Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 238

 

Г.М, Г.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

шүүгдэгч Г.М-гийн өмгөөлөгч Ц.Мандал,

шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр магадлалтай, 2015250001693 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.М нарын гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Г-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан “Бүлэглэж, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан “Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.М, Г.Ц нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.М-г 23 жил хорих ял, Г.Ц-ыг 20 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.М-г 2 жил хорих ял, Г.Ц-ыг 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан Г.М-гийн 2 жил хорих ял, Г.Ц-ын 2 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.М-д оногдуулсан 23 жил хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Г.Ц-од оногдуулсан 20 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.М-гаас 2,324,420 төгрөг, Г.Ц-оос 2.324,420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М, Г.Ц болон өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Б.Манлайжав, Ц.Мандал, Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням нарын саналыг сонсоод ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх таамаглалд үндэслэн шийдвэр гаргаж, яллах талыг илтэд баримтлан хүнийг хийгээгүй хэргийн төлөө яллаж байгаад гомдолтой байна. Яллаж байснаа цагаатгаад эргээд дахин яллаж байгаа бөгөөд нэг хэрэг дээр хоёр өөр Эрүүгийн хууль үйлчилж, шүүх шийдвэрүүдээ амархан өөрчилж байгааг ойлгохгүй байна. Г.М-гийн өгсөн худал бөгөөд тогтворгүй олон мэдүүлгийг үндэслэн намайг яллаж, онц хүнд зүйл ангиар ял шийтгэж байгаад гомдолтой байна. Хэрэв би уг хэргийг хийсэн бол шударгаар хүлээх байсан. Г.М бид хоёрын хэн нь худлаа мэдүүлэг өгч байгаа гэдгийг Мөрдөн байцаах газраас томилогдсон ажлын хэсэг 4 сарын хугацаанд шалгаж, намайг төрсөн охиныхоо амийг хөнөөгөөгүй гэдгийг тогтоосон. Үүний дагуу намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсгүүдэд зааснаар, харин Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шалгасан. Гэтэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл маш ихээр цацагдсаны улмаас миний эрх зүйн байдлыг дордуулсан. Тэгээд шүүх хэргийг хянан хэлэлцээд, надад холбогдох хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд энэ хугацаанд надаас ганцхан удаа мэдүүлэг авч, Эрүүгийн хуулийн 91, 100 дугаар зүйлээр яллаж эхэлсэн. Г.М-тай бүлэглэн төрсөн охиныхоо амь насыг бүрэлгэх ямар ч үйлдэл хийгээгүй гэдгийг хэлмээр байна. Хэргийн тухай үнэн зөвийг хэлсээр байтал Г.М-гийн удаа дараагийн худал тогтворгүй мэдүүлгийг үндэслэн ялласанд гомдолтой байна. Иймээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж, үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.М хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Тус хэрэг гарснаас хойш буюу 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн бичигдээгүй сонин сэтгүүл, яригдаагүй телевиз, радио байхгүй болтлоо олон нийтийн дунд хүчээ авч, “хойд эх” гэдэг утгаар нь сөрөг мэдээллийг цацаж, улмаар хавтаст хэрэгт авагдсан материалууд олон нийтийн сүлжээгээр дэлгэгдсэнээр энэ хэргийн шийдвэрлэлтэд илтэд нөлөөлж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ хэрэгт гэрчээр орсон Т.Т нь Г.Ц-ын төрсөн эгч, н.Нл нь Т.Т-ийн төрсөн охин, С.О нь Г.Ц-той хувийн харьцаатай байсан бөгөөд эдгээр хүмүүс бүгд түүнтэй ямар нэгэн байдлаар холбоотой юм. Мөн н.Ц нь энэ хэрэгт шинжээчээр ажиллачихаад гэрчээр мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай Дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг шалгаж тогтоогоогүй байж ялын дээд хэмжээг өгсөнд гомдолтой байна. Г.Ц-ын хэргийн талаар тохиролцсон захиаг нотлох баримтаар судлуулахаар шүүхэд гаргаж өгсөн боловч татгалзсан. 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр талийгаач охиныг түлхэж унагахад ямар нэгэн гэмтэл учруулахаар саад байгаагүй болох нь хэргийн газрын үзлэгээр нотлогдсон. Охин унахдаа элгээрээ доошоо харж унасан байхад тархиндаа гэмтэл авах боломжгүй. Харин 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Г.Ц нь төмөр аралтай цагдаа суран тэлээгээр охины тархи, толгойд цохиж зодсон нь миний мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд үүнийгээ Г.Ц нь хүлээн зөвшөөрдөг. Мөн шинжээч эмч “02 дугаар сарын 17-ны өдрөөс 24-48 цагийн өмнө уг гэмтлийг авсан” гэж мэдүүлсэн бөгөөд 02 дугаар сарын 14-ний өдөр түлхэж унагахад гэмтэл аваагүй нь цаг хугацааны хувьд батлагдаж байна. 

Шинжээчийн дүгнэлтэд хүчтэй доргилт, цохилтын улмаас гэмтэл үүсэж талийгаач охины дархинд гэмтэл үүссэний дараа дахин хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үхлийн гэмтэл учирсан байх боломжтой гэж дүгнэснийг нарийн нягталж үзээгүйд гомдолтой байна. Г.Ц нь хэрэг гарахаас өмнө ч талийгаач охиндоо гар хүрдэг байсан нь гэрч С.О, н.О нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд охин аавтайгаа байхдаа огт хөдөлгөөнгүй, маш их айдастай, суудлаасаа босохгүй, юм ярьдаггүй зэрэг байдлаас тодорхой харагддаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх миний цагдан хоригдсон хоногийг буруу тооцож, нотлох баримтгүйгээр онц хүнд гэмт хэрэгт ялласанд гомдолтой байна. Миний бие охины амь нас эрсдэсэнд маш их харамсаж байна. Иймд үзсэн харсан ямар ч гэрчгүй, нотлох баримтгүйгээр хийгээгүй хэрэгт ялласан шүүхийн шийдвэрийг нарийн нягталж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Г.Ц-од холбогдох эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс Г.Ц-ыг хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, хэвтэн эмчлүүлэхээс татгалзаж бичгээр хүсэлт гарган талийгаач охиныг гэрлүүгээ авч явсан, ... Г.М-гийн утас руу “очиж байгаад арьсыг нь хуулаад өгнө” гэж мессеж бичсэн зэрэг Г.Ц, Г.М нарын үйлдлүүдийн улмаас хохирогч гавал тархины битүү гэмтэл болон баруун уушгины няцрал зэрэг хүнд гэмтэл авч нас барсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хүнийг санаатай алах гэмт хэргийн объектив талын заавал байх нэг шинж болох гэм буруутай этгээдийн үйлдэл ба хохирогчийн үхэл хоорондын шалтгаант холбоог зөв тогтоох байдаг. Г.Ц-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар өөрийн төрсөн охин Ц.О-г бусадтай бүлэглэн санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байхад түүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Г.Ц-ын өөрийн төрүүлсэн охиныхоо бөгсөн хэсэгт бүсээр хоёр удаа ороолгосноор  бага насны амь хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, баруун тал бөмбөлгийн зулай чамархай хэсгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх тархмал цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал  цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдал..” гэмтэл учрах боломжгүй. Г.Ц-ын мэдүүлгээр түүнийг охины бөгсөнд бүсээр ороолгоход тэрээр унаагүй, уйлаагүй байдаг. Харин түүний үхэл нь Г.М-гийн 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдөр уйлаад байхад нь уурлаад түлхэхэд  толгойныхоо ар дагзаар шалан дээр саваад тэрийлгэж унагаасан, босгож ирээд бөгс рүү нь хоёр удаа гараараа цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.  Г.М-гийн “... Охин тэр оройноос нурмайгаад бие нь сул гулжийж унаад зогсож чадахгүй байсан...” талаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдоно. Г.М-гийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлгүүдийг шалгаж мухарлаж байсан бөгөөд түүний өгсөн мэдүүлгүүд нь худлаа болох нь хэрэгт авагдсан гэрч Н.Х, Л.Н, Т.Туяа, Ш.Б, О.О, Б.С нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож тогтоосон. Мөн тэрээр охины биед үүссэн олон тооны шарх, хөхрөлтүүдийн талаар хөрш болон эмнэлгийн ажилчдад “охин таталт өгөхдөө өөрийгөө чимхээд базаад байсан...” гэж, Г.Ц-од хэлэхдээ  “...охин С-ийн хүүхэдтэй чихэр булаацалдаад хүүхэд нь айхтар охины эрүүн дээрээс хазаад”, “...охин шатан дээрээс өнхөрч унасан...” гэж өөр өөр байдлаар өөрийнхөө гэм бурууг нууж ярьж байсан болох нь тогтоогдсон. Хүнийг санаатай алах гэмт хэргийн субъектив тал нь зөвхөн санаатай гэм буруугаар үйлдэгддэг. Тэгвэл Г.Ц-ын үйлдэлд бага насны амь хохирогчийн амь насанд аюултай үйлдэл хийж түүнийгээ ухамсарлан хүсэж, зориудаар хийсэн субъектив санаа, зорилго огт тогтоогдоогүй болно. Г.Ц ч мөн бусад гэрчийн адил Г.М-гийн охиныг шатнаас унасан гэх үгэнд итгэж байсан талаараа олон удаа тогтвортой мэдүүлсэн байдаг. Тэрээр хэрэгт холбогдохын өмнө Г.М-тай хайр сэтгэлээр холбогдон 6 сар хамтран амьдрахдаа түүний хэлсэн үг, үйлдэлд итгэж сайн сайхан амьдрах өрнүүн сэтгэлээр амьдарч байсан байдаг.  Г.М-г өөрийн төрсөн бага насны охинтой харгис хэрцгий харьцаж байсныг огт мэдээгүй бөгөөд энэхүү хэрэгт холбогдон шалгагдсан цагаас мэдэж харамсан гашуудаж байгаа билээ. Г.М нь Г.Ц-ыг эзгүйд бага насны амь хохирогчийг байнга зодож зовоодог байсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргал, гэрч С.О, н.Н, Т.Б, Т.Т, Н.Х нарын мэдүүлгээр, Г.Ц нь хувийн байдлын хувьд ажилдаа үнэнч, шударга, бусдын итгэл даах чадвар сайтай, хувийн зохион байгуулалт сайтай, архи уудаггүй энэ байдлаараа жирийн цагдаагаас шинжээч хүртлээ өөрийгөө хөгжүүлж ирсэн, охиндоо хайртай, зөөлөн ханддаг, түүнийг үзэн ядаж байгаагүй, охин ч аавтайгаа хамт байх хүсэл эрмэлзэлтэй байсан болох  гэрч С.А, С.Х,  С.Б, Э.Н С.Ц, Б.Ө, С.О, Б.А нарын мэдүүлгээр тус тус нотлогдож тогтоогдсон. Мөн Г.М худал ярьдаг, өөрийн 6 настай охиноо нөхөртөө орхиж ирсэн, өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан, аливаа зүйлийг зохиомжлох авьяастай, хамт олон дунд төлөвшөөгүй, тогтсон ажилгүй зэрэг хувийн байдлууд гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон. Г.Ц нь өөрийн төрсөн охиндоо хайртай бөгөөд охиноо үнэн сэтгэлээсээ хайрладаг байсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө асран хамгаалахаас татгалзсан, бусдад өргүүлэх талаар хүсэлт гаргасан байхад эс зөвшөөрч, охиноо өөрөө асран хамгаалж өсгөхөөр авсан, тэрээр охиноо алаагүй болох нь гэрч нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-ын шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн “Г.Ц охиндоо хайртай, охиноо огт зодож байгаагүй” гэх мэдүүлгээр тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулан, Г.Ц-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч Д.Тунгалаг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч нар нь хамт амьдрах цаг хугацаанд шүүгдэгч Г.М нь Г.Ц-ыг эзгүй үед нь бага насны амь хохирогчийг байнга зодож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон бөгөөд тухайн үйл явдлыг Г.Ц огт мэдээгүй. Амь хохирогч нь шүүгдэгч нартай нийт 54 хоног хамт байсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр хохирогчийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтлээс үүдэлтэй гэж дүгнэсэн бөгөөд харин уушигны гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл байна гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ц-ыг хоёр удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдээгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож байсан. Ингэхдээ шүүгдэгч Г.М-гийн үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэж байсан. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2 удаа хүчингүй болгож, мөн шүүхэд буцаахдаа шийдвэр үндэслэлгүй байна гэж дүгнээгүй. Эхний удаад шийтгэх тогтоолд үг, үсэгний алдаатай, мөн цагдан хоригдсон хоног алдаатай буюу засвартай байна гэж дүгнэж буцаасан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Ц нь бага насны амь хохирогчийг шүүгдэгч Г.М-тай бүлэглэн амь насыг нь хохироогоогүй байхад анхан шатны шүүх бүлэглэж амь насыг нь хохироосон мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна...” гэв.  

Шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн. Амь хохирогчийн төрүүлсэн эх нь амьдралын боломжгүйн улмаас хүүхдээ хүнд өргүүлэх гээд өгчихсөн байсан. Гэтэл Г.Ц тухайн өргүүлсэн айлаас очиж хүүхдээ аваад би өөрөө өсгөнө гээд өөр дээрээ авсан байдаг. Мөн Г.Ц нь ажилдаа явсан хойгуур хамтран амьдрагч Г.М нь амь хохирогчийг яаж зоддог байсан талаар огт мэддэггүй байсан бөгөөд өвөл 2 дугаар сард шүүгдэгч Г.М нь хохирогчийг усанд оруулсныхаа дараа цонхоо онгойлгоод цонхон доор зогсоосон байдаг. Дээрхээс харахад шүүгдэгч Г.М нь анхнаасаа хохирогчийг алах субъектив санаа зорилго төрсөн байсан гэдгийг харуулж байна. Хэрвээ Г.Ц нь үнэхээр өөрийн төрсөн охиноо онц хэрцгийгээр зоддог байсан бол Г.М өөрийн төрсөн охиноо өгье гэж ярих байсан уу үгүй юу гэдэг асуудал маш их анхаарал татаж байна. Талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө мэдүүлэхдээ Г.Ц надтай хамт амьдарч байхдаа охиндоо гар хүрдэггүй, муухай ч ааш гаргадаггүй байсан гэж мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа нь Г.Ц өөрийн төрсөн охиндоо хэр зэрэг хайртай байсан бэ гэдгийг нотлох нотолгоо гэж үзэж байна. Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Г.Ц-ыг гэмт хэргийг үл мэдээлсэн болон амь нас нь аюултай нөхцөлд байхад тусламж үзүүлээгүй гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх тус хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэлгүйгээр ганцхан Н.М шүүгч дангаараа захирамж гарган ялыг нь хүндрүүлэхээр мөрдөн байцаалтад буцаасан бөгөөд үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил мөн гэж үзэж байна. Мөн Улсын Дээд шүүхээс дүгнэхдээ Г.Ц-ыг ял шийтгэхдээ таамаглалд үндэслэсэн байж болзошгүй гэж үзэн анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Шүүгдэгч Г.Ц нь болсон үйл явдлын талаар мөрдөн байцаалтын шатнаас эхэлж үнэн шударгаар байнгын тогтвортой мэдүүлж байсан бол Г.М нь болж байгаа үйл явдалтай уялдуулж байнга худлаа хэлдэг байсан. Иймд, шүүгдэгч Г.Ц-ыг бусдыг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр санаатай алсан гэж  ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Г.М-гийн өмгөөлөгч Ц.Мандал хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Г.М нь хяналтын шатны шүүхэд хандаж тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдол гаргаагүй. Энэ хэрэг нь анх гарсан үеэсээ эхэлж олны анхаарлын төвд байсан. Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч нараас авсан мэдүүлгүүд байдаг бөгөөд тухайн мэдүүлгүүдэд хохирогчийн биед шүүгдэгч нарын хэн нь гэмтэл учруулсан бэ гэсэн асуулт одоог хүртэл хариултгүй байна. Болсон үйл явдлаас харахад шүүгдэгч Г.М нь 2 сарын 14-ний өдөр талийгаачийг түлхэж цохьсон бол шүүгдэгч Г.Ц нь амь хохирогчийг 2 дугаар сарын 15-ны өдөр тэлээгээр зодсон бөгөөд хохирогчийн бие 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж муудсан байдаг. Гэтэл шинжээч эмчийн дүгнэлтэд шүүгдэгч нарын хэнийх нь үйлдлээс болж охины амь хохирсон бэ гэдгийг нарийвчлан тогтоосон зүйл байдаггүй. Г.М-г дангаараа талийгаачийн амь насыг хөнөөсөн гэж шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч нар тайлбарладаг. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр талийгаачийг Г.М эмнэлэгт хүргэж өгөхөд шүүгдэгч Г.Ц эмнэлгийн байгууллагад гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгөөд буцаагаад аваад явсан байдаг. Хэрэв хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Г.М-г гэм буруутай гэж үзвэл 2015 онд шинээр батлагдсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Г.М-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Манлайжав хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс хяналтын шатны шүүх хуралдаанд гомдол гаргаагүй. Шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргасан байна. Гэтэл хяналтын журмаар гаргасан гомдлуудад нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрхэн ноцтой зөрчсөн талаар огт дурдаагүй байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хяналтын шатны шүүхээс хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Ц, Г.М нарын үйлдэл, талийгаачийн амь хохирсон явдал нь өөр хоорондоо шалтгаант холбоотой. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.М, Г.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.  Уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тодруулсан ба анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлд заасан бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон тул шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.М, Г.Ц нарын хохирогчийг байнга зодож тарчлаасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч Г.М, Г.Ц нар нь 3 нас 11 сартай охин Б.О-г онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж, мөн тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинж нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байна. Иймд хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Г.М, Г.Ц нарын үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.М нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.М, Г.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.М, Г.Ц нар нь бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 2-215 тоотод оршин суух гэртээ өмдөндөө баалаа, үгэнд орсонгүй гэж 3 нас 11 сартай Ц.О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан,

Г.М нь 2014 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн дагавар охин Ц.О-г бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодож, эхийнх нь бузрыг арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базах, чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэргээр байнга зодож тарчлаасан,

Г.М, Г.Ц нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байхдаа талийгаач Ц.О-д арцыг арвайн будаатай хольж хүчээр идүүлэх, суран бүсний арлаар зодох зэргээр байнга зодож тарчлаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М, Г.Ц нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.М, Г.Ц нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж, тэдний бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулан өршөөн хэлтрүүлж шийдвэрлэхдээ 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хууль болон 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасны дагуу шүүгдэгч Г.М, Г.Ц нарт холбогдох хэргийг тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шийдвэрлэх нь үндэслэлтэй болно.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.11, 91.12, 91.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ 15 жил, дээд хэмжээ 25 жилийн хугацаагаар хорих эсхүл цаазаар авах ял шийтгэхээр хуульчилсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 12 жил, дээд хэмжээг 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх болгон ялын доод болон дээд хэмжээг багасгаж, цаазаар авах ялыг халсан нь 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болж байна.

Хяналтын шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг ялгамжтайгаар харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 18 жил, шүүгдэгч Г.Ц-од 13 жил хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Харин энэ гэмт хэргийн улмаас 3 нас 11 сартай Ц.О амь насаа алдсан бөгөөд түүний төрсөн эх Б.Ө-д учирсан сэтгэл санааны болон гэм хорын хохирлын нөхөн төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна. Хохирлыг гаргах аргачлалгүй, тооцох техник байхгүй гэсэн шалтгаанаар уг хохирлыг гаргуулахаас татгалзаж шийдвэрлэх нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй гэж үзэв.

Хохирлын хэмжээг тогтоохдоо амь нас хохирсны улмаас учирсан сэтгэл санааны болон бусад хохирлын нөхөн төлбөрт гаргуулан олгож шийдвэрлэж байсан шүүхийн шийдвэрүүд,  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Г.М, Г.Ц нараас хувь тэнцүүлэн 50,000,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д олгуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням нарын “Г.Ц-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” тухай болон шүүгдэгч Г.М-гийн “шүүхийн шийдвэрийг нягтлах” гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.М, Г.Ц нарт оногдуулсан хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасаж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 409 дүгээр магадлалд:

 “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Г.М, Г.Ц нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэг болгон өөрчилж, Г.М-г 18 /арван найм/ жил, Г.Ц-ыг 13 /арван гурав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.М, Г.Ц нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.”,

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Г.Ц нараас хувь тэнцүүлэн 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-д олгосугай.” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.М нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                      ШҮҮГЧ                                                         Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Б.ЦОГТ

                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН