Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2021/00107

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-2-37 тоотод оршин суух, онход овогт Ч.Ж /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах, “О АЗЗА” ТӨХК /Регистрийн дугаар: /-д холбогдох

“О АЗЗА” ТӨХК-ний захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, гэрч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ч Ж нь О АЗЗА ТӨХК-д 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эдийн засагч төсөвчингөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулах тухай тушаал гарсан ба, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан болно. Намайг цаашид ажиллуулахгүй гээд ажлыг минь хийлгэхгүй мөртлөө ажлаас халсан тушаалыг гаргаагүй байсаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 тоот тушаалаар ямар үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй, хууль зүйн үндэслэлгүй, ажил олгогчийн санаачлагаар гээд хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаас халж буй хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Учир нь уг тушаалд ерөнхий нягтлан намайг ямар зөрчил гаргасан эсэх, шалгалтаар би тайлан тооцоонд хэрхэн ямар зөрчил илэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа ба, 2019 онд аудитын шалгалт хийх үед би байгаагүй байсан болно. Тус тушаалыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр утсаар мэдэгдсэн ба, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан болно. Иймд О АЗЗА ТӨХК-ний захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг эс зөвшөөрч байгаа тул тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Ч.Ж нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаа нь 1 жил 7 сар 15 хоногийн цалин буюу 19 сар 15 хоног болж байх бөгөөд, 410 хоногийн ажлын 21 хоногоор тооцож 1 өдрийн 45,238 төгрөгөөр тооцож 18,547,580 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “О АЗЗА” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чулуунбатын Жгаас “О АЗЗА” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. Ч.Ж нь албан үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байраа удаан хугацаагаар орхин явж хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөн, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд буцаан ажиллуулах боломжгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. ҮНДЭСЛЭЛ нь:

1.Ч.Ж нь “О АЗЗА” ТӨХК-д 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эдийн засагчаар, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ж нь Ерөнхий нягтлан бодогчийн хувьд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл, тус компанийн дүрмийн есдүгээр зүйлийн 9.1-д зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан байсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэг, компанийн дүрмийн арванхоёр, арван гурав дугаар зүйлээр тусгай үүрэг хүлээдэг, компанийн хамт олон болон үйл ажиллагааг манлайлан удирдах хариуцлагатай ажилтан юм.

2.Түүний үүрэг, хариуцлага дээр дурдсанаар болон Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан байхад Ч.Ж нь 2017, 2018 онд санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан болох нь компанийн дотоод хяналтаар тодорхой болсон ба энэ үеэс санхүүгийн ажил гүйлгээг бүртгэдэг программ бүхий компьютерийг авч явж ажилдаа ирэхээ больсон. “О АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Цогтгэрэл энэ талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар бичиж Ч.Жг ажлаас чөлөөлөх саналыг компаний Төлөөлөн удирдах зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 02 тоотоор, түүний гаргасан санхүүгийн зөрчлийг шалгаж өгөхийг Төрийн өмчийн бодпого, зохицуулалтын газарт 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 33 тоот бичгээр тус тус мэдэгдэж хүсэлт тавьсан байдаг. Ерөнхий нягтлан бодогчтой хэдийгээр “О АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлага хөдөлмөрийн гэрээ байгуулдаг боловч компанийн эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөхдөө ТУЗ-аас зөвшөөрөл заавал авдаг болно.

3.Ерөнхий нягтлан бодогч Ч.Жгийн гаргасан зөрчил нь дараах байдалтайгаар тогтоогдсон.

3.1.Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч З.Дэлгэрмаа, Б.Энхмаа нарын хийсэн 2016 оны татварын ногдуулалт, төлөлтөд хийсэн хяналт шалгалтаар 16,816,987.72 төгрөгийн нөхөн татвар, 5,045,096.39 төгрөгийн торгууль, 2,796,064.2 төгрөгийн алданги ноогдуулж нөхөн төлбөрийн акт тогтоосон нь тус компанийн санхүүгийн албыг удирдаж 2016 оны Санхүүгийн болон татварын тайланг гаргасан компанийн эрх бүхий албан тушаалтан, ерөнхий нягтлан бодогч Ч.Жгийн хариуцлагатай холбоотой.

3.2.Орхон аймаг дахь Төрийн аудитын газраас компанийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны 212 дугаар бичгээр ирүүлсэн 40 хуудас тайланд “ Нягтлан бодох бүртгэлийг хууль, журмын дагуу хөтлөөгүй, компанийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалт бусаар зарцуулсан, “125,198.0 мян/төгрөгийн өр төлбөрийг санхүүгийн тайланд тусгаж тайлагнаагүй”, Орлогын төлөвлөгөө 282,479.2 мян/төгрөгөөр тасарч, өмнөх оноос авлага 305,882.2 мянга, өр төлбөр 188,245.2 сая төгрөгөөр өссөнөөс 125,198,0 мян/төгрөгийн өглөг, 10 000,0 төгрөгийн авлагыг тайлан бүртгэлд тусгаагүй”, “Компанийн хөрөнгийн тооцоо, хяналтгүй, анхан шатны баримтын бүрдэлгүй зарцуулж, худалдан авалтад ТБОӨХБАҮХАТ хуулийг мөрдөж ажиллаагүй” гэсэн дүгнэлт өгсөн нь тус компанийн гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийн хариуцлагатай шууд холбоотой.

3.3 Орхон аймаг дахь төрийн аудитын 2019 оны 03 дугаар сарын 15-ны 83 тоот Аудитын гэрчилгээгээр компанийн 2018 оны үйл ажиллагаанд санхүүгийн аудит хийгээд “Сөрөг санал дүгнэлт” гаргаж холбогдох хууль, журмыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн ба 231,6 сая төгрөгийн татварын өр төлбөрийг тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй, 2017 онд гүйцэтгэсэн авто замын 160,0 сая төгрөгийг тооцоо нийлсэн актгүйгээр дансанд тусгасан /Одоо энэ асуудал АТГ-аар шалгагдаж байгаа/ болон бусад зөрчлийг заасан байгаа нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг, хариуцлагатай холбоотой.

3.4.Ч.Ж нь түүнд ажил үүрэг гүйцэтгэхийг болиулсан, түдгэлзүүлсэн ямар нэг албан ёсны шийдвэр гараагүй байхад 2018 оны сүүлчээс эхлэн ажил үүргээ гүйцэтгээгүй орхиж явсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дөрөв, наймдугаар зүйл, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын арав, арваннэгдүгээр зүйл, Компанийн дүрмийн есөөс арван гуравдугаар зүйл, Компанийн тухай хуулийн 84, 85 дугаар зүйлийг зөрчсөн компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болсон тул комисс томилон санхүүгийн бичиг баримтыг авч, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч нягтлан бодогчийг томилж компанийн хэвийн үйл ажиллагааг хангасан.

4.Компанийн ерөнхий нягтлан бодогчийн асуудал болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн байдал тодорхойгүй байдлаар үргэлжлэх боломжгүй тул гүйцэтгэх захирлын зүгээс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 89 тоот бичгийг хавсралт 39 хуудас материалын хамт Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн яам гүйцэтгэх захирлыг дуудаж уулзаж нөхцөл байдал, үүссэн зөрчлийг сонсоод 2020 оны 08 дугаар сарын 27-нд 03/3996 тоот бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл хүргүүлсэн. “О АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийн баримтуудыг танилцаж хэлэлцээд Ч.Жг ерөнхий няпглан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх зөвшөөрөл өгсөн. Энэ үндсэн дээр компанийн гүйцэтгэх захирал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 тоот тушаал гаргаж мөн өдрөөс Ч.Жг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заалтыг техникийн алдааны улмаас 38.1.1 гэж бичсэнийг залруулсан тушаал гарсан.

5.Ч.Ж нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажил үүрэг гүйцэтгээгүй тул түүнд олгох цалин хөлсний тооцоо, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан нэмэгдэл, урамшуулал, хөнгөлөлт байхгүй, харин тооцох эд хөрөнгийн болон сахилгын хариуцлага байх үндэслэлтэй. Ч.Ж ерөнхий нягтлан бодогчийн ажил үүрэг гүйцэтгээгүй тул 2019, 2020 оны компанийн санхүүгийн үйл ажиллагааг Ч.Жд хамааруулан үзээгүй болно. Иймд Ч.Жг “О АЗЗА” ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор эргүүлэн тогтоох үндэслэл байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэг: тайлбарын хүвьд Ч.Жгийн 2020 тоны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан О АЗЗА ТӨХК-иас цалин хөлс 18,547,580 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн нэмэлт шаардлага үндэслэлгүй байна. Учир нь цалин хөлс, түүнийг олгох хэлбэр нь Хөдөлмөрийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дүгээр заалтаар зохицуулагдсан хөдөлмөрийн харилцааны асуудал юм. Энэ зохицуулалтаар Ч.Ж хөдөлмөрийн гэрээгээр тохирсон цалин хөлсийн ажилласан цагаар тооцон, хөдөлмөрийн үр дүндээ тохирсон хэлбэрээр авах ёстой. Ч.Ж нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхээ үндсэндээ больсон бөгөөд 2018 оны 11 дүгээр сард 1 хоног ажиллаж 47,500 төгрөгийн, мөн оны 12 дугаар сард 2 хоног ажиллаж 90,476 төгрөгийн 2019 оны 01 дүгээр сард 2 хоног ажиллаж 90,364 төгрөгийн цалин бодогдож зохих суутгал хийгдэж олгогдсон байна. Үүнээс хойш Ч.Ж “О АЗЗА” ТӨХК-д ажилласан хоног бүртгэл байхгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дүгээр зүйлд заасан олговор шаардах боломжгүй юм гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч “О АЗЗА” ТӨХК-д холбогдуулан “О АЗЗА” ТӨХК-ний захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 18,547,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Ж нь тус шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийг зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “......ерөнхий нягтлан намайг ямар зөрчил гаргасан эсэх, шалгалтаар би тайлан тооцоонд хэрхэн ямар зөрчил илэрсэн эсэх нь тодорхойгүй байгаа ба, 2019 онд аудитын шалгалт хийх үед би байгаагүй байсан болно” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, нэхэмжлэгчийг албан үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, ажлын байраа удаан хугацаагаар орхиж явсан, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөн, компанийн санхүүгийн үйл ажиллагаанд зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон тул түүнийг ажлаас халсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Ч Ж нь “О АЗЗА” ТӨХК-д 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эдийн засагч, төсөвчингөөр хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд орж, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ерөнхий нягтлан бодогчоор сарын 950,000 төгрөгийн цалинтай 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан болох нь талуудын тайлбар болон хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг 2019 оны 1 дүгээр сараас эхлэн цаашид ажиллуулахгүй гэж мэдэгдэн ажлыг нь хийлгэхгүй, ажлаас халсан тушаалыг гаргаагүй байх ба, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилтай Ч.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “О АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын Б/25 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар үндэслэлээр цуцалжээ. 

Гэвч “О АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/31 тоот тушаалаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалд залруулга хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 гэснийг 38.1.2 гэж залруулсан байх боловч, энэ талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй, мэдэгдээгүй байна.

2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг нэхэмжлэгчид 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр утсаар мэдэгдэж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч тушаалыг гардаж авсан байна.

Уг тушаалд ерөнхий нягтлан бодогч Ч.Жг ямар зөрчил гаргасан эсэх, санхүүгийн хяналт шалгалтаар ямар зөрчил, дутагдал илэрсэн эсэх нь тодорхойгүй, 2019 онд аудитын шалгалт хийх үед нэхэмжлэгч байгаагүй байна.

“О АЗЗА” ТӨХК-ний 2017, 2018 онд санхүүгийн тайланд хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил гаргасан болох компанийн дотоод хяналтаар тодорхой болсон байх ба, тухайн үед ажиллаж байсан “О АЗЗА” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогтгэрэл энэ талаар тодорхой үндэслэл бүхий тайлбар бичиж Ч.Жг ажлаас чөлөөлөх саналыг Төлөөлөн удирдах зөвлөлд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний 02 тоотоор, түүний гаргасан санхүүгийн зөрчлийг шалгаж өгөхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 33 тоот бичгээр тус тус мэдэгдэж хүсэлт гаргаж байсан байна.

Мөн хариуцагч нь компанийн ерөнхий нягтлан бодогчийн асуудал болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн байдал тодорхойгүй байдлаар үргэлжлэх боломжгүй гэж үзэж Гүйцэтгэх захирлын зүгээс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 89 тоот бичгийг хавсралт 39 хуудас материалын хамт Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн байх ба, Зам тээврийн хөгжлийн яам гүйцэтгэх захирлыг дуудаж уулзаж нөхцөл байдал, үүссэн зөрчлийг сонсоод 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/3996 тоот бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл хүргүүлсэн байна.

“О АЗЗА” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 09 дүгээр сарын 01-нд хуралдаж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд гарсан зөрчлийн баримтуудыг танилцаж хэлэлцээд Ч.Жг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх зөвшөөрөл өгсөн гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийг компанийн санхүүгийн үйл ажиллагаа доголдолтой байсан, татварын болон аудитын шалгалтаар зөрчил илэрсэн гэж бүхэлд нь буруутгаж байгаа боловч Ч.Жгийн гэм буруутай ямар үйлдэл байсан талаар нотлох баримт байхгүй байна.

Түүнчлэн түүнийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан санаачилсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байх бөгөөд, мөн хуулийн 39 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах тохиолдлыг “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцогдоно” гэж зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч Ч.Ж нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөл гаргаагүй, харин ажлаа хийхийг хүсэж байсан боловч түүнийг цаашид ажиллуулахгүй гэж мэдэгдэн ажлыг нь хийлгэхгүй, ажлаас халсан тушаалыг гаргаагүй байж байгаад, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 заалтыг баримтлана.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлийг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан байна. Хариуцагч 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.17 заалтын аль нэгийг баримтлахгүйгээр Ч.Жг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д ажилтан ажил мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан боловч энэ заалт тохирохгүй байна.

Түүнийг ажил мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар хариуцагч тайлбартаа дурьдаагүй. Түүнчлэн мөн хуулийн 40.1.2-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдоогүй, хариуцагч түүнийг энэ үндэслэлээр буруутгаагүй байна.

Харин түүнийг ажлаас халсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэдэг заалттай дөхөж байгаа боловч хариуцагч ажлаас халсан тушаалдаа дээрх заалтын баримтлаагүй, түүний үйлдлийг тодорхой дурьдаж, нотлох баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Тушаалд залруулга хийх тухай” Б/31 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 гэснийг 38.1.2 гэж залруулсугай гэж шийдвэрлэсэн байна. Энэ нь хэргийн нөхцөл байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Ийнхүү нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүй халсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон хариуцагчийн гаргасан тодорхойлолтоор сарын 950,000 төгрөгийн үндсэн цалинтай, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жил 7 сар 15 хоногийн цалин буюу 19 сар 15 хоног болж байх бөгөөд 410 хоногийг ажлын 21 хоногоор тооцон, нэг өдрийн цалин 45,238 төгрөгөөр бодож нийт 18,547,580 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “О АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үр дагавар бөгөөд бие даасан шаардлага гэж үзэж шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ч.Ж нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх ба хариуцагч “О АЗЗА” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 320,888 /70,200+250,688/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Ч.Жг “О АЗЗА” ТӨХК-ний ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн тогтоож, “О АЗЗА” ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “О АЗЗА” ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 18,547,580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Жд олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч “О АЗЗА” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 320,888 /70,200+250,688/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Б.БЯМБАСҮРЭН