Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2021/00083/И |
Дугаар | 142/ШШ2021/00223 |
Огноо | 2021-02-25 |
Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2021/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Т-д холбогдох,
Нэмэлт зардал 8 810 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М /Улаанбаатар хотоос онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.М нь Н.Ттэй 2007 оноос хамтран амьдарч 2008 оны 05 дугаар сарын 17-нд охин Т.Зыг төрүүлсэн. Бид 2008 оны 10 дугаар сарын 21-нд албан ёсоор гэр бүл болсон боловч Н.Т охиноо төрснөөс хойш ааш зан нь илт хувирч, архи ууж, олон хоног гадуур хонож, охин бид хоёрыг 2009 оны 12 дугаар сард өвлийн хүйтэнд гэрээсээ хөөсөн. Тэр үеэс хойш бид дахиж уулзалдаагүй тусдаа амьдрах болсон. Тусдаа амьдарснаас хойш Н.Т нь нэг ч удаа охиндоо анхаарал халамж тавьж байгаагүйгээс гадна холбоо барихгүй сураггүй алга болсон. Энэ үеэс хойш би охиноо ганцаараа өсгөн хүмүүжүүлж, асран халамжилж, тэжээн тэтгэж, сурч боловсрох, тав тухтай амьдран суух бүхий л нөхцлөөр хангаж ирсэн. 2018 онд Н.Тийн сургийг гаргаж эрэн сурвалжлуулж олсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сард Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, нэмэлт тэтгэлэг болох сургалтын төлбөрийн 50 хувийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу тус шүүхээс №142/ШШ2019/00480 тоот шүүхийн шийдвэр гарч гэрлэлтээ цуцлуулан, охиноо өөрийн асрамжид үлдээж, амьжиргааны доод түвшингээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгон 2018 оны 5 дугаар ангийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 2 500 000 төгрөгийг гаргуулан авсан. Охин Т.З нь 2018 оноос “Гёте” сургуульд сурч байгаа бөгөөд одоо тус сургуулийн 7а ангид суралцаж байна. Н.Тийн одоо төлж буй амьжиргааны доод түвшингээр тогтоосон хүүхдийн тэтгэлэг нь охины маань хоол ундны төлбөрт нь арай гэж хүрэлцдэг. Үүнээс гадна хувцас хунар гэх мэт хүний хэрэгцээний зайлшгүй зардлууд маш их гардаг. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхдийг суурь боловсрол эзэмшүүлэх, сурах нөхцөл боломжоор хангах нь эцэг эхийн үүрэг байдаг ба хэдийгээр бид гэр бүлээ цуцлуулсан ч эцэг хүүхдийн харилцаа хэвээр үргэлжилж энэхүү үүрэг хэвээр хадгалагддаг учир хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу нэмэлт зардал болох хүүхдийн сургалтын төлбөр болон сурахтай холбоотой нэмэлт зардлууд, эмчилгээний төлбөрүүдээс H.Тт ногдох 50 хувийн төлбөрийг нэхэмжилж байна.Үүнд: 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр /6-р анги/-ийн 50 хувь болох 3 000 000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр /7-р анги/-ийн 50 хувь болох 3 000 000 төгрөг, 5-7-р ангийн автобусны төлбөрийн 50 хувь болох 607 500 төгрөг, сурах үйл ажиллагаатай холбоотой заавал төлөгдөх нэмэлт зардал болох сурах бичиг, дүрэмт хувцас, дугуйлангийн төлбөрийн 50 хувь болох 724 860 төгрөг, 5-7-р ангийн зайлшгүй хамрагдах ёстой үйл ажиллагааны зардал болох ангийн хуримтлал, анги засварын төлбөр, хонхны баяр, шинэ жил, намрын аялалын төлбөрийн 50 хувь болох 325 000 төгрөг, охин Т.Зын эмчилгээний төлбөрийн 50 хувь болох 1 153 320 төгрөг, эцэг Н.Тт ногдох 8 810 680 төгрөгийн нэмэлт зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч Н.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны 142/ШШ2019/00480 тоот шийдвэрээр Ганбаатарын М бидний гэрэлтийг цуцалж, миний бие охин Т.Зд сургалтын төлбөрийн 2 500 000 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт 3 491 000 төгрөг нийт 5 991 000 төгрөг төлөхөөр, мөн охин Зыг эх Мгийн асрамжид үлдээж сар бүр амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн ба энэ шийдвэр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний 83 тоот магадлалаар хэвээр батлагдсан. Шүүхийн шийдвэрийн дагуу миний бие нь:
- Төлбөрийн 5 991 000 төгрөгийг Г.Мд тэмдэгтийн хураамж 110 808 төгрөгийн хамт 2019 оны 08 дугаар сард төлж дуусган шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн /Баримтыг хавсаргав/,
- Мөн хүүхдийн тэтгэлэгт 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 958 756 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгч Б.Гантулгад бэлнээр, мөн сар бүр цалин хөлснөөсөө сард 217 900 төгрөгөөр 5 сар буюу 1 089 500 төгрөг, сар бүр 230 000 төгрөгөөр 11 сар буюу 2 530 000 төгрөгийг төлөөд байна. Өнөөдөр 2021 оны 1 дүгээр сарын 230 000 төгрөг татагдаж ШШГА-ны дансанд орж байгааг тооцвол би 2019 оны 08 сараас хойш / 5 991 000 + 110 808+ 958 756 + 1 089 000 + 2 760 000/ бүгд 10 909 564 төгрөг төлеөд /баримтуудыг хавсаргав/ байна. Г.Мгийн нэхэмжлэлд дараах зүйл багтжээ. Зын 2019-2020 оны хувийн сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувь 3 000 000 төгрөг, Зын 2020-2021 оны хувийн сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувь 3 000 000 төгрөг, сургуулийн автобусны төлбөр 607 500 төгрөг, сургалтын үйл ажиллагааны зардал 724 860 төгрөг, бусад үйл ажиллагааны зардал 325 000 төгрөг, 2018 оны 05 сард "Гурван гал" эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 1 153 320 төгрөг, эдгээр бүгд 8 810 680 төгрөг нэхэмжилжээ. Сургалтын төлбөр, сүргалтын үйл ажиллагаатай холбоотой зардлуудад тусад нь зохих тайлбар, үндэслэлийг шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргана. Эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийг дараах үндэслэлээр одоо нөхөн төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
1. Нэхэмжилсэн дүнд хамаарах 2 306 640 төгрөгийн зардлаас шүүхэд ирүүлсэн "Гурван гал" эмнэлгийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны 35 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний 30 000 төгрөг, 467 000 төгрөг нь санхүүгийн анхан шатны баримттай байна.
2. 2018 онд гарсан эмнэлгийн үйлчилгээний зардлыг Г.М 2019 онд Н.Тт холбогдуулан 29 856 950төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлээгүй байна.
3. Эмнэлгийн үйлчилгээний зардлын задаргаа гэх зүйлийн үзэхэд үзлэг, шинжилгээ, эм тариа гэсэн зүйлүүд байх бөгөөд энэ талаар Н.Т би одоо анх мэдэж байгаа ба хувийн эмнэлэгт урьдчилан сэргийлэх байдлаар үзүүлсэн асран хамгаалагчийн сайн дурын үйлчилгээ гэж үзэж байна.
4. Шүдний эмчилгээний 467 000 төгрөгийн хувьд эргэлзээтэй байна.
5. Монгол улсад мөрдөж байгаа хууль тогтоомжоор Т.З эрүүл мэндийн үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалаар авах боломжтой ба хэрэв төлбөрт үйлчилгээг сонгосон бол асран хамгаалагчийн сайн дурын эрх тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан гарсан зардлыг хариуцуулах онцгой нөхцөлд хамаарахгүй. Дүгнэн үзэхэд миний нэгэнт төлсөн 10 909 564 төгрөгөөс шүүхийн шийдвэрт заасан 2018-2019 оны сургалтын төлбөр 2 500 000 төгрөгийг хасвал 8 409 564 төгрөг үлдэх бөгөөд үүнийг тооцвол төлөх төлбөр байхгүй байх үндэстэй байна. Н.Т миний хувьд Г.Мгаас гэрлэлт цуцлуулсан нь ялт хэрэг биш бөгөөд охин Зын өмнө болон хууль шүүхийн өмнө бид адил тэгш эрх, үүрэгтэй. Монгол улс Үндсэн хуульд заасан ёсоор иргэддээ суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог тогтсон боловсролын тогтолцоотой байхад өөрөө боломжтой гэж үзэж дангаар шийдвэр гаргасан төлбөртэй боловсролын үйлчилгээг Г.М өөрөө хариуцна гэж тооцож “Гётё” дунд сургуулийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны тодорхойлолтоор төлбөрөө бүрэн хариуцаж төлбөрийн үлдэгдэлгүй болсон байна. H.Т миний хувьд Г.Мгаас гэрлэлтээ цуцлуулсан тул одоо нэгэнт гэр бүлтэй хүүхэдтэй болсон ба амьдралаа болгож босгохын тулд цалингийн зээлийн үлдэгдэл 23 833 329.28 төгрөгийн өртэй байна. Би сарын 1 780 000 төгрөгийн цалинтай ба үүнээсээ Зын тэтгэлэгт сард 230 000 төгрөг, зээл, зээлийн хүүд 1 038 191.95 төгрөг төлж байгаа нөхцөл байдлыг тайлбарлах байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Н.Тт холбогдуулан 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Т.Зын нэмэлт зардалд нийт 8 810 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч Н.Т болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Зохигчид 2007 оноос хамтран амьдарч, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас охин Т.З 2008 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд гэрлэгчид хоорондын үл ойлголцолоос 2008 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид эвлэрэх боломжгүй гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00480 дугаартай шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, охин Т.Зыг эх Г.Мгийн асрамжинд үлдээж, эцэг Н.Тээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, хариуцагчаас 5 991 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 23 865 850 төгрөг болон цаашид хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу жил бүр 2 750 000 төгрөг төлж барагдуулахыг даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2019/00480 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлалаар тус тус нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасан.
Нэхэмжлэгч Г.М нь охин Т.Зын “Гёте” сургуулийн 2019-2020 он, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хувь буюу /3 000 000*2 жил/ 6 000 000 төгрөг, эмчилгээний төлбөрийн 50 хувь буюу 1 153 320 төгрөг, сурах үйл ажиллагаатай холбоотой зайлшгүй гарсан зардал /сурах бичиг, дүрэмт хувцас, ангийн хуримтлал, анги засварын төлбөр, унааны мөнгө, аялал амралтын төлбөр гм/ 1 657 360 төгрөг нийт 8 810 680 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Охин Т.Зын амьдарч байгаа хороонд улсын сургууль, цэцэрлэг байдаггүйгээс хүүхдийн сурч боловсрох эрхийг хангаж, бололцооны төлбөртэй хувийн сургуульд суралцуулж байгаа, хүүхдийн эрүүл мэндийн байдал гэнэт /амралтын өдөр/ муудсанаас хувийн эмнэлгээр үйлчлүүлсэн бөгөөд нэмэлт зардалтай холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан гэж нэхэмжлэгч тайлбарладаг.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлсөөр ирсэн бөгөөд 2019 оны 08 дугаар сараас хойш нийт 10 909 564 төгрөгийг төлсөн байдаг. Гэр бүлтэй болж, үр хүүхэд төрсөн, банкны зээл төлдөг болсон, 18 насанд хүрээгүй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй үзүүлдэг, мөн суурь боловсролыг үнэ төлбөргүй олгодог тул заавал хувийн сургууль эмнэлгээр үйлчлүүлсэн төлбөрийг зайлшгүй гарсан нэмэлт зардалд тооцох боломжгүй гэж тайлбарлаж байна.
Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон гэдэгт: Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т заасан хүнд нөхцөлд байгаа, түүнчлэн хүүхдийн болон насанд хүрэгчдийн асрамжийн байгууллага, халамжийн газруудын асрамжинд байгаа, эсхүл нэн ядуу, өрхийн нэг хүнд ногдох орлого нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингээс бага байгаа зэрэг бусдын санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болсон байхыг ойлгохын зэрэгцээ ердийн боловч тухайн хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлэгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцлийг нэгэн адил хамааруулахыг ойлгоно.
Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Н.Т нь сар бүр хүүхдийн тэтгэлэг төлдөг бөгөөд 5 991 100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн даалгаварууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 8/490 дугаартай тогтоол, Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газар 437 нээлттэй хорих ангийн төлбөрийн данснаас мөнгө шилжүүлсэн тухай баримт, хариуцагч Н.Тийн Капитрон банкны депозит дансны хуулгаар тус тус нотлогдоно.
Эцэг Н.Тээс сар бүр төлөгдөж байгаа мөнгөн тэтгэмж нь хүүхдийн амьдарч байгаа бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдан тогтоогдсон тул суралцах үйл ажиллагаатай уялдан гарсан зардлууд болох сурах бичиг, дүрэмт хувцас, дугуйлан секц, аялал, амралтын гм зардлын тал хувийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас охин Т.Зын хувьд эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал тохиолдсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд өрхийн эмнэлэг амарсан, ажлын бус цагаар өвчилсөн тохиолдолд 2, 3 дугаар шатлалтын эмнэлэгт хандах, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг авах бүрэн боломжтой байсан гэж үзнэ. Шүдний эмнэлгээр үйлчлүүлсэн нь тухайн иргэний хувьд эрүүл мэндийн онцгой нөхцөл байдал гэхээсээ илүүтэйгээр эрүүл амьдрах хэв маягт суралцах, зөв дадал хэвшлийг олгосноор, амны хөндийн өвлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөхгүй ч байх боломжтой юм. Нөгөөтэйгүүр Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэлсэн, энэхүү хөтөлбөр нь 2019-2023 онд хэрэгжих бөгөөд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн шүдний өвчний тархалт болон цоорлыг эрчмийг бууруулах зорилготой хөтөлбөр хэрэгжиж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч Г.М болон охин Т.Зын амьдарч байгаа нутаг дэвсгэрт улсын сургууль цэцэрлэг байхгүй талаар Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд үр хүүхдийнхээ ая тухтай орчин нөхцөлд сурч боловсрох, хөгжих эрхийг хангаж, хувийн хэвшлийн сургуульд суралцуулж байгаа бөгөөд бусад хувийн хэвшлийн сургуулиудын төлбөртэй дүйцэхүйц /хэт өндөр биш/ байх тул сургалтын төлбөрийн тал хувийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд хариуцагч Н.Тээс 2019-2020 оны хичээлийн жилийн, 2020-2021 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тал хувь болох 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 810 680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 155 921 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Н.Тээс 6 000 000 төгрөг /зургаан сая/ гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 810 680 төгрөг /хоёр сая найман зуун арван мянга зургаан зуун ная/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 921 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Тээс 110 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ