Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2021/00126

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-98, өөрийн байранд байрлах, “М” /Регистрийн дугаар: /-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 4-8-82 тоотод оршин суух, М” ХХК /Регистрийн дугаар: /-д холбогдох

3,552,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ТӨҮГ-ын харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэртэй М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай гэрээ” байгуулан 1 квт цахилгаан эрчим хүчийг 237 төгрөгөөр тооцож, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тухайн сарын 20-ны өдөр төлж барагдуулж байхаар тохиролцсон байдаг. “М” ТӨҮГ-ийн харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэр нь гэрээнд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байсан М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр болох 7,606,278 төгрөгний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй учир цахилгаан эрчим хүчийг хязгаарласан боловч тус компаны захирал Д.Оюунбаатар нь “М” ТӨҮГ-ийн харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэрийн захиргаанд хандан 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний төлбөр болох 7,606,278 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-нд төлж барагдуулсан гэсэн албан тоотоор хандаж цахилгаан эрчим хүчинд холбогдуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2015 оны 10 сарын 31-ны өдөр дахин холболт хийсэн байдаг. М” ХХК нь 10, 11 дүгээр сард цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр болох нийт 12,352,396 төгрөгийг тухай тайлант онд төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлж барагдуулахыг шаардсан боловч одоохондоо “төлбөрийн боломж байхгүй” гэсэн тайлбар өгч байсан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн, М” ХХК-ны саналын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг санал болгож харилцан тохиролцсоны үндсэн дээр 6,800,000 төгрөгөөр тооцож 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр суутган тооцох нөхцөлтэйгөөр орлогод авсан, 2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр 1,609,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 3,552,196 төгрөг төлөөгүй байгаа билээ. Энэ тухай “М” ТӨҮГ –ийн авлага барагдуулах тухай 2020.07.24-ний өдрийн 1/2044 тоот албан бичгийг М” ХХК-д хандан шуудангаар явуулсан, мөн захирал болох Д.Оюунбаатартай утсаар ярьж холбогдоход ямар нэгэн татгалзсан хариу өгөөгүй болно. Иймд “М” ТӨҮГ-ийн харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэртэй байгуулсан “Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай” гэрээний 3.8-д заасны дагуу М” ХХК-аас “хэрэглэгч нь цахилгааны үнийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй” мөн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр болох 3,552,196 /гурван сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан өгч манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М” ХХК шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Миний бие Д.Оюунбаатар 2015 оны 09 дүгээр сард Л.Гантулга, Цогоо нартай хамтран Төв аймгийн Заамар сумын Хашаат багийн нутаг дэвсгэрт байрлах Алтан Дорнод-Монгол ХХК-ний ашигласан талбайд алт олборлохоор хамтран ажиллахаар эхэлсэн болно. Дээрхи 2 хүн маань аж ахуй нэгжгүй байсан учир би өөрийн компанийн нэр дээр анхлан бүх гэрээг байгуулсан юм. Үүнд: “Зэрэгцээ” алтны уурхайтай тог ашиглах гэрээг байгуулсан. Үйл ажиллагаагаа хамтран явуулж байх хугацаанд тогны мөнгө төлөөгүй шалтгаанаар тог таслах үед нь би өөрийн эзэмшлийн алт угаах төхөөрөмжөө 8 сая төгрөгний өрөнд өгөх хүсэлт гаргаж өгсний дагуу дахин тог залгаж өгсөн юм. Ингээд бид хамтран үйл ажиллагаа явуулж байтал Цогоогийн эхнэр Жавзаа “одоо та хэрэггүй, цаашид бид өөрсдөө үйл ажиллагаагаа явуулна” гэсний дагуу би гэртээ буцсан юм. Би явахдаа Цогоо, Гантулга нарт миний нэр дээр байгуулсан гэрээний дагуу бүх төлбөр тооцоог хийгээрэй гэдгийг анхааруулж хэлсэн. Тэд зөвшөөрсөн. Би дээрхи хүмүүстэй 1 сар орчим байх хугацаанд “Улаанбаатар” хотоос Цогоогийн эхнэр Жавзаагийн хүсэлтийн дагуу эксковатор зээлийн гэрээ байгуулан өгсөн ба, мөн төлбөрийг нь одоо болтол төлөөгүй байгаа. Намайг явсны дараа Цогоо, Гантулга нар үйл ажиллагаагаа явуулан үлдсэн юм. Би анх хамтрахдаа 1 ч төгрөг нийлүүлээгүй учир тэд намайг явуулсан байх гэж бодсон. Үүнээс хойш 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Гантулга 2,000,000 төгрөг төлсөн байна. Мөн 2016 онд над руу Зэрэгцээ компаниас залгаж өр төлөхийг шаардахад би үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тооцоо хийгээрэй гэдгийг хэлсэн. “Зэрэгцээ” ХХК-ныг хүмүүс Цогоо, Гантулга нарын ашиглаж байсан скруберыг барьцаанд авсан байсан. Над руу ярих үед нь наад скруберыг нь барьцаалсан юм чинь та нар наад хүмүүстэй тооцоо хийгээрэй гэдгийг нь хэлсэн. Үүнээс хойш хэн ч яриагүй. Учир нь би Цогоо, Гантулга нарыг тооцоогоо хийгээд алт угаах төхөөрөмжөө авсан байх гэж бодсон. Зэрэгцээ компаний удирдлага тухайн үед нь барьцаалсан төхөөрөмжөө өгөхгүй, тооцоогоо хийсэн бол ийм байдалд хүрэхгүй байсан гэж бодож байна. Иймд би дээрхи нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Тог ашиглаж үйл ажиллагаа явуулсан хүмүүсийг төлнө гэж бодож байна. Иргэн Цогоо, эхнэр Жавзаа нар нь Сэлэнгэ аймгийн Бугат тосгонд амьдардаг. Иргэн Гантулга Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд амьдардаг сурагтай байсан. 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1,609,000 төгрөгийг би төлөөгүй, хэн төлснийг нь мэдэхгүй гэжээ.

            Шүүх хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “М” ТӨҮГ нь М” ХХК-д холбогдуулан 3,552,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд, 2015 оны 09 сард иргэн Л.Гантулга, Цогоо нартай хамтарч ажиллаж эхэлсэн. Би өөрийн компанийн нэр дээр анхлан бүх гэрээг байгуулсан ба, Зэрэгцээ алтны үйлдвэртэй тог ашиглах гэрээг байгуулсан. Хамтран ажиллаж байсан Цогоогийн эхнэр Жавзаа одоо та нар хэрэггүй, цаашид бид өөрсдөө үйл ажиллагаагаа явуулна гэсний дагуу би гэртээ буцсан юм. Би явахдаа Цогоо,Гантулга нарт миний нэр дээр байгуулсан гэрээний дагуу бүх төлбөр тооцоог хийгээрэй гэдгийг анхааруулж хэлсэн.Иймд эдгээр хүмүүс нэхэмжилсэн төлбөрийг төлөх ёстой гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэр нь хариуцагч М” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Агаарын шугам ашигласан үйлчилгээний тухай гэрээ” байгуулан 1 квт цахилгаан эрчим хүчийг 237 төгрөгөөр тооцож, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг тухайн сарын 20-ны өдөр төлж барагдуулж байхаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд захирал Д.Оюунбаатар гарын үсэг зурсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар эрчим хүчээр хангах, худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ийн харьяа “Зэрэгцээ” алтны үйлдвэр нь гэрээнд заасны дагуу цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байсан байх ба М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр болох 7,606,278 төгрөгний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд барагдуулаагүй учир цахилгаан эрчим хүчийг хязгаарласан боловч тус компаний захирал Д.Оюунбаатар нь 10 дугаар сарын цахилгаан эрчим хүчний төлбөр болох 7,606,278 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтийг гаргаж, нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахин холболт хийсэн байна.  

Түүнчлэн М” ХХК нь 10, 11 дүгээр сард цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөр болох нийт 12,352,396 төгрөгийг тухайн онд төлж барагдуулаагүй, нэхэмжлэгчээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, харин 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөгийг төлсөн байх боловч, хариуцагчийн төлөөлөгч дээрхи төлбөрийг төлөөгүй, хэн төлсөн болохыг мэдэхгүй гэж тайлбарлаж байна.

            Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч нь дээрх тогийг ашиглаагүй, хамтран ажилласан гэх н.Цогоо, Л.Гантулга нар ашигласан гэж тайлбарлаж байх боловч, бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

            Хариуцагч М” ХХК нь нэхэмжлэгчид санал болгосоны дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг 6,800,000 төгрөгөөр тооцож 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр цахилгааны төлбөрт суутгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдөр 1,609,000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл төлбөр болох 3,552,196 төгрөг төлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М” ХХК-иас 3,552,196 төгрөг гаргуулан “М” ТӨҮГ-д олгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан М” ХХК-аас 3,552,196 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ТӨҮГ-т олгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,785 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М” ХХК-иас 71,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ТӨҮГ-т олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Б.БЯМБАСҮРЭН