Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01114

 

                   

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.П-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Т-д холбогдох

Гэм хорын хохиролд 8,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.П-, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, иргэдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутагт О.Т-д шалтгаангүйгээр зодуулсны улмаас баруун ухархайн доод ханын хугарал, хамрын нурууны муруйлт, дээд уруулын шарх, баруун зовхинд зулгаралт зэрэг гэмтлүүдийг авч хамрын нуруунд босоо байрласан 3.5 см хажуу байрласан 2 см уруулын баруун хэсэгт хажуу байрласан 1.3 см оёдлууд тавиулсан. Энэхүү гэмтлийн улмаас болж миний нүүрэнд нэхэмжлэлд дурдсан хэсэгт гүн сорви тогтоож энэхүү соривыг эмчилж бүдгэрүүлэхийн тулд олон шат дараалал бүхий тусгай эмчилгээг өндөр үнээр хийлгэх болсон. Мөн хамрын таславчийн хэсэгт үүссэн мурийлтыг мэс засал хийлгэх эмчилгээ зайлшгүй шаардлагатай болсон. Миний бие эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг гэр бүлээ тэжээхийн тулд “Могул сервис сппарп” ХХК-д борлуулалт хариуцсан менежерийн ажил эрхэлдэг ба 12 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа болно. Ажлын онцлогоос шалтгаалан олон төрлийн үйлчлүүлэгчтэй байнгын харилцаанд орж ажиллах зайлшгүй шаардлага гардаг. Т.*******ыннадад санаатай учруулсан энэхүү гэмтлийн улмаас нэхэмжлэгч миний бие эрүүл мэнд, гоо сайханд ноцтой хохирол учрахаас гадна эрхэлж буй ажил төрөлд маань сөргөөр нөлөөлж гэр бүлээ тэжээн тэтгэхэд бэрхшээл учирч байна. Хариуцагч О.Т- нь эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, хохирогч Т.П- миний эрүүл мэнд, ажил орлогод маань тухайн үед учирсан хохирол болон цаашид гарах хохирлыг бүрэн талж барагдуулахаа илэрхийлж байсан.боловч эрүүгийн хэргийг шйидэврлэсэг өдрөөс хойш надтай уулзалгүй сураггүй алга болсон. Түүнээс хойш нэхэмжлэгч миний бие хариуцагч О.Т-тай холбогдож өөр учирсан хохирлыг төлж барагдуулах асуудлаар уулзах гэсэн бүх оролдлого маань бүтэлгүйтсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргах замаар өөрийн хохирол төлбөрийг барагдуулахаар болсон. Миний бие гэмтлээ эмчлүүлэхийн тулд ******* ******* гоо заслын эмнэлгээр 8,195,000  төгрөгийн цогц эмчилгээ хийлгэж эхэлсэн ба эмчилгээний урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөгийг үнийн дүнгийн 36.6%-ийн төгрөгийн урьдчилгаа төлбөр төлж нэмээд эмчилгээний явцад зайлшгүй шаардлагаар нарны туяанаас өндөр хамгаалалттай эмчилгээний тосыг 95,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн эмнэлгийн үзлэгийн төлбөрт 50,000 төгрөгийг төлсөн болно. Би сайн дураараа ******* даатгалд эрүүл мэндээ даатгуулсан байсан. Даатгалаас миний эмчилгээний төлбөрт 3,000,000 төгрөгийг ******* эмнэлэгт шилжиж орсон. Иймд хариуцагч О.Т-аас эмчилгээний урьдчилгаанд шилжүүлсэн 3,000,000 төгрөг,  сорвины тос 95,000 төгрөг, үзлэгийн төлбөр 50,000 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний зардал 5,050,000 төгрөг нийт 8,195,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Т- шүүхэд хариу тайлбар гаргаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл: Yзлэгийн төлбөр 50,000 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн баримтад Т.П-ын овог, нэр, регистрийн дугаар байхгүй. Эмчилгээний урьдчилгаанд төлсөн гэх 3,000,000 төгрөгийн өдрийн баримтад Т.П-ын овог, нэр, регистрийн дугаар байхгүй байна. Харин "******* *******" арьс гоо заслын 2020 оны 10 дугаар сарын 31-ний эмнэлгээс өдөр шүүхэд хүргүүлсэн баримтад "******* даатгал" XХК-иас "******* ******* ХХК-д эмчилгээний зардлын даатгал гэсэн гүйлгээний утгатайгаар 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020.05.08-ны дансны хуулга байна. Өөрөөр хэлбэл Т.П- нь дээрх 3,000,000 төгрөгийг давхар нэхэмжлэх эрхгүй юм. "******* *******" XXК-ийн 2020.03.13-ны өдрийн 2/95 дугаартай "Эмнэлгийн дүгнэлт"-д Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө болон зардлын хуваарийг гаргасан байх ба ингэхдээ зардлын нийт дүнг 8,195,000 төгрөгөөр төлөвлөжээ. Гэхдээ уг төлөвлөгөөнд "Сорвины эдгэрэлт тухайн эмчилгээний төлөвлөгөөг дахин нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөж өөрчилж болно" гэсэн атлаа "*******  *******" ХXК нь Т.П-оос эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 5,195,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлж байна. "******* *******" XХК нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2/157 дугаартай албан бичгээр Т.П-ын баримтуудыг шүүхэд хүргүүлсэн байх ба уг албан бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, харин ерөнхий менежер Б.******* гэх хүн гарын үсэг зурсан байна. "******* *******" XХК-ийн гаргасан Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө болон гаргасан зардлын хуваариудад заасан эмчилгээний төрөл, үнийн дүн хоорондоо зөрүүтэй байна."******* *******" XXK-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/95 дугаартай "Эмнэлгийн дүгнэлт"-д Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө болон зардлын хуваариас үзэхэд зардлын нийт дүн 8,195,000 төгрөг байна. Харин "******* *******" XXK-ийн  2020.10.31-ны өдрийн 2/157 дугаартай албан бичигт Т.П-т 2020.03.20-2020.10.21-ний өдрийн хооронд хийгдсэн эмчилгээний зардал 3,109,000 төгрөг, цаашид хийгдэх зардал 5,700,000 төгрөг буюу нийт дүн нь 8,809,000 төгрөг гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардал нь 469,000 төгрөгөөр нэмэгдсэн байна.Хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд эмчилгээний тосны үнэ 95,000 төгрөгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн кассын баримтад Т.П-ын эцгийн нэр, регистрийн дугаар байхгүйгээс гадна уг баримтад "касс Болорчимэг" гэсэн байна. Харин "******* *******" XXK-ийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн кассын нийт 18 ширхэг баримтууд дотор эмчилгээний тосны үнэ 95,000 төгрөгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн кассын баримтад "касс Б.Батзолбоо" гэсэн байна. Үүнээс үзэхэд Т.П- нь нэг тосны үнийг хоёр өөр хүнд, нэг цаг хугацаанд зэрэг төлөх боломжтой юу гэсэн асуудал зайлшгүй яригдана. Иймээс эдгээр баримтууд нь хуурамч байх магадлалтай байна."******* *******" XX-ийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргаж өгсөн кассын нийт 18 ширхэг баримтад регистрийн дугаар байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байгаа болно.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт "Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй" боловч тэрхүү зардал нь үнэн бодит, хуулийн шаардлага хангасан нотлох баримттай байх ёстой. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нь хамрын мэс засалд орсон тохиолдолд уг эмчилгээний зайлшгүй зардлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд харин түүний хийлгэж буй гэх сорви бүдгэрүүлэх эмчилгээний зардал болох нийт 5,695,000 төгрөгийг төлөх үүрэггүй юм гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байна. Хохирогч Т.П-огт танихгүй хүнд цохиулсны улмаас гэмтэл авсан нь үнэн, хариуцагч тал хэргээ хүлээсэнд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон байна. Иймээс эмчилгээний гаргах цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөх нь зүйтэй гэв.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.П- нь хариуцагч О.Т-д холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болох эмчилгээний зардалд 8,340,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэлийн шаардлагаа 145,000 төгрөгөөр багасгаж, үзлэгийн төлбөр 50,000, сорвины тосны үнэ 95,000 төгрөг, эмчилгээний урьдчилгаанд шилжүүлсэн 3,000,000 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний төлбөр 5,050,000 төгрөг, нийт 8,195,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

 Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Хариуцагч О.Т- 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд нэхэмжлэгч Т.П-ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 412 дугаар тогтоолоор зургаан зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ./хх-ий10-12 дугаар тал/

 

Хэрэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол авагдсан, уг тогтоолд “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дүгнэлтээр Т.П-ын биед баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын нурууны дээд уруулд шарх, баруун зовхинд зулгарал гэмтэл тогтоогдсон, энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.” гэж дүгнэснийг тэмдэглэжээ. /хх-11 ар тал/

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “******* *******”   ХХК-д үзүүлэхэд “хамрын таславчийн муруйлтыг тэгшлэх унтуулгатай мэс заслын эмчилгээ хийгдэнэ. Хамрын нурууны дээд хэсгийн шархны тав ховхорч сорвижилт өөрчлөлт явагдаж байна. Шархны бүрэн эдгэрэлт, сорвижилтын хугацаа 6-8 сар орчим байдаг тул шархны эдгэрэлтийг дэмжих зорилгоор PRP эмчилгээг курсээр хийх шаардлагатай. Лазер эмчилгээг 1 сарын зайтай давтан хийгдэг бөгөөд нүүрний сорви учир нарны илч буурсан сэрүүний улиралд хийх шаардлагатай. Эдгээр эмчилгээний үр дүнд сорви бүдгэрэх боловч бүрэн арилгах боломжгүй, нийт төлбөр 8,195,000 төгрөгийн эмчилгээ хийхээр төлөвлөж байна” гэжээ. /хх-ийн 5-6 дугаар тал/

 

Нэхэмжлэгч 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “******* *******” ХХК-д 50,000 төгрөгийн төлбөр төлж, эмчид үзүүлж, сорви арилгах 1 сарын зайтай 3 удаа, өвчтөний биеийн байдал, эмчилгээний үр дүнг харгалзан 2021-2022 оны өвөл давтан Лазер эмчилгээ хийх шаардлагатай талаар зөвлөжээ. /хх-ийн 113, 116 дугаар тал/

 

“******* *******” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 21-ний өдрүүдийн хооронд Т.П- нь 3,109,000 төгрөгийн эмчилгээ хийлгэжээ. Уг эмчилгээнд:

1. Үзлэг зөвлөгөө ,

2. 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ПРП курс эмчилгээ, salmon,

3. 5 дугаар сарын 13-ны өдөр  Багц 1/Aqua peel+ нөхөн сэргээх/,

4. 5 дугаар сарын 23-ны өдөр ПРП эмчилгээ,

5. 5 дугаар сарын 28-ны өдөр  Нөхөн сэргээх эмчилгээ, Багц1 / Aqua peel+ нөхөн сэргээх/, salmon,

6. 6 дугаар сарын 08-ны өдөр Salmon, ПРП эмчилгээ,

7. 6 дугаар сарын 12-ны өдөр Багц 1/Aqua peel+ нөхөн сэргээх/,

8. 6 дугаар сарын 22-ны өдөр ПРП эмчилгээ,

9. 6 дугаар сарын 29-ний өдөр Нөхөн сэргээх эмчилгээ,

10. 7 дугаар сарын 21-ний өдөр ПРП эмчилгээ, salmon,

11. 7 дугаар сарын 27-ны өдөр Багц 1/Aqua peel+ нөхөн сэргээх/,

12. 9 дүгээр сарын 28-ны өдөр ПРП эмчилгээ, salmon,

13. 10 дугаар сарын 03-ны өдөр Багц 1/Aqua peel+ нөхөн сэргээх/,

14.10 дугаар сарын 14-ний  өдөр ПРП курс эмчилгээ, нүүрний лазер эмчилгээ багц эмчилгээ-CoolaserCello gel

15. Нөхөн сэргээх эмчилгээ, Soler Care90 UltraSPF50 PA+++  сорви арилгах тос зэрэг нийт 3,109,000 төгрөгийн эмчилгээ хийлгэснээс үзлэг зөвлөгөөний 50,000 төгрөг,  сорви арилгах тос 95,000 нийт 145,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө төлжээ. /хх-ийн 4, 9, 113 дугаар тал/

Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт .......би эрүүл мэндээ сайн дурын даатгалд даатгуулсан. ******* даатгалаас эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг ******* эмнэлэгт шилжүүлсэн. гэж тайлбарласан, хэрэгт авагдсан баримтаар даатгалаас дээрх мөнгөн хэлбэрээр шилжсэн,  нэхэмжлэгч эмчилгээ хийлгэсэн болох нь нотлогдож байна./хх-ийн 7, 115-133 дугаар тал/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн “******* *******” ХХК-д хийлгэсэн эмчилгээний төлбөр болох 3,109,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Хэрэгт “******* *******” ХХК-иас цаашид 5,700,000 төгрөгийг үнэ бүхий эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн баримт авагдсан байна./хх-ийн 114 дүгээр тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч....хариуцагчийн буруутай үйлдлээс хамрын мэс засал, мэс заслын үеийн унтуулга,  лазер эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай, одоогоор мөнгөгүй тул хагалгаанд орж чадахгүй байна. гэж, хариуцагчийн өмгөөлөгч ....хамрын мэс заслын болон унтуулгын  эмчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, харин хагалгаанд орсны дараа баримтаа бүрдүүлээд нэхэмжилбэл төлнө, одоогоор хагалгаанд ороогүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр төлнө. гэж заажээ.

 

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч цаашид хамрын мэс заслын эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай болох нь шинжээчийн дүгнэлт, шийтгэх тогтоол, эмчийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хамрын мэс заслын төлбөр 1,500,000 төгрөг, мэс заслын унтуулгын төлбөр 1,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй.

 

Харин лазер эмчилгээний багц 4 удаагийн эмчилгээг өвчтөний мэс заслын эмчилгээний дараа нөхөн сэргээх эмчилгээ байх тул цаашид нэхэмжлэгч эмчилгээг хийлгэсэн тохиолдолд баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй.

 

Иймд хариуцагчаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 5,609,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,586,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дүгнэлтдээ эмчилгээний зардлыг төлөх нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

 Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, дээрх дурдсанаар 5,609,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба 2,586,000 төгрөгийн эмчилгээг хийлгээгүй байх тул ханган шийдвэрлэх үндэслэлгүй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч О.Т-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 5,609,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.П-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,586,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.- зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 104,694 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                      Д.БАТЦЭЦЭГ

                                                                                           Д.ЯНЖИНДУЛАМ