Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00135

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00333 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00642 дугаар магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК-аас хариуцагч Нт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00333 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох “Т” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, ... үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00642 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00333 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Т” ХХК-ийн өмчлөлийн, ... үл хөдлөх эд хөрөнгийг 419,327,695 төгрөгөөр, ... үл хөдлөх эд хөрөнгийг 328,028,850 төгрөгөөр, ... үл хөдлөх эд хөрөнгийг 187,486,299 төгрөгөөр тус тус үнэлсэн “С” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.” гэж,

2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Наас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан боловч магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч талын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Тухайлбал Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ буюу хуульд нийцсэний дагуу тогтоосон үнийг хүчингүй болгож давж заалдах шатны шүүх ямар ч үндэслэлгүйгээр хуулийг өөрийн дураар тайлбарлан хэрэглэжээ.

Магадлалын 4.1-т дурдсанаар анхан шатны шүүхийн өөрчлөлт оруулах гол үндэслэл нь “Газрын эрхтэй холбоотой баримтыг холбогдох байгууллагаас тодруулаагүй” хэмээн огт хамааралгүй үндэслэлд дүгнэлт гаргажээ. Газар дээр баригдсан орон сууц, объект болон улсын бүртгэлд бүртгэгдсэн бүхий л үл хөдлөх эд хөрөнгө нь газрын эрх ямар хэлбэртэй байгаагаас үл хамааран бусдад шилжүүлж барьцаалж болдог ба энэ нь ч хуульд нийцдэг. Үүний тулд үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын бүртгэлд бүртгүүлэхэд газрын эзний зөвшөөрлийг үндэслэн бүртгэдэг бийлээ.

Гэтэл магадлалын 4.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журам зөрчсөн хэмээн хэт бүрхэг байдлаар хуулийг тайлбарласан нь алдаа болжээ. Мөн магадлалын 5-р зүйлд шинжээч нь газрын үнэлгээ тогтоогоогүй хэмээн дурдсан нь хариуцагч болон шинжээч нь ажиллагаа дутуу хийсэн мэт харагдуулах хэт явцуу дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл газраас бус газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь ямар нэгэн хууль тогтоомжид харшлаагүй болно. Ингэхийн тулд газрын үнэлгээ хийлгэх шаардлагагүй билээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2023.06.20-ны өдрийн 001/ШХТ2023/00733 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

7. Нэхэмжлэгч “Т” ХХК Нт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь 7 нэр төрлийн 4,410,348,867.98 төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжийг битүүмжлэн хураасан. Үүнээс дараах 3  эд хөрөнгийг буюу ... үл хөдлөх хөрөнгийг тус тус үнэлүүлэх тухай мэдэгдсэн.

2022.09.22-ны өдөр 4-149/17274 дугаартай албан бичгээр үнэлгээний талаарх мэдэгдлийг өгсөн. Үнэлгээ Олон улсын үнэлгээний стандартын дагуу хийгдээгүй байна. Үүнд: үл хөдлөх эд хөрөнгө байршиж байсан газрыг үнэлээгүй, шинэ барилгыг хуучин байгууламжуудтай жишсэн нь үнийн тарифын инфляцын  өсөлтийн дүнг харгалзан үзээгүй, барилгыг ижил төсөөтэй байдлаар жиших байтал Улаанбаатар хотын агуулахын зориулалттай, бага талбайтай барилгаар жишсэн, улмаар үнэлгээчин үнэлж буй барилгуудыг өөрийн нүдээр үзээгүйгээс уг ажлыг захиалгаар, хямд үнэлэх, үнэлгээ бууруулах зорилготойг илтгэж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.03-ны өдрийн 102/ШШ2021/02846 дугаартай захирамжаар “Т” ХХК-аас 826,428,262 төгрөгийг гаргуулж Г.Т, тус шүүхийн шүүгчийн 2022.04.11-ний өдрийн 102/ШШ2022/01292 дугаар захирамжаар 168,272,448 төгрөгийг гаргуулах “Х” ХХК-д, тус шүүхийн 2022.05.25-ны өдрийн 102/ШШ2022/01973 дугаар шийдвэрээр 13,792,456 төгрөгийг гаргуулж Лд олгох тухай шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгчөөс албан бичгээр үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчийн зүгээр шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул “С” ХХК-ийн үнэлгээчин Г.О-г шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг нийтэд нь 934,842,844 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний тайланг талуудад мэдэгдэж, 2022.11.23-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа...” гэжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо: “...шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу ...үнэлгээ гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, ...нэхэмжлэгч шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул үнэлгээг үгүйсгэх боломжгүй, ...мөн шинжээч томилох тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт үнэлгээ тогтоолгохоор тогтоосон байх боловч тухайн хөрөнгийн эрхийн талаарх мэдээлэлгүйгээр үнэлгээ хийгдээгүй, мөн нэхэмжлэгч үнэлэгдээгүй гэх газартай холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй тул ...үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн бол,

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...“С” ХХК-ийн үнэлгээний тайлангаар дээрх 3 тооны үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлэхдээ газрын үнэ цэнийг үнэлээгүй байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд заасан үнэлгээг хийгээгүй гэж үзэх тул үнэлгээ хуульд нийцээгүй байна. ...хариуцагч шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байршиж буй газрын эрхтэй холбоотой баримтыг холбогдох байгууллагаас тодруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг үнэн зөв, бүрэн дүүрэн гарсан гэж үзэх боломжгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ...” гэж дүгнэжээ.

9.  Хоёр шатны шүүх маргааны зүйл болсон хөрөнгийн үнэлгээний талаар өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцжээ.

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо ...шүүхэд гаргаж болно, 122 дугаар зүйлийн 122.4-т энэ хуулийн 55.7, ...-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдана ...гэж,

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байна, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д шинжээч шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэлийг дүгнэлтэд тусгана гэж  тус тус зохицуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгч 2022.08.29-ний өдрийн Шинжээч томилох тухай 3/218 дугаартай тогтоолдоо “...төлбөр төлөгч “Т” ХХК-ийн төлбөрт хураагдсан ... үл хөдлөх хөрөнгө газрын хамт тус тус үнэлгээ тогтоолгохоор шинжээч ... томилов, Шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг тогтоосон хугацаанд ирүүлэхийг даалгасугай...” гэж заасан ба,

Хөрөнгийн үнэлгээний “С” ХХК Үнэлгээний тайлангийн Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт хэсэгт “...үнэлгээ хийж буй барилгууд нь биет үзлэгийн зориулалтын дагуу хэвийн боловч ашиглагдаагүй байсан, ...жич газрын мэдээлэл байхгүй, ирээгүй тул дан барилга болно...” гэж, хөрөнгийн өмчлөл, эзэмшлийн байдал хэсэгт “...үйлдвэр, агуулах, гараж барилга байгууламжийн бүртгэгдсэн талбар газрын талаарх мэдээллийн бидэнд ирүүлээгүй тул бид дан ганц сендвичэн объектуудын үнэ цэнийг тогтоосон болохыг тайланд тэмдэглэв...” гэснээс үзэхэд шинжээч төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ газрыг үнэлээгүй, газар эзэмших эрхийн талаар аливаа ажиллагаа хийгдээгүй нь тогтоогджээ.

Шийдвэр гүйцэтгэгч Шинжээч томилох тогтоолдоо тухайн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт үнэлэхийг заасан байхад шинжээч тогтоолд заасан эд хөрөнгийг үнэлээгүй нь шинжээчийн тайланг бүрэн дүүрэн, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй юм.

11. Дээр дурдснаар “...Хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-ийн эд хөрөнгийг үнэлсэн тайланг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд нийцсэн гэж үзэх боломжгүй...” гэж дүгнэж, үнэлгээг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан “...газар дээр баригдсан орон сууц, объект болон улсын бүртгэлд бүртгэгдсэн бүхий л үл хөдлөх эд хөрөнгө нь газрын эрх ямар хэлбэртэй байгаагаас үл хамааран бусдад шилжүүлж, барьцаалж болдог ба энэ нь ч хуульд нийцдэг, ...үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь ямар нэг хууль тогтоомжид харшлаагүй, ингэхийн тулд газрын үнэлгээ хийлгэх шаардлагагүй байхад шинжээч газрын үнэлгээ тогтоогоогүй гэж дурдсан нь шинжээч ажиллагаагаа дутуу хийсэн мэт харагдуулах явцуу...” гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй.

13. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00642 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЦОЛМОН

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                             ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД