Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 369

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2021/00197/и

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.АлтанТ даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...  дугаар баг, ... тоотод оршин суугаа, утас ... , ... регистрийн дугаартай, Ш овогт Т.Т. нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, Н ... тоотод оршин суугаа, утас ... , ... регистрийн дугаартай, Б овогт Ө.Ц холбогдох

 

1 850 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2020 оны 05 дугаар сард ачааны тээврийн хэрэгслийг Ө.Цаас 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 3,850,000 төгрөгийг бэлнээр Ө.Цт өгсөн. Гэтэл худалдан авахаар тохиролцож байсан ачааны тээврийн хэрэгсэл нь бичиг баримтын зөрчилтэй, Дархан төмөрлөгөөс акталж гарч байгаа машин байсан тул миний бие худалдаж авахаас татгалзаж урьдчилгаанд өгсөн 3 850 000 төгрөгөө буцааж авахаар шаардахад 2 000 000 төгрөгийг нь бэлнээр буцааж өгөөд үлдэгдэл 1 850 000 төгрөгийг хоёр гурав хоногоос өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, худлаа үнэн шалтаг тоочиж явсаар сүүлдээ миний дуудлагыг ч авахаа байж надаас зугатах болсон. Иймд хариуцагч Ө.Цаас 1 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Т 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн гээд бичсэн байдаг. Тухайн үед мартаж санаад энийг андуурч бичсэн байдаг. Энэ тайлбарт хариуцагч тал болох Ө.Ц нь бэлнээр 2 000 000 төгрөг өгсөн дансаар 1 000 000 төгрөг өгсөн нийт 3 000 000 төгрөг өгсөн өргүй гэж хэлээд байдаг. Гэрч Тийн хүү Э, Тийн эхнэр Т нар нь хэлэхдээ 3 300 000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас 3 удаагийн гүйлгээгээр аваад, Г гэдэг найзаасаа 550 000 төгрөг зээлээд нийт 3 850 000 төгрөгийг Цт өгснийг мэдүүлсэн. Гэрчүүд Тийн гэр бүлийн хүмүүс ч гэсэн хууль сануулсны дагуу үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ бичихдээ андуурч буруу зөрүү юм бичсэнийг далимдуулж заль хэрэглэж байна тиймээс шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Ө.Ц нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Т.Т нь надаас 1 850 000 төгрөг нэхэмжилсэн байна. 2020 оны 05-р сард Т.Т нь надаас ачааны машин 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Тэр надад урьдчилгаанд 3 000 000 төгрөг өгсөн. Бидний хоорондын тохиролцсон наймаа буцсан. Би түүнд 2 000 000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 1 000 000 төгрөгийг нь эхнэрийнх нь дансруу шилжүүлсэн. Одоо надад түүнд төлөх төлбөр байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн тайлбарт нэмж хэлэхэд нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр 2 000 000 төгрөгийг бэлнээр авсан үлдэгдэл 1 850 000 төгрөгийг гаргуулна гэсэн байдаг. Хариуцагч хариу тайлбарт хэлэхдээ Номин худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан нь үнэн, би хамт байсан тэр үед надад 3,000,000 өгсөн гэдэг. Ингээд наймаа буцаад 2 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн бичсэнчлэн бэлнээр өгсөн, ингээд үлдэгдэл 1 000 000 төгрөгийг өгөх боломжгүй байж байгаад цагдаа, сэргийлэх гээд байхаар нь хоёр удаагийн гүйлгээгээр төлж дуусгасан. Нэхэмжлэгч тал хуульд заасанчлан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу нэхэмжлэгч тал гэр бүлийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулсан. Эхнэрийн мэдүүлэг дээр 550 000 төгрөгийг яг өгөхөд нь хажууд байсан уу гэхэд хажууд нь байгаагүй гэдэг, Хүү нь мөн мэдүүлэгтээ хажууд нь байгаагүй биз дээ гэхэд би араас нь орсон 550 000 төгрөг яг өгснийг хараагүй гэдэг. Тэгэхээр 550 000 төгрөг өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч Ө.Цт холбогдуулан 2020 оны 5 дугаар сард ачааны машин худалдан авахаар тохирч урьдчилгаанд шилжүүлсэн 3 850 000 төгрөгийн үлдэгдэл 1 850 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь урьдчилгаанд 3 000 000 төгрөг авснаас бэлнээр 2 000 000 төгрөг, дансаар 1 000 000 төгрөг төлж бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд тодруулж ... 2020 оны 5 сард харилцан тохиролцож Дархан төмөрлөгийн үйлдвэрээс актлах ачааны автомашиныг 20 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд бэлнээр 3 850 000 төгрөгийг хариуцагч Ө.Ц нь мөнгийг бэлнээр авна гэсэн тул эхнэр С.Т, хүү Т.Э , Ө.Ц нарын хамт явж Номингийн АТМ-аас 3 300 000 төгрөг авч түүн дээрээ найз Т.Гоос 550 000 төгрөг зээлсэн байсан мөнгийг нэмж нийт 3 850 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэвч автомашин бичиг баримтын зөрчилтэй гэсэн учраас гэрээ биелэгдэх боломжгүй болсон тул урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулахаар шаардахад хариуцагч нь эхнэрийн дансаар 2020 оны 8 дугаар сарын 26-нд 500 000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 10-нд 500 000 төгрөгийг шилжүүлсэн, 2020 оны 9 дүгээр сард цагдаагийн байгууллагад өргөдөл өгөхөд хариуцагч руу цагдаагийн ажилтан ярьсан. Төлбөрийг нь барагдуулаад дуусгачихна гэсэн тул өргөдлөө өгөлгүй авсан. Түүний дараа гэрт ирж эхнэрт бэлнээр 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг авсан. Одоо үлдэгдэл 1 850 000 төгрөг гаргуулна гэж тайлбар гаргаж нотлох баримтаар С.Тгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Т, Т.Э, Т.Г нарыг гэрчийн мэдүүлэг авахуулсан байна. /хх-ийн 23, 37-39 44, 45, 48 дугаар тал/

 

 Хариуцагч нь урьдчилгаанд 3 000 000 төгрөгийг авсан, эхнэрт нь 2 000 000 төгрөгийг бэлнээр, дансаар 1 000 000 төгрөгийг өгч төлбөрийг бүрэн барагдуулсан гэж маргаж С.Тгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх-ийн 15-30 дугаар тал/

 

Дээрх нотлох баримтаар хариуцагч нь урьдчилгаа төлбөрөөс 2 удаагийн үйлдлээр 1 000 000 төгрөгийг С.Тгийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч С.Тд хууль сануулан авсан мэдүүлэгт ...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би Ө.Цт том машины урьдчилгаанд өгөх 3 300 000 төгрөгийг дансанд байсан учраас дансаар шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхэд Ө.Ц дансаар авмааргүй байна, бэлнээр авья тиймээс Номин худалдааны төвийн АТМ дээр очоод би чиний картнаас уншуулаад авья өөрөө уншуулаад авах юм бол АТМ-ын камерт бичигдэнэ гэж хэлсэн. Тэгээд миний картнаас уншуулаад авсан. Энэ үед нөхөр Т.Т хамт зогсож байсан. Ингээд уг мөнгөн дээр нэмж манай нөхөр Т.Т 550 000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч Т.Эын ...урьдчилгаанд Номин худалдааны төвийн АТМ-ээс уншуулж бэлнээр бэлнээр 3 300 000 төгрөгийг авсан. Аав Т.Т нэмж 550 000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг, гэрч Т.Гийн ...Т.Т нь хүнээс ачааны том машин авах гэсэн юм. Мөнгө байвал зээлээч гэж хэлэхэд нь би 550 000 төгрөг зээлсэн гэсэн мэдүүлэг, С.Тгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 500 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 500 000 төгрөгийг шилжүүлсэн баримт, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4 удаагийн үйлдлээр 3 300 000 төгрөгийг АТМ-ээс авсан баримт зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь автомашины урьдчилгаа төлбөрт 3 850 000 төгрөгийг хариуцагч Ө.Цт бэлнээр өгсөн хариуцагч нь дансаар болон бэлнээр тус бүр 1 000 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн төлбөрийг бүрэн барагдуулсан гэсэн татгалзал үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг 3 000 000 төгрөгөөр тохирсон, бэлнээр 2 000 000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа үндэслэлийн талаар нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэжээ.

 

Зохигчид нь хэлцэл хийхээр харилцан тохиролцсон боловч тодорхой шалтгааны улмаас дуусгавар болсон байх бөгөөд талуудын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, хариуцагч нь төлбөр шилжүүлсэн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдож байх тул Т.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ө.Цаас 1 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Ө.Ц нь өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ө.Цаас 1 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА