Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 48

 

Х.Гы нэхэмжлэлтэй

хариуцагч Э.Г, Б.Г нарт

 холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01*******ний өдрийн 142/ШШ2021/00236 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Х.Гы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Г, Б.Г нарт холбогдох

 

 “30.391.864 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

Хариуцагч Э.Г, Б.Г нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 06*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч  Э.Г, Б.Г нар /онлайнаар/ нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Х.Г нь 2018 оны 01 дүгээр сард Г гэдэг эгч уулзъя, хүрээд ир, гоё ажлын бизнесийн санал байна гэж хэлсэн. Орхон аймгийн Баян*******Өндөр сумын Оюут багийн 11*******10 дугаар байрны төв зам дагуу харсан One coin хаягтай ванкойн гэсэн оффис дээр ирэхийг удаа дараа ярьж хэлж байсан. Би завгүй гэсэн тул дахин дахин урьсан. Ингээд би 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний өдөр очиж уулзахад хөрөнгө оруулалт бэлэн мөнгөөр хийвэл маш хурдан мөнгө чинь өснө, эгч чинь өсгөөд өгье гэж мэдээлэл өгсөн. Мөн олон хүмүүс бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийж, үр шимийг нь хүртэж байна гээд мөнгө оруулсан хүмүүсийн мэдээллийг танилцуулсан. Тухайн үед намайг тодорхой хэмжээний мөнгөтэйг мэдэж байсан. Надад 80.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд 7 хоногт 3.400.000 төгрөг авна, бүтэн жилийн хугацаанд оруулсан 80.000.000 төгрөгөө 3.400.000 төгрөгийн хүүтэй буцааж ашигтай авна гэж амласан. Ингээд энэ талаар баталгаатай эсэхийг асуухад манай нягтлан бодогч Г гэж хүн байгаа, мөнгөө энэ хүний данс руу шилжүүл гэсэн. Би ашигтай юм байна гэж үзээд 80.000.000 төгрөг байгаагүй тул 30.391.864 төгрөгийг Гын Хаан банкны 5079033187 гэсэн данс руу 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний үдээс хойш шилжүүлсэн. Надтай ямар нэгэн бичгээр гэрээ хийгээгүй, мөн ямар нэгэн дансанд мөнгө хийлгэж, компанийн өмнөөс хэлцэл гэрээ хийгээгүй. Ингээд хэлсэн ёсоор 7 хоногийн дараа мөнгө орж ирэхийг хүлээтэл мөнгө орж ирээгүй. Учрыг нь асуутал төв толгой газраас нь бөөнд нь мөнгө шилжүүлнэ гэсэн учраас санаа зоволтгүй гэсэн. Ийм байдлаар өдөр хоног өнгөрч, нөгөө 7 хоногт орж ирэх ашиг нь бүр худлаа болсон. Удаа дараа утсаар ярихад худал шалтаг хэлсээр өдөр хоног өнгөрсөн. Сүүлдээ зөвхөн оруулсан мөнгөө авъя гэж хэлсэн боловч чаддаг юм бол олоод аваарай гэх болсон. Тиймээс Э.Гаас 30.391.864 төгрөг гаргуулж өгнө үү. Миний Х.Г гэх имэйл хаяг байхгүй. Би 2016 оноос хойш одоог хүртэл [email protected] гэх имэйл хаяг ашиглаж байгаа. Тухайн үед Б.Г эгч миний бичиг баримтыг сканердаж авч байсан. Б.Г эгч нягтлантай уулзаарай гэсэн болохоор Э.Г эгчийн данс руу мөнгөө шилжүүлсэн. Би мөнгөө өгснөөс хойш 7 хоноод Э.Г руу утасдахад Э.Г нь би мөнгийг чинь аваагүй, Б.Г, Б.Мягмаржав нараас асуу гэж хэлж байсан. Би Японы iseiko jp*******д мөнгөө хийлгэсэн болохоос, onecoin дээр мөнгөө хийгээгүй. Хөрөнгө оруулалтын ашгаа авахын тулд Худалдаа хөгжлийн банкны алтан карт нээлгэх хэрэгтэй гэсэн. Энэ картанд 3 жилийн дотор 1 удаа ч гэсэн мөнгө орж ирээгүй. 3 жил өнгөрөөд шүүх хуралдаан дээр гэнэт аккаунт хэрэглэгчийн нэр, код гэж ярьсан. Би 30.310.864 төгрөгөө хариуцагч Э.Г, Б.Г нараас гаргуулж авмаар байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 1 дүгээр сард Х.Гыг Мягмаржав дуудаад, Айсико компанид хөрөнгө оруулвал, 7 хоногийн 3.400.000 төгрөгний ашиг авч болох санал тавьсан. Х.Г нь сонирхоод Орхон аймаг Баян*******Өндөр сум Оюут баг 2*******10 дугаар байранд байрлах ванкойны оффист очсон. Б.Г нь манай нягтлан байгаа хэмээн Э.Гын дансыг өгсөн. Х.Г нь Э.Гын өгсөн дансанд 30.491.000 төгрөгийг хийсэн. Тухайн мөнгө орсон гэх баримтыг хариуцагч нар гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч Х.Гы картанд ашиг орж ирэхгүй байсан тул Гантөмөр гэх хүнтэй хамт цагдаад хандсан. Хариуцагч Э.Г нь би Х.Гы мөнгийг евро болгоод, Б.Гын данс руу шилжүүлсэн гэж тайлбарласан байдаг. Шүүх хуралдаан дээр ванкойны код, нэр гэх зүйлийг хэлж байна. Энэ цахим захидлыг хэзээ бичсэн нь ойлгомжгүй байна. Ванкойны талаар ерөөсөө дурдаагүй. Нэхэмжлэгч Х.Гыг ванлайфад бүртгүүлсэн гэх баримт алга. Өмнөөс нь койн оруулаад чи ав гэж тулгаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1*******т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжтой тул хариуцагч Э.Г, Б.Г нараас нэхэмжлэгчийн хохирол болох 30.391.864 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна гэв.

Хариуцагч Э.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г гэдэг хүнийг танихгүй. Ямар учиртай миний дансыг хаанаас авч мөнгө хийснийг мэдэхгүй. Нэг өдөр миний Хаан банкны төгрөгийн данс руу мөнгө орсон, би гайхаад тухайн үед One coin офисст байсан учир хамт байсан Г эгчээс та Г гэдэг хүн таних уу гэсэн. Яасан гэхээр нь ийм хүнээс мөнгө орж гэсэн аан тийм наад хүн чинь Мягмаржав эгчийн хүн байгаа юм. Мөнгөөр нь саsh авах ёстой наад хүн чинь coin авах юм гэсэн. Тухайн үед Гд coin авхуулж, данс нээж байна гэж байсан. Г бусдыг нь мэдэж байгаа надад өөр мэдэх юм алга . Би энэ хүний мөнгийг хувьдаа ашиглаагүй. Удаа дараа янз бүрийн үгээр доромжилж байсныг би Гд болон Мягмаржав хоёрт хэлж байсан. Би Х.Гыг мөнгөө миний данс руу хийгээрэй гэж хэлээгүй. Тухайн үед бид Ванкойн болон японы айсико гэх крипто валютын компанид хөрөнгө оруулалт хийгээд явж байсан. Бид Баян*******Өндөр сумын 2*******10*******т байрлах ванкойны оффист ажилладаг байсан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар нь өөрийн сайн дурын үндсэн дээр цахим мөнгөний арилжаанд оролцвол эрсдэлээ өөрөө даана гэж мэдэгдэл хийсэн байдаг. Крипто арилжаа болох iseiko jp*******г бид сайн дурын үндсэн дээр хийсэн байдаг. iseiko jp гэх японы арилжааны компанийн асуудлаар монголоос төлөөлж олон улсын шүүхэд хандсан байдаг. Нэхэмжлэгч Х.Г нь өөрөө бүх бичиг баримтаа орчуулгын төвөөр орчуулж ирээд аккаунт нээлгэсэн байдаг. Х.Г нь өөрөө бие даан интернэтээр ванкойныг судалвал, бүх мэдээлэл байгаа юм. Олон улсын онлайн дэлгүүрээс ванкойноор худалдан авалт хийж болдог крипто валют юм. Харин Х.Гыг iseiko jp биш ванкойнд хөрөнгө оруулалт хийсэн болохоор азтай байна гэж бодож байгаа. Би Х.Гы мөнгийг аваагүй байхад, намайг авсан мэт ярьж байгаад гайхаж байна. Нэхэмжлэлийг би хариуцах үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Гыг 2018 оны 01 сард өөрөө ирж мэдээлэл авах хүртэл танихгүй, харж ч байгаагүй, дахин дахин урьсан асуудал байхгүй. Х.Г нь өөрөө Э.Гын дансанд мөнгөө хийчхээд ирж надаар өөрийн сайн дурын үндсэн дээр ванкойн дансаа нээлгээд нууц үг, дансаа аваад явсан. Би Э.Гыг хэзээ ч миний нягтлан гэж хэлээгүй. Э.Г бид 2 хамтран ажилладаг хүмүүс юм. Х.Г нь өөрийн хүслээрээ ванкойн зоосыг худалдаж аваад, хүнээр аккаунт нээлгэж зоосоо авсан. Олон удаа Х.Г руу аккаунтын нууц дугаараа өгөөрэй тайлбарлаад өгье гэж утасдаад ирдэггүй, хариу хэлдэггүй. Эсвэл имэйл хаягаа өгөөрэй гэхэд би мэдэхгүй гэж хэлдэг. Бид аргаа бараад, компани руу захиа бичсэн. Албан ёсны зоос эзэмшигч мөн гэсэн хариу захиа ирсэн. Имэйл хаягийг нь мэдэхгүй байсан тул шинээр нээгээд Х.Гы аккаунт руу орж мэдээллийг нь авсан юм. Анх аккаунт нээхэд 468 ширхэг зоос байсан. Х.Г нь 468.000 төгрөгийг нэмж хийгээд 473 ширхэг болсон байсан. Өнөөдрийн ханшаар 473 ширхэг зоос гэдэг бол одоогийн ханшаар 20000 евро болсон. Би олон удаа Х.Гыг мэдэхгүй бол хүрээд ир, хэрхэн ашиглахыг нь заагаад өгье гэж хэлсэн. Манай оффис дээр ирдэггүй. Утсаа авахгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Бид Х.Гы өмнөөс хариуцлага хүлээхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01*******ний өдрийн 142/ШШ2021/00236 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дугаар зүйлийн 400.1*******д заасныг баримтлан хариуцагч Э.Г, Б.Г нараас 30.391.864 / гучин сая гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Гд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Гы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.009 /гурван зуун есөн мянга ес / төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Г, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамж 309.009 /гурван зуун есөн мянга ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Гд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Г, Б.Г нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 01*******ны өдрийн 142/ШШ2021/00236 дугаартай шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Бямбаа овогтой Г, Эрдэнэбат овогтой Гунжжалам бид Хосбаяр овогтой Гыг огт танихгүй, тэрний мөнгөтэй эсэхийг мэдэх ч үгүй, өөрөө ирж мэдээлэл авсан. 2018 оны 1 сард өөрөө хөрөнгө оруулалтын мөнгөө сайн дурын үндсэн дээр хийж, өөрөө хамт сууж байгаад onlife компанид бүртгэлээ хийлгээд логин паспортаа авсан. Өөрийн иргэний бичиг баримтуудаа авчирч зоос эзэмшигч гэдгээ батлах баталгаажуулалтаа хийлгээд “Баярлалаа“ гээд гарсан. Хөрөнгө оруулалтын Iseiko.jp компанид хөрөнгө оруулсан гэдгийг юугаар нотлоод байгаа юм бэ?.Элсэлтийн хураамж гэж үг байхгүй. Г нь Гы өөрийнх нь зоос худалдан авах хүсэлтийн дагуу өөрөө шилжүүлсэн мөнгийг нь евро болгож, өөрийнх нь дансанд 473 ш ванкойн зоос болгон тавиулж өгсөн. Бидний хооронд ямар нэгэн хүсэл зорилгоо илэрхийлж үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй.Гэтэл шүүх юуг үндэслэн Даалгаврын гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 2. Iseiko.jp компанид хөрөнгө оруул гэж Гыг хэн ч албадаагүй, түүнд мөнгө өсгөж өгнө гэж амлаагүй, шүүх ямар ч баримт нотолгоогүйгээр нэг талын хуурамч тайлбарыг үндэслэн Iseiko.jp гэх хөрөнгө оруулалтын компанид мөнгө оруулж өсгөж өгөх Даалгаврын гэрээ байгуулагдсан байна гэж ор үндэсгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлага хангасанд гомдолтой байна.Бид ямар нэгэн даалгавар гүйцэтгэх, хариуд нь төлбөр авах талаар тохиролцсон зүйл ерөөсөө байхгүй. Х.Гаас бид хувьдаа 1 төгрөг ч аваагүй, түүний өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй байхад шүүх нотлох баримт үндэслээгүй хийсвэр дүгнэлт хийсэн. 3. Х.Г нь биднээс цахим валют болох onecoin*******ны талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө авч өөрийн хүсэл зорилгын үндсэн дээр эрсдэлээ өөрөө хүлээхээ ухамсарлан өөрийн нэр дээр аккаунт нээж зоосоо байршуулуулсан. Үүнийг Г өөрөө маш сайн мэдэж байгаа. Гэтэл  Iseiko.jp гэх хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулж, мөнгийг нь өсгөж өгнө гэж амласан мэтээр гүтгэж үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаархлын нь шүүх дэмжсэнд үнэхээр гомдож байна.Энэ бол байж боломгүй явдал юм. 4. Шүүх нэхэмжлэгч ямар ч нотлох баримт гаргаж өгч шаардлагаа нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэрнээ Гы үйл ажиллагааг нотолсон бидний нотлох баримтуудыг авч хэлэлцсэнгүй. Нотлох баримтанд үндэслэн дүгнэлт өгсөнгүй.Баримтыг судлахыг ч хүссэнгүй тэр чигт нь орхисонд гомдолтой байна. Нотлох баримтынхаа эх сурвалжийг тодорхой зааж, гаргаж өгсөөр байтал хайхарсангүй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа боллоо. 5. Шүүх хурал дээр компьютер техник хэрэгсэл ашиглан дэлгэцэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг тодорхой харуулж тайлбарлахыг хүссэн боловч эрхийг ноцтой зөрчиж, мэтгэлцэх боломжоор хангасангүй. 6. Шүүх Монгол улсад крипто валют буюу цахим мөнгөний гүйлгээ хийх хууль эрх зүйн орчин бүрдээгүй, уг харилцааг хуулиар зөвшөөрөгдөөгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй өрөөсгөл дүгнэлт юм. Хуулиар хориглоогүй бүхнийг ардчилсан нийгэмд зөвшөөрдөг, нээлттэй байдаг. 7. Түүнчлэн салбар төлөөлөгч мэтээр дүгнэсэнд гайхаж байна.Бид ямар ч компани байгууллагын өмнө үүрэг хүлээж ажиллаагүй, тийм үйлдэл хийгээгүй. Г өөрөө бүхнийг мэдэж байгаа мөртлөө мэдэхгүй мэтээр мэлзээд байгааг нь бас зоос эзэмшигч мөн гэдгийн нь нотлох арга хэмжээ авсан боловч шүүх авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Дээрх гомдлын дагуу Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 01*******ны өдрийн 142/ШШ2021/00236 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Б.Г, Э.Г нарын гомдолтой танилцлаа.Миний бие Х.Г, Р.Мягмаржав эгчийг таньдаг бидний хооронд бидний ажил хэрэг байсан. Ингээд 2018 оны 01 сард Р.Мягмаржав эгчтэй уулзахад дүү Б.Г эгч цуг ирсэн байсан. Ингээд хөрөнгө оруулалт хийвэл 7 хоногт ашиг гэж тооцож очдог гэсэн. Ингээд II микро районы 10*******р байранд ирээрэй гэсэн. Би уг хаягт нь очиход Ванкойн гэсэн хаягтай ажлын өрөө байсан. Тухайн үед ашигтай мөнгийг чинь өсгөөд өгье, олон хүн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Ингээд би 30 сая төгрөг өсгөж ашгийг нь авъя гэж шийдээд 30 сая төгрөгөө Г эгч манай нягтлан Гтай уулз гэхэд нь уулзаж түүний өгсөн дансанд нь 30 сая төгрөгөө шилжүүлсэн юм. Хэлсэн ёсоор нь 7 хоногт ажил гэж орж ирэх юм байх гээд хүлээтэл орж ирээгүй, тэгээд Г эгчээс асуухад төв талбайн гаднаас бөөнд нь мөнгө шилжүүлэх юм гэсэн. Мөн надтай адил бэлэн мөнгөө хөрөнгө оруулалт гэж шилжүүлсэн. Гантөмөр ахад мөн л тэгж хэлсэн байсан. За ингээд нэг ч төгрөг орж ирээгүй. Г эгч ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, мөнгөө нягтлан гэж хэлсэн Гаас данс аваад хий гэсний дагуу л хийсэн. 30 сая төгрөгөө Гын данс руу хийгээд 3 жилийн нүүр үзлээ. Иймээс Г, Г нараас мөнгөө шаардсан. Учир нь Г анх уулзаж хүсэл зорилгоо илэрхийлсэн, Г уг мөнгийг Гд өгсөн гэдэг. Иймээс тэд надад миний шилжүүлсэн 30 сая төгрөгийг хариуцах ёстой гэж үзэж байгаа юм. Г, Г нар намайг onlife компанид бүртгэлээ хийгээд лог*******ин паспортоо авсан гэж бичжээ. Би onlife гэдгийг тухайн үед мэдэхгүй onlife *******ийн мэдээлэл надад өгөөрэй. Сүүлд нэхэмжлэл өгсний дараа л гэдэг компанид намайг бүртгүүлсэн юм шиг юм яриад байгаа юм. Би тэр зоос худалдан авах талаар юу ч мэдэхгүй. Шүүх хурал дээр л 473 ширхэг зоос болгон тавигдсан ч гэх шиг юм зохиож яриад байгаа юм. Мөнгө нь өснө, өсгөөд өгье ашигтай гэж хэлцэл хийх санаа зорилгыг Г эгч анх хэлсэн. Х.Гаас бид хувьдаа нэг ч төгрөг аваагүй гэж юу яриад байгаа юм. Хүлээн авагч Гын дансанд 30 сая төгрөг орлоо. Орсны дараа тэр мөнгийг аваад евро болгоод Гд өгсөн гээд Г нь тайлбарлаад бичээд байгаа шүү дээ.

Би onecoin*******ын талаар ямар ч мэдээлэл, арга зүйн зөвлөгөө аваагүй. Зоос нь яадгийг нь ч би мэдэхгүй. Энэ зоос буюу цахим мөнгө гэдэг нь Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй юм билээ. Намайг ямар ч нотлох баримт гаргаж өгч шаардлагаа нотлоогүй байхад нэхэмжлэлийг хангасан гэжээ. Би мөнгөө Гын данс руу шилжүүлсэн баримтаа хэрэгт гаргаж өгсөн. Харин өөрсдөө тайлбараа нотлох хангалттай баримтаар нотлоогүй. Шүүх харин ч энэ 2 хариуцагчийн хэлсэн болгоныг гүйцэлдүүлж хурал 2*******3 удаа хойшилж байсан. Энэ байдал нь харин ч тэдэнд давуу эрх боломж олгож, тэгш бус хандаж байсан. Г эгч өөрөө Орхон аймаг дахь салбарын лидер гэж байсан.Давж заалдах шатны хуралд оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Г 30.391.864 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э.Г “…миний дансыг хаанаас авч мөнгө хийснийг мэдэхгүй, Б.Гаас асуухад койн худалдаж авахаар мөнгө шилжүүлж байгаа юм гэж хэлсэн, би мөнгийг нь хувьдаа ашиглаагүй...” гэх, хариуцагч Б.Г “...өөрийнхөө бичиг баримтыг орчуулуулж ирээд цуг сууж байгаад ванкойны аккаунтаа нээлгэсэн, шилжүүлсэн мөнгийг өөрийнх нь хүсэлтээр ванлайф компанийн дансанд евро болгож шилжүүлээд 30 сая төгрөгийг 9720 евротой тэнцэх 473 ширхэг зоос болгож дансанд байршуулсан...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Гыг хамтран хариуцагчаар татан оролцуулж улмаар Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.*******д зааснаар хариуцагч  Э.Г, Г нараас  30.391.864 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.*******д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд  гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Х.Г ашиг олох зорилгоор 30.391.364 төгрөгийг хариуцагч Гын санал болгосны үндсэн дээр хариуцагч Э.Гын ХААН банкны 5079033187 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Х.Г нь уг сүлжээнд нэгдэж орж  Японы Iseiko jp гэх хөрөнгө оруулалтын компанитай эрх зүйн харилцаанд орж гишүүн болсон нь  тогтоогдохгүй,  хариуцагч нар нэхэмжлэгчээс авсан уг мөнгийг тус компанийн дансанд шилжүүлсэн болох  нь тодорхой бус байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.*******д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагч Э.Г, Б.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж,  няцааж буй тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй байна.  

Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч нараас шүүхэд гаргаж ирүүлсэн хаан банкны дансны хуулга, цахим захидлуудын баримтуудаас үзэхэд  нэхэмжлэгч Х.Гыг  2018 оны 1 дүгээр сард буюу мөнгөө хариуцагч Э.Гын дансанд шилжүүлсний дараа тус компанид гишүүнчлэлээр элсэж орсон, тэрээр 473 зоос худалдан авсан  болох  нь тогтоогдохгүй байна.

        Харин хариуцагч нар уг мөнгийг тус компанийн дансанд /5077190722 данс эзэмшигч тодорхойгүй/  шилжүүлсэн бол компаниас шаардах эрх нь нээлттэй юм. /хх 25 хуудас/

       Иймд хариуцагч Б.Г, Э.Г нарын гаргасан “...бидний хооронд ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлж,  үүрэг хүлээсэн гэрээ хэлцэл байгуулаагүй, Гаас 1 төгрөг ч аваагүй, бидний шүүхэд гаргаж өгсөн баримтыг хайхрахгүй хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх  давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01*******ний өдрийн 142/ШШ2021/00236 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.*******д зааснаар хариуцагч Э.Г, Б.Г нараас 30.391.864 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Гд олгож” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагч Э.Г, Б.Г нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.909 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

 ШҮҮГЧИД                                                                            С.УРАНЧИМЭГ      

                                                                                                                        Б.ОЮУНЦЭЦЭГ