Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 142/ШШ2021/00123

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-10-08 тоотод оршин суух, Ж.С /Регистрийн дугаар: /-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянбулаг баг, ургац 1-13 тоотод оршин суух, Г.С /Регистрийн дугаар: /-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,427,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Гантуяа /онлайнаар/, хариуцагч Г.С, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Болорсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.С нь 2,290,000 төгрөг 2020 оны 01 дүгээр сарын 22-ноос өгдөггүй, утсаа ч авдаггүй. Одоо өөрөө мөрдөнд байгаа юм байна. 1 дүгээр сарын 22-ноос 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 195 хоногийн хүү 1,786,200 төгрөг болж байгаа боловч 50 хувиас хэтрүүлэхгүй тул хүү 1,145,000 төгрөг, үндсэн мөнгө 2,290,000 төгрөг нийт 3,435,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 11-нд 5,000,000 төгрөг авсан боловч одоог хүртэл өгдөггүй, 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 206 хоногийн хүү 4,120,000 төгрөг болж байгаа боловч 50 хувиас хэтрүүлэхгүй тул хүү 2,500,000 төгрөг, үндсэн мөнгө 5,000,000 төгрөг нийт 7,500,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаатай, 3,000,000 төгрөг авсан боловч одоог хүртэл өгдөггүй, 2020 оны 02 дугаар сарын 03-наас 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 183 хоногийн хүү 2,196,000 төгрөг болж байгаа боловч 50 хувиас хэтрүүлэхгүй тул хүү 1,500,000 төгрөг, үндсэн мөнгө 3,000,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөг 6 ширхэг хайрцагтай багаж тавиад өөрөө гарын үсэг зураад найздаа авч өгсөн болно. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 100 хоногийн хүү 792,000+1,800,000 = 2.592.000 төгрөг нэхэмжилж байна. Ганбат овогтой Сундуй-Очир нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,600,000 төгрөг 4 ширхэг хайрцагтай багаж тавиад өөрөө гарын үсэг зураад найздаа авч өгсөн болно. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 163 хоногийн хүү 1,043,200 төгрөг болж байна. Үлдсэн мөнгөний 50 хувиас хэтрүүлэхгүй хүү 800,000 төгрөг+1,600,000=2,400,000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 2,400,000+2,592,000=4,992,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Нэхэмжлэгч Ж.С миний бие хариуцагч Ганбатын Сундуй-Очиртой 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойшхи хугацаанд 5 удаагийн зээлийн гэрээгээр 13,690,000 төгрөгийг сарын 12% хүүтэй 0,5% хувийн алдангитай тооцож өгсөн. Үүнд:

1.5 сая төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 205 хоногийн алданги 5,125,000 төгрөг,

2.3 сая төгрөгний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 182 хоногийн алданги 2,730,000 төгрөг

3.2,229,000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 194 хоногийн алданги 0,5%-2,221,300 төгрөг Нийт 1,076,300 төгрөг

Г.С нь зээлийн гэрээ хийж гарын үсэг зураад найз Б.Болорсүхэд мөнгө зээлж авч өгсөн.

1. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хзртэл 2 удаа 3,400,000 төгрөгийг гэрээ хийж авч өгсөн. Үүнд:

2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 1,600,000 төгрөг, Энэ нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 69 хоногийн алданги 552,000 төгрөг,

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1,800,000 төгрөг. Энэ нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 35 хоногийн алданги 315,000 төгрөг. Нийт 867000 төгрөг

Хариуцагч Г.С нь үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу 0,5%-иас хэтрэхгүй төлнө гэж заасны дагуу үндсэн зээл 13,690,000 төгрөгний алданги 10,943,300 төгрөг болж байв. Нийт нэхэмжлэлийн үнийн 20,427,000 төгрөгнөөс бодож улсын тэмдэгтийн хураамжинд 386,632 төгрөг төлсөн. Үүнд:

Үндсэн зээл 13,690,000 төгрөгний 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги тооцоход 6,845,000 төгрөг болж байгаа тул нийт 20,535,000 байгаа тул улсын тэмдэгтийн хураамжинд тохируулж 108,000 төгрөгийн алданги авахаас татгалзаж байна. Тодруулбал үндсэн зээл болох 13,690,000 дээр нэмж алданги тооцоод 6,737,000 болж байгаа тул нэхэмжлэлийн нийт дүн 20,427,000 төгрөгийг хариуцагч Г.Соос нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.С миний барьцаалан газраар Г.С нь сайн дурын үндсэн дээр ирж үйлчлүүлсэн болно. Мөнгө авахдаа эхнэртэйгээ хамт ирж авдаг байсан. Бичиг үсэг мэддэг, өөрөө энэ гэрээг уншиж танилцаад сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ болно. Шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Г.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж.Саас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2,290,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус авсанаа санахгүй байна. Ийм ойр ойрхон их мөнгө авсан байх учиргүй. Их өндөр хүү нэхээд хүүлээд л гарын үсэг зуруулдаг байсан. Анх мөнгө зээлээд хүүг нь төлөөд явж байхад байн, байн одоо тэдэн төгрөг үлдлээ, төдөн төгрөг хүүнд нь төллөө шүү гээд л гарын үсэг зур гэдэг. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор зүгээр л гарын үсэг зурчихдаг байсан. Уншдаггүй. Ер нь бол бүүр анх авсан зээл л яваад байдаг юм. Энэ 3 өргөдөлийг нийлүүлээд үзвэл нэг мөсөн ойлгогдох байх. Зөвшөөрөхгүй. Уг нь би их л хүү төлсөн дөө. Манай найз Б.Болорсүх ч авсан мөнгө юм бил үү гэжээ.

            Хариуцагч Г.С шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөгийг миний найз Б.Болорсүх өөрийнхөө багажийг тавиулж 1,800,000 төгрөгийг Б.Болорсүх өөрөө авсан. Би огт хамаагүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1,600,000 төгрөгийг Б.Болорсүх авсан. Би хамаагүй. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би 2 сая төгрөг авсан, харин 290,000 төгрөгийг Б.Болорсүх авсан гэжээ.

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж.С нь Г.С надаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байх бөгөөд тэр нэхэмжлэлдээ манай гэр бүлийн гишүүдийн дучдын өмч болох хашаа байшин газрын гэрчилгээг барьцаанд авснаа огт бичээгүй байна. Тэдгээр гэрчилгээг мөнгөний барьцаанд авахдаа ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй юм. Иймд Г.С би миний нэр дээр улсын бүртгэлд бүртэгдсэн байдаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг Эрдэнэ 27 а, б гудамжны 12 тоот хашааны газрын 000482215 дугаартай 2 гэрчилгээ, хувийн сууцны 000566703 дугаартай гэрчилгээг Ж.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан шаардлагадаа: Ж.С нь миний нөхөр Г.Соос их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байх бөгөөд тэр нэхэмжлэлдээ манай гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох хашаа байшин газрын гэрчилгээг барьцаанд авснаа огт бичээгүй байна. Тэдгээр гэрчилгээг мөнгөний барьцаанд авахдаа ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй юм. Иймд Г.Сын эхнэр Бадарч овогтой Эрдэнэчимэг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Ургацын 1 дүгээр гудамжны 13 тоот хашааид байрлах хувийн сууцны 000732730 дугаартай гэрчилгээг Ж.Саас гаргуулж өгнө үү гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч Г.Ст холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 13,690,000 төгрөг, алданги 6,737,000 төгрөг нийт 20,427,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Г.Соос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 5 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 2 сая төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож зээлдүүлэгчид төлөх үүрэг бүхий зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, талууд гарын үсэг зурж баталгаажуулан нэхэмжлэгч хариуцагчид нийт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээгээр нотлогдож байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулахгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 сая төгрөг, 290,000 төгрөг нийт 2,290,000 төгрөгийг зээлж авсан байна.

Түүнчлэн талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1,800,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1,600,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох үүрэг бүхий зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд, хариуцагч нь дээрх мөнгийг өөрийн найз Б.Болорсүхийн багажийг барьцаалан Б.Болорсүхэд авч өгсөн гэж тайлбарлаж байна.

Зээлдүүлэгч Ж.С нь зээлдэгч Г.Сын өмчлөлд мөнгө шилжүүлсэн, зээлдэгч Г.С шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

            Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх бөгөөд талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон хугацааны хүү, алданги шаардах эрхтэй, мөн гэрээнд талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 13,690,000 төгрөг, алданги 6,737,000 төгрөг нийт 20,427,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа бол, хариуцагч ийм их мөнгө зээлж аваагүй, санахгүй байна, их өндөр хүү нэхээд хүүлээд л гарын үсэг зуруулдаг байсан. Анх мөнгө зээлээд хүүг нь төлөөд явж байхад байн, байн одоо тэдэн төгрөг үлдлээ, төдөн төгрөг хүүнд нь төллөө шүү гээд л гарын үсэг зур гэдэг. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор зүгээр л гарын үсэг зурчихдаг байсан. Уншдаггүй гэж маргаж байна.

Дээрх байдлаас дүгнэхэд, хэдийгээр хариуцагч Г.С нь 1,600,000 төгрөг болон 1,800,000 төгрөгийг өөрийн найз Б.Болорсүхийг зээлж авсан, зээлийн төлбөрийг Б.Болорсүх төлсөн гэж тайлбарлаж байх боловч, зээлийн гэрээг Г.С байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул хариуцагч Г.Сыг үүргээс чөлөөлөх боломжгүй, мөн хариуцагч нь нийт үндсэн зээл 15,690,000 төгрөг, зээлийн хүү 1,608,000 төгрөг нийт 17,298,000 төгрөг төлөх ёстойгоос хариуцагч Г.С нь зээлийн гэрээний төлбөрт 9,552,560 төгрөг, Б.Болорсүх 2,036,800 төгрөг, нийт 11,589,360 төгрөгийг төлж барагдуулсаныг хасаж тооцвол хариуцагч нь нэхэмжлэгчид 5,708,640 төлөх үүрэгтэйгээс алдангийн үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх заалтын дагуу 2,854,320 төгрөгийг нэмж нийт 8,562,960 төгрөг төлөхөөр байна.

Гэрээний талууд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар гэрээ байгуулах санал гаргаж, мөн хуулийн 195.2-д зааснаар гэрээний гол нөхцлийн талаар тусган 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсанаар гэрээ байгуулагдсанд тооцох ёстой. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулаагүй бол үүрэг үүсэхгүй тул гэрээний сунгалтыг үндсэн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний нэг адил байгуулж, нөхцлийг харилцан тохиролцох ёстой боловч, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг тус бүр нэг сарын хугацаагаар сунгагдсан байна гэж дүгнэн үндсэн хүү 1,608,000 төгрөгийг дахиж тооцон нийт хүү 3,216,000 төгрөг, алданги 2,854,320 төгрөг, үндсэн зээл 5,708,640 төгрөг нийт 11,778,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 8,648,040 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

             Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулахдаа хариуцагчийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ багийн 27А гудамжны 12 тоотод байрлах, 000566903 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101021162 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, 116,6 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний гэрчилгээ, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ багийн 27А гудамжны 12 тоотод байрлах, 000482215 тоот гэрчилгээний дугаартай, 18429429271315 тоот нэгж талбарын дугаартай, Г-2101013325 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээ, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ багийн туул 2 гудамжны 5 тоотод байрлах, 000589383 тоот гэрчилгээний дугаартай, 6105743197 тоот нэгж талбарын дугаартай, Г-2101017905 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээ, бие даасан гуравдагч этгээд Б.Эрдэнэчимэгийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 18 дугаар баг, Баянбулаг багийн ургац 1 гудамжны 13 тоотод байрлах, 000732730 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101023249 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний гэрчилгээг тус тус барьцаалж авсан байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлээгүй дээрх гэрчилгээнүүдийг өөрийн эзэмшилд авсан нь хууль бус байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангах үндэстэй байна.

            Шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцсон Б.Болорсүх хариуцагч Г.Соор дамжуулж нэхэмжлэгчээс 3,400,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25, 28-ны өдрүүдэд 10 ширхэг багаж барьцаалж зээлж авсан. 2020 оны 7 сар хүртэл нийт хүүний төлөлт гэж 3,000,000 төгрөг төлсөн байна, нийт төлсөн хүүг үндсэн зээлээс хасуулж тооцуулан үндсэн төлбөрийг төлж барьцаалсан хөрөнгөө авах саналтай байна гэж байна. Гэвч нэхэмжлэгч Ж.С нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Болорсүхтэй зээлийн гэрээ байгуулаагүй, харин хариуцагч Г.Стой зээлийн гэрээ байгуулж, тэрээр гэрээнд гарын үсэг зурсан, хэдийгээр Б.Болорсүх хариуцагчийн нэр дээр авсан зээлийн төлбөрөөсөө төлж барагдуулсан гэж байгаа боловч нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг түүнээс шаардаагүй, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Болорсүх нь багаж гаргуулахаар бие даасан шаардлага гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,632 төгрөгийг төлсөн байх бөгөөд, 126,547 төгрөгийг илүү төлсөн байх тул, илүү төлсөн 126,547 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч Г.Соос 11,778,960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,648,040 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Саас Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ багийн 27А гудамжны 12 тоотод байрлах, 000566903 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101021162 тоот улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, 116,6 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөний гэрчилгээ, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ багийн 27А гудамжны 12 тоотод байрлах, 000482215 тоот гэрчилгээний дугаартай, 18429429271315 тоот нэгж талбарын дугаартай, Г-2101013325 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээ, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 17 дугаар баг, Эрдэнэ багийн туул 2 гудамжны 5 тоотод байрлах, 000589383 тоот гэрчилгээний дугаартай, 6105743197 тоот нэгж талбарын дугаартай, Г-2101017905 тоот улсын бүртгэлийн дугаартай газрын гэрчилгээг гаргуулан хариуцагч Г.Ст, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 18 дугаар баг, Баянбулаг багийн ургац 1 гудамжны 13 тоотод байрлах, 000732730 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101023249 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны гэрчилгээг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Эрдэнэчимэгт тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386,632 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Соос  улсын тэмдэгтийн хураамжинд 203,413 төгрөг, Төрийн сангаас 126,547 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ст олгосугай.

4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.БЯМБАСҮРЭН