| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 182/2020/03839/И |
| Дугаар | 135/ШШ2021/00341 |
| Огноо | 2021-05-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 135/ШШ2021/00341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 182/2020/03839/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* ******* Монгол улс дахь төлөөний газарт холбогдох,
"Ажилд эгүүлэн тогтоолгох, амралтын өдөр болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ******* ******* *******-ийн хэрэгжүүлж байгаа цэвэрлэх байгууламжийн төсөл дээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан /ХАБЭА/-аар ажилд орсон. Эхний гэрээ бол туршилтын хугацаагаар ажиллуулах байсан ба 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр талууд тохиролцож, төслийн зохицуулагч нь намайг ажиллаж байхад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хувьд эрс өөрчлөгдсөн гэж үзээд, надад ажиллах санал тавихад нь би зөвшөөрч хөдөлмөрийн гэрээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан юм.
Гэвч намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал дээр сахилгын шийтгэл оногдуулах зөрчлийг Э.******* удаа дараа гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, байгууллагад дарамт шахалт үзүүлсэн зэргийг үндэслэн чөлөөллөө гэсэн байдаг. Гэтэл дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан талаар нотлох баримт байхгүй, зөрчлүүдэд арга хэмжээ авч байсан тушаал огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг миний бие гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус баримтлан ажлаас чөлөөллөө гэж байгаа, гэтэл миний удаа дараа сахилгын зөрчил гаргасан болохыг ажил олгогч тогтоогоогүй, сахилгын шийтгэл оногдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, илүү цагийн нэмэлт цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны илүү цагийн цалин, 2020 оны 06 дугаар сараас 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны илүү цагийн хөлсийг хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрээр авсан юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин 8,165,581 төгрөг, илүү цагийн хөлс 1,632,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулж, мөн нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 436,439.17 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч ******* ******* ******* Монгол улс дахь төлөөний газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...хариуцагч байгууллага нь Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Богино хугацаанд төслийг хэрэгжүүлэх тул ажиллах хүчин буюу ажилчидтай богино хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулж байгаа юм. Э.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл туршилтын хугацаанд ажиллаж, туршилтын хугацаа 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусахад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сарын 1,320,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Ажилтан Э.******* нь хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлж байхдаа, хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлж, өөрийнхөө удирдлагад байгаа ажилчдыг уруу татаж, 3 хоног ажил таслуулж, ажилчдын нэгдсэн цуглаан хийж, ажил олгогчид шаардлага тавьж, мэдэгдэл гаргасан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдэгдэлдээ 5 хоногийн дотор шийдвэрлэж өгнө үү гэж хугацаа тогтоосон хэрнэ тогтоосон хугацаагаа дуусаагүй байхад буюу 2 хоногийн дараа 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан өргөдөл гаргасан байдаг. Хариуцагч байгууллагын хувьд Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хуралд оролцох хүсэлттэй байсан боловч хариуцагчийг хуралд оролцох боломжоор хангалгүй хурлаа хийж шийдвэр гаргаж, ажил олгогч байгууллагыг өөрийн тайлбартай холбоотой нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангалгүйгээр шийдвэрлэж, зөвлөмж гаргасан боловч ажил олгогч уг зөвлөмжийг хүлээн авч биелүүлсэн байдаг. Э.*******ын тухайд 3 хоног ажилчдын ажлыг таслуулж, 3 өдөр ажил зогсож, эдийн засгийн алдагдал оруулсан. Э.*******ыг ажилчдыг цуглуулж, ажил хаялт хийж, төслийн ажилд хүндрэл учруулсан бөгөөд мэдэгдэлдээ дурдсан 5 хоногийн хугацаа заасан хэрнэ хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байгааг байгууллагын удирдлагын зүгээс бидэнд шахалт үзүүлсэн гэж үзэж байгаа юм. Ажилчдын зүгээс цалингаа нэммээр байна гэж шаардлага тавьж байхад удирдлага нь харилцан тохиролцож, эвлэрэлд хүрч болохоор байхад хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байгаа юм. Тухайн үед удирдлагын зүгээс бусад ажилчидтай тохиролцож байсан. Э.******* нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.6, 8.12.1, 8.12.5, 8.12.14, 8.15.11, 8.16.5 дахь заалтуудыг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Байгууллагын зүгээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг биелүүлж, цалинг нь олгосон байгаа. 10 дугаар сарыг дуусталх хугацааны илүү цагийн цалинг нэхэмжлэгч авсан байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн бодолтыг харвал 726,239 төгрөг, 436,439 төгрөг, 151,800 төгрөгийг тус тус олгосон байгаа нь харагддаг. Иймд 2020 оны 04 дүгээр сараас 06 дугаар сар хүртэлх хугацааны илүү цагийн цалинг олгосон гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газарт холбогдуулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, амралтын өдөр болон илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 5,493,600 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин 8,165,581 төгрөг, илүү цагийн хөлс 1,632,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулсан бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 436,439.17 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болно.
Нэхэмжлэгч Э.******* нь ******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газарт 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тус газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 87 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан Э.*******ын нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч ******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 87 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.4, Компанийн дотоод журмын 8.1.1, 8.1.3, 8.1.6, 8.12.1, 8.12.3, 8.13.5, 8.14, 8.15.11, 8.16.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус үндэслэн гаргасан байх бөгөөд тушаалд Э.*******ыг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан, компанийн дотоод журмыг мөн удаа дараа зөрчиж, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөж зохион байгуулан компанид дарамт шахалт үзүүлсэн гэх мэт үйлдэл гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай юм.
Мөн Дотоод журмын 8.1.1, 8.1.3, 8.1.6, 8.12.1, 8.12.3, 8.13.5, 8.14, 8.15.11, 8.16.5-д 30 минут ба түүнээс дээш хугацаагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас хоцорсон ажлын байрыг албан ажлын бус шугамаар тасралтгүй 30 минутаас дээш хугацаагаар зөвшөөрөлгүй орхигдуулсан тохиолдолд тухайн өдрийн ажлыг, Сард 2-оос дээш удаа хоцорсон тохиолдолд, Албан ёсоор чөлөө аваагүй ажил орхисон, ажилд ирээгүй, мөн албан ёсоор авсан чөлөөний хугацаа дууссан бол бүтэн өдрийн ажил тасалсанд тооцож цалингийн суутгал хийнэ, Үүрэг даалгаврын хуудсаар өгөгдсөн ажлыг 3 удаа гүйцэтгээгүй. Холбогдох журмын ажлын гүйцэтгэлийн үнэлгээний дагуу сануулах сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүрдсэн, Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу гүйцэтгэхээс үндэслэлгүй татгалзах, хурал цуглаан таслах, хамт олныг хамарсан зохион байгуулалттай ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, ажлаас хоцрох, ажил таслах тохиолдолд сануулах сахилгын шийтгэл ногдуулна, Хууль бус ажил хаялт болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох тохиолдолд Үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна, Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгоно. Тушаалд хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл, шалтгаанаар дуусгавар болж байгааг тодорхой заана, Хөдөлмөрийн дотоод журамд заагдсаны дагуу захирлын тушаалаар сахилгын шийтгэл удаа дараа /2 болон түүнээс дээш удаа/ гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно, Хүндэтгэх шалтгаангүйгээр улиралд нийлбэрээр ажлын 30 цаг болон дараалан 3 өдөр ажил тасалсан /ажлын цагийн тасалсан нийлбэрт ажлаас хоцорсон, ажил тарах цагаас өмнө тарж явсан, ажлын цагийн дундуур зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явсан зэрэг орно/ тохиолдолд ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуална гэж тус тус заасан, мөн Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш хоног ажил тасалсан, ээлжийн амралт болон чөлөөний хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн, Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд эдгээр зөрчлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан зөрчил бүр тогтоогдсон байх шаардлагатай.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Э.******* нь хөдөлмөрийн гэрээний үүргийг биелүүлж байхдаа хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлж, өөрийнхөө удирдлагад байгаа ажилчдыг уруу татаж, 3 хоног ажил таслуулж, ажилчдын нэгдсэн цуглаан хийж, ажил олгогчид шаардлага тавьж, мэдэгдэл гаргасан, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Байгууллагын зүгээс Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг биелүүлж, цалинг нь олгосон. 10 дугаар сарыг дуусталх хугацааны илүү цагийн цалинг нэхэмжлэгч авсан байгаа. 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалингийн бодолтыг харвал 726,239 төгрөг, 436,439 төгрөг, 151,800 төгрөгийг тус тус олгосон байгаа тул илүү цагийн цалинг олгосон байна гэж, нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа намайг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал дээр сахилгын шийтгэл оногдуулах зөрчлийг удаа дараа гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, байгууллагад дарамт шахалт үзүүлсэн зэргийг үндэслэн чөлөөлсөн байдаг. Дээр дурдсан зөрчлүүдийг гаргасан талаар нотлох баримт байхгүй, зөрчлүүдэд арга хэмжээ авч байсан тушаал огт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргаагүй, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн, гэтэл миний удаа дараа сахилгын зөрчил гаргасан болохыг ажил олгогч тогтоогоогүй, сахилгын шийтгэл оногдуулаагүй болно. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 8,165,581 төгрөг, илүү цагийн хөлс 1,632,000 төгрөгийг гаргуулна гэж тус тус маргадаг болно.
******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 87 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд Э.*******ыг хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг давтан гаргасан, компанийн дотоод журмыг мөн удаа дараа зөрчиж, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөж зохион байгуулан компанид дарамт шахалт үзүүлсэн гэх мэт үйлдэл гаргасан гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.*******ыг хамт олны дунд буруу үлгэр дуурайлал үзүүлж, өөрийнхөө удирдлагад байгаа ажилчдыг уруу татаж, 3 хоног ажил таслуулж, ажилчдын нэгдсэн цуглаан хийж, ажил олгогчид шаардлага тавьж, мэдэгдэл гаргасан байдаг. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.6, 8.12.1, 8.12.5, 8.12.14, 8.15.11, 8.16.5 дахь заалтуудыг зөрчсөн, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үйлдэл, үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, татгалзлын үндэслэлээ хариуцагч тал нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлээ нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Мөн Э.******* нь байгууллагын дотоод журам баталж, мөрдөж байгаагүй, танилцуулж байгаагүй, хөдөлмөрийн дотоод журам дээрх гарын үсэг хэнийх болохыг мэдэхгүй гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нь хөдөлмөрийн дотоод журам дээр гарын үсэг зурагдсан байгаа тул Э.*******од танилцуулсан байна гэж тайлбарласан нь нотлох баримтаар тогтоогдохгүй, Э.*******од хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан Э.*******ыг ажилд томилсон тушаал болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн цалингийн цэстэй холбогдолтой илүү цагийг тооцсон баримт, нэхэмжлэгч Э.******* нь ажил үүргээ биелүүлэхгүй байсан талаар төв компаниас нь ирсэн мэйл, хөдөлмөрийн гэрээ, илүү цагийг өөр нэр томьёогоор бичсэн байсны монгол хэл дээрх орчуулга, цагийн бүртгэлтэй холбоотой баримт 11 хуудас, гэрэл зургийн үзүүлэлт 3 хуудас зэрэг нийт 15 хуудас баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул тус баримтуудыг шүүх үнэлээгүй болно.
Хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар, эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газрын захирлын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 87 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Э.*******ыг тус газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна, 70.2-т Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна, 70.3-т Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна, 53.1-д Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно гэж тус тус заасан байна.
Мөн Хөдөлмөрийн гэрээний 1.3-д Үндсэн цалин хөлс буюу албан тушаалын цалингийн хэмжээ 1 сарын 1,320,000 төгрөг /Нийгмийн даатгал, ХХОАТ орсон/, 1.5-д Хөдөлмөрийн гэрээний болон ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 2020.06.01-ний өдрөөс эхлэн 2020.12.31-нийг хүртэл, 1.6-д Ажил, амралтын цаг, тэдгээрийн үргэлжлэх хугацаа Нэг өдөрт ажиллах цаг нь өглөө 08 цагаас орой 17 цаг хүртэл байх бөгөөд өдрийн хоолны цаг 13 цагаас 14 цаг хүртэл байна гэж тусгажээ.
Нэхэмжлэгч Э.******* нь 240 цаг илүү ажилласан гэж шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч энэ талаар маргадаггүй болно.
Иймд илүү цагийн хөлс 2020 оны 04 дүгээр сард ажлын 19 хоног, амралтын 3 өдөр, өдөр бүр 10 цаг ажилласнаар тооцоход илүү цаг 38 + амралтын бямба гарагт 30 = 68 цаг * 1.5 = 102 цаг, 2020 оны 05 дугаар сард ажлын 21 хоног, амралтын 5 өдөр, өдөр бүр 10 цаг ажилласнаар тооцоход илүү цаг 42 + амралтын бямба гарагт 50 = 92 цаг * 1.5 = 138 цаг, нийт 240 цаг /102 + 138/ * 6800 /1 сарын цалин 1,200,000 төгрөг, 1 цагийн цалин 6,818≈6,800 төгрөг/ = 1,632,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1,320,000 * 6 + 4 * 61,395.25 /1 сарын цалин нь 1,320,000 төгрөг, 1 өдрийн цалин 61,395.25 төгрөг/ = 8,165,581 төгрөгийг тус тус хариуцагч ******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газраас гаргуулж, нэхэмжлэгч Э.*******од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ыг ******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* Монгол улс дахь төлөөний газраас ажилгүй байсан хугацааны цалин 8,165,581 төгрөг, илүү цагийн хөлс 1,632,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* Монгол Улс дахь төлөөний газраас улсын тэмдэгтийн хураамжид 171,711 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС