Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2021/00037

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: оршин суух, Д.Б /Регистрийн дугаар: /-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, Э.Э /Регистрийн дугаар: /

Хариуцагч: тоотод оршин суух, Л.Э /Регистрийн дугаар: / нарт холбогдох

3,949,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Э.Э, Л.Э, гэрч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэтийн зараар Приус-30 маркийн машин зарна гэсэн зарын дагуу утсаар холбогдож Л.Этай ирж уулзаж 10-62 ОРА улсын дугаартай, приус 30 маркийн цагаан өнгийн машиныг үзэж 9,500,000 төгрөгөөр авахаар болж 4,500,000 төгрөгийг Л.Эгийн Хаан банкны дансанд шилжүүлж 500,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 5,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг цаад хугацаа 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар тохирч бичгээр итгэлцэлийн гэрээ хийж Регистрийн дугаар бичиж гарын үсэг зуралцсан. 10-62 ОРА приус 30 маркийн автомашины үзлэг оношилгоо жолоочийн хариуцлагын даатгал хамт очиж хийлгэхдээ надаас энэ бүгдийн мөнгийг төлүүлж гаргуулаад нөхрөө ирэхээр буцааж өгнө гээд одоо болтол өгөөгүй байна. 10-62 ОРА улсын дугаартай, приус-30 маркийн автомашин нь босгосон муу машин байсан болохоор буцааж өгч, 77-08 ОРО улсын дугаартай, приус-30 маркийн хар өнгийн автомашиныг 11,000,000 саяд тохирч авсан.

Урд өмнө өгсөн 5,000,000 төгрөгийг тооцож үлдсэн 6,000,000 төгрөгийг Хос капитал банк бус байгууллагад сар бүрийн 15-ны өдөр хүүтэй нь хийж байхаар тохиролцсоны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Э.Эын Хаан банкны дансанд 670,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 704,200 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 534,500 төгрөг тус тус хийж нийт 1,908,700 төгрөгийг дансанд нь хийсэн.

Э.Э нь миний данс Хос капиталтай холбоотой байдаг юм сар бүрийн 15-ны өдөр Хос капитал нь миний данснаас мөнгөө татаад авчихдаг юм, тийм болохоор миний дансанд хийж байгаарай гэсний дагуу хийж байсан гэвч Э.Э нь бид бүгдийг хуурч, өөрийн дансанд мөнгө шилжүүлж авч, Хос капиталд тушаалгүй өөрөө хэрэглэж завшиж байсан байна. Бас Л.Э, Э.Э нар нь дансаар авсан мөнгөнөөсөө гадна үзлэг оношилгоо, даатгал хонины мах 10-62 ОРА автомашины урд дугуйны 90,000 төгрөг, үхэрний гэдэсний 20,000 төгрөг нийт 355,000 төгрөгний юм авчихаад одоог хүртэл өгөхгүй байна. Иймд Л.Э, Э.Э нараас нийт 2,263,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Д.Б нь Э.Э, Л.Э нартай 77-08 ОРО улсын дугаартай приус-30 маркийн машиныг 11,000,000 төгрөгөнд тохиролцож наймаа хийсэн. 5,000,000 төгрөгийг өгч, 6,000,000 төгрөгийг Хос капитал ББСБ-д би хүүтэй нь хамт төлсөн. Гэтэл Э.Э, Л.Э нар нь Хос капитал ББСБ-д 7,000,000 төгрөгний үлдэгдэлтэй үлдээчихсэн байсан. Тохиролцсоноосоо илүү үлдээсэн 1 сая төгрөгийг нь хүүтэй нь хамт Хос капитал ББСБ-д би төлсөн. 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хойш одоо хүртэл 1 жил гарангийн хугацаанд энэ бүтэлгүй, залит хүмүүсээс болж Булган-Эрдэнэтийн хооронд 23 удаа нааш цааш явж 230,000 төгрөгийн бензин, түлш хийж хохироод байна. Иймд зээлийн төлбөрт 1,000,000 сая төгрөг, хүү 456,000 төгрөг, бензин түлш 230,000 төгрөг нийт 1,686,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие Э.Э нь Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би энэ хүмүүстэй наймаа хийгээгүй, таньж мэдэхгүй. Миний эхнэртэй наймаа хийсэн байсан. Эхнэр минь өөрөө тайлбар гаргаж өөрийн биеэр шүүх хуралд орно гэсэн. Энэ нэхэмжлэлээс намайг хасаж эхнэр болох Л.Этай учраа ол гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие Л.Э нь Д.Бын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 10 дугаар сард би тоёота приус 30 маркийн автомашинаа Эрдэнэт зар дээр зарна гэж зар тавьснаар 10 дугаар сарын 01-ний өдөр энэ хүн эхнэртэйгээ ээлжлэн залгаж ах, эгч хоёр нь малын наймаа Эрдэнэт орж хийгээд машиныг чинь авъя 5 дахь өдөр хүртэл зараа арилгачих гэж хэлээд зар арилгаж 5 дахь хүртэл хүлээхээр болсон юм. Энэ хоёр хүн хүүхэдтэйгээ хамт 5 дахь өдрийн орой ажил дээр минь ирж машинаа унаж үзээд таалагдаж байна, авъя ах эгч хоёр нь гэсэн. Тухайн үед би машинаа Хос капитал ББСБ-д байдаг гэж хэлсэн. Тэгээд машины мөнгөө тохиръё гээд ярилцаад 10 саяас 9,500,000 төгрөгөнд тохироод манай ээжийнд ирж уулзсан. Ээж минь танилцаад бид хоёрт итгэж болно, эгчээ бид хоёр наймаа хийсэн чинь мөнгөө дутуу авчлаа. 7-гоос 10 хоногийн хугацаатай 4,500,000 өгөөд үлдсэн 5,000,000 нь найдвартай авчраад өгье эгчээ гээд гуйгаад миний дансанд 4,500,000 төгрөгийг хийгээд тэр оройноо машинийг минь унаад явахдаа ээжтэй минь сайхан танилцлаа гэж үхэрийн гэдэс тэр хүн өөрсдөө өгөөд бэлэглээд явсан юм. Ингээд 1 дэх өдөр нь буцаж ирж Д.Б гэж хүн эхнэртэйгээ ирж ахдаа оношлогоо хийхэд туслаач Эрдэнэтэд таних хүн алга гэж гуйхад би тусалж Авто тээврийн 25,000 төгрөг тушаалган оочиргүйгээр таньдаг хүнээ гуйж оруулж өгөөд Жолоочийн хариуцлагын даатгал болон 75,000 төгрөгийг Парактикал даатгалд тушаан Д.Бын нэр дээр нь шилжүүлэн даатгал хийлгэж өгсөн. Иймд би өөртөө авч хэрэглээгүй тул үнэн зөвөөр шийдэж өгөөрэй. Энэ хүмүүс хэлж тохирсон хугацаандаа ирж мөнгөө төлөөгүй утсаа авахгүй алга болсон, 1 сарын турш би месссеж зөндөө бичээд цагдаад зарлууллаа гэсэн чинь өөрсдөө Эрдэнэтэд ирчлээ. Ахын дүү уулзъя гэсэн би ээжийндээ байна гэсэн чинь ирээд ээж минь уурлаж жирэмсэн хүүхдийг минь луйвардаж машиныг авч явсан байна. Цагдаад өгнө эсхүл үлдэгдэл тооцоогоо хийгээд нэг мөр шийд гээд машиныг хашаандаа оруулаад түгжсэн тэгсэн Д.Б гэж хүн эхнэртэйгээ намайг гуйж гувшаад ах эгч хоёрыгоо жоохон хүлээчих 7 хоног гэж гуйгаад ахын дүү ээждээ хэлээд өг л дөө цагдаагаар яахын бэ? Гээд гуйж байгаад машинаа аваад явахад нь би итгэл өгөөд явуулсан. Хэлсэн 7 хоног нь болоод ахиад таг чиг алга болчихсон. Тэр үед манай нөхөр Замын-Үүдээс ажил нь буугаад ирсэн байсан. Нөхөр уурлаад өөрийн дугаараас залган Д.Б гэж хүн утас авсан бөөн хэрүүл маргаан болж манай нөхрийг хэл амаар доромжлон ална хэмээн сүрдүүлсэн. Нөхөр маань жирэмсэн 2 нялх хүүхэдтэй эхнэрийг минь залилан машиныг авч явсан гэж цагдаад өглөө гэж мессеж бичсэн чинь ахыгаа уучлаарай ах нь 1 дэх өдөр мөнгөө аваад очъё гэж хэлсэн. Ирээд уулзаад надаас уучлалт гуйж манай нөхөртэй танилцаад 77-08 ОРО улсын дугаартай автомашиныг харчихаад ахдаа энэ хар машинаа өгчих л дөө солъё хэд гэж байгаа вэ гэхэд нөхөр минь 13,500,000 гэхэд тэр хоёулаа гуйж 13,000,000 саяд өгчих ах нь алдарт уяач Д.Б гэдгийн ах нь найдвартай өгнө. Лам цагаан өнгө зохихгүй байна гэсэн гээд гуйсаар байгаад аваад явахдаа 11 сарын 17-н гэхэд банкийг хаагаад нэр дээрээ шилжүүлээд авна гээд явсан. 10-62 ОРА улсын дугаартай машинаа буцааж авахад дугуй 90,000-д сольсон гэдэг нь худлаа юм. Миний өгч явуулсан дугуйнууд минь хэвээрэй харин ч машины гүпэр хагарч, дохио хагалсан байсан. Зах зээлийн ханшаар 1 ширхэг дугуй 20,000 мянга байдаг. Энэ бол худал хэлж залилаж байна. Ингээд хэлсэн хугацаандаа залгаж банк төлөлт нь болчихлоо яасан гэхэд ах нь наймаа хийсэн морины мөнгөө аваагүй байна. Ах эгч хоёр нь банкний төлөлтөө хийгээд өгнө, хүү алданги нь өөрсдөө хариуцна гэж хэлээд 3 сар төлөлт болон хүүг төлсөн. 2019 оны 11 сарын 14-нд 670,000 үндсэн мөнгөнөөс хассан. 2019 оны 12 сарын 17-нд хүү алданги 704,200-гаас 297,000 нь хүү алдангид 407,200 машины үндсэн мөнгөнөөс хасагдаж 2019 оны 1 сарын 15-нд 534,500-аас хүү нь 233,000+30,000 271,000 мянган төгрөг нь үндсэн мөнгөнөөс хасагдсан. 13,000,000-4,500,000=8,500,000, 8,500,000-670,000(бүхэлдээ үндсэн мөнгөнөөс хассан)=7,830,000, 7,830,000-407,200(704,200 гаас хүү 297,000 банкинд)=7,422,800, 7,422,800-271,500(534.500-гаас 233,000 хүү, 30,000 алданги)=7,151,300(үлдсэн) нийт 7,151,300-137,000=7,014,300 (банкны зээл мөнгө юм).

Уг нь сайхан ах дүү болъё гэж ярьж хөөрөөд жирэмсэн юм чинь шөл уу гээд хонины мах бэлэглэсэн юм л даа. Одоо болохоор мөнгө өгөөгүй гэж юм хүн ийм болохгүй гэж хэлээд би хонины 137,000 мянган төгрөгийг нь хассан юм. Энэ хүмүүс одоогоороо Хос капиталд зээлээ төлөөгүй байгаа зугтаж яваа хүмүүс, банк болон намайг бүгдийн цагдааг луйвардсан. Банкны захирал болон хүмүүс гэрчилнэ, хүн чанаргүй худал хэлж луйвардаж залилан хийж байна. Иргэн миний бие Л.Э маш гомдолтой байгаа тул үнэн зөвөөр шийдэж өгнө үү, мөн үхэрийн гэдэсний мөнгө 20,000 төгрөгийг манай эгч өгсөн болно гэжээ.

Хариуцагч Л.Э нар шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Л.Э нь иргэн Д.Баас гаргаж буй энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өмнөх тайлбар дээрээ бүгдийг дэлгэрэнгүй задлаж бичиж тайлбар гаргасан байгаа. Иймд хэмжээ, хязгааргүйгээр хүн гүтгэн гүжирдэж санааны зоргоор мөнгө нэхэж дарамтлан сэтгэл санааны болон нэр төрд халдаж байна. 77-08 ОРО дугаартай машиныг 13,000,000 сая төгрөгөнд тохиролцон зарсан нь үнэн. Одоо ч зах зээлийн ханш ийм байгаа. Хос капитал ББСБ-д үлдэгдэл 7 сая төгрөг төлөх ёстой, 700,000 биш. Хувийн болон өөрийн эрх ашгийн төлөө явсан бензиний мөнгө нэхэж байгаа нь зүй ёсны хэрэг биш байх тул би бүгдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Э, Л.Э нарт холбогдуулан 3,949,700 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

            Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэтийн зараар Приүс-30 маркийн машин зарна гэсэн зарын дагуу Д.Бтай утсаар холбогдож 10-62 ОРА улсын дугаартай, приус-30 маркийн цагаан өнгийн машиныг 9,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 4,500,000 төгрөг өгөөд үлдсэн 5 саяыг нь найдвартай авчираад өгчихье гэж гуйгаад дансанд 4,500,000 төгрөг хийгээд тэр оройгоо машиныг аваад явсан. Гэвч хугацаандаа мөнгөө өгөөгүй тул бид дахин уулзаж, ОРА 10-62 приус-30 маркийн автомашиныг буцааж, оронд нь 77-08 ОРО дугаарын машиныг авахаар болж 13,500,000 төгрөгөөр худалдана гэхэд гуйсаар байгаад 13,000,000 төгрөгөөр авахаар болсон. 11 дүгээр сарын 17-ны өдөр гэхэд банкны зээлийг хаагаад нэр дээрээ шилжүүлж авна гээд явсан. 10-62 ОРА машиныг буцааж авахад дугуй 90,000 төгрөгөөр сольсон гэдэг нь худлаа, миний өгч явуулсан дугуйнууд хэвээрээ ирсэн. Харин машины гупер, дохио хагалсан байсан. Банкны төлөлтийг хийж, хүү алдангийг өөрөө хариуцна гэж хэлээд 3 сар төлөлт болон хүү төлсөн. 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр 670,000 төгрөг үндсэн мөнгөнөөс хассан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү алданги 704,200 төгрөгөөс 297,000 нь хүү алдангид төлж, 407,200 нь машины үндсэн мөнгө хасагдсан, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 534,500 төгрөгөөс хүү нь 263,000 төгрөг, 271,000 төгрөг нь үндсэн мөнгөнөөс хасагдсан. Ингээд 7,151,300 төгрөг үлдсэн, энэ бол банкны зээл хаах мөнгө юм. Нэхэмжлэгч сайхан ах дүү болъё жирэмсэн юм чинь шөл уу гээд хонины мах бэлэглэсэн юм. Одоо болохоор мөнгө өгөөгүй гэж байна, хүн ийм байж болохгүй, хонины мөнгө 137,000 төгрөгийг машины үнээс хассан, ингээд 7,014,300 төгрөг банкны зээл хаах мөнгө юм гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ..... 2019 оны 10 сарын 06-ны өдөр Эрдэнэтийн зараар Приүс-30 маркийн машин зарна гэсэн зарын дагуу Л.Этай утсаар холбогдож ирж уулзаж 10-62 ОРА улсын дугаартай, приүс-30 цагаан өнгийн машиныг үзэж 9,500,000 төгрөгөөр авахаар болж 4,500,000 төгрөгийг Л.Эгийн Хаан банкны дансанд шилжүүлж 500,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 5,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний дотор төлж дуусгахаар тохирч итгэлцэлийн гэрээ гэх баримт бичиг үйлдэн 2 тал гарын үсэг зурж баталгаажуулсан гэж тайлбарлаж байна.

            2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Л.Э нь 10-62 ОРА улсын дугаартай, цагаан өнгийн приус-30 автомашиныг нэхэмжлэгч Д.Бад 9,500,000 төгрөгөөр худалдсан, 10-62 ОРА приүс машин доголдолтой муу байсан гэдэг шалтгаанаар нэхэмжлэгч хариуцагчид машиныг буцаан өгч түүний оронд 77-08 ОРО улсын дугаартай, приус-30 маркийн хар өнгийн автомашиныг худалдан авахаар болсон, Хос капитал ББСБ-д хариуцагч Э.Эын төлөх ёстой мөнгийг хариуцагчийн дансанд хийх замаар төлж барагдуулахаар тохиролцсон талаар талууд маргахгүй байна.

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр О.О, Л.У нар нь Хос капитал ББСБ ХХК-наас 7,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд 77-08 ОРО улсын дугаартай, приус-30 маркийн хар өнгийн автомашиныг барьцаалсан байх бөгөөд, Л.Э, Э.Э нарыг Д.Бад 77-08 ОРО улсын дугаартай, приус-30 маркийн автомашиныг худалдаж байх үед барьцаат зээлийн төлбөрийн хэдэн төгрөгтэй үлдэгдэлтэй байсан, мөн зохигчид машины үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсон нь тодорхойгүй, талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгээгүй, автомашины үнийг нэхэмжлэгч 11 сая төгрөг, хариуцагч 13 сая төгрөг гэж харилцан өөр өөрөөр тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Э.Эын хаан банкны 5096135666 тоот данс руу 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 670,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 704,200 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 534,500 төгрөг нийт 1,908,700 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчийн болон дансны хуулгаар нотлогдож байна.

Гэвч хариуцагч Л.Э нь дээрх төлбөрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 670,000 төгрөг үндсэн мөнгөнөөс хассан, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 704,200 төгрөгөөс 297,000 төгрөгийг хүү алдангид, 407,200 төгрөгийг машины үндсэн мөнгөнөөс хассан, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 534,500 төгрөгөөс хүү нь 263,000 төгрөг, 271,000 төгрөгийг автомашины мөнгөнөөс хассан. Ингээд 7,151,300 төгрөг үлдсэн, хонины мөнгө 135,000 төгрөгийг мөн машины мөнгөнөөс хассан, Д.Б нь 7,014,300 төгрөгийг Хос капитал ББСБ-д төлж зээл хаах юм гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Д.Б маргаан бүхий автомашиныг 11 саяар худалдаж авсан гэж, хариуцагч Э.Э нь Орхон аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ 11,500,000 төгрөгөөр худалдсан гэж мэдүүлсэн байна, харин хариуцагч Л.Э 13,000,000 сая төгрөгөөр худалдсан гэж зөрүүтэй тайлбарлаж байх тул, нэхэмжлэгчийн урьд нь төлсөн 5,000,000 төгрөг дээр зээлийн төлбөрт төлөх 7,014,300 төгрөгийг нэмж тооцвол нийт 12,014,300 төгрөг болж байгааг машины үнэ гэж тооцох боломжтой байна.

            Өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 195 дугаар зүйлд “Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасны дагуу гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “ Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулсанд тооцно гэсний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах,худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэгчээс машины үнэ 500,000 төгрөг аваагүй гэж байгаа боловч 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн бичигт 10-62 ОРА улсын дугаартай, приус-30 цагаан өнгийн машиныг үзэж 9,500,000 төгрөгөөр авахаар болж 4,500,000 төгрөгийг Л.Эгийн Хаан банкны дансанд шилжүүлж 500,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 5,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 4,500,000 төгрөгийг 2020 оны 05 сарын 01-ний дотор төлж дуусгана гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид 500,000 төгрөгийг өгсөн, нийт 5,000,000 төгрөг тухайн үед төлсөн байна гэж үзлээ.

             Нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Э.Эын Хаан банкны дансанд 2019 оны 11 сарын 14-нд 670,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 17-нд 704,200 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 15-нд 534,500 төгрөг нийт 1,908,700 төгрөгийг дансанд нь хийсэн, үүнээс хариуцагч нар 1,348,700 төгрөгийг өөртөө авч, Хос капитал ББСБ-д 560,000 төгрөгийг хүүнд төлсөн болох нь харицагчийн тайлбар болон Хос капитал ББСБ-ын тодорхойлолтоор нотлогдож байна.

            Шүүх хуралдааны явцад, нэхэмжлэгч нь машины үзлэг, оношилгоо хийлгэсний төлбөр 110,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч нь 10-62 ОРА улсын дугаартай автомашины урд талын дугуйг 90,000 төгрөгөөр авч тавьсан гэдэг нь бичгийн баримтаар нотлогдоогүй, 20,000 төгрөгний үнэтэй үхрийн гэдэсийг нэхэмжлэгч тухайн үед хариуцагчид бэлэглэсэн байх боловч, талуудын хооронд маргаан болсны улмаас хариуцагч нь нэхэмжлэгчид гэдэсний төлбөрийг төлсөн байна.

            Түүнчлэн талуудын хооронд амаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь Хос капитал ББСБ-д хариуцагч нарын төлөх ёстой мөнгийг төлж машиныг өөрийн нэр дээрээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд, Хос капитал ББСБ-ын барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан эсэх нь тодорхойгүй, зээлийн гэрээний төлбөрөөс 1,000,000 төгрөгийг хүүгийн хамт илүү төлсөн гэх шаардлагыг бичгийн баримтаар нотолж чадахгүй, хэрэгт ирүүлээгүй байх тул шаардлагыг хангах боломжгүй, мөн Булган аймгаас Орхон аймагт олон удаа ирж очиход гарсан түлшний зардал 230,000 төгрөг нэхэмжилж байгаа нь энэхүү маргаантай хамааралгүй байна.

             Иймд нэхэмжлэлийн шаардлагаас “Хос капитал” ББСБ-д төлөх ёстой байсан 1,348,700 төгрөг, хонины мах 135,000 төгрөг нийт 1,483,000 төгрөгийг хангаж, нотлох баримтаар нотлогдохгүй байгаа 10-62 ОРА улсын дугаартай автомашины урд дугуйны 90,000 төгрөг, үхрийн гэдэсний 20,000 төгрөг, Хос капитал ББСБ-д илүү төлсөн гэх 1,000,000 төгрөг, хүү 456,000 төгрөг, Булган аймгаас Орхон аймагт олон удаа ирж очиход гарсан түлшний зардал 230,000 төгрөг нийт 2,356,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Э.Э, Л.Э нараас 1,483,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,356,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Машины үзлэг, оношилгоо хийлгэсний төлбөр 110,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,084 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э, Л.Э нараас 38,678 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бад олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН