Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2021/00322

 

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Н ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК

Хариуцагч: Б.А холбогдох,

Гэрээний үүрэгт “Г” ХХК-аас 41 516 541 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч /Улаанбаатар хотоос онлайнаар/, хариуцагчийн төлөөлөгч Г.Л, Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Г, Д.Т, хариуцагч Б.А /Улаанбаатар хотоос онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Н” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК нь манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ” байгуулсан. Уг гэрээний 4.1-д “гэрээгээр борлуулагч талд олгох барааны дээд хязгаар буюу эрхийн төвшин нь 70 000 000 /далан сая/ төгрөг байна. Иймээс энэхүү гэрээгээр зохицуулагдах үйл ажиллагаа болон түүний хариуцлага нь 70 000 000 /далан сая/ төгрөг байна" гэж заасны дагуу “Г” ХХК нь манай компаниас 47 177 694 /дөчин долоон сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгний бүтээгдэхүүн аваад уг үнийг төлөөгүй байна. “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”-ний 3.4-д "Борлуулагч нь борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогыг нийлүүлэгч талын ХААН банкны 5029648192 тоот дансанд сар бүрийн 30-ны дотор тушаах үүрэгтэй’’ гэснийг “Г” ХХК ноцтой зөрчсөн. “Г" ХХК нь манай компанид төлөх нийт төлбөр буюу 47 177 694 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэж хэлдэг атлаа төлөхгүй эс үйлдэл гарган гэрээний үүргээ зөрчсөн. Ингээд удаа дараа итгэл эвдсэн тул бид Улаанбаатар хотоос Орхон аймагт ирж үнэ төлөхийг шаардан тооцоо нийлхэд “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Л үнийг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах хүсэлт бичгээр өгсөн. Ингээд уг хугацаанд мөнгө огт төлөхгүй байсан бөгөөд дахин шаардасны үндсэн дээр 4 500 000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн. Мөн 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тус тус төлсөн бөгөөд 27 677 694 төгрөгийг одоо болтол төлөлгүй итгэл эвдэн, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал “Л манай компани дээр ирж 07 дугаартай “Авлага барагдуулах гэрээ” байгуулсан. Гэрээний 3.1, 3.4, 4.1-д зааснаар 27 677 694 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлөхөөр тохиролцсон ч уг гэрээний үүргээ Г.Л зөрчин одоо болтол төлөөгүй байна. “Авлага барагдуулах гэрээ”-ний 4.3-д “Гүйцэтгэгч нь энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд 2014 онд гүйцэтгүүлэгчээс худалдан авсан бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл төлбөр 27 677 694 төгрөгийг тогтоосон хугацаанд төлөөгүй гүйцэтгүүлэгчид БО-14/11/20 дугаар “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”-ний 5.3-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги болон учирсан хохирлыг бүрэн барагдуулна” гэж заасан. Мөн гэрээний 5.3-д “Борлуулагч нийлүүлэгчтэй сард 1 удаа тооцоо нийлэхдээ гарсан үлдэгдэл төлөгдөөгүй төлбөрийг 5 хоногийн дотор төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх алдангийг нийлүүлэгчид нэмж төлнө" гэж заасан. “Г” ХХК нь гэрээнд заасан дээрх үүргүүдээ зөрчин бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй, тооцоо нийлэхгүй байсан тул бид 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймагт очиж тооцоо нийлэн захирал Г.Лтой уулзан мөнгө төлөхийг шаардсан. “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”-ний 5.3-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцоход 49 171 829 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул 13 838 388 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.6, 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208.1, 219.1, 231.1.1, 232.6 дахь хэсэг, “Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ”-ний 3.4, 5.3-д заасны дагуу “Г” ХХК-аас гэрээний үүрэгт 27 677 694 төгрөг, алданги 13 838 388 төгрөг нийт 41 516 541 /дөчин нэгэн сая таван зуун арван зургаан мянга тазан зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж “Н” ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баясгалан овогтой Аыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, түүнээс 9 600 000 төгрөг гаргуулж өгнө үү. “Г” ХХК-аас нэхэмжилсэн гэрээний үүргийн үнийн дүнгээс 10 610 350 төгрөгийг Б.А хариуцах болсон тул “Г” ХХК-аас 25 601 016 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа болно. “Г” ХХК гэрээний үүрэгт 17 067 344 төгрөг алданги /тооцоо нийлсэн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 27 734 200 төгрөг/ иргэний хуулийн 232.4-д заасны дагуу 8 533 672 төгрөг, нийт 25 601 016 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Баясгалангийн Э нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхээс “Н’' ХХК-аас “Г” ХХК-д гаргасан 827 тоот албан бичиг бүхий нэхэмжлэхийг “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хүлээн авсан болно. Тус нэхэмжлэхийг хүргүүлсэн “Н” ХХК-тай “Г” ХХК нь компани хоорондын тооцоотой байгаа нь үнэн бөгөөд нэхэмжлэхэд дурьдсан үнийн дүн болох 27 677 694 төгрөгний тооцоотой гэдэг дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй мөн алданги тооцсон дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаагаа мэдэгдэж байна. Нэхэмжлэгч талтай “Г” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс “Гэрээт борлуулагчийн гэрээ” БО-14/10/07 тоот гэрээг байгуулж Эрдэнэт хот дахь онцгой эрхтэй гэрээт харилцагчаар 2017 оны 03 дугаар сарын 01-ний хооронд ажилласан болно.

1. Энэ хугацаанд борлуулалтын гэрээ, гэрээний хавсралт, тусгай нөхцлүүдэд дурьдахдаа: “Н” ХХК нь нийлүүлсэн Баян С1 сортын өндөг болон Орос өндөгний ширхэг тутмаас 10 /арван/ төгрөгийг дараа сарын тооцооноос хасдаг байсан мөн хагарлын хувь 50 хайрцаг тутамд 1 хайрцаг өндөг олгодог эсвэл тооцооноос хасдаг байсан бөгөөд 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сар, 11 дүгээр сар, 2017 оны 1 дүгээр сар, 2 дугаар сард тус тус тооцооноос хасаагүй нийт дүн 7 860 960 /долоон сая найман зуун жаран мянга есөн зуун жар/ төгрөг болсон.

Манай компаний захиалж хүлээж аваагүй бараа бүтээгдэхүүн болон тооцоог шийдвэрлэлгүй өдий хүрсэн буюу гэрээ батлагдаад удаагүй байхад /2014 оны 12-р сарын 15-нд/ “Н” ХХК-ийн орон нутаг хариуцсан борлуулалтын менежер н.Ядамжав нь хувийн дансандаа тооцооны мөнгийг 2 000 000 /хоёр сая төгрөг/ шилжүүлж аваад өгөөгүй. /Тухайн өдөр Ядамжав менежерт захиалга хийхээр залгахад: Өндөгний нөөцгүй болсон тул бэлнээр гаргаж байгаа, танайх урьдчилгаа тушаагаад захиалгаа өгчих гэсэн. Мөн урьдчилгаагаа миний данс руу хийчих тэгэхгүй бол компанийн дансаар тушаачихаар танай тооцооноос хасагдчихна. Миний данс руу хийчих би бэлнээр кассанд тушаана гэж аваад залилсан/. Мөн тухайн өдөр манай компанийн нэр дээр 15 авдар Баян С1 өндөгний дүн /тухайн үеийн ханшаар тооцоход 1 404 000 төгрөг/ шивэлт хийж Ядамжав нь хувьдаа авсан байсныг сүүлд тооцоо нийлэхээр холбогдоод мэдсэн бөгөөд шийдүүлэхээр холбогдох удирдлагууд болон тооцооны нягтлан зэрэгт мэдэгдсэн боловч тооцооноос хасаагүй зөрчлүүд байдаг байсан тул сар бүр тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурахаас татгалзаж ирсэн бөгөөд тус нэхэмжилж буй компани нь дээрх хугацаанд нийлүүлэгч байгууллагын нэрээ 2 удаа өөрчлөхдөө өмнө компаний нэр бүхий тооцоогоо борлуулагч тал болох манайд урьчилан мэдэгдэж тооцооны асуудлаа баталгаажуулсныхаа дараа компани хоорондоо тооцоогоо шилжүүлэхгүйгээр манай тооцоог шилжүүлснийхээ дараа танайх ийм тооцоотой юм байна өмнөх нь манайд хамаагүй гэдэг байдлаар 2-3 удаа тооцоо нийлсэн байдаг билээ. Гэрээгээр бол сар бүр тооцоо нийлж акт үйлдэх нөхцөлтэй. Тус нэхэмжлэхэд дурьдсан болон хавсралтаар хүргүүлсэн байгаа тооцоо нийлсэн акт нь үйлдэх нөхцөлтэй. "Г” ХХК-г төлөөлөх эрхгүй хүн буюу өндөг борлуулдаг байх үеийн буюу дээрх гацаанд ямар тооцоотой байсны мэдэхгүй хүнээр зуруулж авсан баримт хавсаргасан байна. Өөрөөр хэлбэл манай компанийн борлуулагчаар ажиллаж байсан Б.А нь 2017 оны 06 дугаар сараас хувиараа манай гэрээн дээр өндөг авч борлуулалт хийсэн ба 2017 оны 11 дүгээр сард тооцоо нийлсэн гэх баримтанд дурьдсан 47 177 694 /дөчин долоон сая нэг зуун далан долоон мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгний дүнд “Г” ХХК-д хамааралгүй тооцоо орсон байна. Иймд хавсралтаар хүргүүлж буй тооцоолол бүхий дүнг буюу дээрх шалтгаануудаар “Н” ХХК-ийн нэхэмжилсэн тооцооноос хасуулах 11 264 960 төгрөгний үнийн дүн бүхий тооцооны асуудлуудыг /үнийн дүнд ногдох алдангийн хамт/ манай компаний төлөхөөс татгалзаж байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 23-нд хүлээн авсан нэхэмжлэхийн үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Н” ХХК-ийн “Г” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 41 516 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 41 516 541 төгрөгийг “Г” ХХК нь хариуцах ёстой этгээд биш юм. Миний бие “Г” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд давхар ажиллах боломжгүй байсан тул өөрийн танил Б.Эд “Г” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшүүлж гүйцэтгэх захирлаар ажиллуулж эхэлсэн. Гэвч Б.Э нь өөрийн төрсөн дүү гэх Б.А гэх залууг “Г” ХХК-д ажилд авч улмаар А нь ах Б.Этайгаа хамт “Г” ХХК-д авч байгаа мэтээр “Н” ХХК-аас өндөг их хэмжээгээр зээлээр авч төлбөрийг нь буцаан төлөлгүйгээр хувьдаа завшсан байсан. Иймээс Б.Э, Б.А нарыг хуулийн дагуу шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж тус асуудал одоо цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Тус компаний борлуулагчаар ажиллаж байсан Б.А нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Н” ХХК-тай “Г” ХХК-ийг төлөөлж тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурсан байна. А нь”Г” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд компаниас түүнд “Н” ХХК-тай тооцоо нийлэх итгэмжлэл огт олгож байгаагүй болно. Тус компаний ерөнхий захирал Г.Л нь “Н” ХХК-тай холбоотой төлбөр тооцооны асуудлыг мэдэхгүй, компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан тул Б.Аын гарын үсэг зурсан тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. “Н” ХХК-ийн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 827 тоот нэхэмжлэлийн үндсэн төлбөр гэгдэх 27 677 694 төгрөгний үнийн дүн түүнд ногдох алданги нийт 41 516 541 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хариуцагч тал “Г” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот хариу тайлбарт дурьдсан нийт 11 264 960 төгрөгийн дүнг нэхэмжлэлийн үндсэн дүнгээс хасуулахаас гадна 2017 оны 06 дугаар сараас хойшхи Б.Аын хувь хүн дээрх өндөг авсан тооцооны үлдэгдэл болох 10 610 350 төгрөгийн дүн бүхий “Г” ХХК-д хамааралгүй тооцоог дээрх  нэхэмжлэлийн үндсэн дүнгээс хасах, мөн хасагдсан дүнд ногдох алдангийг төлөх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 9 600 000 төгрөгийг  хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн төлбөрийг төлнө гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 27 677 694 төгрөг, алданги 13 838 388 төгрөг, нийт 41 516 541 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Аыг татаж түүнээс 9 600 000 төгрөг гаргуулах, хариуцагч Г ХХК-аас гэрээний үүрэг 17 067 344 төгрөг, алданги 8 533 672 төгрөг, нийт 25 601 016 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлага 9 600 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч Г ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БО14/11/20 дугаартай Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ-г  Н ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Цэцэнцогт, Г ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э нар байгуулсан бөгөөд гэрээгээр эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг гэрээний хугацаанд борлуулагчид захиалгын дагуу цагт нь бэлтгэн нийлүүлэх, борлуулагч нийлүүлсэн барааг хүлээн авч борлуулж үнийг дараа төлөх үүргийг хүлээсэн байна. Энэхүү гэрээгээр борлуулагч талд олгогдох барааны дээд хязгаар буюу эрхийн түвшин нь 70 000 000 төгрөг байхаар тохирч нэг жилийн хугацаагаар гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, тамга дарсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй. 

Гэрээний дагуу борлуулагч Г ХХК нь нийлүүлэгч Н ХХК-аас өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүнийг хүлээн авч худалдан борлуулж байсан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Н Трейдинг ХХК-ний Г ХХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 47 177 694 төгрөгийн үлдэгдэлтэй, тооцоог А нийлсэн тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай Авлага барагдуулах гэрээН ХХК-г төлөөлж хуулийн зөвлөх Н.Ч, Г ХХК-г төлөөлж Г.Л нар байгуулсан бөгөөд бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 27 677 694 төгрөгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохирсон байна.

Нэхэмжлэгч түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Авлага барагдуулах гэрээ, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ-г тус тус үндэслэн тайлбарладаг.

Хариуцагч Б.А Тооцооны үлдэгдлийн баталгаа-нд дурдсан төлбөрөөс 10 610 350 төгрөгийг хариуцан төлөх үүрэгтэй болохыг хүлээн зөвшөөрч, үүнээс 1 010 350 төгрөгийг төлсөн үлдэх 9 600 000 төгрөгийг төлнө гэж тайлбарладаг.

Хариуцагч Г ХХК-ний төлөөлөгч Б.Э, Г.Л нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Тооцоог эрх бүхий этгээдтэй нийлээгүй, Авлага барагдуулах гэрээ-г байгуулсан этгээдүүд хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий хүмүүс биш байсан, Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ-нд заасан урамшуулал, хөнгөлөлтийг олгоогүй бөгөөд энэ талаар тооцооноос хасаагүй тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

Г ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуулийн этгээдээр бүртгэгдэн 2011008114 улсын бүртгэлийн дугаартай, 4373898 регистрийн дугаартай, хүнсний бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үүсгэн байгуулагч 2 болон өөрчлөгдөж, Б.Эг гүйцэтгэх захирлаар мөн өдрөөс томилжээ. Компаний хувь нийлүүлэгч Г.Л, Б.Э нар нийт гаргасан хувьцааг 50, 50 хувиар эзэмшдэг бөгөөд Компаний тухай хуулийн 84.1, 84.2-т заасны дагуу дээрхи хувь нийлүүлэгчид нь компаний эрх бүхий албан тушаалтнууд бөгөөд хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Б.Эг томилсон болох нь Г ХХК-ний хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, компаний дүрмээр тодорхойлогдно.

Г ХХК-г төлөөлөх эрхгүй Б.А нь Н Трейдинг ХХК-тай тооцоо нийлсэн нь тооцооны үлдэгдлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл биш, мөн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн тооцоог нийлээгүй тул 47 177 694 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Авлага барагдуулах гэрээ-г байгуулсан этгээдүүдэд хууль ёсны төлөөлөл олгосон болох нь нотлогдохгүй байна гэж хариуцагч Г ХХК тайлбарладаг.

Хариуцагч Г ХХК-ний үүсгэн байгуулагч Г.Л ...гүйцэтгэх захирал, ерөнхий менежер, итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөөс 47 177 694 төгрөг завшсан гэх гомдол, мэдээллийг гаргасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол гарсан, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Прокурорын 5/190 дуграатай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Г.Л гомдол гаргаснаар Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5/190 дуграатай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, Орхон аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 706 дуграатай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаахаар шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолд авагдсан 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11/19 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...барааны 27 677 694 төгрөгийн өртэй байгаа нь бодитой байна гэж, мөн зохигчдын тооцооны үлдэгдлийн баталгаанаас хойш төлсөн төлбөрийг хасч тооцвол 27 677 694 төгрөг /47 177 694-19 500 000/ үлдсэн болох нь нэхэмжлэлийн шаардлага, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийт 47 177 694 төгрөг төлөх төлбөртэй байснаас 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 4 500 000 төгрөг, 15 000 000 төгрөг нийт 19 500 000 төгрөг төлөгдөж 27 677 694 төгрөг үлдсэн, уг төлбөрөөс хариуцагч Б.А 10 610 350 төгрөгийг /2017.06.01-2017.09.21 хүртэл хугацааны/ хариуцан төлөх болно гэсэн тайлбарыг гаргаж, 1 010 350 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй. Нийт төлбөрөөс 20 510 350 төгрөг төлөгдсөн гэж үзнэ.

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 27 677 694 төгрөгөөс хариуцагч Б.А 10 610 350 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хариуцан төлөх үүрэгтэй болохоо илэрхийлж 1 010 350 төгрөгийг төлж, үлдэх 9 600 000 төгрөгийг хариуцан төлөх тухайгаа нэхэмжлэгч талд илэрхийлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Г ХХК-ний гүйцэтгэх үүрэг 17 067 344 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн  нотлох баримтаар ирүүлсэн баримтанд Н ХХК, Н Трейдинг ХХК гэсэн баримтууд авагдсан бөгөөд Н ХХК-ний дүрэмд компаний хувьцаа эзэмшигч нь Н Холдинг ХХК гэж тодорхойлсон бөгөөд Н Трейдинг ХХК нь өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүний савалгааны үйлдвэрлэл худалдаа эрхлэдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр тогтоогддог.

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БО14/11/20 дугаартай Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ-г хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэсэн тул уг гэрээний дагуу үүссэн үүргийг Н ХХК хангуулахаар шаардах эрхтэй. 

2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн БО14/11/20 дугаартай Орон нутгийн гэрээт борлуулагчийн гэрээ-ний хавсралтаар өндөг тутамд 10 төгрөгийн урамшуулал, 50 хайрцаг тутамд 1 хайрцаг өндөг хагарсанд тооцож хөнгөлөлт олгохоор тохирсон боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, эдгээр урамшуулалыг тооцон хасахгүй байсан тул тооцоог сар тутамд нийлээгүй гэж хариуцагч Г ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Э тайлбарласан.

Түүний тайлбар үндэслэл бүхий болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулбараар мөн шүүхэд хийгдсэн үзлэгийн баримтуудаар /барааны татан авалт, урамшуулал, хагарал тооцох/ нотлогдож байна. Өөрөөр хэлбэл 2016 оны 06 дугаар сар, 11 дүгээр сар, 2017 оны 01 дүгээр сар, 02 дугаар саруудад олгох хөнгөлөлт эдлүүлээгүй байх тул /харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний хуулбарт эдгээр саруудад урамшуулал 0 гэсэн байв/ 5 672 160 төгрөгийг нийт төлөх үүргээс тооцон хасах нь зүйтэй. Харин менежер Ядамжавын Хаан банкны 5007789647 тоот дансаар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг дээрхи тооцоонд оруулан хасах боломжгүй бөгөөд Ядамжавтай тооцооны илүү бичилт болон мөнгө шилжүүлсэн талаар шаардах эрх нь Г ХХК-д байгаа болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан тул гэрээний 5.3-т зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Г ХХК-наас гэрээний үндсэн үүрэг 11 395 184 төгрөг /17 067 344-5 672 160/, алдангийн төлбөр 5 697 592 төгрөг нийт 17 092 776 төгрөг, хариуцагч Б.Ааас 9 600 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 508 240 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 365 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-наас 243 414 төгрөг, хариуцагч Б.Ааас 168 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь : 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Г ХХК-наас гэрээний үндсэн үүрэг 11 395 184 төгрөг, алдангийн төлбөр 5 697 592 төгрөг, нийт 17 092 776 төгрөг, хариуцагч Б.Ааас 9 600 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 508 240 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 365 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-наас 243 414 төгрөг, хариуцагч Б.Ааас 168 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.АРИУНЦЭЦЭГ