Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2021/00049

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2021/00197/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч М.Мөнхдаваа, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 369 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

              Хариуцагч *******т холбогдох

1.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувдын давж заалдсан гомдлыг үндэслэн

2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2020 оны 05 дугаар сард ачааны тээврийн хэрэгслийг *******аас 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 3.850.000 төгрөгийг бэлнээр *******т өгсөн. Гэтэл худалдан авахаар тохиролцож байсан ачааны тээврийн хэрэгсэл нь бичиг баримтын зөрчилтэй, Дархан төмөрлөгөөс акталж гарч байгаа машин байсан тул миний бие худалдаж авахаас татгалзаж урьдчилгаанд өгсөн 3.850.000 төгрөгөө буцааж авахаар шаардахад 2.000.000 төгрөгийг нь бэлнээр буцааж өгөөд үлдэгдэл 1.850.000 төгрөгийг хоёр гурав хоногоос өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, худлаа үнэн шалтаг тоочиж явсаар сүүлдээ миний дуудлагыг ч авахаа байж надаас зугтах болсон. Иймд хариуцагч *******аас 1.850.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ******* 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гээд бичсэн байдаг. Тухайн үед мартаж санаад энийг андуурч бичсэн байдаг. Энэ тайлбарт хариуцагч тал болох ******* нь бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн дансаар 1.000.000 төгрөг өгсөн нийт 3.000.000 төгрөг өгсөн өргүй гэдэг. Гэрч *******ийн хүү *******, *******ийн эхнэр ******* нар нь хэлэхдээ 3.300.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас 3 удаагийн гүйлгээгээр аваад, Ганзориг гэдэг найзаасаа 550.000 төгрөг зээлээд нийт 3.850.000 төгрөгийг *******т өгснийг мэдүүлсэн. Гэрчүүд *******ийн гэр бүлийн хүмүүс ч гэсэн хууль сануулсны дагуу үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ бичихдээ андуурч буруу зөрүү юм бичсэнийг далимдуулж заль хэрэглэж байна тиймээс шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

******* нь надаас 1.850.000 төгрөг нэхэмжилсэн байна. 2020 оны 05-р сард ******* нь надаас ачааны машин 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон юм. Тэр надад урьдчилгаанд 3.000.000 төгрөг өгсөн. Бидний хоорондын тохиролцсон наймаа буцсан. Би түүнд 2.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд 1.000.000 төгрөгийг нь эхнэрийнх нь данс руу шилжүүлсэн. Одоо надад түүнд төлөх төлбөр байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагчийн тайлбарт нэмж хэлэхэд нэхэмжлэгч нь анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан үлдэгдэл 1.850.000 төгрөгийг гаргуулна гэсэн байдаг. Хариуцагч хариу тайлбарт хэлэхдээ Номин худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас мөнгө авсан нь үнэн, би хамт байсан тэр үед надад 3.000.000 өгсөн гэдэг. Ингээд наймаа буцаад 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн бичсэнчлэн бэлнээр өгсөн, ингээд үлдэгдэл 1.000.000 төгрөгийг өгөх боломжгүй байж байгаад цагдаа, сэргийлэх гээд байхаар нь хоёр удаагийн гүйлгээгээр төлж дуусгасан. Нэхэмжлэгч тал хуульд заасанчлан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу нэхэмжлэгч тал гэр бүлийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авхуулсан. Эхнэрийн мэдүүлэг дээр 550.000 төгрөгийг яг өгөхөд нь хажууд байсан уу гэхэд хажууд нь байгаагүй гэдэг, хүү нь мөн мэдүүлэгтээ хажууд нь байгаагүй биз дээ гэхэд би араас нь орсон 550.000 төгрөг яг өгснийг хараагүй гэдэг. Тэгэхээр 550.000 төгрөг өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 1.850.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 369 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангаагүй байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ...*******т машины урьдчилгаанд 3.850.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Буцааж 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан 1.850.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл надад төлөөгүй байгаа учраас 1.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байсан.

Хариуцагч нэхэмжлэгч *******ээс машины урьдчилгаанд 3.000.000 төгрөг авсан, бэлнээр 1.000.000 төгрөгийг буцаан өгсөн, эхнэрийнх данс руу 1.000.000 төгрөгөөр 2 хувааж хийсэн ба нийт 3.000.000 төгрөгийг буцаан өгсөн учраас одоо өр өглөгийн асуудал байхгүй гэж тайлбар гаргадаг.

Гэтэл нэхэмжлэгч тал нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндэслэлгүйгээр өөрчилж *******аас 2.000.000 төгрөг бэлнээр буцаан авсан гэж нэхэмжлэлдээ андуурч бичсэн байна, АТМ-с бэлнээр 3.300.000 төгрөг авч *******т өгсөн, найз Ганзоригоос 550.000 төгрөг зээлж аваад нийт 3.850.000 төгрөг өгсөн гэж мэдүүлснийг шүүх үнэн зөв мэдүүлэг гэж хүлээн авсан нь хуульд нийцсэнгүй.

Мөн нэхэмжлэгч нь эхнэр хүүхэд хоёроороо нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлуулахаар гэрчийн мэдүүлэг авхуулсан байдаг. Хэдийгээр гэрчүүдэд хууль сануулж мэдүүлэг авсан ч нэг ашиг сонирхолтой хүмүүсийн мэдүүлгийг туйлын үнэн зөв гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь шударга ёсонд нийцэхгүй байгаа юм. Гэрчүүдийн мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж нэхэмжлэлийн шаардлагын хангасан нь хэт нэг талыг барьсан хууль бус үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэхээр байх ба хариуцагчийн эрх ашгийг илтэд хохироосон шийдвэр шүүх гаргасан гэж үзэж байгаа юм.

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх ёстой 3.000.000 төгрөгөө буцаан төлснөө тайлбарлаж шүүхийн журмаар гэрч С.*******гийн дансны хуулгыг гаргуулж хэрэгт хавсаргаж татгалзлаа нотолж, нэхэмжлэгч нь 2.000.000 төгрөгөө бэлнээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэлдээ дурдаад байхад хариуцагчийг татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Харин нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн яаж нотолсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 1.850.000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх шийдвэр гаргаад байгаа нь мөн л ойлгомжгүй байгаа юм.

Иймд хэргийг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******аас 1.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардлагынхаа үндэслэлд ачааны тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч уг тээврийн хэрэгсэл нь бичиг баримт зөрчилтэй байсан учраас наймаагаа буцсан тул өгсөн мөнгөө буцааж нэхэмжилж байна гэжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч, хариуцагчийн өмгөөлөгч ...шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулж хамаарал бүхий хүмүүсийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн, хариуцагч татгалзлаа нотолсон байхад түүнийг нотолж чадаагүй гэж үзсэн... гэх үндэслэлээр гомдол гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа нэхэмжлэгчээс 3 сая төгрөг авсан байсан түүнийхээ хоёр сая төгрөгийг бэлнээр нэг сая төгрөгийг дансаар буцааж өгсөн гэжээ.

Талуудын тайлбараас хоёр сая төгрөг буцааж төлсөн тухай үйл баримт маргаангүй болох нь тогтоогдож байна.

Харин анх хэдэн төгрөг өгсөн талаар нэхэмжлэгчийн тайлбар хариуцагчийнхаас зөрүүтэй байна.

Нэхэмжлэгчийн тайлбараа нотлохоор шүүхэд ирүүлсэн Хаан банкны дансны хуулгаар автомат төгрөгийн машинаас 3.300.000 төгрөг гаргаж авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үед талууд мөнгийг бэлнээр өгч авалцсан гэж тайлбарладаг.

Дээрх мөнгөн дүн дээр бусдаас /*******/ зээлж авсан 550.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг гэрчүүд батлан мэдүүлсэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хуульд нийцээгүй, тал бүрээс нь харьцуулан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж үзээгүй гэх хуульд заасан үндэслэлээр буруутгах, өөрөөр дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Хариуцагч татгалзлаа нотлоод байхад түүний баримтуудыг үнэлээгүй гэх гомдлын тухайд маргааны зүйл нь анх хэдэн төгрөг өгч авалцсан, мөн дараа нь хэдийг буцаан өгсөн гэх үйл баримтууд байсан бөгөөд хариуцагч эхнийхийг нотлох баримт гаргаагүй харин хэдэн төгрөг буцаан өгсөн болох тухайд 1 сая төгрөг буцаан шилжүүлсэн бичгийн баримт хэрэгт авагдсан байна.

Харин хэдэн төгрөг буцааж авсан талаар нэхэмжлэгч 2 сая төгрөг авсан гэх тайлбараас хариуцагчаас 2 сая төгрөг авчээ гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд эрх зүйн хувьд зөв дүгнэлт өгөөгүй байна.

Талуудын тайлбараас тэдгээрийн хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй нөхцөл байдлаас худалдан авагч тал гэрээнээс татгалзсан энэ талаар маргаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэрээнээс татгалзан гарахдаа өгсөн зүйлээ буцааж авах шаардах эрхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан байх бөгөөд дээрх зохицуулалтыг тухай харилцааг тодорхойлон зохицуулсан илүү нарийвчилсан зохицуулалт гэж үзэх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 1.850.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож гэснийг,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч *******аас 1.850.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                                                      ШҮҮГЧИД                                     М.МӨНХДАВАА

                                                                                                                                            О.НАРАНГЭРЭЛ