Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01030

 

 

 

 

 

Т.П-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01114 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Т-д холбогдох гэм хорын хохиролд 8 340 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.П-, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2020 оны 01 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт О.Т-д шалтгаангүйгээр зодуулсны улмаас баруун ухархайн доод ханын хугарал, хамрын нурууны муруйлт, дээд уруулын шарх, баруун зовхинд зулгаралт зэрэг гэмтлүүдийг авч хамрын нуруунд босоо байрласан 3,5 см ,хажуу байрласан 2 см, уруулын баруун хэсэгт хажуу байрласан 1.3 см оёдлууд тавиулсан. Энэхүү гэмтлийн улмаас болж нэхэмжлэгчийн нүүрэнд нэхэмжлэлд дурдсан хэсэгт гүн сорви тогтож энэхүү соривыг эмчилж бүдгэрүүлэхийн тулд олон шат дараалал бүхий тусгай эмчилгээг өндөр үнээр хийлгэх болсон. Мөн хамрын таславчийн хэсэгт үүссэн мурийлтыг мэс засал хийлгэх эмчилгээ зайлшгүй шаардлагатай болсон. Т.П- нь Могул сервис сппарп ХХК-д борлуулалт хариуцсан менежерийн ажилд 12 дахь жилдээ тасралтгүй ажилласан. Ажлын онцлогоос шалтгаалан олон төрлийн үйлчлүүлэгчтэй байнгын харилцах шаардлага гардаг.

Т.Төгсжаргалын санаатай учруулсан энэхүү гэмтлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэнд, гоо сайханд ноцтой хохирол учрахаас гадна эрхэлж буй ажил төрөлд нь сөргөөр нөлөөлж гэр бүлээ тэжээн тэтгэхэд бэрхшээл учирч байна. Хариуцагч нь эрүүгийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны явцад болон тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж, хохирогчийн эрүүл мэнд, ажил орлогод тухайн үед учирсан хохирол болон цаашид гарах хохирлыг бүрэн талж барагдуулахаа илэрхийлсэн боловч эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн өдрөөс хойш надтай уулзалгүй сураггүй алга болсон.

Нэхэмжлэгч нь Синдерелла клиник ХХК-ийн гоо заслын эмнэлгээр 8 195 000 төгрөгийн цогц эмчилгээ хийлгэж эхэлсэн ба эмчилгээний урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлж, эмчилгээний явцад зайлшгүй шаардлагаар нарны туяанаас өндөр хамгаалалттай эмчилгээний тосыг 95 000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн эмнэлгийн үзлэгийн төлбөрт 50 000 төгрөгийг төлсөн болно. Нэхэмжлэгч нь сайн дураараа Пратикал даатгал ХХК-д эрүүл мэндээ даатгуулсан байсан. Даатгалаас 3 000 000 төгрөгийг Синдерелла клиник ХХК-д шилжүүлсэн.

Иймд хариуцагч О.Т-аас эмчилгээний урьдчилгаанд шилжүүлсэн 3 000 000 төгрөг, сорвины тос 95 000 төгрөг, үзлэгийн төлбөр 50 000 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний зардал 5 050 000 төгрөг нийт 8 195 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Yзлэгийн төлбөр болон эмчилгээний урьдчилгаа төлсөн 3 000 000 төгрөгийн баримтуудад Т.П-ын овог, нэр, регистрийн дугаар байхгүй, кассын нэр зөрүүтэй байна. Харин Синдерелла клиник ХХК-аас 2020 оны 10 сарын 31-ний өдөр шүүхэд хүргүүлсэн баримтад Практикал даатгал XХК-аас Синдерелла клиник ХХК-д эмчилгээний зардлын даатгал гэсэн гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн дансны хуулга байна. Өөрөөр хэлбэл Т.П- нь дээрх 3 000 000 төгрөгийг давхар нэхэмжлэх эрхгүй юм.

Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 2/95 дугаартай "Эмнэлгийн дүгнэлт"-д Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө болон зардлын хуваарийг гаргасан байх ба ингэхдээ зардлын нийт дүнг 8 195 000 төгрөгөөр төлөвлөжээ. Гэхдээ уг төлөвлөгөөнд Сорвины эдгэрэлт тухайн эмчилгээний төлөвлөгөөг дахин нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөж өөрчилж болно гэсэн атлаа үлдэгдэл 5 195 000 төгрөгийг 2020 оны 05 сарын 15-ны өдөр нэхэмжилсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлж байна. Синдерелла клиник ХХК нь 2020 оны 10 сарын 31-ний өдрийн 2/157 дугаартай албан бичгээр Т.П-ын баримтуудыг шүүхэд хүргүүлсэн байх ба уг албан бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, харин ерөнхий менежер Б.Мөнхжаргал гэх хүн гарын үсэг зурсан байна.

Синдерелла клиник ХХК-ийн гаргасан Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө болон гаргасан зардлын хуваариудад заасан эмчилгээний төрөл, үнийн дүн хоорондоо зөрүүтэй байна. 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 2/95 дугаартай Эмнэлгийн дүгнэлт-д Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө болон зардлын хуваариас үзэхэд зардлын нийт дүн 8 195 000 төгрөг, харин 2020 оны 10 сарын 31-ний өдрийн 2/157 дугаартай албан бичигт Т.Пурэвлоовт 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс мөн оны 10 сарын 21-ний өдрийн хооронд хийгдсэн эмчилгээний зардал 3 109 000 төгрөг, цаашид хийгдэх зардал 5 700 000 төгрөг буюу нийт дүн нь 8 809 000 төгрөг, буюу 469 000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Иймд дээрх баримтууд нь хуурамч байх магадлалтай. Синдерелла клиник XX-ийн 2020 оны 10 сарын 31-ний өдөр гаргаж өгсөн кассын нийт 18 ширхэг баримтад регистрийн дугаар байхгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байгаа болно. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч зардал нь үнэн бодит, хуулийн шаардлага хангасан нотлох баримттай байх ёстой. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч нь хамрын мэс засалд орсон тохиолдолд уг эмчилгээний зайлшгүй зардлыг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд харин түүний хийлгэж буй гэх сорви бүдгэрүүлэх эмчилгээний зардал болох нийт 5 695 000 төгрөгийг төлөх үүрэггүй юм гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Дариймаа дүгнэлтдээ: Хохирогч Т.П- огт танихгүй хүнд цохиулсны улмаас гэмтэл авсан нь үнэн, хариуцагч тал хэргээ хүлээсэнд шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон байна. Иймээс цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлөх нь зүйтэй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Т-аас гэм хорын хохиролд 5 609 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.П-д олгож, үлдэх 2 586 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 104 694 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Т.П-т учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд түүнд учирсан гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хугацаа дууссан, мөн гэмтлээс үүссэн үлдэц уршиг буюу сорви нь түүний нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Синдерелла кпиник ХХК-ийн Эмнэлгийн дүгнэлт-д Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө, зардлын хуваарийг гаргаж, зардлын нийт дүнг 8 195 000 төгрөгөөр тогтоосон. Нэхэмжлэгч нь шүүхэд үзлэгийн төлбөр 50 000 төгрөг, сорвины тосны үнэ 95 000 төгрөг, эмчилгээний урьдчилгаа төлсөн төлбөр 3 000 000 төгрөг, мөн тус компанийн 2020 оны 05 сарын 15-ны өдөр нэхэмжилсэн эмчилгээний үлдэгдэл төлбөр 5 195 000 төгрөгийг 8 340 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 8 340 000 төгрөгт эмчилгээний нийт төлбөр 8 195 000 төгрөг, сорвины тосны үнэ 95 000 төгрөг, үзлэгийн төлбөр 50 000 төгрөгийг тус тус багтаажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан Синдерелла клиник ХХК нь 2020 оны 10 сарын 31-ний өдрийн 2/157 дугаартай албан бичгээр Т.П-т хийгдсэн болон цаашид хийгдэх эмчилгээ, мөн эмчилгээний төлбөрийн талаарх баримтуудыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд харин тэрхүү албан бичигт тус компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зурахгүй, Ерөнхий менежер Б.Мөнхжаргал гэх хүн гарын үсэг зурсан. Мөн 2/157 дугаартай албан бичгийн 1 дүгээр хавсралтад Т.П-т 2020 оны 03 сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийн хооронд хийгдсэн болон цаашид хийгдэх бүх эмчилгээ, түүний төлбөрийн талаар тусгасан байх боловч тухайн байгууллагаас Т.П-т эмчилгээ хийх үедээ хөтөлж байсан эмчилгээний карт, эсхүл түүнтэй адилтгах бусад бичиг баримтыг ирүүлээгүйгээс дээр дурдсан эмчилгээ нь түүнд хийгдсэн эсэхэд эргэлзээтэй.

Түүнчлэн уг албан бичгийн 2 дугаар хавсралтад Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн дансны хуулга, мөн тус компанийн кассын 2020 оны 05 сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийн хоорондох баримт /18 хуудас/-ыг тус тус хавсаргаж ирүүлсэн байх боловч тэдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нөгөөтээгүүр Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн дансны хуулгыг үзвэл Практикал даатгал ХХК-аас Синдерелла клиник ХХК-д эмнэлэг эмчилгээний зардлын даатгал гэсэн гүйлгээний утгатайгаар 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх ба энэ нь Т.П-ын даатгалын мөнгө гэдгийг нотлохгүй байгаагийн зэрэгцээ нэхэмжлэгч нь тус даатгалын байгууллагатай байгуулсан даатгалын гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 3 000 000 төгрөгийн болон 50 000 төгрөгийн НӨАТ-ын баримтуудыг тус компаниас Т.П-т олгосон гэдэг нь тодорхой биш.

Түүнчлэн 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 85 дугаартай 95 000 төгрөгийн баримт нь Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 10 сарын 31-ний өдрийн 2/157 дугаартай албан бичгийн 2 дугаар хавсралтаар ирүүлсэн 85 дугаартай 95 000 төгрөгийн баримттай тохирохгүй байна. Тодруулбал касс Болорчимэг, касс Б.Батзолбоо гэсэн байна. Үүнээс үзэхэд Т.П- нь 1 тосны үнийг 2 өөр хүнд, 1 цаг хугацаанд зэрэг төлөх боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Иймд нэхэмжлэгч болон Синдерелла клиник ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд үнэн бодитой эсэхэд эргэлзэхэд хүрч байна. Мөн уг хоёр баримтад Т.П-ын эцгийн нэр, регистрийн дугаар бичигдээгүй байгааг дурдах нь зүйтэй юм.

Синдерелла клиник ХХК-аас Т.П-ын эмчилгээний төлөвлөгөө болон зардлын хуваарийг 2 удаа гаргасан бөгөөд тэдгээрт заасан эмчилгээний төрөл, үнийн дүн хоорондоо илт зөрүүтэй байдаг. Өөрөөр хэлбэл, сорвины тос 45 000 төгрөг, 95 000 төгрөг, сорвины ПРП эмчилгээ 175 000 төгрөг, 110 000 төгрөг, салмон загасны тарилга 350 000 төгрөг, 280 000 төгрөг, лазер эмчилгээ 800 000 төгрөг, 421 000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ 50 000 төгрөг, 60 000 төгрөг, багц 1 байхгүй, 88 000 төгрөг гэх мэтчилэн өөрөөр тодорхойлогдсон байна.

Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 2/95 дугаартай Эмнэлгийн дүгнэлт-ээр Т.П-т хийгдэх эмчилгээний зардлын нийт дүнг 8 195 000 төгрөгөөр тогтоосон атлаа 2020 оны 10 сарын 21-ний өдрийг дуусталх хугацаанд хийсэн эмчилгээний зардлын нийт дүн нь 8 809 000 төгрөг болж өссөн байна. Эмчилгээний зардал нь анх төлөвлөсөн 8 195 000 төгрөг /сорвины тосны үнэ 95 000 төгрөг, үзлэгийн төлбөр 50 000 төгрөг, бүгд 145 000 төгрөг ороогүй/-өөс 614 000 төгрөгөөр нэмэгдсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч уг нөхцөл байдалтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээгүй болно. Мөн шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн эсэх талаар тодруулах ажиллагаа явуулаагүй бөгөөд уг ажиллагаааг явуулах нь шүүх шийдвэрлэж буй маргаанд ямар ч сонирхолгүй хөндлөнгийн байр суурьтай байх зарчимд нөлөөлөхгүй юм. Т.П-т хийгдсэн болон цаашид хийгдэх бүх эмчилгээ, түүний төлбөрийн хуваариас харахад Т.П-оос уг компанийн нэхэмжлэх эмчилгээний үлдэгдэл төлбөр 5 700 000 төгрөг болж өөрчлөгдөхөөр байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт хохирогч нь гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасан ч тэрхүү зайлшгүй зардал нь үнэн бодит, хуулийн шаардлага хангасан нотлох баримттай байх ёстой.

Хамрын мэс заслын үнэ 1 500 000 төгрөг, мэс заслын үеийн унтуулгын үнэ 1 000 000 төгрөг, лазер эмчилгээ багц /4 удаа хийлгэх шаардлагатай бөгөөд нэг удаагийн төлбөр нь 800 000 төгрөг 3 200 000 төгрөг, нийт 5 700 000 төгрөгийн аль аль нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхэд хамаарч байна. Хэрэв шүүх хэргийн 115 дугаар хуудсанд авагдсан Т.П-т цаашид хийгдэх эмчилгээний зардлын нийт дүн 5 700 000 төгрөгийн талаарх баримтыг шийдвэртээ үндэслэсэн бол нэхэмжлэгч нь анх гаргасан 8 340 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 8 809 000 төгрөг /хийгдсэн эмчилгээний зардал 3 109 000 төгрөг, цаашид хийгдэх эмчилгээний зардал 5 700 000төгрөг/ болгон ихэсгэсэн байх ёстой.

Мөн шүүх цаашид хийх эмчилгээний нийт зардал 5 700 000 төгрөгөөс хамрын мэс заслын эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж үзэж бүгд 2 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч цаашид хийх эмчилгээний зардлын үлдэгдэл буюу лазер эмчилгээний зардал нийт 3 200 000 төгрөгийг ямар үндэслэлээр 2 586 000 төгрөг болгон багасгаж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Синдерелла клиник ХХК-ийн 2/95 дугаартай Эмнэлгийн дүгнэлт-ээс үзэхэд лазер эмчилгээ нь сорвины эмчилгээнд зориулагдсан эмчилгээ байх ба харин хамрын мэс заслын эмчилгээтэй холбоогүй байна. Гэтэл шүүх ... лазер эмчилгээний багц 4 удаагийн эмчилгээг өвчтөний мэс заслын эмчилгээний дараа нөхөн сэргээх эмчилгээ байх тул цаашид нэхэмжлэгч эмчилгээг хийлгэсэн тохиолдолд баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй... гэж буруу дүгнэсний зэрэгцээ ... 2 586 000 төгрөгийн эмчилгээг хийлгээгүй байх тул ханган шийдвэрлэх үндэслэлгүй ... гэж дүгнэсэн нь логик алдаатай болжээ.

Нөгөөтээгүүр шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг тус тус баримталсан байх бөгөөд Иргэний хууийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд уг хэсэгт эмчилгээнд зарцуулсан зардлын тухайд шаардах эрхтэйг зохицуулсан байх боловч ирээдүйд гарах зардлын тухай уг заалтад тусгаагүй байна. Тиймээс ирээдүйд гарах зардлыг гаргуулах тохиолдолд гэм хорын нийтлэг зохицуулалт буюу Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсгийг шүүх баримтлах ёстой.

Гэхдээ хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтууд нь хууль зүйн болон бодит үндэслэлийн шаардлагыг хангаагүй, эргэлзээтэй, мөн нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 8 195 000 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Т.П- нь хариуцагч О.Т-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 8 340 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч даатгалаас шилжүүлэн өгсөн мөнгийг давхар шаардах эрхгүй, эмчилгээний зардлын баримтууд эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй тул бодит зардал гэж үзэхгүй гэсэн үндэслэл заан бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2/

 

Хэргийн 10-12 дахь талд авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/412 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд хариуцагч О.Т- нь 2020 оны 01 сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд үйлчлүүлж байсан Т.П-ын нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, хохирогчийн биед баруун ухархайн дотор ханын хугарал, хамрын нуруу, дээд уруулд шарх, баруун зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдсон, уг хэргийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд гэм хорын хохирол 1 338 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн үйл баримт тус тус тогтоогдож байх ба зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

Иймд хариуцагч О.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Т.П-ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь тогтоогдсон тул хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 228.4, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах, өмнөх байдалд сэргээх үүргийг хүлээх тул нэхэмжлэгч нь өөрт учирсан эрүүл мэнд сарнилттай холбоотой эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 2/95 тоот Эмнэлгийн дүгнэлт-д Т.П-ын биед хамрын таславчийн муруйлтыг тэгшлэх унтуулгатай мэс заслын эмчилгээ, шархны эдгэрэлтийг дэмжих эмчилгээ, арьсны нөхөн сэргээлтийг дэмжих эмчилгээ, сорви бүдгэрүүлэх эмчилгээ зэргийг хийх шаардлагатай талаар дурджээ. /хх 5-6/

 

Нэхэмжлэгч Т.П- нь 2020 оны 03 сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд дээрх эмнэлгийн дүгнэлтийн дагуу Синдерелла клиник ХХК-д нийт 3 204 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болох нь хэргийн 9, 116-133-р талд авагдсан төлбөрийн баримтаар нотлогдож байна. Харин хэргийн 4-р талд авагдсан 50 000 төгрөгийн баримт нь хэргийн 116-р талд авагдсан баримттай давхцаж байх тул нэхэмжлэгч уг дүнг давхардуулан шаардсан байна гэж үзэж, нийт 3 204 000 төгрөгийн тооцоололд оруулаагүй болно. Эдгээр баримтуудыг эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан 3 204 000 төгрөгийн зардлын 3 000 000 төгрөг нь Практикал даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр төлөгдсөн гэсэн нэхэмжлэгч талын тайлбар хэргийн 7, 115-р талд авагдсан баримтаар нотлогдсон.

 

Иймд эмчилгээний төлбөрт төлөгдсөн, баримтаар нотлогдож буй нийт 3 204 000 төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэгч Т.П-оос гарсан зардал гэж үзэх боломжгүй учир бодитой нэхэмжлэгчээс гарсан зардал болох 204 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

Эмнэлтийн дүгнэлтээр хийх шаардлагатай гэж дүгнэсэн хамрын мэс засал, мэс заслын үеийн унтуулга, хэсэгчилсэн лазер эмчилгээ хийлгэхэд нийт 4 900 000 төгрөг шаардлагатай болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэх шаардах эрхийн хүрээнд хариуцагчаас 4 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Хэргийн 114-р талд авагдсан цаашид хийгдэх эмчилгээний төлөвлөгөө нь Эмнэлгийн дүгнэлт биш тул тус баримтад дурдагдсан үнийн дүн болох 5 700 000 төгрөгөөр зайлшгүй зардлыг тооцох боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа төлбөрийн чадваргүй этгээдийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөхтэй холбоотой хуулийн зохицуулалт буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.Т-аас гэм хорын хохиролд нийт 5 104 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.П-т олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор хууль хэрэглээ, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01114 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Т-аас гэм хорын хохиролд 5 104 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.П-д олгож, үлдэх 3 236 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 96 614 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР