Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00642

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00642

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00333 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Н

Гуравдагч этгээд: Г.

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Төлбөрт хураагдсан улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Ц сумын 0 дүгээр баг, Х сумын төвөөс баруун урагш шинэ суурьшлын бүсэд байршилтай 648 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 390 м.кв талбайтай гражийн зориулалттай, 864 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг олон улсын стандартын дагуу үнэлээгүй.

Үл хөдлөх эд хөрөнгө нь газраас үл салгаж болох шинжтэй байхад газрын үнэлгээг дутуу гаргасан. 2021 онд ашиглалтад орж 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан бөгөөд шинэ барилгыг хуучин барилгатай жишсэн нь үнийн инфляцийн өсөлтийн дүнг харгалзан үзээгүй. Агуулах, үйлдвэрийн барилга, граж гэсэн 3 барилгыг ижил төсөөтэй байдлаар жиших байтал Улаанбаатар хотод агуулахын зориулалттай талбай бага хэмжээтэй 3 барилгаар жишсэн нь үнэлгээний дүнг багаар үнэлэгдэхэд хүргэсэн. Зах зээлийн хандлагаар үнэлсэн дүн нь өртгийн хандлагаар үнэлсэн дүнгээс бага байгаа нь үнэлгээг буруу тооцоолоход хүргэсэн. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн индексээр 1.7 дахин өсгөж хэрэглэх байсан үнэлгээг шууд өсгөөгүй дүнгээр авч хэрэглэсэн. Үнэлгээчин өөрийн нүдээр уг барилга байгууламжуудыг огт үзээгүй. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/02846 дугаар захирамжаар Т ХХК-аас 826,428,262 төгрөгийг гаргуулж Г. т, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 00 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/02846 дугаар захирамжаар 168,272,448 төгрөгийг гаргуулж Ф ХХК-д, тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2022/01973 дугаар шийдвэрээр 13,792,456 төгрөгийг гаргуулж Д.ад олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т ХХК-ийн өмчлөлийн А аймгийн Ц сумын 0 дүгээр баг, Х сумын төвөөс баруун урагш шинэ суурьшлын бүсэд байршилтай 648 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 390 м.кв талбайтай гражийн зориулалттай, 864 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчөөс 2022 оны 4-149/15352 тоот албан бичгээр үнийн санал авахад үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул шинжээчээр С ХХК-ийн үнэлгээчин Г.Оыг томилж, үнэлгээг 934,842,844 төгрөгөөр үнэлж, тайланг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан.

2.2 Уг хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан эрхийг танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус газраас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г. Т ХХК-аас нэг жил гаруй хугацаа өнгөрөхөд төлбөрөө бүрэн гаргуулан авч чадаагүй байна. Т ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршиж буй газрыг битүүмжлэх, хураах, үнэлгээ хийлгэх зэрэг тухайн газартай холбоотой ямар нэгэн эрх хязгаарлах шийдвэр гараагүй тул шинжээчийг тогтоолд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэх үнэлгээнд газрын үнэлгээг хийх шаардлага үүсэх хууль зүйн боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох Т ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Ц сумын 0 дүгээр баг, Х сумын төвөөс баруун урагш шинэ суурьшлын бүсэд байршилтай 648 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай, 390 м.кв талбайтай гражийн зориулалттай, 864 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3/218 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор ХХК-ийг хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчээр томилсон. Шинжээч нь Т ХХК-ийн өмчлөлийн А аймгийн Ц сумын баг, Х сумын төвөөс баруун урагш шинэ суурьшлын бүсэд байршилтай Улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй 648 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, гаражийн зориулалттай 390 м.кв талбай барилга, агуулахын зориулалттай 864 м.кв хэмжээтэй барилгуудыг 934,842,844 төгрөгөөр үнэлж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тайлан гаргасан. Уг үнэлгээний тайланд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлэхдээ газрын үнэлгээг хийгээгүй, мөн барилгуудыг Улаанбаатар хотод байрлах хуучин үл хөдлөх хөрөнгүүдтэй жишсэн, мөн газар дээр очиж үл хөдлөх хөрөнгүүдийг үзсэн эсэхийг эргэлзээтэй нөхцөл байдлууд байсан.

Иргэний хуулийн 80 дүгээр зүйлийн 84.3, 85.2 дахь хэсэгт тус тус зааснаас үзэхэд барилга байгууламжийг зөвхөн үнэлгээ хийгээд, газрын үнэлгээг хийгээгүй байгаа нь үнэлгээ хийсэн барилга байгууламжийн үнэлгээ буурах, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн нь тогтоогдож байгаа юм. Шинжээчийн зүгээс үнэлгээ хийхээс өмнө Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаар шинжээч нь үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 4.4, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.3.5, 9.3.6, 13 дугаар зүйлийн 13.1.2-т тус тус заасныг зөрчсөн.

5.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Т ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авч, үнэлгээ хийлгэхээр 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3/218 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилсон. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 94.1.1-т заасныг зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа "Т ХХК-ийн хөрөнгүүдийн лавлагааг холбогдох байгууллагаас авахад 30 ширхэг хүнд даацын техник тоног төхөөрөмжүүд, мөн одоо ч үнэлэгдсэн 3 ширхэг үл хөдлөх хөрөнгө байгааг мэдсэн боловч өнөөдрийг хүртэл Т ХХК-аас өөрийнх нь хөрөнгүүдийн талаар тодруулга авахгүйгээр, зөвхөн компанийн хэвийн үйл ажиллагааг явуулахад ашигладаг техник тоног төхөөрөмжүүд, мөн үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авч, худалдан борлуулахаар үнэлгээ хийсэн.

5.3 Шүүх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа зохих журмыг зөрчсөн. Нэхэмжлэгч талаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр "үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлагаар өөрчилж, зохих журмын дагуу тэмдэгтийн хураамжийг төлөн түүнийгээ бичгээр өгсөн. Үүнийг шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 102/Ш32023/01021 тоот захирамжаар хүлээн авахаас татгалзсан, гомдол гаргах эрхээр хангаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа Т ХХК-ийг төлбөрийн чадваргүй болгох, дампууруулахаар ажиллаж буйг шүүхээр хамгаалуулахаар хандсан боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэгчийн ямар шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах нь тодорхойгүй байна гэсэн нь нэхэмжлэгчийг өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандах эрхийг хязгаарласан.

5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарласан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр авагч Г. , Ф ХХК, Д.а нарт төлбөр олгох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 3/218 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор ХХК-ийг шинжээчээр томилдог. Шинжээчийн үнэлгээтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа хэмээн төлбөр авагч Г. ийг татан оролцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар өөрийнх, эсхүл зохигчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцуулахаар заасны дагуу төлбөр авагч Ф ХХК, Д.а нарыг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй хэмээн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нар давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/02846 дугаар захирамжаар Г. ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 824,288,567 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.1 Дээрх хүчин шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 22370054 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх-71/, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, А аймгийн Ц сумын 0 дүгээр баг, Х Сумын төвөөс баруун урагш шинэ суурьшилтын бүсэд тоот хаягт байршилтай, 864 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн, 390 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэгдсэн, 648 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22370054/06 дугаар тогтоолоор битүүмжилж /хх.77-78/, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 22370054/07 дугаар тогтоолоор хураан авсан байна. /хх.79-83/

3.2 Төлбөр төлөгч Т ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгүүдийн талаар үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3/218 дугаар тогтоолоор ХХК-ийн үнэлгээчин Г.Оыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байна.

4. Харин ХХК-ийн үнэлгээний тайлангаар дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус тус үнэлэхдээ газрын үнэ цэнийг үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3/218 дугаар тогтоолд ...үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт тус тус үнэлгээ тогтоохоор гэж заасан байхад шинжээч газрыг үнэлээгүй нь дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

4.1 Түүнчлэн, үнэлгээчин Л.О ...тогтоол нь гурван үл хөдлөх хөрөнгө дангаараа ирсэн. Газрын талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй гэсэн тайлбар гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар үл хөдлөх эд хөрөнгийн газартай холбоотой баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээчид гаргаж өгсөн талаар баримт авагдаагүй байна. Уг газар нь эзэмших эрхтэй эсэх, өмчлөх эрхтэй эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй газрын эрхтэй холбоотой баримтыг холбогдох байгууллагаас тодруулаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг үнэн зөв, бүрэн дүүрэн гарсан гэж үзэх боломжгүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

5. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн газрын үнэлгээг тогтоогоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс уг үнэлгээг хүчингүй болгоно.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлснийг анхан шатны шүүхийн шүүгчийн мөн өдрийн 102/ШЗ2023/01021 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага тодорхойгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00333 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаарт бүртгэлтэй, А аймгийн Ц сумын баг, Х сумын төвөөс баруун урагш шинэ суурьшлын бүсэд тоот хаягт байршилтай, 864 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 419,327,695 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Х сумын төвөөс баруун урагш шинэ суурьшлын бүсэд тоот хаягт байршилтай, 648 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 328,028,850 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Х сумын төвөөс баруун урагш шинэ суурьшлын бүсэд тоот хаягт байршилтай, 390 м.кв талбайтай, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 187,486,299 төгрөгөөр тус тус үнэлсэн ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д буцаан олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

М.БАЯСГАЛАН