Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2021/00236

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг 11г-88 тоотод оршин суух, Шарнууд овогт Хосбаярын Г /регистрийн дугаар: ФБ86112873/нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 4-01 тоотод оршин суух, Цагаангэрүүд овогт Эрдэнэбатын Г /регистрийн дугаар: ФБ70082806/,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-3-74 тоотод оршин суух, Хяр тайжууд овогт Бямбаагийн Д /регистрийн дугаар: ФМ64032900/ нарт холбогдох

 

30.391.864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Э.Г, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Г нь 2018 оны 01 дүгээр сард Д гэдэг эгч уулзъя, хүрээд ир, гоё ажлын бизнесийн санал байна гэж хэлсэн. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 11-10 дугаар байрны төв зам дагуу харсан One coin хаягтай ванкойн гэсэн оффис дээр ирэхийг удаа дараа ярьж хэлж байсан. Би завгүй гэсэн тул дахин дахин урьсан. Ингээд би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр очиж уулзахад хөрөнгө оруулалт бэлэн мөнгөөр хийвэл маш хурдан мөнгө чинь өснө, эгч чинь өсгөөд өгье гэж мэдээлэл өгсөн. Мөн олон хүмүүс бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийж, үр шимийг нь хүртэж байна гээд мөнгө оруулсан хүмүүсийн мэдээллийг танилцуулсан. Тухайн үед намайг тодорхой хэмжээний мөнгөтэйг мэдэж байсан. Надад 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд 7 хоногт 3.400.000 төгрөг авна, бүтэн жилийн хугацаанд оруулсан 80.000.000 төгрөгөө 3.400.000 төгрөгийн хүүтэй буцааж ашигтай авна гэж амласан. Ингээд энэ талаар баталгаатай эсэхийг асуухад манай нягтлан бодогч Г гэж хүн байгаа, мөнгөө энэ хүний данс руу шилжүүл гэсэн. Би ашигтай юм байна гэж үзээд 80.000.000 төгрөг байгаагүй тул 30.391.864 төгрөгийг Гын Хаан банкны 5079033187 гэсэн данс руу 2018 оны 01 дүгээр сарын 31-ний үдээс хойш шилжүүлсэн. Надтай ямар нэгэн бичгээр гэрээ хийгээгүй, мөн ямар нэгэн дансанд мөнгө хийлгэж, компанийн өмнөөс хэлцэл гэрээ хийгээгүй. Ингээд хэлсэн ёсоор 7 хоногийн дараа мөнгө орж ирэхийг хүлээтэл мөнгө орж ирээгүй. Учрыг нь асуутал төв толгой газраас нь бөөнд нь мөнгө шилжүүлнэ гэсэн учраас санаа зоволтгүй гэсэн. Ийм байдлаар өдөр хоног өнгөрч, нөгөө 7 хоногт орж ирэх ашиг нь бүр худлаа болсон. Удаа дараа утсаар ярихад худал шалтаг хэлсээр өдөр хоног өнгөрсөн. Сүүлдээ зөвхөн оруулсан мөнгөө авъя гэж хэлсэн боловч чаддаг юм бол олоод аваарай гэх болсон. Тиймээс Э.Гаас 30.391.864 төгрөг гаргуулж өгнө үү. Миний Х.Г гэх имэйл хаяг байхгүй. Би 2016 оноос хойш одоог хүртэл [email protected] гэх имэйл хаяг ашиглаж байгаа. Тухайн үед Б.Д эгч миний бичиг баримтыг сканнердаж авч байсан. Б.Д эгч нягтлантай уулзаарай гэсэн болохоор Э.Г эгчийн данс руу мөнгөө шилжүүлсэн. Би мөнгөө өгснөөс хойш 7 хоноод Э.Г руу утасдахад Э.Г нь би мөнгийг чинь аваагүй, Б.Д, Б.Мягмаржав нараас асуу гэж хэлж байсан. Би Японы iseiko jp-д мөнгөө хийлгэсэн болохоос, onecoin дээр мөнгөө хийгээгүй. Хөрөнгө оруулалтын ашгаа авахын тулд Худалдаа хөгжлийн банкны алтан карт нээлгэх хэрэгтэй гэсэн. Энэ картанд 3 жилийн дотор 1 удаа ч гэсэн мөнгө орж ирээгүй. 3 жил өнгөрөөд шүүх хуралдаан дээр гэнэт аккаунт хэрэглэгчийн нэр, код гэж ярьсан. Би 30.310.864 төгрөгөө хариуцагч Э.Г, Б.Д нараас гаргуулж авмаар байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 1 дугаар сард Х.Гыг Мягмаржав дуудаад, Айсико компанид хөрөнгө оруулвал, 7 хоногийн 3.400.000 төгрөгний ашиг авч болох санал тавьсан. Х.Г нь сонирхоод Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-10 дугаар байранд байрлах ванкойны оффист очсон. Б.Д нь манай нягтлан байгаа хэмээн Э.Гын дансыг өгсөн. Х.Г нь Э.Гын өгсөн дансанд 30.491.000 төгргийг хийсэн. Тухайн мөнгө орсон гэх баримтыг хариуцагч нар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч Х.Гы картанд ашиг орж ирэхгүй байсан тул Гантөмөр гэх хүнтэй хамт цагдаад хандсан. Хариуцагч Э.Г нь би Х.Гы мөнгийг евро болгоод, Б.Дын данс руу шилжүүлсэн гэж тайлбарласан байдаг. Шүүх хуралдаан дээр  ванкойны код, нэр гэх зүйлийг хэлж байна. Энэ цахим захидлыг хэзээ бичсэн нь ойлгомжгүй байна. Ванкойны талаар ерөөсөө дурдаагүй. Нэхэмжлэгч Х.Гыг ванлайфад бүртгүүлсэн гэх баримт алга. Өмнөөс нь койн оруулаад чи ав гэж тулгаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжтой тул хариуцагч Э.Г, Б.Д нараас нэхэмжлэгчийн хохирол болох 30.391.864 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна гэв.

 

Хариуцагч Э.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г гэдэг хүнийг танихгүй. Ямар учиртай миний дансыг хаанаас авж мөнгө хийснийг мэдэхгүй. Нэг өдөр миний Хаан банкны төгрөгийн данс руу мөнгө орсон, би гайхаад тухайн үед One coin  офисст байсан учир хамт байсан Д эгчээс та Г гэдэг хүн таних уу гэсэн. Яасан гэхээр нь ийм хүнээс мөнгө орж гэсэн аан тийм наад хүн чинь Мягмаржав эгчийн хүн байгаа юм.  Мөнгөөр нь саsh авах ёстой наад хүн чинь coin авах юм гэсэн. Тухайн үед Гд coin авахуулж, данс нээж байна гэж байсан. Д бусдыг нь мэдэж байгаа надад өөр мэдэх юм алга . Би энэ хүний мөнгийг хувьдаа ашиглаагүй. Удаа дараа янз бүрийн үгээр доромжилж байсныг би Дд болон Мягмаржав хоёрт хэлж байсан. Би Х.Гыг мөнгөө миний данс руу хийгээрэй гэж хэлээгүй. Тухайн үед бид Ванкойн болон японы айсико гэх крипто валютын компанид хөрөнгө оруулалт хийгээд явж байсан. Бид Баян-Өндөр сумын 2-10-т байрлах ванкойны оффист ажилладаг байсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь  өөрийн сайн дурын үндсэн дээр цахим мөнгөний арилжаанд оролцвол эрсдэлээ өөрөө даана гэж мэдэгдэл хийсэн байдаг. Крипто арилжаа болох iseiko jp бид сайн дурын үндсэн дээр хийсэн байдаг. iseiko jp гэх японы арилжааны компаний асуудлаар монголоос төлөөлж  олон улсын шүүхэд хандсан байдаг. Нэхэмжлэгч Х.Г нь өөрөө бүх бичиг баримтаа орчуулгын төвөөр орчуулж ирээд аккаунт нээлгэсэн байдаг. Х.Г нь өөрөө бие даан интернэтээр ванкойныг судалвал, бүх мэдээлэл байгаа юм. Олон улсын онлайн дэлгүүрээс ванкойноор худалдан авалт хийж болдог крипто валют юм. Харин Х.Гыг iseiko jp биш ванкойнд хөрөнгө оруулалт хийсэн болохоор азтай байна гэж бодож байгаа. Би Х.Гы мөнгийг аваагүй байхад, намайг авсан мэт ярьж байгаад гайхаж байна. Нэхэмжлэлийг би хариуцах үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Гыг 2018 оны 01 сард өөрөө ирж мэдээлэл авах хүртэл танихгүй, харж ч байгаагүй, дахин дахин урьсан асуудал байхгүй. Х.Г нь өөрөө Э.Гын дансанд мөнгөө хийчихээд ирж надаар өөрийн сайн дурын үндсэн дээр ванкойн дансаа нээлгээд нууц үг,  дансаа аваад явсан. Би Э.Гыг хэзээ ч миний нягтлан гэж хэлээгүй. Э.Г бид 2 хамтран ажилладаг хүмүүс юм. Х.Г нь өөрийн хүслээрээ ванкойн зоосыг худалдаж аваад, хүнээр аккаунт нээлгэж зоосоо авсан. Олон удаа Х.Г руу аккаунтын нууц дугаараа өгөөрэй тайлбарлаад өгье гэж утасдаад ирдэггүй, хариу хэлдэггүй. Эсвэл имэйл хаягаа өгөөрэй гэхэд би мэдэхгүй гэж хэлдэг. Бид аргаа бараад, компани руу захиа бичсэн. Албан ёсны зоос эзэмшигч мөн гэсэн хариу захиа ирсэн. Имэйл хаягийг нь мэдэхгүй байсан тул шинээр нээгээд Х.Гы аккаунт руу орж мэдээллийг нь авсан юм. Анх аккаунт нээхэд 468 ширхэг зоос байсан. Х.Г нь 468.000 төгрөгийг нэмж хийгээд  473 ширхэг болсон байсан. Өнөөдрийн ханшаар 473 ширхэг зоос гэдэг бол одоогийн ханшаар 20000 евро болсон. Би олон удаа Х.Гыг мэдэхгүй бол хүрээд ир, хэрхэн ашиглахыг нь заагаад өгье гэж хэлсэн. Манай оффис дээр ирдэггүй. Утсаа авахгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Бид Х.Гы өмнөөс хариуцлага хүлээхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Э.Г, Б.Д нарт холбогдуулан 30.391.864 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдов.

 

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Б.Дтай  уулзаж  Японы iseiko jp гэх хөрөнгө оруулалтын компанид Б.Даар дамжуулан хөрөнгө оруулахаар тохиролцож хариуцагч Э.Гын Хаан банкны 5079033187 тоот дансанд 30.391.864 төгрөгийг элсэлтийн хураамж гэж шилжүүлжээ. /хэргийн 5-р хуудас/ Мөн тэр өдөр хариуцагч Э.Г нь Х.Гы шилжүүлсэн мөнгөнөөс 30280600 төгрөгөөр 10060 евро худалдаж авсан байна. /хэргийн 25, 26-р хуудас/

 

Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч нараас “...хөрөнгө оруулалт бэлэн мөнгөөр хийвэл маш хурдан мөнгө чинь өснө, 80,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд 7 хоногт 3,400,000 төгрөгийн хүү буюу ашиг авна, эгч нь мөнгийг нь өсгөөд өгье гэж мэдээлэл өгсний дагуу iseiko jp гэх Японы хөрөнгө оруулалтын компанид оруулсан хөрөнгө” гэж 30,391,864 төгрөг нэхэмжилж байгаа бол хариуцагч  нар “...нэхэмжлэгч Х.Г нь өөрийнхөө бичиг баримтыг орчуулуулж ирээд цуг сууж байгаад one coin-ий аккаунтаа нээлгэсэн. Гы шилжүүлсэн мөнгийг өөрийнх нь хүсэлтээр one life компанийн дансанд евро болгож шилжүүлээд 30 сая төгрөгийн буюу 9720 евротой тэнцэх 473 ширхэг зоос болгож дансанд нь байршуулсан...” гэж маргаж байна.

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Э.Г, Б.Д нар нь нэхэмжлэгч Х.Гаас шилжүүлсэн   30,391,864 төгрөгийг евро болгон хотод байдаг One life компанийн Монгол дахь салбарын төлөөлөгч Эрдэнэчимэг гэх хүнд еврог шилжүүлсэн, уг шилжүүлсэн мөнгөөрөө Х.Гы нэр дээр One life сүлжээний шинэ аккаунт нээж, 473 зоос худалдан авч байршуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн хариуцагч нар Х.Гы нэр дээрх аккаунтыг хувь хүн өөрөө эзэмшдэг, өөр хүн орж харж болохгүй гэж тайлбарласан атлаа өөрсдөө Х.Гы нэр дээрх One life-ын аккаунтыг нээж орсон  талаарх 4 хуудас баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, гадаад хэл дээр, орчуулагдаагүй баримт байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч Э.Г, Б.Д нар нь нэхэмжлэгч Х.Гы хүссэнээр Японы iseiko jp гэх хөрөнгө оруулалтын компанид мөнгийг нь оруулахгүйгээр One life компанид мөнгийг оруулж one coin болгосон байх ба Иргэний хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-д “даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн байна.

 

Мөн Иргэний хуулийн 400.3-т ”даалгавар гүйцэтгэгч нь  даалгавар өгөгчийн шаардлагаар гүйцэтгэж байгаа ажлын явцын талаар мэдээлэх, даалгавар гүйцэтгэхтэй холбогдуулан хүлээж авсан бүх зүйлийг даалгавар өгөгчид нэн даруй шилжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Д нь Х.Гд мэдээллийг бүрэн өгөөгүй байна.

 

            Монгол улсад крипто валют буюу цахим мөнгөний гүйлгээ хийх хууль эрх зүйн орчин бүрдээгүй, уг харилцаа хуулиар зөвшөөрөгдөөгүй байхад хариуцагч нар нь One life гэх компанийн Монгол дахь салбарын төлөөлөгч биш байж компанийн нэрийн өмнөөс Х.Гд “мөнгөө богино хугацаанд өсгөж буцааж авах боломжтой” гэж буруу ташаа мэдээлэл өгч, түүний мөнгийг өөрсдөөрөө дамжуулан компанид хөрөнгө оруулалтын хэлбэрээр оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Э.Г, Б.Д нараас 30.391.864 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Гд олгох  нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1-т Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлдэг ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч Х.Гы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,009 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 309,009 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Гд олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Г, Б.Д нараас 30.391.864  / гучин сая гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Гд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Гы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.009 /гурван зуун есөн мянга ес / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Г, Б.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 309.009 /гурван зуун есөн мянга ес/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч Х.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ