Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 00011

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

 

  2020        06             10                                         2020/ДШМ/11

 

Б.Ч, Д.Д, Ц.Б,

Д.Р нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батдорж, Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: З.Энэбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарт холбогдох 2038000820041 дугаартай эрүүгийн хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Батмөнхийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, О овогт Д-ын Р, ..... оны .. дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........../.

2. Монгол Улсын иргэн, Д овогт Ц-н Б, ....... оны .. дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .............../.

3. Монгол Улсын иргэн, Б овогт Б.н Ч, ........ оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 2 дугаар сарын ...-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тэнсэн суллагдаж байсан /регистрийн дугаар ............../.

4. Монгол Улсын иргэн, О овогт Д-ын Д, ........ оны ......дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн 293 дугаар тэмдэгтээр байлдааны болон галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч О овогт Д-ын Р, Д овогт Цн Б, Б овогт Бн Ч, О овогт Дн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2, Дн Рг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Онход овогт Дн Р, Д овогт Цн Б, Барга овогт Б-н Ч, О овогт Д-н Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Онход овогт Д-н Р, Д овогт Ц-н Б, Б овогт Б-н Ч, О овогт Д-н Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан калибр маркийн буу 1 ширхэг, Тигр маркийн буу 1 ширхэг, Винтов маркийн буу 2 ширхэг,сум 27 ширхэгийг, бууны 007435, 009817 дугаартай баримт бичгийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн байгууллагад, мөн эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэг, П.Бгийн эмээл 1 ширхэг, хазаар 1 ширхэг, тохом 3 ширхэгийг устгахыг, шүүгдэгч Д.Р-ийн улаан өнгийн модон эмээл, 2 ширхэг тохом /хуучин/, суран хазаар, ногт /хуучин/,Ц.Бгийн орос хар эмээл, хазаар, тохом /хуучин/, Д.Дийн шар өнгийн модон эмээл 1, тохом 3 ширхэг, нэг нүдний дуран 1, сумны дайз, Б.Ч ын нэг нүдний дуран 1 ширхэг, хар өнгийн орос хар эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэгийг өмчлөгчид буцаан олгохыг, П.Бгийн эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн улаан буурал зүсмийн нас гүйцсэн морийг иргэний нэхэмжлэгч М.Эрдэнэбилэгт олгохыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,4, 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын 4 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн 2038000820041 дугаартай хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Д.Д, Ц.Б, Д.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Батмөнх эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага оногдуулах эсэхийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч О овогт Д-ын Р, Д овогт Ц-н Б, Б овогт Б Ч, О овогт Д-н Дорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2, Д-ын Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч....” шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрх шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт:... “Шүүгдэгч Б.Ч , Д.Д, Ц.Б нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар улсын хилээр байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдохгүй байна гэж үзлээ” гэх дүгнэлтийг хийсэн атлаа шүүгдэгч нарт сонсгосон Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгана гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай “Б.Чынх гэх винтов маркийн буутай төстэй ...буу ... ангийн зориулалттай ... сум нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн ган зүрхэвчтэй ердийн сум байна. ... 2. Д.Дийн гэх винтов маркийн буутай төстэй ...буу ...ангийн зориулалттай... сум нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна... 3. Ц.Бгийн Тигр гэх нэртэй... ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн... винтов буу байна ... тай төстэй ... буу ... ангийн зориулалттай ... сум нь байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна... 4. Д.Рийн калибр буутай төстэй. ...буу ...ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ... сум нь ан агнуур, спорт, сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн сум байна...” /хх-ийн 119-124/ гэх дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Ч , Д.Д, Ц.Б нарын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн сум нь байлдааны зориулалттай болох нь тогтоогдсон, тэдгээр сум нь шүүгдэгч нарын улсын хилээр нэвтрүүлсэн ангийн зориулалттай буугаар буудлага үйлдэх боломжтой талаарх дүгнэлтэнд тодорхой дурьдсан байхад сум нь байлдааны зориулалттай галт хэрэгсэлд хамаарахгүй мэтээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7, ....зүйлд заасан шаардлагыг ханаагүй” зэрэг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүд хамаарч байна.   

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Б.Ч , Д.Д, Ц.Б нар нь бусадтай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн 293 дугаар тэмдэгтээр байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, яллагдагч Д.Р нь бусадтай бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх Хилийн 293 дугаар тэмдэгтээр галт зэвсэг, галт хэрэгсэлтэй, морин уналгатайгаар Монгол Улсын талаас Оросын Холбооны улсын тал руу хууль бусаар хил нэвтэрч, улмаар 2020 оны 1 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө буцаж Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1, 33.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэр гаргаж, шүүгдэгч Д.Р, Ц.Б, Б.Ч , Д.Д нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх журамтай.

Гэтэл шүүх шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүй атал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

Иймд Д.Р, Ц.Б, Б.Ч , Д.Д нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын агуулга, прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийлгүйгээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолтой хэргийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             Л.ЭРДЭНЭБАТ

                                                                         Н.БАЯРХҮҮ