Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 849

 

 

 

 

 

 

 

  2020            6             30                                          2020/ДШМ/849

 

 

Х.Хт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1091 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаатарын бичсэн эсэргүүцлээр Х.Хт холбогдох эрүүгийн 2003002360156 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х.Х,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:СЖ90121417/.

Шүүгдэгч Х.Х нь 2020 оны 3 дугаар сарын 6-ны орой 23 цаг 56 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Монгол 3 дугаар сургуулийн урд замд “Тоёота Аллион” маркийн 93-28 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зорчигч 30 настай Э.Анхбаярыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг шууд эрх олгосон мэтээр хэрэглэж шүүхийн эрх хэмжээнд халдаж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоогчоос “...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээд өөрийн гэм буруутай маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, ...” бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан “тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” эрхийг гагцхүү шүүхэд олгосон гэж үзэхээр байна. Түүнчлэн энэ хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас харахад прокурор зөвхөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулахаар тусгасан байх бөгөөд шууд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан үүргийг хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.Хт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна.” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийг зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан нь прокурор уг заалтыг хэрэглэж яллагдагч Х.Хт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргасан нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Х.Хт холбогдох хэргийг хянаад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам хангагдаагүй гэж үзээд прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.

Прокуророос Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Х.Хт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд энэ талаар гаргасан прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Х.Хт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргана.”, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” тус тус заажээ.

Хэрэгт шүүгдэгч Х.Хын “...Э.Анхбаярыг мөргөж биед нь хүнд гэмтэл учруулсан. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” /хх 215/, хохирогч Э.Анхбаярын “...надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. ...” /хх 216/ гэх хүсэлтүүд авагджээ.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор уг хүсэлтийг хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 51 дүгээр тогтоол /хх 217/ гаргажээ.

Түүнчлэн прокурор 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 51 дугаартай прокурорын санал /хх 224/-аар Х.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх прокурорын саналыг үйлдэж, түүнийг яллагдагчид танилцуулж гарын үсэг зуруулсан нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам болох хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан 17 дугаар бүлэгт зохицуулсан бөгөөд тухайн бүлэгт хохирогч, яллагдагч, прокурор, шүүхийн эрх хэмжээ, үүргийг нэг бүрчлэн хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилжээ.

Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд нотолж, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх, түүнд оногдуулах ялын төрөл, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж, яллах дүгнэлт үйлдэх нь прокурорын бүрэн эрхэд хамаарна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн эсхүл төлсөн тохиолдолд хэрэглэдэг.

Харин прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тогтоол, оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй бол шүүх энэ тухай үндэслэлээ нэг бүрчлэн зааж хэргийг прокурорт буцаах ёстой.

Прокурорын шүүгдэгч Х.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх прокурорын санал, дүгнэлт хууль нийцээгүй гэх баримт хэрэгт алга.

Шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнд нийцнэ.

Анхан шатны шүүх цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэснийг анхаарвал зохино.

Иймд шүүгдэгч Х.Хт холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Ч.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1091 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Хт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Х.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ