтоол / 5-р хх-н 103/, 2016.3.31-ний  өдрийн шинжээчийн дүгнэлт /5-р хх-н 104-107/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Г.Маралмаа, Т.Цогт нар нь бүлэглэн   2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 2-215 тоотод оршин суух гэртээ өмдөндөө баалаа, үгэнд орсонгүй гэж 3 нас 11 сартай Ц.Оюу-Эрдэнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах  бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалын өгсөн ….2015 оны 02 сарын 17-ны өглөө 09 цагийн үед миний утас руу Цогт залгаад охин Баянзүрх дүүргийн эмнэлгийн сэхээнд ухаангүй байна яаралтай ир гэж хэлсэн, тэгээд би Даваасүрэн эгчид охин ухаангүй байна гэнэ гэж хэлсэн чинь дахиад залгадаа юу болсон юм бэ гэж хэлэхээр нь дахиж залгаад охин яасан юм бэ гэж асуухад Цогт ирж чадахгүй бол больчихоо охин сэхээнд байна гэж хэлсэн.

Намайг Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирээд сэхээ рүү орж охиноо харахад охин ямар ч ухаангүй, аманд нь хуруу хиртэй амьсгалын бүдүүн гуурс хийчихсэн, “100% аппаратаар амьсгал хийж байна танай хүүхэд өөрийн амьсгал байхгүй ирсэн” гэж хэлсэн. Би охиноо харахад охины дух зүүн хэсэгтэй хөхөрсөн, эрүүний доор 2-3 газар хөхөрсөн байсан байхаа, мөн 2 хөл гуяны урд хэсэгт хөхөрсөн, гар бугалга хэсэгт хөхөрсөн, памперс зүүсэн байсан. Тэгээд пампесрийг нь солих уу гээд тайлсан чинь охины боожоо нь 2 талдаа хөхөрсөн байсан. Тухайн үед сувилагч билүү эмч нь билүү эмнэлгийн ажилтан “энэ арай бишээ миний дүү хүүхэд унахад ийм болохгүй” гэж надад хэлж байсан гэсэн мэдүүлэг

Талийгаач Ц.Оюу-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. гэсэн дүгнэлт /1-р хх 251/

Шинжээч М.Энхбаярын мөрдөн байцаалтад өгсөн …Энэ хүүхдийн тархи толгойд үүссэн гэмтэл нь удсан гэмтэл байсан. Удсан гэдэг ойролцоогоор 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр мэс засал хийх үед 24-48 цаг буюу түүнээс дээшгүй цаг хугацаа өнгөрсөн байхаар байна. Өөрөөр хэлбэл 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс урагш 24-48 цаг, түүнээс дээшгүй хугацааны өмнө үүссэн байхаар байна. Энэ гэмтлийг авсан хүүхэд гэмтэл авснаас хойш ямар нэгэн зовиур шаналгаатай байна. Жирийн эрүүл хүүхэд шиг тоглож наадаад, орчинтойгоо харилцаад байх бараг боломжгүй, байсан ч бага байна. /унтах, уйлагнах, сулбагар болох гэх мэтээр/ гэсэн мэдүүлэг

          Шүүгдэгч Г.Маралмаагийн  өгсөн …коршокинд суулгах гэтэл суухгүй хөл  нүцгэн зогсоод байхаар нь ор луу хэвт гээд түлхтэл толгойгоороо шалан дээр тэрийгээд унасан, газар унахаар нь босгож ирээд бөгс рүү нь 2 удаа гараараа алгадаад хэвт гээд оронд хэвтүүлсэн. Тэгтэл тэр оройдоо охин жаахан нурмайгаад бие нь эвгүй байгаа бололтой байсан. Надад охиныг санаатай алъя гэсэн бодол байхгүй байсан. Охиныг  би нэг удаа түлхэж унагаасан буруугаа хүлээж хохирогч  Өнөржаргалаас уучлалт гуйж байна. Өнөөдөр миний буруу байгаа учир би өөрийнхөө бурууг 100 хувь хүлээж байна  гэсэн мэдүүлэг

Гэрч О.Очирхуягын   мөрдөн байцаалтад өгсөн … охин намайг нулимсан, тэгэхээр нь түлхсэн чинь толгойгоороо шалан дээр ар дагзаараа унасан, тэгээд гуя гэлүү бөгсөн дээр нь гэлүү алгадсан гэж Маралмаа ярьж байсан юм гэсэн мэдүүлэг. /2-р хх 91/

Шүүгдэгч Т.Цогтын өгсөн …2015 оны 02 дугаар сарын 15-нд ломбарднаас буцаж явахад Маралмаа над руу яриад “охин өмдөндөө баачихлаа, надаар цэвэрлүүлэхгүй байна” гэж хэлсэн тэгэхээр нь би ”за за би одоо очиж байна, орхичих” гэж хэлсэн. Тэгээд утсаараа “очиж байгаад арьсыг нь хуулаад өгнө” гэж мессеж бичсэн. Би гэртээ орход охин үүдэнд, баастай өмдтэйгөө зогсож байсан. Би өөрөө өмдөө тайл гээд өмдийг нь тайлуулсан, ОО-ын цаас таслаж өгөөд өөрөөр нь бөгсийг нь арчуулсан. Маралмаа ваннд ус хийж өөрөөр нь бөгсийг нь угаалгасан. Маралмаа надад хэлэхдээ ”наадах чинь бас гараа амандаа хийж байгаад бөөлжсөн” гэж хэлсэн. Энэ үед 14 цаг өнгөрч байсан. тэгэхээр нь би охиноо урдаа зогсоож байгаад ингэж болохгүй гээд зүгээр л бэлгэдлийн маягаар бүсээрээ бөгсөнд нь сулхан ороолгосон. ...18-19 цагийн үед хувцасаа янзалж байхдаа анзаарсан юм тэгэхэд нурмайгаад л үг дуугүй болоод бодлогоширсон маягтай суугаад хөдлөхгүй, хөдөлгөөн багатай болсон байсан гэсэн мэдүүлэг  зэрэг болно.

Охины төрсөн эх Б.Өнөржаргал  ажил хийх зорилгоор охиноо харж чадахгүй байсан учраас төрсөн эцэг Т.Цогтод хандаад охиноо өгсөн байна. Т.Цогт, Г.Маралмаа нартай талийгаач Ц.Оюу-Эрдэнэ нь 2014 оны 10 сарын 2-ноос 11 дүгээр сарын 02-ныг хүртэл, 12 дугаар сарын 25-наас 30-н хүртэл, 2015 оны 01 дүгээр  сарын 24-нөөс 2  дугаар сарын 10-н хүртэл, 2  дугаар сарын 12-ноос 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан байна.

Иймд Г.Маралмаа, Т.Цогт нарыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай  алах гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ гэмт хэрэг нь гэр бүлийн хүрээнд, гэр бүлийн хүчирхийлэл дор үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас 3 нас 11 сартай бяцхан охин амь насаараа хохирсон байгаа нь шүүгдэгчийн  шууд буруутай үйлдлийн улмаас болсон боловч энэ гэр бүлд хүчирхийлэл байгааг мэдсээр байсан нийтийн байрны хөрш айлын этгээдүүд зохих газарт мэдэгдээгүй,  ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдал,  талийгаач охины төрсөн эх, хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Өнөржаргал нарын таслан зогсоогоогүй буруутай үйлдэл нөлөөлсөн байна.

Г.Маралмаа нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байх хугацаандаа өөрийн дагавар охин Ц.Оюу-Эрдэнийг бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох,  эхийнх нь  бузрыг арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлаасан,

Мөн түүнчлэн Г.Маралмаа,  Т.Цогт нар нь    бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны  өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байхдаа талийгаач Ц.Оюу-Эрдэнэд арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлэх, модон могойгоор ороолгох , суран бүсний арлаар зодох зэргээр байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Б.Өнөржаргалын мэдүүлсэн  ..2014 оны 10 сарын 02-ны өдөр Цогт ирж охиноо авсан юм түүнээс хойш 2014 оны 11 сарын 02-ны өдөр Цогт өөрөө охиныг надад авчирч өгсөн. Би маргааш орой нь хүүхдээ усанд оруулах гээд хувцсыг нь тайлахад нурууны гол хэсгээс доош ахар сүүл ууц хүртлээ хөхрөөд ягаан өнгөтэй болчихсон байхаар нь охиноо “миний охин нуруу нь яагаад хөхөрчихөө вэ” гэж асуухад “Маралмаа аниа аавыг ажилдаа явахаар чамайг харахаас дургүй хүрээд байна гээд намайг зоддог, миний үснээс зулгаадаг” гэж ярьсан. Миний охины тэгж ярихыг тухайн үед надтай хамт хашаанд амьдарч байсан хажуу гэрийн Б.Алимаа эгч хамт хүүхдээ усанд оруулах гээд байсан учраас сонсож байсан. Тэгэж ярихыг сонсоод “хүүе ямар аймаар болгоо вэ, тэр Цогтын авгай нь  зодоод байдаг юм бишүү? чи залгаж хэлээч Цогт арай ч хүүхдээ ингэхгүй байлгүйдээ” гэж хэлэхээр нь би утсаар Цогт руу залгаад “охины нуруу яасан юм бэ нуруу нь хөхөрсөн байна, яагаад ийм болчихсон бэ” гэж асуухад Цогт “охин ээжийгээ санаад байна гэж гарч гүйж байгаад шатнаас унаад нуруу нь ийм болсон” гэж хэлэхээр нь нуруу ууц нь гэмтчихсэн юм биш биздээ эмнэлэгт үзүүлсэн үү гэж асуухад үзүүлсэн үзүүлсэн зүгээр гэж байналээ гэж надад хэлээд утсаа салгасан. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цогт надруу ярьж охиныг авч яваад 5 хоногийн дараа 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. ..тэр үед ирэхдээ охины баруун хөл нь өвдөгнөөсөө доошоо шилбэнийхээ урд хөхөрчихсөн ирсэн. Би бас Цогт руу залгаад “охины хөл хөхөрсөн байна яасан юм бэ?” гэж асуухад Цогт “би яаж мэдэхэв дээ ирэхдээ тэгвэл хөхөрчихсөн юм байгаа биз” гээд утсаа салгасан, тэр үед манай хажуу айлын Алимаа эгч хажууд байсан болохоор энэ талаар сайн мэдэж байгаа. ..охин Оюу-Эрдэнэ 2015 оны 02 сарын 10-ны өдөр над дээр ирэхдээ биед нь ямар ч хөхөрсөн няцарсан гэмтэл байгаагүй.

Охин Оюу-эрдэнэ маань над дээр ирээд хэлэхдээ: “Маралмаа аниа, аав хоёр зодоод, аав загнадаг, аавыг ажилдаа явахаар Маралмаа аниа намайг зоддог, таавчигаар цохидог гэж ярьдаг байсан гэсэн мэдүүлэг  /1-р хх 77-83,/

Насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэлийн  мөрдөн байцаалтад өгсөн … Маралмаа талийгаач охиныг байнга загнаж зандарч харьцдаг байсан. Тэгээч ингээч чамд хэлсэн биздээ гээд буланд зогсоогоод эсхүл байнга суулгаад хөдөлгөхгүй байлгадаг байсан. Тэгээд коршокондоо шээгээд босоод явахаар би чамайг шээсээ асга гэдэг биздээ гээд загнаад байдаг байсан. Бас Маралмаа бөө болж байна гээд талийгаач дүүг нэг модон могой шиг юмаар нуруу руу нь цохидог, өмсгөлөө өмсөөд бөөлөөд байдаг. Дүү маань айгаад уйлаад байдаг байсан. Би яагаад цохиж зодоод байгаа юм гэхэд “эхийнх нь бузар шингэсэн байна” гээд байсан. Олон удаа онгод нь бууж байна гээд талийгаач охиныг тэр модон могой шиг зүйлээр ороолгож зоддог байсан. Нэг удаа бүр чармай нүцгэн болгож байгаад сүү цацаад зодож байсан. Би болиулж чадахгүй айгаад л сууж байдаг байсан. Бөө болчихоод онгод нь буусан байхдаа  Маралмаа өөрөө “чи яагаад миний түшээ охины үгэнд орохгүй байна, амийг чинь таслана шүү” гэж талийгаач охин дүүг маань загнаад байдаг байсан. Дүү маань зодуулаад цохиулаад уйлаад л байдаг байсан. Тэгээд дандаа нуруу руу нь цохидог байсан. Нуруун дээр нь хөхөрсөн байсан тэрийг “манжигдуулсан” гэж хэлж байсан. Ганц хоёр л манжигдсан юу болдог юм гээд байсан. Намайг бас онгод нь буулаа гэж нуруу руу нөгөө юмаараа цохиж байсан аймаар их өвдөж байсан.Нэг удаа харин орондоо бөөлжсөн тэр нь болохоор Маралмаа эгч арц арвайн будаа хольчихсон, бөө энийг өг гэсэн гээд чи дүүдээ өг гэхээр нь би өгөх гэсэн чинь Оюу-Эрдэнэ аниа би энийг идэхгүй гэсэн тэр нь аягүй гашуун юм байсан, тэгээд элсэн чихэртэй найруулаад өгч байсан дараа нь Цогт ах орой нь ирсэн тэгсэн нөгөө арцтай хольсон юм бараг идээгүй байсан чинь Маралмаа эгч энийг тэнгэр өгсөн шдээ наадахдаа идүүл гэсэн чинь Цогт ах би өөрөө өгье гээд тэр юмыг идүүлсэн тэрнээс болж Оюу-Эрдэнэ шөнө орондоо шээгээд дараа нь бөөлжсөн, тэгсэн чинь Маралмаа эгч байнга орондоо шээж баах юм сонин шдээ гээд загнаад байсан. 2015 оны 01 сарын 15-наас хойш байсан шиг санагдаж байна “дүүгээ хараад өгөөч үгэнд орохгүй байна” гэхээр нь би яваад очсон 15-17 цагийн үед Маралмаа эгч цэнхэр могойтой өмсгөл өмсөөд хэнгэргээ дэлдээд Оюу-Эрдэнийг чармай нүцгэлээд өөрийнхөө өмнө 4 хөллүүлж тонгойлгож суулгаад тагшинд надаар сүү хийлгээд амандаа балгаад Оюука руу амаараа тургиад цацаад цааш нь харуулж бас цацаад тэгээд модон могойгоор нуруу руу нь цохиж байснаа дараа нь толгой руу нь нөгөө модон могойгоороо цохисон, дараа нь намайг бас модон могойгоороо нуруу руу 4-5 удаа цохисон, энэ үед Оюука уйлаад л байсан ер нь хэнгэргээ дэлдэхээр нь л айгаад уйлаад байдаг юм. Тэгээд Оюукаг хэвтүүлээд гарандаа шар тос үрж байгаад эхийнх нь хормойн бузар шингэсэн байна гээд Оюукагийн бэлэг эрхтэнг чанга базаж чимхээд, татаад гэдсгийг нь илээд улаан нойлын утсаар гэдсийг нь ороогоод зангидсан. ..надад аавтайгаа л хамт баймаар байна Маралмаа аниатай цуг баймааргүй байна гэж ярьдаг байсан гэсэн мэдүүлэг. /1-р  хх 141-142/

Гэрч Б.Алимаагийн   мөрдөн байцаалтад  өгсөн …:  2014 оны 11 сарын эхээр байх Өнөржаргал бид 2 хоёр хүүхдээ усанд оруулж байхад Оюу-Эрдэнийн нуруун дээр нь нилэнхүйдээ ахар сүүл хүртлээ хөхрөлт болчихсон байхаар нь би эхэлж хараад хүүе энд хөхөрчихсөн байнаштэй гэсэн чинь Өнөрөө тийм байнашдээ гэхээр нь би “Цогтруу ярьж асуугаач, Цогтын авгай нь зодоод байдаг юм бишүү Цогт арай төрсөн хүүхдээ ингэхгүй байлгүйдээ аймаар болгосон байнашдээ” гэсэн чинь  Өнөржаргал Цогт руу залгаад “охины нуруу хөхөрчихсөн байна яасан юм бэ” гэсэн чинь Цогт өөрөө л тоглож яваад шатны уруу уначихсан шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд Өнөрөө бид хоёр Оюун-Эрдэнээс өөрөөс нь асуусан чинь “Маралмаа аниа чамайг харахаас дургүй хүрээд байна” гээд аавыг ажилдаа явсан хойгуур намайг зоддог гэж хэлсэн. Тэрний дараа шинэ жилийн өмнөхөн 2014 оны 12 сарын сүүлээр шиг санагдаж байна. Цогт охинд өвлийн хувцас авч өгнө гээд авч яваад эргүүлж Өнөржаргал дээр авчирсан юм. Тэгэхэд Оюу-Эрдэнийн баруун хөлнийх нь өвдгөн дээр нь нилэнхүйдээ хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь Өнөржаргал бид хоёр “яасан юм бэ” гэсэн чинь Оюу-Эрдэнэ “Маралмаа аниа аав хоёр тавчикаар зодсон” гэж хэлсэн тэгсэн чинь Өнөрөө уурлаад “хүүхэд зодоод байдаг юм уу хаашаа юм бэ, Цогтынд очоод ирэх болгондоо хөх няц болчихсон байх юм, Цогттой уулзаж хэлж ярихаас” гэж байсан. Сүүлд надад Өнөржаргал хэлэхдээ “Оюу-Эрдэнэ надад Маралмаа аниа аавыг ажилдаа явсан хойгуур зоддог, бас Маралмаа аниаг уурлахаар аав намайг зоддог” гэж хэлсэн гэж байсан. Ер нь бол Оюу-Эрдэнэ сүүлдээ аав, Маралмаа аниа хоёр дээрээ очихгүй гээд байдаг болсон гэсэн мэдүүлэг. /1-р хх 106-109/

Гэрч С.Отгонжаргалын  мөрдөн байцаалтад өгсөн … 2015 оны 10 сарын 25-ны орой Маралмаа  манай өрөөнд орж ирээд “өнөө орой сахиус бууна, үзэх үү” гэсэн болохоор би өрөөнд нь орсон. Тэгээд Маралмаа бөөгийнхөө зан үйлийг хийгээд байж байхдаа нөгөө гэрт нь байсан жаахан охин Оюу-Эрдэнийг загнаад байхаар нь тухайн үедээ “ямар сонин юм бэ, ингэдэг л юм байхдаа” гэж бодоод чимээгүй гараад явсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа 2014 оны 10 сарын 28-нд ажлаа тараад гэртээ 16 цагийн үед иртэл Цогтын өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь яваад орсон чинь нүүрний пудер шингээгч гээд цацдаг юмаар Оюу-Эрдэний нүд рүү нь цацчихсан, нөгөө охин нүд рүүгээ пудер шингээгч цацуулчихсан болохоор нүдээ аних гээд аних гэхээр нь л Маралмаа загнаад “чи яах гээд байгаа юм наад нүдээ нээ” гээд уурлаад загнаад байхаар нь би өмөөрөөд “чи яаж байгаа юм бэ хүүхдийг гэж хэлээд Оюу-Эрдэнэ охиныг өвөр дээрээ аваад нүдийг нь алчуураар арчиж өгсөн. 3 настай хүүхдийн санаанаас гарахгүй санаатай эх шигээ зэвүүн хүүхэд байгаа юм гээд зэвүүцсэн маягтай Оюу-Эрдэнэ рүү харчихаад хэлээд байхаар нь охиныг өрөвдөөд гэртээ аваад орсон.

..Маралмаа аниа ингээд нүдгүй болчихвол намайг зодохгүй” гэж хэлэхээр нь миний дотор эвгүй оргиод дотор сэртэс хийгээд эвгүй оргиод явчихсан. Тэр явдлыг Цогт, Маралмаа хоёрт хэлье гэж бодсон боловч бас зодох байх гэж бодоод хэлээгүй юм. Би Цогтыг байхгүй үед л өрөөнд нь ордог байсан тэгээд орох болгонд Маралмаа дарамтлаад байнга зодоостой, яагаад тэгдэгийн байнга завилуулаад суулгачихсан байдаг байсан. 2014 оны 11 сарын үед гэрт нь нэг удаа яваад орсон чинь Маралмаа Оюу-Эрдэнийг аймаар чанга хацар луу нь алгадаад авсан. Яасан гэсэн чинь энэ муу дандаа ингэдэг байхгүй юу гээд аль хацарлуу нь билээ гараараа их л чанга алгадаад авч байсан ба тэр үед Оюу-Эрдэнэ бие засах гэж байгаад угаадсыг нь татаад асгачихсан юм байна лээ. 2015 оны 02 сарын эхээр байхаа яг тодорхой сайн санахгүй байна өдрийг нь багцаагаар хэлэхээр 2, 3-ны үед байхаа өдрийн 16 цагийн үед Цогтын өрөөнд тэр өдөр Цогт байхгүй байх шиг байсан Оюу-Эрдэнэ уйлаад Маралмаа аниа намайг битгий зодооч дээ, одоо болоошдээ, одоо болоошдээ гээд тэр үгийг дахин давтаж хэлээд бахираад цурхирч уйлаад байсан. Тэр үеийн миний төсөөлөл гэвэл хүн яг амь тэмцээд юм самардаад аймаар аргаа бараад одоо болоошдээ, болоошдээ гээд уйлаад байсан. гэсэн мэдүүлэг. /1-р хх 176-179/

Гэрч Н.Хандрагчаагийн  мөрдөн байцаалтад  өгсөн … 4 настай охин ямар ч хувцасгүй цонхны доор суучихсан цонхны салхивч онгорхой байсан. Би хүйтэн өдөр байсан болохоор хувцсыг нь өмсүүлсэн. Гэтэл Г.Маралмаа хүлээж бай пудволк, дотуур өмч авч өгнө гэж зандрангүй хэлэхээр нь хүүхэддээ юм хэлж байна гэж бодоод анзаараагүй. Тэгээд би наад цамц, ноосон өмдөө өмсчих гэж хэлээд өмсүүлчихээд гарч байсан гэсэн мэдүүлэг. /1-р хх 165/

Гэрч Т.Туяагийн  мөрдөн байцаалтад өгсөн … би талийгаач охинтой уулзаад ярихад духан дээр нь хавдсан булдруу болсон байсан. Би яагаад хүүхэд ийм болгож байгаа юм гэж Маралмаагаас асуухад өөрөө хана мөргөөд гэсэн би юу гэж хүүхэд ингэж байх юм гээд талийгаач охиноос өөрөөс нь асуухад “аниа миний толгой өвдөөд би тэгсэн юм” гээд айсан байдалтай байсан. Би Маралмаад “чи хүүхдийн толгойд жин тавиад янзлахад” яасан юм гэхэд тэгвэл наадах чинь даварчихна гэсэн тэгээд би охинд чихэр өгөөд халаасанд нь хийж өгсөн, охин чихрээ авах гээд халаасандаа гараа хийхэд чи гараа аваач гээд загнаад байсан. гэсэн мэдүүлэг. /1-р хх 149/

Шүүгдэгч нарын хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болно.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.  

         Г.Маралмаа, Т.Цогт нар   нь дээрхи хугацаанд 3 нас 11 сартай охин Ц.Оюу-Эрдэнийг бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох эхийнх нь бузрыг арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор нүцгэн зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг шингээгч цацах, алгадаж, зодох,  арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлэх  зэргээр байнга зодож тарчлаадаг байсан нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Г.Маралмааг бусдыг байнга зодох, тарчлаасан  гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1  дэх хэсгээр  зүйлчлэн ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна гэж үзэв.

          Т.Цогтыг охиныг суран тэлээгээр ороолгох, арцтай хольсон арвай идүүлэх зэргээр охиныг зодож тарчлаасан, мөн Г.Маралмаатай бүлэглэн Г.Маралмаагийн дээрх үйлдлийг дэмжин 3 нас 11 сартай охин Ц.Оюу-Эрдэнийг бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлэх  зэргээр байнга зодож тарчлаадаг байсан нь хангалттай тогтоогдсон тул түүнийг бусдыг байнга зодож тарчлаасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1  дэх хэсгээр  зүйлчлэн ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Маралмаа нь 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байхад буюу ялгүй болсон үедээ үйлдсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Цогтод оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гадуураа улаан хүрэн өнгийн гэртэй Скай маркийн цагаан өнгийн гар утасыг хууль ёсны эзэмшигч Г.Маралмаад, хар өнгийн самсунг маркийн гар утас 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч Т.Цогтод буцаан олгож, шүлэг уншиж буй талийгаач Ц.Оюу-Эрдэнийн бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг түүний эх болох Д.Өнөржаргалд буцаан олгож, мөн бөөгийн эд зүйлс болох модон могой 2 ширхэг, үзүүртэй шар өнгийн металл очиртой, 3 бөөрөнхий модыг холбосон 5 төмрөөр бөгжилсөн 52 см урттай эдлэл 1 ширхэг, үзүүртэй олон салаа суртай модон ташуур 1 ширхэг, төмөр арал дээрээ цагаан шонхор шувуу дүрсэлсэн цагдаагийн бүс 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эмнэлэг зураг гэх бичигтэй Си Ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Маралмаагийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн шүүх хуралдааныг хүртэл  цагдан хоригдсон 776 хоногийг  хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох,  шүүгдэгч Т.Цогтын  2015 оны 02 дугаар сарын  17- наас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 138 хоног, 2015 оны 7 дугаар сарын 29- нөөс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон  363 хоног, 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоног нийт 555 хоног   цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг оршуулсан болон шашны зан үйлийн зардалд баримтаар нэхэмжилсэн 4.646.839 төгрөгийг шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт нараас хувь тэнцүү хуваан  гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Өнөржаргалд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

        Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 286, 290, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1..Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг  санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн

Г.Маралмаа, Т.Цогт  нарыг  бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн  гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дах хэсэгт зааснаар Г.Маралмааг 23 жилийн хугацаагаар хорих ял,  Т.Цогтыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн  ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмааг 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Цогтыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3.2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Цогтод оногдуулсан  2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хугацаагаар  хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаагийн 2015 оны 2 дугаар сарын 17-наас 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон  776 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Т.Цогтын  2015 оны 02 дугаар сарын  17- наас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 138 хоног, 2015 оны 7 дугаар сарын 29- нөөс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл  363 хоног, 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 54 хоног нийт цагдан хоригдсон 555 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөөгийн эд зүйлс болох модон могой 2 ширхэг, үзүүртэй шар өнгийн металл очиртой, 3 бөөрөнхий модыг холбосон 5 төмрөөр бөгжилсөн 52 см урттай эдлэл 1 ширхэг, үзүүртэй олон салаа суртай модон ташуур 1 ширхэг, төмөр арал дээрээ цагаан шонхор шувуу дүрсэлсэн цагдаагийн бүс 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүлэг уншиж буй талийгаач Ц.Оюу-Эрдэнийн бичлэг бүхий Си Ди 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хар өнгийн самсунг маркийн гар утас 1 ширхэгийг Т.Цогтод, гадуураа улаан хүрэн өнгийн гэртэй Скай маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг Г.Маралмаад тус тус буцаан олгож, “эмнэлэг зураг” гэх бичигтэй Си Ди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нараас тус бүр  оршуулгын зардалд 2.324.420 төгрөгийг гаргуулж нийт  4.646.839 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалд олгосугай.  

           9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Маралмаа, Т.Цогт нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж тус тусэдлүүлсүгэй.            

          10.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

          11.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 12. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Цогт, Г.Маралмаа нарт цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ тус тус   авсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ                                      С.ПҮРЭВСҮРЭН  

                                                 

                           ШҮҮГЧИД                                          Т.ШИНЭБАЯР

 

                                                                                       Э.ЧИНГИС