Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2021/00075

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, өөрийн байранд байрлах, Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /Регистрийн дугаар: 9040404, 99352269/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, П.Т /Регистрийн дугаар: /-д холбогдох

1,885,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Э, хариуцагч П.Т, прокурор Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар П.Тыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1.885.032 /Нэг сая найман зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөгийг олгосон.

П.Т нь дээрх тушаалд гомдол гаргаж Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “П.Тыг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, П.Тыг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1,885,032 төгрөгийг Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан П.Тд олгохоор заасан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэн 2017 оны 03 дугаар сарын 21-ний Б/18 дугаар тушаалаар П.Тыг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж /1,885,032 төгрөг/ болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг нягтлан бодож тооцоо нийлсэн.

П.Т нь 2016 оны ажлаас чөлөөлөх тухай Б/88 тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж /1,885,032/ төгрөгийг өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна.

Иймд Пүрэвдоржийн П.Таас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1,885,032 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Т шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс надад холбогдуулан 1,885,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Би ийм төлбөр төлөх үндэслэлгүй болно. Тайлбарын үндэслэл нотлох баримтыг дурдая.

1.Миний бие Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад тус байгууллагын даргаар ирсэн Х.Эрдэнэбатын 2016 оны 10 дугаар сарын 24-ний Б/88 тоот тушаалаар улс төрийн шалтгаанаар халагдсан. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд гомдлоо гаргасан ба Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот шийдвэрээр дээр дурдсан Б/88 тоот түшаалыг хүчингүй болгон намайг хуучин эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрээр надад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртлэх хугацааны цалин, хөлс 1,885,032 төгрөгийг гаргуулан олгохыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт даалгасан. Энэ шүүхийн шийдвэрээр надад олгох 1,885,032 төгрөг олгогдоогүй ба одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байна.

2.Тус газрын дарга Х.Эрдэнэбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг ажилд буцаан томилоод 7 хоноод дахин халсан ба би шүүхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 сарын 23-ны өдрөөс ажилд томилсон 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртлэх цалингаа нэхэмжилсэн. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2017/00689 тоот шийдвэрээр надад энэ хугацааны цалин хөлсөнд 1,741,596 төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэр 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар биелэгдэж хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар энэ 1,741,596 төгрөгийг надад олгож 2017 оны 1,2,3 дугаар сард тус бүр 580,532 төгрөгөөр миний Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн.

3.Би анх халагдахдаа ажилгүйдлийн даатгалын нөхөн олговор авсан байсан энэ олговрын 2,070,832 төгрөгийг надаас гаргуулахаар Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны 00163 тоот шийдвэрээр надаас 2,070,832 төгрөгийг надаас гаргуулж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн ба энэ шийдвэр ШШГА-ны журмаар биелэгдэж 2020 оны 05 дугаар сарын 29-ний ШШГА-г дуусгавар болгох 05/382 тоот тогтоол гарсан, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст мөнгө шилжсэн.

4. Намайг анх халахдаа Хөдөлмөрийн хэлтэс, Халамж үйлчилгээний хэлтэс нэгдсэн гэдгээр буюу байгууллага нэгдэж нийлснээс тухайн орон тоо байхгүй болсон үндэслэлээр халсан ба ийнхүү халахдаа Төрийн албаны тухайн үед мөрдөж байсан хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлэг 1,882,032 төгрөгийг олгосон. Би ажлаас халагдсанаа үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандсан ба Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны 05 тоот шийдвэрээр намайг халсан Б/88 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд буцаан тогтоосон. Х.Эрдэнэбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байж байгаад 2017 оны 03 дугаар сарын 21-ний Б/18 тоот тушаалаар ажил, албан тушаалд эргүүлэн томилоод 7 хоногийн дараа мөн л Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан төрийн байгууллага нэгдэж нийлж бүтэц өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр 2017 оны 03 дугаар сарын 29-ний Б/23 тоот тушаалаар дахин халсан. Би үүнээс хойш төрийн албанд огт ажиллаагүй, дахиж шүүхэд хандаагүй амьдралаа хөөсөн.

Миний бие төрийн албанд үргэлжлүүлээд ажиллаж байгаа бол тэтгэлгийг буцаан шаардах эрх үүсэх байх. Нэгэнт тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд тодорхой зохицуулсан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилсэн хуулийн 62 дугаар зүйлд уламжлан хадгалагдсан төрийн албан хаагчийн баталгааг надад эдлүүлэхгүй байх эрх Х.Эрдэнэбат гэдэг ямаан түшмэлд байх учиргүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь П.Тд холбогдуулан 1,885,032 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

             Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар П.Тыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1,885,032 /Нэг сая найман зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөгийг олгожээ.

            Хариуцагч П.Т нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “П.Тыг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, П.Тыг урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1,885,032 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. 

            Дээрх шийдвэрийн дагуу Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/18 дугаартай тушаалаар П.Тыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн томилсон байх ба 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/23 дугаартай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндсэлэн орон тоо цомхотгогдсон үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Хариуцагч П.Тыг ажилд нь эгүүлэн тогтоосны дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Ерөнхий газрын даргын 2016 оны Б/ 21 дүгээр тушаалаар хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо 1 болж цөөрч, дээрх орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулсан байх ба Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр П.Т нь доогуур үнэлэгээ авсан тул 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон түүнийг хүний нөөц,дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн, тэрээр дээрх тушаалд гомдол гаргаагүй байна.

            Хариуцагч П.Т нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1,885,032 төгрөгийг авсан талаар маргаагүй.

Харин 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1,885,032 төгрөг олгохоор шийдвэрлэсэнийг хариуцагч биелүүлээгүй, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Б/18 дугаартай шийдвэрээр ажилдаа эргэж орсонтой холбоотойгоор ажилгүйдлийн тэтгэмж болох 2,070,832 төгрөгийг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлсөн, дахин төрийн албанд ажиллаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “П.Тыг ажлаас чөлөөлөх тухай” Б/88 тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1,885,032 төгрөгийг хариуцагч П.Тд олгохоор шийдвэрлэсэн, түүнчлэн П.Тыг нь ажилд нь эгүүлэн тогтоосноор түүнд олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1.885.032 /Нэг сая найман зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч нь буцаан нэхэмжлэх эрхтэй болсон байна.

Хариуцагч П.Т нь Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдохдоо, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор 1,885,032 төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байх тул тэрээр ажилгүй байсан хугацааны цалин 1,885,032 төгрөг, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 1,885,032 /Нэг сая найман зуун наян таван мянга гучин хоёр/ төгрөгийг давхардуулан авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч П.Таас 1,885,032 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Таас 1,855,032 төгрөг гаргуулан Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч П.Таас тэмдэгтийн хураамжид төлсөн 44,630 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН