Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00115

 

М.Гын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00107 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2023/00613 дугаар магадлалтай,

М.Гын нэхэмжлэлтэй

Т.Тт холбогдох

   28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч М.Га нь хариуцагч Т.Тт холбогдуулан 28,778,763 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00107 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар Т.Тт холбогдох 28,778,763 төгрөг гаргуулах тухай М.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар М.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2023/00613 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Тээс 13,000 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Есөн дэлбээ” ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн 2012.12.03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “хариуцагчаас 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх алба зөвхөн зардал, урамшууллын мөнгийг тухайн үедээ тооцохын тулд долларыг монгол төгрөгт шилжүүлэн гэрээ хийснээс болж төлбөр авагч М.Га нь бүтэн 6 жилийн дараа төлбөрөө авахад долларын ханшийн зөрүү 28,788,727 төгрөгөөр хохирч, төлбөр төлөгч завшсан. Гэтэл Т.Т болон М.Га нарын хооронд “төлөх ёстой 22,646 ам долларыг 1400 төгрөгөөр тооцоод ийм хэмжээний төлбөр төлнө гэсэн тохиролцоо, мөн шүүхийн шийдвэр огт байхгүй”.

4.2 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 228.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж дүгнэсэн атлаа хууль зүйн үндэслэлийн талаар оновчтой тайлбар гаргаж дүгнэсэнгүй.

Талуудын хооронд анхнаасаа ам.долларын зээлийн гэрээ байгуулж, гурван шатны шүүхээс үнэлж дүгнэн үүргийн гүйцэтгэлийг ам.доллараар гаргуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргасан. Хэрэв үүргийн гүйцэтгэлийг төгрөгөөр гаргуулах шаардлага, хууль зүйн үндэслэл байсан бол гурван шатны шүүх ам.доллараар төлбөр гаргуулах шийдвэр гаргахгүй байсан. Иргэний хуулийн 217.2-т “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно” гэж заасан байгаа нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн дагуу доллараар төлбөр төлүүлэхийг хориглосон заалт огт байхгүй болохыг мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүйг тус тус нотолж байна. Төлбөр төлөгч Т.Т нь долларын зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн асуудлыг шүүх хянан шийдвэрлэж Нийслэлийн шүүхийн 2012.12.03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “хариуцагчаас 22,646 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь зээлийн гэрээний зүйл нь анхнаасаа төгрөг биш ам.доллар зээлсэн учир ам.доллар л гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг болон талуудын хүсэл зоригийг дур мэдэн гуйвуулж төлбөр төлөгчөөс төлөгдөх төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож, төлбөр төлөгчид илт ашигтай байдал бий болгож байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж гомдолтой байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон хариуцагч нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гуйвуулж биелүүлсэн энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн ерөнхий хуулийг баримтлах ёстой зарчмыг зөрчиж байна.

Төлбөр төлөгч төлбөрийг төлөхгүй санаатайгаар хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа хандах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэтлээ удааширсан, ханшийн зөрүү үүсч нэхэмжлэгчийг хохироосон нь төлбөр төлөгчөөс шалтгаалсан учир шүүх үүнийг анхаарч үзэхийг хүсч байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.25-ны өдрийн 001ШХТ2023/000587 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

7. Нэхэмжлэгч М.Га нь хариуцагч Т.Тт холбогдуулан 28,778,763 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “Хариуцагч Т.Т нь “Есөн дэлбээ” ХЗХ-оос анх 2010.06-р сард авсан ам.долларын зээлээ төлөөгүй. ... шүүх ... хариуцагчаас 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. ... 2013.05.09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрийг биелүүлэхээр зардал, урамшууллын гэрээ байгуулсан. ... ам.доллараар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал тооцох боломжгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн долларын ханш 1400.30 төгрөгөөр тооцож  31,711,420 төгрөг, шийдвэрт дурдсан 34,168,820 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж, нийт 66,360,783 төгрөг гаргуулах гэрээ хийсэн. Төлбөр төлөгч нь төлбөрийг удаашруулахгүй төлсөн бол нэхэмжлэгч тал хохирохгүй байсан. ... шүүхийн шийдвэрт зааснаар 22,646 ам.долларыг төлөх ёстой ... хариуцагч Т.Т нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй санаатайгаар удаашруулж 6 жил төлбөр авагч талын мөнгийг түгжсэн. ... ам.долларыг төлөхдөө төлбөр төлөгдөж дууссан 2019.09.11-ний өдрийн албан ханш 2671.12 төгрөгөөр тооцож 60,490,183 төгрөг төлөх ёстой. ... хариуцагчаас 28,778,763 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... ам.долларын ханшийн зөрүүний улмаас төлөгдөөгүй гэх 28 сая төгрөгийг шаардах хуулийн үндэслэлгүй. ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар гурван шатны шүүх дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа” гэж тайлбар ирүүлжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж тус тус хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхдээ ам долларыг тухайн үеийн ханш болох 1400.30 төгрөгөөр тооцож гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч Т.Т 22,646 ам долларын ханшийг 1400.30 төгрөгөөр тооцож, шүүхийн шийдвэрийн дагуу 34,168,820 төгрөгийн хамт нийт 62,411,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Гад шилжүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. Нэхэмжлэгч М.Га Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ маргаантай холбоотой нэхэмжлэл гаргасан бөгөөд гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байна. Хариуцагч Т.Т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэгчид төлбөрийг бүрэн төлсөн.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “... шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт авагдсанаас гадна Т.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дах хэсэгт гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасны дагуу тухайн үеийн ханшаар төлснийг буруутгах боломжгүй.” гэж дүгнэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11. Шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй. Нэхэмжлэгч М.Га “Есөн дэлбээ” ХЗХ-оос шаардах эрхийг шилжүүлж авсан үндэслэлээр хариуцагч Т.Тээс 22,646 ам.долларыг 2019.09.11-ний өдрийн албан ханшаар төлүүлэхтэй холбоотой шаардлага гаргажээ. Тэрээр Т.Тээс 28,788,763 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Уг шаардлагын үндэслэлээ тоо, тооцооллын хувьд нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам.доллар гаргуулах боломжтой байхад уг дүнг шийдвэр гүйцэтгэлийн шатанд төгрөгт шилжүүлэхдээ шийдвэр хүчин төгөлдөр болсон үеийн ханшаар тооцсон, төлбөрийг 6 жилийн дараа төлсөн, шүүхийн шийдвэрт заасан ам.долларыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал, зардал тооцох зорилгоор төгрөгт хөрвүүлсэн атал уг дүнг хариуцагчаас гаргуулах төлбөрийн дүн болгож хэрэглэсэн нь хууль зөрчиж хохирол учруулсан гэх агуулгаар тайлбарласан байна. Улмаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох үеийн ханшаар хөрвөсөн дүн 31,711,420 (22,646*1400.30) төгрөг болон төлбөр төлөгдөх үеийн ханшаар хөрвөсөн дүн 60,490,183 (22,646*2671.12) төгрөгийн зөрүү 28,778,763 төгрөгийг нэхэмжилжээ.

Дээрх байдлаар шаардлагын дүнг хэрхэн тооцсон нь аргачлалын хувьд тодорхой байх боловч уг шаардлагыг хууль зүйн хувьд хэрхэн дүгнэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, хариу татгалзал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээн, хоёр шатны шүүхийн шийдвэрт тодорхой туссангүй. Тодруулбал, шийдвэр гүйцэтгэлийн буруутай үйл ажиллагаанаас учирсан гэм хор, хохирол, эсхүл хариуцагч хуульд заасан үүргээ санаатай, эсхүл болгоомжгүйгээр биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн алдагдал, хохирлын алин болох нь тодорхойгүй, энэ талаар хоёр шатны шүүх зохих мэтгэлцээнийг өрнүүлээгүй, үйл баримт тодорхойгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

12. Түүнчлэн хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон эсэх талаарх маргааныг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэр, Монголбанкны гадаад валютын албан ханшны талаарх лавлагаа авагдсан байх ба нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх, удирдах үүргээ биелүүлснээр хэргийн оролцогчоос гарч болох хүсэлт, цугларах нотлох баримтууд бүрэн бус болжээ. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорсноор мэтгэлцээн зөв өрнөж, маргаан бүхий шийдвэрийг төлбөр төлөгчөөс хэрэгжүүлсэн байдал, түүнийг санаатай удаашруулсан эсэх, эсхүл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бусад нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг харгалзан үзэх боломжтой болно. Шаардлагын үндэслэл тодорхой бус байх үед гагцхүү гурван шатны шүүхийн шийдвэрт үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/00107 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2023/00613 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.25-ны өдөр төлсөн 301,845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                       

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД