Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2021/00249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П. Э

Нэхэмжлэгч: Э ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э

Хариуцагч: ГАЭ ХХК холбогдох

“Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК-ийн Ттөв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 тегрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чимэг төвийн дулааны шугам дээр барьсан Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч П.Э, “Э” ХХК нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бшүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын нэгдэх хэсэг болох “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь 2007 онд байгуулагдаж, улмаар үйл ажиллагаагаа явуулж байгаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт байрлах иргэн П.Эы эзэмшлийн газарт байрлах Чимэг төвийг 2010-2013 баригдах явцад дулааны шугам, цэвэр усны шугам, бохир ус татан зайлуулах шугам зэргийг өөрийн зардлаар өмнө “Очирбаялаг” ХХК-ийн Дэлгэр төвийн татсан байсан хуучин шугамыг тохиролцож 13 сая төгрөгийг өгч зөвшөөрөл авсны үндсэн дээр шинээр өөрийн хөрөнгөөр шугамуудыг сольсон. Ингэхдээ тус шугамыг солих зардлыг манай компани бүгдийг хариуцан гаргаж байсан. Тус шугамнаас бусад шинээр баригдаж буй барилга байгууламжийн эзэмшигч, өмчлөгч нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу манай зөвшөөрөлтэйгээр ямар нэг үйл ажиллагаа явуулах учиртай. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /цаашид товчилж "ГХБХБГ" гэх/-т тус газрын Барилга хот байгуулалтын хэлтэс /цаашид товчилж "БХБХ" гэх/-ийн дарга Б.Одбаатар даргалж, “Эрдэнэт-Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамц, инженер Ц.Одбаяр нар оролцож, манай компанийн төлөөлөл, “Очирбаялаг” ХХК-ийн захирал З.Энхцэцэг, “ГАЭ” ХХК-ийн эзэн, захирал Б.Э, “Төгс тэгш бурзайх” ХХК-ийн захирал Д.Бямбажав, “Тэнүүн төвөргөөн” ХХК-ийн захирал М.Баттөгс, “Элбэгшид” ХХК-ийн захирал Т.Аманжул нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж “Эрдэнэт-Ус” ДТС ХК-ийн ЦТП 2-7 гэх дулааны байгууламжаас хэрэглэгчдийн дулаан, ус татахад гарах зардал, түүнийг хуваарилах, холбохтой холбоотой өмнөх хэрэглэгчээс зөвшөөрөл авахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн ба улмаар хурлын явцад “ГАЭ” ХХК-ийн захирал Б.Э нь "Очирбаялаг" ХХК, “Э” ХХК-ийн Чимэг төв нарын зөвшөөрснөөр хэрэглэж байсан дулааны шугам болон хэрэглээний хүйтэн усны шугамыг тус тус өөрийн хэрэгцээнд тохируулан томсгож солих, мөн шинээр хэрэглээний халуун усны шугамыг өөрийн зардлаар нэмж татан, тус халуун усны шугамнаас “Э” ХХК-ийн Чимэг төв болон “Очирбаялаг” ХХК-ийн Дэлгэр төвд тус тус хэрэглээний халуун усыг үнэ төлбөргүйгээр татуулах саналыг гаргасныг манай компани болон “Очирбаялаг” ХХК-ийн өмнө барьсан худаг, траншэйнийг ашиглуулахыг зөвшөөрсөн, “ГАЭ” ХХК-ийн саналыг хүлээн авсан. Ийнхүү “ГАЭ” ХХК нь манай өмнө тавьсан байсан дулааны болон хэрэглээний хүйтэн усны шугамыг сольж, манай өөрийн зардлаар барьж байгуулж ашиглаж байсан худаг, траншэйнийг ашиглаж, өөрийн хэрэгцээндээ тохируулан дулааны болон хэрэглээний хүйтэн усны шугамыг сольж, шинээр хэрэглээний халуун усны шугам татсан. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тохиролцооны дагуу “ГАЭ” ХХК нь хэрэглээний халуун усыг манай компани болон “Очирбаялаг” ХХК-д үнэ төлбөргүй холбуулах үүргээ 2019 оны 09 дүгээр сард ажлаа хийж дуусгасан атлаа одоог хүртэл холбуулахгүй, амаар хийсэн гэрээнээсээ буцаж үүргээ биелүүлэхгүй өдийг хүрлээ. Уг үүргээ биелүүлээгүй үйлдээс болж манай компани 2019 оны 09 дүгээр сараас одоог хүртэл халуун усгүй тул аэробек, фитнесс, зоогийн газрууд огт ажиллаагүй хохирч байна. Тодруулбал манай зүгээс аэробэкийг нэг сард 600 000 төгрөг түрээслэдэг ба 12 сараар тооцоход 7 200 000 төгрөг, фитнессийг нэг сард 1 500 000 төгрөг түрээслэдэг ба 12 сард 18 000 000 төгрөг, зоогийн газрыг нэг сард 1 500 000 төгрөгөөр 12 сард 18 000 000 төгрөгөөр тус тус түрээслэдэг ба нийт “ГАЭ” ХХК болон түүний захирал Б.Э нарын гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нийт 43 200 000 төгрөгийн хохирол учраад байна. Уг хохирлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй", 219.2-т “Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэсний дагуу үүргээ санаатайгаар зөрчиж, улмаар адил үйл ажиллагаа явуулдаг манай Чимэг төвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад хийж, улмаар өөрийн бизнесийн эрх ашгаа гэрээний үүргээ зөрчиж хамгаалж байна. Мөн бидний хоорондох гэрээний тохиролцоог тус хуралдаанд оролцсон бүх хүмүүс гэрчилнэ. Иймээс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр бидний хооронд байгуулагдсан гэрээний дагуу манай компани нь “ГАЭ” ХХК-ийн татсан хэрэглээний халуун усны шугамнаас халуун ус татаж авах эрхтэй болохыг тогтоож, “ГАЭ” ХХК, түүний захирал Б.Эд хэрэглээний халуун усны шугамд манай шугамыг холбуулахыг даалгаж, улмаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43 200 000 төгрөгийг “ГАЭ” ХХК, Б.Э нараас гаргуулж өгнө үү.

Хоёр. “Э” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК-ийн Ттөв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компани нь хуульд заасан журмын дагуу “Эрдэнэт амьдрал” ХХК-аас 2010 техникийн нөхцөл авсны дагуу тухайн үеийн бохирын шугам эзэмшигч “Очирбаялаг” ХХК-аас зөвшөөрөл авч төлбөр төлсний үндсэн дээр бохир ус татан зайлуулах шугамыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн татаж Чимэг төвийн бохир усыг төв шугамд нийлүүдэг болно. Гэтэл манай дэргэд байрлах “ГАЭ” ХХК-ийн шинээр баригдсан барилга бидэнд мэдэгдэхгүйгээр 2013 онд хууль бусаар манай эзэмшлийн бохирын шугамд өөрийн бохир ус татан зайлуулах шугамаа шууд холбосон байна. Үүнийг манай компанийн зүгээс 2019 оны 09 дүгээр сард мэдсэн ба уг асуудлаар “Эрдэнэт-Ус ДТС” ХК-ийн зүгээс хууль бусаар болохоо хүлээн зөвшөөрсөн. Уг асуудлыг Авилгатай тэмцэх газарт хандаж шалгуулсан ба үүний дагуу АТГ-аас хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар албан шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т зааснаар бусад хэрэглэгчийг холбуулахдаа Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 3.4-т зааснаар тус шугамын өмчлөгчтэй зөвшилцөхөөр заасныг илт зөрчсөн байна. Нөгөө талаас уг техникийн нөхцлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр олгосон ба одоо нэгэнт бохир ус татан зайлуулах ажиллагаа явагдаж байгаа тул тус бохир татан зайлуулах шугамыг барьсан өртгийн 50 хувь болох 9 000 000 төгрөгийг гаргуулахаар “ГАЭ” ХХК болон Б.Эоос гаргуулахаар нэхэмжилж байна.

Гурав. Хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чимэг төвийн дулааны шугам дээр барьсан, Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай компанийн үйл ажиллагаа явуулдаг Чимэг төвийн зүүн талд байрлах Б.Э захиралтай “ГАЭ” ХХК нь нийтийн эзэмшлийн талбайд газар дор 1.5 метрийн гүнд байрлаж буй манай дулаан дамжуулах шугам дээр 2020 оны 06 дугаар сард газар ухаж, улмаар бетон суурь цутгаж, дээр нь төмөр хашааг барьж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар барьж дуусгасан. Мөн барилгын 0 давхарт байрлах автомашины зогсоол руу гадна талаасаа орох, гарах гарц бүхий шат байрладаг ба уг орц, гарцыг хааж дээр хашаагаа мөн барьсан. Үүнийг тухай бүрт нь хариуцагчид хэлж байсан ба зогсоохгүй болохоор Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж шалгуулсан ба Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар шалгаад хууль зөрчиж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04/243 дугаартай албан мэдэгдлийг хүргүүлж байсан болно. Гэтэл хариуцагч Б.Э болон түүний “ГАЭ” ХХК нь уг хууль зөрчсөн ажиллагаа явуулсаар өдийг хүрч байна. Манай дулааны шугамд дээр барьсан нь тус шугамд үзлэг, шалгалт, завсар, үйлчилгээ хийх боломжийг хязгаарласан төдийгүй Эрчим хүчний тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Уг хашаа нь манай үйл ажиллагаа явуулж буй Чимэг төвийн 0 давхарт орох орц, гарах гарцыг хаагаагүй, дулааны шугам байрлах газар дээр баригдаагүй байсан бол бидний өөрийн өмчлөлийн зүйлээ хэн нэгний эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр ашиглах, эзэмших боломжтой байсан ба одоо хариуцагч нарын хууль зөрчсөн үйлдлээс болж ашиглах, эзэмшихэд саад учруулаад байна. Нөгөө талаас нийтийн эзэмшлийн газарт хэн нэгэн этгээд дураараа аашилж хашаа барьж, улмаар бусдын эрхийг зөрчих байдалд хүрээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан хөршийн эрхэд хамаарах бөгөөд 134.2-т заасан үүргийг хариуцагч нар хуулиар хүлээж байгаа болно. Хариуцагч нь өөрийн эзэмшлийн газартаа бус нийтийн эзэмшил газарт хашаа барьж байгаа нь нэхэмжлэгч нарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Тус газар нь нэхэмжлэгч нар бидний эзэмшил газар биш боловч бид тус газраар дамжин өөрийн өмчлөлийн барилгын үйлчилгээ, 0 давхарт нэвтрэхээр барьсан орц, гарц, шатны зэргийг хааснаар хөршийн эрхийг зөрчиж байна. Уг хашааг буулгаснаар нэхэмжлэгч нар бид барилгын дулааны шугамдаа засвар, үйлчилгээ хийх, өөрийн өмчлөлийн барилгын 0 давхарт орж, гарах гарц бүхий шатыг ашиглах боломжтой болох учиртай. Иймээс Б.Э болон түүний эзэмшлийн “ГАЭ” ХХК-д хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чимэг төвийн дулааны шугам дээр барьсан, Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч П.Э миний бие уг нэхэмжлэлийн үндэслэл болон өөрийн эзэмшлийн газар, түүн дээр баригдсан үйлчилгээний Чимэг төвийн үйл ажиллагаанд саад болж буй Б.Э болон “ГАЭ” ХХК нарын үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 43 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулж, “Э” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК-ийн Ттөв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чимэг төвийн дулааны шугам дээр барьсан, Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компанид холбогдуулан П.Э, “Э" ХХК-ийн захирал Ж.Цэнгүүн нар нэхэмжлэл гаргасантай танилцлаа. Компанийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

1. Манай компани нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ЦТП 2-7 дулаан, халуун, хүйтэн усны байгууламжаас дулаан болон халуун, хүйтэн усны шугамаар хангагдах техникийн нөхцлийг “Эрдэнэт ус, Дулааны станц” зэрэг хангагч байгууллагаас олгосон. Энэхүү техникийн нөхцлийн дагуу манай компани үл хөдлөх байгууламж руугаа холболт хийх гэсэн боловч “Э" ХХК, “Очирбаялаг" ХХК-ууд нь холбуулахгүй гэж дураараа аашилж, газар шорооны ажил хийхээр авчирсан хүнд машин механизмыг ажилуулахгүй гэж автомашинуудаараа хааж байсан. Улмаар тухайн техникийн нөхцлийн дагуу “Э” ХХК, “Очирбаялаг" ХХК-уудын удирдлагуудаас болж холболт хийж чадаагүй. Үүнээс болж манай компани болон миний бие хөрөнгө болон цаг хугацаагаар хохирсон. Үүнээс хойш 2012 оноос 2019 оныг хүртэлх 7 жилийн хугацаанд дулаан болон хүйтэн усны хэрэглээгээ авч чадалгүй явсаар ирсэн. Миний бие 7 жил хөөцөлдсөний эцэст 2019 оны 09 дүгээр сард “Эрдэнэт ус", Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, ЦТП 2-7 байгууламжаас холболт хийх шаардлагатай аж ахуйн нэгжүүдийг оролцуулж хуралдсан. Хурлаар ЦТП 2-7 байгууламжаас “Э” ХХК, “Очирбаялаг” ХХК нарын аж ахуйн нэгжүүдийн өөрсөд рүүгээ татсан байсан дулаан болон хүйтэн усны нарийн хоолойг өргөтгөж олон хэрэглэгч нарыг тус шугамнаас хангах боломж нөхцлийн талаар ярилцсан. Учир нь ЦТП 2-7 байгууламж нь орчин тойрны 10 орчим аж ахуйн нэгжүүдийн дулаан, халуун, хүйтэн ус зэрэг хэрэглээг хангах зориулалтаар баригдсан бөгөөд “Э”, “Очирбаялаг” компаниудын ЦТП-ээс өөрсөд рүүгээ татсан гурван шугам /дулаан, хүйтэн ,ирэх очих/ шугам хэт нарийхан бөгөөд зөвхөн тухайн хоёр аж ахуйн нэгжийг л хангахад хүрэлцэхүйц байсан болно. Өөрөөр хэлбэл олон хэрэглэгчийн хангах зориулалттай төрийн өмч ЦТП-ээс зөвхөн хоёр аж ахуйн нэгж нарийн хоолой /шугам/ татсан байсныг өргөтгөж, хэрэглэгч нарыг бүгдийг хангах хүчин чадал бүхий 3 шугамыг татах асуудал тухайн хурлаар яригдсан. Тус хурлаар ЦТП 2-7 байгууламжаас хангагдах ёстой “ГАЭ” ХХК, “Э” ХХК, “Очир баялаг” ХХК, “Төгс тэгш бурзайх” ХХК, “Тэнүүн төвөргөөн” ХХК, “Элбэг шид”ХХК, “Эрчимт комплекс” ХХК-ууд нь нийлж шугамыг өргөтгөн татах талаар хурал зохион байгуулагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ”, Газрын харилцаа барилга хот байгууллалтын газрын холбогдох удирдлагууд зөвлөсөн. Ингээд хурлаар аж ахуйн нэгжийн төлөөлөл ярилцаж нийлж шугам өргөтгөх талаар зөвлөлдөх үед “Э" ХХК, “Очир баялаг" ХХК-ууд саналыг эсэргүүцэж үнэгүй авна гэж дураараа аашилсан. Тухайн үед хурлаас бүх аж ахуйн нэгжүүд хамтран шугамыг өргөтгөх шийдвэр гарсан. Миний бие өөрөө хөөцөлдөж байж тухайн шугамуудыг өргөтгөх гадна шугамын зургийг зургийн мэргэжлийн байгууллага болох “Асгат өргөө" ХХК-аар 1  500 000 төгрөгний зургийн ажлын хөлс төлж хийлгэсэн. Зургийн дагуу нийт 5 шугам болгон өргөтгөн татах ажлыг “Тэнүүн төвөргөөн” ХХК, “Төгс тэгш бурзайх” ХХК, “ГАЭ" ХХК буюу манай компани оролцож ашиглалтанд оруулж, хуучин “Э" ХХК, “Очир баялаг” ХХК-уудын ашиглаж байсан дулаан, хүйтэн усны хэрэглээг нь хангасан. Харин халуун усны шугамыг тэд зардал төлж авахаар тохиролцсон. Гэтэл одоо халуун усны шугам хоолойг татсан зардлаас хариуцахгүйгээр үнэгүйгээр холболт хийнэ гэж зүтгээд байгааг ойлгохгүй байна. Хэн ч байсан зардал гаргаж хойлойг шинэчилсэн болохыг ойлгоно гэж бодож байна. Мөн манайх хуучин хэрэглэж байсан нарийн шугамуудыг өргөтгөж шинэчилсэн зардлаа хоёр аж ахуйн нэгжээс огт нэхээгүй болно. 2013 онд техникийн нөхцлийн дагуу хийх шугамын ажлыг хийлгэлгүй саад болсон тул түр хугацаагаар Эрдэнэт усын гражаас хэрэглээний хүйтэн ус болон дулаан татаж би хохирсон байдаг. Энэ хохирлыг би “Э" ХХК-аас огт нэхэмжлэлгүй өнгөрүүлсэн. Харин одоо тухайн үед гарсан зардал, хохирлоо "Э" ХХК-аас гаргуулж авах хүсэлтэй байна. Иймд хэрэглээний халуун усны шугамд холбоно гэж гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43 200 000 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие болон манай компани “Э” компанитай гэрээ байгуулаагүй. Харин ч “Э” компани шугам хоолойн өргөтгөсөн зардлыг манайд төлөх ёстой. Ямар тооцооллоор надаас 43 200 000 төгрөг нэхэж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Угаасаа “Э” компани үйл ажиллагаагаа тогтмол явуулдаггүй. Энэ компани 43 200 000 төгрөгөөр хохирсон бол уг хохирол надаас шалтгаалаагүй өөрсдийн үйл ажиллагааных нь алдагдал байх боломжтой.

2. Манай компани 2013 он, 2019 онд хангагч байгууллагаас олгосон техникийн нөхцлийн дагуу бохир ус татан зайлуулах хоолойг холбосон. Тухайн үед манайх Эрдэнэт усын өмчлөлийн бохирын шугам хоолойд холболт хийж байгаа гэж ойлгосон. Холболт хийсний дараа нь "Э” ХХК-аас хэл ам хийх болсон. Техникийн нөхцлийн дагуу буюу хангагч байгууллагын зөвшөөрлөөр холболт хийсэн үйл ажиллагаанд манай компанийг буруутгах улмаар нөхөн төлбөр 9 000 000 төгрөг гаргуулна гэж байгаа нь буруу гэж үзэж байна. Манай компанийн бохир татан зайлуулах хоолойг салгуулах талаар “Э” ХХК нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ”-нд гомдол гаргаж уг асуудлыг “Эрдэнэт ус” шийдвэрлэж байсан. Үүнтэй холбоотойгоор манай компани Хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд гомдол гаргаж байсан ба гомдлыг тус байгууллага эцэслэн шийдвэрлэсэн. Манай компани хэрэглээний зардлуудаа хангагч байгууллагад гэрээнд заасан хугацаанд төлсөөр ирсэн тул манай бохирын хоолойг зайлуулахаар шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. "Э” ХХК-ийн гэх бохирын хоолой нь манай барилгын газар руу хэт шахаж стандартын бус хийгдсэнээс болж би барилгынхаа зургийг жижигрүүлж буюу 24х24 байсныг 24х21 болгосон зураг дахин хийлгэж хохирсон. Учир нь бохирын шугам хоолой нь барилгаас 6 метрын зайтай байх талаар техникийн нөхцөлд заагдсан байтал үүнийг зөрчиж техникийн нөхцлөөс зөрүүтэй холболт хийгдсэн байдаг. Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаж гомдол гаргана.

3. Манай компани хэн нэгний эрхийг зөрчөөгүй. Гэтэл хөршийн эрхийг зөрчсөн гэж гомдол гаргасан байна. Учир нь бетон суурьтай төмөр хашаа нь манай эзэмшлийн газар дээр баригдсан ба "Э" ХХК-ийн газрын хил зааг руу огт нэвтрээгүй. Манай тус хашаа барьсан газар дээр ногоон байгууламж хийж тохижуулах зорилгоор үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэлд дулаан байгууламж дээр баригдсан гэсэн нь худлаа юм. Манай хашааны доор ямарч дулааны байгууламж байхгүй. “Э” компанийн дулааны байгууламжтай ойрхон байгаа боловч тэдний дулааны шугамдаа засвар үйлчилгээ хийх эрхийг хөндсөн зөрчсөн зүйл байхгүй. Хашааны хажуу талаар засвар үйлчилгээгээ хийх бүрэн боломжтой юм. Манай барьсан хашаа нь тэдний граждаа орох гарах гарцыг огт хаагаагүй. Харин ч гражруугаа орохын тулд “Э” компанийн барилгыг тойрч ордог байсныг товчлон хүн явахад нь зориулж шатыг би өөрийн компанийн зардлаар хийж өгсөн. Энэхүү шатыг манай компанийн зарлаар хийсэн ч гэсэн "Э" ХХК болон манай компани аль аль нь чөлөөтэй ашиглаж байна. Гэтэл шатыг өөрийнхөө хийсэн шат мэт нэхэмжлэлдээ бичсэн байна.

4. Чимэг төв буюу “Э” ХХК-тай хөрш зэргэлдээ оршиж ирсэн өнгөрсөн 8 жилийн хугацаанд манай үйл ажиллагаатай холбогдуулан үндэслэлгүй гомдол, хүсэлтийг Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэт ус, Газрын алба, Дулааны станц зэрэг терийн бүхий л байгууллагад гаргаж яваад үнэхээр гомдолтой байна. Энэхүү бүх гомдлууд нь худал болох нь шат шатны байгуулагууд дээр хийгдэж байсан шалтгалтуудаар нотлогдон тогтоогдсон. Би тухай бүрт нь шалгагдаж цаг хугацаа хөрөнгө мөнгө, сэтгэл зүйгээрээ хохирч ирсэн. Одоо “Э” ХХК-ийн сүүлийн арга нь шүүхэд хандах байсан юм байна гэдгийг сайн ойлголоо. Би асуудал болгонд нь тэвчээртэй хандаж ирсэнийг шүүх ойлгоно гэж найдаж байна. Намайг “Э” компанийн менежер П.Эрдэнэцэцэг байнга л үг хэлээр цоромжилж, муухай харж, муухай аашилдаг. Надад хуулийн дагуу техникийн нөхцөл олгосон эрх бүхий байгууллагын удирдлагуудыг Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн газарт өгч байсан ба гэмт хэргийн ямар нэгэн шинж байхгүй болохыг хуулийн байгууллагууд тогтоосон болно. Манай үл хөдлөх хөрөнгийн хажууд 8 жил хогоо овоолж хаясан байгаа ба орчин тойрны өнгө үзэмжийг “Э” ХХК-ийн хог хаягдал дарж байна. Энэхүү хогоо зайлуулахыг энэхүү тайлбараар шаардаж байна. Манай компанийг 8 жил хохироож ирсэн “Э” ХХК нь ямарч боломжгүй нэхэмжлэлийг шүүхэд гаргаж мөн л урьдын адилаар явдал чирэгдэл үүсгэж цаг завыг минь хумсалж байгаад маш их гомдолтой байна. Шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл нь бүгд худлаа байх тул бүхэлд хүчингүй болгож өгч тусална уу гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбар хүсэлтдээ: П.Э, “Э” ХХК нарын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч манай компанийн зүгээс энэхүү тайлбар, хүсэлтийг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нар нь “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах гэж” нэхэмжпэл гаргасан байдаг. Энэ талаар дараах тайлбарыг гаргаж байна. “Э” ХХК нь хэрэглээний халуун усны шугамд холбох эрх нь эрх бүхий байгууллагаас техникийн нөхцөл авснаар үүсэх ёстой болно. Гэтэл шүүхэд эрхтэй болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчихөд хүргээд байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “техникийн нөхцөл” гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг” хэлнэ гээд 11 дүгээр зүйлийн 11.1. Техникийн нөхцөлд дараах шаардлагыг тусгасан байна, 11.1.1. тухайн барилга байгууламжийг холбох цэгийн шугам сүлжээний голчийн хэмжээ, хоолойн суултын гүн, усны даралтын хэмжээ; 11.1.2. цэвэр, бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ, тэдгээрийг шугам сүлжээнд нийлүүлэх нөхцөл; 11.1.3. цэвэр ус хэмнэлттэй зарцуулах, бусад хэрэглэгчийг холбох боломж; 11.1.4. шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломж.11.2. 3ахиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно гэж тус тус заасан байдаг. Энд 11.1.4. шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломж. 11.2. 3ахиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно гэж заасан нь шүүх техникийн нөхцөлийг буюу шугам хоолойн холбох зөвшөөрлийг олгож болохгүй нь ойлгомжтой. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхээс техникийн нөхцөл гаргуулан авах гэж байгаа мэт нэхэмжлэл гаргаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Э” ХХК болон П.Э нар нь техникийн нөхцөлийг хуульд заасан журмын дагуу олгодог эрх бүхий байгууллагаас нь авах нь зөв болох болов уу. Манай компанийн дээрх хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас нь хүсэлт болон холбогдох материалаа бүрдүүлэн өгч байж техникийн нөхцөлүүдийг тус тус авч үйл ажиллагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэгч нарын шүүхэд хандаж хүчээр холбох гэж байгаа шугам хоолойг манай компани нь 100 758 804 төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн. Энэ талаарх нотлох баримт болох “ГАЭ” ХХК-ийн гадна дулаан, цэвэр усны шинэчлэх ажлын төсөв”-ийг шүүхэд гаргасан байгаа болно. Ийм байтал яагаад манай компанийн 100 758 804 төгрөгийн өртгөөр бий болгосон шугам хоолойгоос үнэ төлбөргүйгээр холбоно гэж нэхэмжлэл гаргаад байгааг компанийн удирдлагын хувьд ойлгохгүйд хүрлээ. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйл. Барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөл 19.1.Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэж заасан байгааг анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Манай компанийн шүүхэд гаргаж өгсөн техникийн нөхцөлүүд нь 11 дүгээр зүйл. Техникийн нөхцөл. 11.З. Техникийн нөхцөл өөрчлөгдвөл хангагч нь захиалагч, хөрөнгө оруулагчид мэдэгдэж техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах буюу шинээр олгоно, 11.4.Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно. 11.5.Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг заасан байна гэж заасан шаардлагыг хангаж байгааг тайлбарлах нь зөв болов уу. Компанийн хувьд нэхэмжлэгч компанитай огт гэрээ хийгээгүй байхад нэхэмжлэлдээ гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43 200 000 төгрөг гэх өөрийн хүссэн тоогоо нэхэмжлэгч тавьж байгаа нь ул үндэсгүй болно. Иймийн учир “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43 200 000 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн хүчингүй болгож өгнө үү.

2. Э ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК-ийн Ттөв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөр 9 000 000 төгрөг гаргуулна гэсэн шаардлагын талаар тайлбарлахад Үүнд: манай компани нь техникийн нөхцөл олгодог байгууллагаас нь техникийн нөхцөл буюу зөвшөөрлөө авч холбосон тул зөвшөөрөлгүй холбосон гэж нэхэмжлэлд дурдсан нь буруу гэж үзэж байна. Энэ техникийн нөхцөлөө шүүхийн хэргийн материалд гаргаж өгсөн байгааг анхаарч үзэх нь зөв байх. Нэхэмжилж байгаа 9 000 000 төгрөгийг ямар тооцоололтоор гаргаж ямар хуулиар үндэс болгон нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Зүгээр л зөвшөөрөлтэй холбосон нь ийм их өрөнд оруулах ёсгүй шүү дээ. Тэгээд ч А.Сайнсанаа шинжээчийн дүгнэлтээр “ГАЭ” ХХК-ийн барилгын баруун урд хэсэг “Э” ХХК-ийн Чимэг төвийн барилгын бохирын шугамын аюулгүйн зурваст орсон байгаа тул зөрчлийг яаралтай арилгах шаардлагатай гэсэн байдаг. Эндээс манай барилгын газарт хэтэрхий ойртуулж шугам хоолойг бодлого төлөвлөлгүй хийсэн “Э” ХХК-ийн буруутай үйл ажиллагааг илтгэж харуулж байна. Манай компани барилгын  зургаа жижгэрүүлсээр байтал ийм зөрчилтэй техникийн нөхцөлөөр бохир ус татан зайлуулах хоолойгоо хийсэн нь “Э” ХХК-ийн буруу ба энэ талаар шүүхэд бичгээр гаргасан тайлбарт дурдсан шүү дээ.

3. Хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, чимэг төвийн дулааны шугам дээр барьсан Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох, гарц орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах гэсэн шаардлагын талаар дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Манайх хашааг барихдаа орчны тохижилт хийж ногоон байгууламж хийх гэж барьсан. Түүнээс өөрсдийн амин хувийн хэрэгцээгээ бодоогүй, нэгэнт үйл ажиллагаа явуулж буй орчингоо тохь тухтай байлгаж ногоон байгууламж хийхэд юу нь буруу юм бэ?. Харин тэдний дулааны шугам дээр огт баригдаагүйгээс гадна тэдний гражид орох гарах хаалгыг огт хаалгүй болох нь гэрэл зургаар төдийгүй очоод нүдээр харххад нотлогдоно. Уг хашаа барьсан газар нь “Э” ХХК-ийн газар биш, манай компанийн ч газар биш төрийн буюу нийтийн эзэмшлийн газар болохыг “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээч”-дийн дүгнэлтээр тогтоосон байна. Ийм байтал яагаад “Э” ХХК нь өөрийнх нь өмчийн газар мэтээр ойлгож нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй шүү дээ. Нийтийн эзэмшлийн бөгөөд гудамж талбай биш болохоор нь манай компани орчноо тохитой болгох зорилгоор ногоон байгууламж хийх гэж л өөрөөсөө хөрөнгө гарган хашаалуулж хамгаалсан юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба компанийн захирал миний бие ковидтой холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулалгүй удсан улмаар одоо үйл ажиллагаа сэргэж бизнесийн орлого бодож завгүй ажиллаж байх тул шүүх хуралдаанд оролцохгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. “Э” ХХК нь ингэж ажил удаж байгаад үнэхээр харамсалтай байгааг дурдах хэрэгтэй гэж бодлоо. Иймээс хариуцагч намайг байлцуулалгүйгээр хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э болон Э ХХК нь хариуцагч Б.Э болон ГАЭ ХХК-д холбогдуулан “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК-ийн Ттөв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 тегрөг гаргуулах, хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чимэг төвийн дулааны шугам дээр барьсан Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн граждаа орох гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэг: “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоолгож, “ГАЭ” ХХК-д хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгаж, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/564 тоот захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн дутуу барилгын ард 6102500827 нэгж талбарын дугаартай 684 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг нэхэмжлэгч П.Эд олгосон бөгөөд уг газар дээрхи 1342.1 м.кв талбайтай 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч П.Э болох нь эрх бүхий байгууллагаас олгосон иргэний газар эзэмших эрхийн 000108145 дугаартай гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, Ү-2101016712 улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдоно.

Нэхэмжлэгч П.Э “Э” ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байр дамжуулан түрээслэх эрх олгох 23 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Чимэг төвийг түр хугацаагаар дамжуулан түрээслүүлэхээр тохиролцсон байна.

Эрдэнэт амьдралХХК нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр У-10/63 дугаартай техникийн нөхцлийг шинээр холболт хийх үндэслэлээр 1 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд “Э” ХХК хүйтэн усны холболтыг Дэлгэр төвийн эзэмшлийн ТК-3-Ням худгаас ф100мм голчтой хоолойгоор холбох, бохир усны холболтыг  ТК-3-Ням бохир усны худагт К-3-Чим худаг шинээр хийж ф150 мм голчтой шугамаар холбохоор тодорхойлсон.

“Э” ХХК нь Очирбаялаг ХХК-тай 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөрДулааны шугамын гэрээ, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Бохирын шугамын гэрээ-нүүдийг тус тус байгуулж, Дэлгэр төвийн дулааны болон бохирын шугамын эхлэлээс салаалж, татахыг зөвшөөрсөн бөгөөд дулааны болон цэвэр усны шугамын зардлын үнэнд 13 000 000 төгрөгийг  Очирбаялаг ХХК-д төлөхөөр хэлцэл хийж, төлбөрийг 2 хувааж төлсөн байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан бөгөөд захиалагч “Э” ХХК-ний Чимэг худалдаа үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн болох нь хэрэгт ирүүлсэн 13/21 дугаартай актаар нотлогддог.

Эрдэнэт Ус ДТС ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Усан хангамж, ариутгах татуургын төвлөрсөн системд хэрэглэгчийг холбох ЭУ-13/015 тоот техникийн нөхцлийг  “ГАЭ” ХХК-д олгосон бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр сунгалт хийж 19/А/085 дугаартай техникийн нөхцлийг 2 жилийн хугацаатай олгосон одоо хүчин төгөлдөр үйлчилж байна.

Барилга байгууламж шинээр баригдаж, ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин ашиглагдаж байсан шугам сүлжээнүүдийн хүчин чадал хүрэлцэхгүй болж, ЦТП 2-7 байгууламжаас хэрэглэгчид дулаан, халуун хүйтэн усны шугам татах, уг ажлыг хийж гүйцэтгэхээр нэр бүхий аж ахуйн нэгж түүний удирдлагууд хуралдсан бөгөөд шугам шинэчлэх ажлыг нэр бүхий 5 аж ахуйн нэгж гүйцэтгэхээр тохирсны дагуу  хариуцагч ГАЭ ХХК зураг төсөл боловсруулан хуучин байсан 2 шугамыг 5 шугам болгон өргөтгөж шинэчилсэн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт ирүүлсэн гэрэл зураг, гадна дулааны шугам гэсэн Асгат-Өргөө ХХК-ний инженерын зургаар нотлогдож байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно, мөн хуулийн 11.3Техникийн нөхцөл өөрчлөгдвөл хангагч нь захиалагч, хөрөнгө оруулагчид мэдэгдэж техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах буюу шинээр олгоно гэж заажээ.

Нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосон техникийн нөхцлийн хугацаа дууссан байх ба хангагч байгууллагад хандаж хэрэглээний халуун усны шугамд холбуулах тухай хүсэлтээ гаргасан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.   

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах нь хэрэглэгчийн эрх байх тул “Э” ХХК-ний Чимэг төвийг ГАЭ ХХК-ний хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоох үндэслэлтэй байна.

Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 3.4-т Хэрэглэгч техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргахдаа холбуулахаар санал болгож байгаа шугам сүлжээний өмчлөгчтэй зөвшилцсөн байх ба холбогдох байгууллагаас техникийн тодруулгыг авна гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч нартай зөвшилцөхөөр санал хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, мэргэжлийн байгууллагаас техникийн тодруулга авах тухай хүсэлтээ гаргасан эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл урьдчилан хийх боломжтой ажиллагаануудыг хийгээгүй байх тул хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгч төлөөлөгч Б.Б...ЦТП 2-7-оос хэрэглэгчид хүргэх ус, дулааны шугамын нэгдсэн сүлжээ байгуулахтай холбоотой газар эзэмшигч иргэдтэй хийсэн уулзалтаар Э ХХК-ний Чимэг төвийн халуун усны шугамыг холбохоор тохирсон, энэ талаар хурал даргалсан ГХБХБ-ын хэлтсийн дарга Б.Одбаатар, хуралд оролцсон П.Эрдэнэцэцэг, З.Энхцэцэг нарыг гэрчээр асууж тодруулах боломжтой байсан гэж тайлбарлаж байх боловч эдгээр хүмүүс нь хуралдаанд оролцсон нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн бүрэн төлөөлөл болж чадахгүйгээс гадна дээрхи хуралдаанаар хууль болон журмаас давсан шийдвэрийг гаргах боломжгүй гэж дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэснээр нэхэмжлэгч нарын дулаан болон хүйтэн усны шугамыг доголдуулаагүй хуучин хэвд нь оруулсан бөгөөд тэд давуу эрхтэйгээр халуун усны шугамыг шууд холбох эрхгүй гэж үзнэ.      

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна гэдгийг дурдах нь зүйтэй.

Зохигчдын хооронд гэрээний эрх зүйн ямар харилцаа үүссэн нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43 200 000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хохирол гэдэг нь хэн нэгэн этгээд ямар нэг үйлдлийн үр дагаварт эрүүл мэнд, өмч хөрөнгө, эд зүйл, нэр төр, алдар хүнд, өөрийн чадвараар хохирол амсахыг ойлгоно.

Хохирол гэдэг үг нь тухайн хохирогчийн хувьд ашиггүй өөрчлөлтийн үр дагавар болохыг илэрхийлж байгаа ба ийнхүү хохирол учирсныг өнгөрсөн, одоо үеийн нөхцөл байдлыг харьцуулах замаар тогтоодог.

Нэхэмжлэгч байгууллага нь халуун усны шугамд холбогдоогүй байх үедээ хүйтэн усаа халаагч ашиглан /бойлер/ халуун усны хэрэгцээгээ хангадаг байсан бөгөөд /нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар/ ЦТП 2-7 байгууламжаас шугам сүлжээг өргөтгөснөөр хэрэглээний халуун устай шууд холбох нөхцөл байдал үүссэн байна.

Ийнхүү өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэснээр талууд зөвшилцөн техникийн нөхцлөө авч, халуун усны шугам татах боломжтой бөгөөд халуун ус байхгүйн улмаас түрээсийн гэрээг цуцалсантай холбоотой шууд хохиролыг хариуцагч нарын буруугаас үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 43 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хоёр. “Э” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК-ийн Ттөв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Хариуцагч “ГАЭ” ХХК-ийн Ттөв нь шугам сүлжээний өмчлөгчтэй зөвшилцөлгүйгээр бохир ус татан зайлуулах шугамаа холбосон буруутай болох Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ний 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 418 дугаартай албан бичгээр болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 3.4-т заасныг хариуцагч нар зөрчсөн болох нь тогтоогдсон, хариуцагч нарын буруутай үйлдэл байгаа боловч талууд зөвшилцөж, хэрэглээний халуун усны шугамд холбох, бохир ус татан зайлуулах шугмыг хуульд заасны дагуу холбуулах буюу гарсан зардалд нөхөн төлбөрийг тооцон суутгах замаар хэрэгжүүлэх боломжтой гэж шүүх дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Гурав. Хөршийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, Чимэг төвийн дулааны шугам дээр барьсан Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн гараждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд.

Зохигчдын үл хөдлөх эд хөрөнгийн дунд байрлах газар нь нийтийн эдэлбэрийн газар бөгөөд хэн алинд нь дундаа хамтран өмчлөх, эзэмших эрх олгоогүй болох нь шүүхээс томилогдсон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдож байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж заасан тул нэхэмжлэгчийн хөршийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан тул Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн гараждаа орох, гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Э өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бзөвшөөрч байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 673 300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь : 

1. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 228 дугаар зүйлийн 228.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10 заасныг баримтлан “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбох эрхтэй болохыг тогтоож, Чимэг төвийн 0 давхарт байрлах өөрийн гараждаа орох гарах орц, гарц бүхий шатыг хааж барьсан бетон суурьтай төмөр хашааг чөлөөлөхийг хариуцагч “ГАЭ” ХХК, Б.Э нарт даалгаж, “Э” ХХК-ийн Чимэг төвийг “ГАЭ” ХХК-ийн хэрэглээний халуун усны шугамд холбуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 43 200 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, “Э” ХХК-ийн бохир ус татан зайлуулах шугамд “ГАЭ” ХХК-ийн Ттөв зөвшөөрөлгүй бохир ус татан зайлуулах шугамаа холбосны нөхөн төлбөрт 9 000 000 тегрөг гаргуулах, хөршийн эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 673 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ГАЭ” ХХК, Б.Э нараас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК, П.Э нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.АРИУНЦЭЦЭГ