Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2021/00362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-д холбогдох,

60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2019 оны 8 дугаар сараас эхлэн Л.Бийн хүсэлтээр 1 000 000 төгрөг болон түүнээс дээш хэмжээгээр түүнтэй тохиролцон сар бүрийн 8 хувийн хүүтэй мөнгө шилжүүлсээр 14 сая төгрөг болсон. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс бүх мөнгөө хүүгийн хамт авч тооцоо дуусгая гээд тооцоо дуусгасан. Энэ хугацаанд түүнээс нийт 2 100 000 төгрөгийн хүү авсан байдаг. Үндсэн мөнгө 14 сая төгрөгөө 2020 оны 4 дүгээр сарын 15-ндаа авсан. Гэтэл та буцаагаад 14 сая төгрөгөө өгчихөө гээд байсан. Тэгэхээр нь өмнө нь өгөөд байсан юм чинь өгчих байлгүй дээ гэж бодоод итгээд 14 сая төгрөгөө мөн сар тутам 8 хувийн хүүтэй зээлүүлсэн. Л.Б хэлэхдээ найман хувийн хүүг надад юу ч биш 10 хувь байсан ч болно гээд байсан. Би түүнээс ч илүү ашиг олдог гэж байсан. Ингээд түүнээс хойш мөнгө шилжүүлсээр 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гэхэд нийт 60 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд дундуур нь шилжүүлсэн мөнгөнийхээ хүүнд 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 10 610 000 төгрөг авсан байдаг. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 11-нээс хойш огт мөнгө аваагүй. Л.Б анх миний мөнгөнүүдийг авахдаа оюутны зууч хийдэг тэгээд мөнгө их эргэлдүүлдэг таны мөнгийг 8 хувийн хүүтэй буцаагаад өгчихнө гэдэг байсан. Дараа нь эгч ээ яахав мөнгөө тендерийн ажилд оруулчихлаа та айлтгүй их хэмжээний үнэтэй ажил авсан. Мөнгө нь гарахаараа бөөн мөнгө гарах ёстой юм. Тэгэхээрээ таны мөнгийг өгье гээд одоо тэдэн төгрөг хэрэгтэй байна гээд л авдаг байсан. Гэтэл за чи хүү өгнө шүү гэхээр санаа зоволтгүй өгнө сар болгон 8 хувийн хүү бодно харин та өгсөн мөнгөө тэмдэглээд байж бай л гэдэг байсан. Тэгээд надад хүү өгч байна гээд ганц нэг удаа мөнгө шилжүүлдэг байсан. Би түүнд нь итгээд өгөх л юм байна гэж бодоод явсан. Гэтэл сүүлдээ хүү өгөх ч байхгүй үндсэн мөнгө ч байхгүй таг чиг болсон. Яасан бэ гэхээр одоохон одоохон гэсээр өнөөдрийг хүрлээ. Сүүлдээ бүр зугтдаг болсон. Л.Бт итгээд байр авах гэж хадгалж байсан мөнгөө өгсөнөөс гадна хүнээс хүүтэй мөнгө хүртэл авч өгч байсан. Одоо өөрөө зээл зээлийн хүү төлж асар их хохирч байна. Байрны мөнгө ч үгүй болсон. Иймээс Л.Бээс түүнд өгсөн үндсэн 60 000 000 төгрөгөөсөө нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Лувсандорж овогтой Бт холбогдуулан иргэн Н.Нгаас гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар өгөх нь: Иргэн Н нь хүү авах эрх бүхий этгээд биш тул хүүнд авсан гэх 10 610 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү. Мөн 2020 оны 08 дугаар сараас эхлэн Н мөнгө ав гэсэн гэж Шүр-Эрдэнэ гэх эмэгтэй над руу ярьсаны дагуу тухайн Шүр-Эрдэнийн 5098016090 Хаан банкны данс руу 8 дугаар сарын 26-ны өдөр 1 200 000 төгрөг, 8 дугаар сарын 31-ний өдөр 400 000 төгрөг, 9 дүгээр сарын 7-ны өдөр 3 500 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөгийг шилжүүлснийг дансны хуулгаас харж болно. Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Л.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Л.Б нэхэмжлэгчийг хүү авах эрхгүй тул хүүний төлбөрт төлсөн 10 610 000 төгрөгийг хасч тооцох, мөн Шүр-Эрдэнэд шилжүүлсэн 5 100 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох ёстой гэсэн тайлбар ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Н.Н өөрийн Хаан банкны 5097003332 тоот дансаар хариуцагч Л.Бийн Хаан банкны 5094130002 тоот дансанд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 6 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөг, 800 000 төгрөг, 4 200 000 төгрөг, 5 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 60 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч Н.Н хариуцагч Л.Бээс өөрийн Хаан банкны 5400084220 дугаарын дансаар хүүний төлбөр авдаг байсан бөгөөд тэрээр хүүний төлбөрийг шилжүүлэх данс нээчих гэж зөвлөсний дагуу дээрхи дансаар нийт 10 610 000 төгрөгийг авсан талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.Н шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн  282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд зохигчдын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан тул хариуцагч Л.Бийн шилжүүлсэн 10 610 000 төгрөгийг нэхэмжлэгчийн шилжүүлсэн нийт мөнгөн дүнгээс хасч тооцох нь зүйтэй. /60 000 000-10 610 000=49 390 000 төгрөг/

Хариуцагч Л.Б хариу тайлбартаа н.Шүр-Эрдэнэд шилжүүлсэн 5 100 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох ёстой гэсэн боловч энэ талаар нэхэмжлэгч мэдэхгүй, Шүр-Эрдэнэд мөнгө шилжүүлсэн нь энэ нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй гэсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн бөгөөд Шүр-Эрдэнэ тухайн зээлийн харилцаанд ямар учраас оролцох болсон хийгээд яагаад Шүр-Эрдэнэд мөнгө шилжүүлэх болсон энэ нь Н.Нгийн даалгавар байсан эсэхийг хариуцагч нотлоогүй.

Иймд хариуцагч Л.Бээс зээлийн гэрээний үүрэг 49 390 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 610 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч Л.Бт 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 08 цаг 00 минутанд болох шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “... охин С.Алтантуяа өндөр халуурч PCR-ийн шинжилгээнд хамрагдаж хариу гарахыг хүлээж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж, хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар болон мэйлээр мэдэгдсэн.

Хариуцагч Л.Б шүүгчийн туслахад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “...охин С.Алтантуяагийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Эмнэлэгт тусгаарлалтанд байгаа тул шүүх хуралдаанд онлайнаар оролцоно. Нотлох баримт гаргаж өгөх хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ гаргана” гэсэн боловч уг шүүх хуралдаанд онлайнаар оролцоогүй бөгөөд шинжилгээний хариуг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нотлох баримтаар тогтоогдохгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ удаа дараа гаргасан тул Орхон аймгийн Эрүүл мэндийн газраас Л.Б болон түүний охин С.Алтантуяа нарыг ковид-19 өвчний батлагдсан тохиолдлоор болон дам хавьтлаар бүртгэгдсэн эсэх, тусгаарлалтанд орсон эсэх талаар лавлагаа гаргуулахаар  шүүх хуралдааныг хойшлуулсан.

Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/247 дугаартай албан бичгээр “... С.Алтантуяа нэртэй хүн батлагдаагүй, ...Лувсандоржийн Б нь коронавирусын батлагдсан тохиолдол болон дам хавьтлаар бүртгэгдээгүй байна” гэх хариу ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах” үүрэгтэй,  мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно” гэж заасан тул шүүх хуралдааны товыг хариуцагчийн хаягаар хүргүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэжээ.

Шүүхээс хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч Л.Б нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, ковид өвчнөөр оношлогдсон тухай шинжилгээний баримтыг хүргүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь эрх бүхий байгууллагын баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч Л.Бийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 457 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 404 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч Л.Бээс зээлийн гэрээний үүрэг 49 390 000 төгрөг /дөчин есөн сая гурван зуун ерэн мянга/ гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 610 000 төгрөг /арван сая зургаан зуун арван мянга/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 457 950 төгрөг /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавь/-ийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Бээс 404 900 төгрөг /дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуу/ гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ