Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2021/00170

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Б.А /Регистрийн дугаар: /-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, өөрийн байранд байрлах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ /Регистрийн дугаар: 2074192/-т холбогдох

Боломжит ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, З.Жаргалмаа, гэрч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А би 1980 онд төрсөн бөгөөд 2003 онд Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа Цагдаагийн Академийг төгсөн Эрх зүйч мэргэжилтэй болсон. Улмаар 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1/1770 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өр барагдуулах албанд өр барагдуулагчаар орж ажилласан. Ингээд 1 жилийн хугацаанд ажиллаж байтал бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж өр барагдуулах албыг татан буулгаснаар ажлаас халагдсан. Өр барагдуулах албанд тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг хуулийн хэлтэс рүү шилжүүлсэн. Халагдсан тухай тушаалыг одоог хүртэл надад гардуулан өгөөгүй өдийг хүрсэн. Ажлаас халагдах үед Өөр цех, хэлтэс рүү шилжүүлнэ, Ажлын байраар хангана гэсэн бөгөөд үүний дагуу үгэнд нь итгэсээр мөн л өдийг хүрсэн. Дээрх үгийг тухайн үеийн өр барагдуулах албаны дарга байсан Д.Гансүх, хуулийн хэлтсийн дарга байсан А Цэрэнсодном, хүний нөөцийн албаны дарга байсан Ш.Батдэлгэр, О.Хонгор нар хэлж байсан. Тухайн үедээ үйлдвэрийн дарга нарт хүсэлт гомдлоо гаргаж байсан бөгөөд Байнгын ажлаар хангах талаар анхаарна уу Боломжит ажил гарсан үед шийдэх Журмын дагуу шийдэх зэргээр бичгээр хариу өгч өргөдөл хүсэлтэд цохолт хийж байсан. Би энэ үед 3 хүртэлх насны бага хүүхэдтэй. өрх толгойлсон эмэгтэй байсан юм. Ингээд намайг халснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн асуудал болсон. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д намайг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие Б.А нь тус шүүхэд хандаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2015 оны 07 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх 64 сарын хөдөлмөрийн хөлс болох 44,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн дээрх хугацаанд тасарсан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Миний бие нь тус шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинд 44,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах байдлаар өөрчилж байна.

Миний бие нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээгээр өр барагдуулах албанд өр барагдуулагчаар орж ажилласан бөгөөд нэг жил орчим ажиллаж байтал уг алба татан буугдаж улмаар гэрээ цуцлагдсан. Тухайн үед гэрээг цуцлахдаа та нар ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй учраас цаашид гэрээт ажилчдаа ажлын байраар хангана, хоосон орхихгүй гэж хэлж амлалт өгч, итгэл найдвар үүсгэж ажлыг хүлээн авсан. Энэ амлалтад нь итгэж хүлээлт үүсч олон удаа өргөдөл өгч цохолт хийлгүүлсэн. Цохолт болгон нь боломжит ажил гарах үед шийдэх, дэмжлэг үзүүлж шийдэх зэрэг итгэл үзүүлсэн дэмжсэн хариуг өгч ирсээр 2020 он хүргэсэн. Ялангуяа тухайн үеийн Хүний нөөцийн дарга байсан Ш.Батдэлгэр, Х.Хонгор, Хуулийн хэлтсийн дарга Цэрэнсодном, албаны дарга Д.Гансүх, захирал Б.Алтанхуяг нар та нар хөлсөөр ажиллах гэрээтэй учраас шүүхээр яваад амжилт олохгүй, та нарыг орон тоо гарсан үед ажлын байраар хангана санаа зоволтгүй гэдэг үгийг хэлж байсан. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь өөртөө миний өмнө тодорхой ажилд авах үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл надад ингэж өргөдөл дээр цохолт хийж өгөөөд байгаа болохоор нэг л өдөр намайг дуудна, ажилтай болно гэж итгэж хүлээлт үүсгэж ирсэн. Хэрвээ тухайн үед миний өргөдлийг хүлээн аваагүй эсхүл боломжгүй гэсэн хариуг өгсөн бол би энэ олон жил хугацаа алдах шаардлага надад байхгүй байсан. Иймд намайг боломжит ажлаар хангах үүргээ биелүүлэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д даалгаж, миний зөрчигдсөн эрхийг хамгаалан шийдвэрлэж өгнө үү? Гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Анэхэмжлэлийг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2015 оны 07 сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын А/398 дугаар тушаалаар Өр барагдуулах алба 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр татан буугдсан. Энэхүү тушаалын дагуу Өр барагдуулах албаны ажилтнуудын хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цуцлагдсан. Б.А 1/155 тоот хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай гэрээт ажилтнаар ажиллаж байсан.

Б.Ахөлсөөр ажиллах гэрээний хугацаа өр барагдуулах алба татан буугдахаас өмнө 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд тус гэрээг сунгаагүй мөн, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байна. Иймд Б.Анэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Жаргалмаа шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Анэхэмжлэл, нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Б.А нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Өр барагдуулах албанд хөлсөөр ажиллах гэрээгээр өр барагдуулагчаар ажиллаж байгаад тус алба татан буугдсан тул Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 06-ны Б/748 дугаар тушаалын дагуу хөлсөөр ажиллах гэрээ нь дуусгавар болсон. “Эрдэнэт үйлдвэр” нь хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тохиолдолд тушаалыг хөлсөөр ажиллагчид гардуулж өгөх, шуудангаар хүргүүлэх зэргээр тухайн иргэнд мэдэгддэг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тушаалаа өдийг хүртэл гардаж аваагүй гэсэн боловч түүний шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2015 оны 09 сараас 12 сард ажилгүйдлийн тэтгэмж авсан нь тэмдэглэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтдээ ажлаас халагдсан тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгөхөөр хуульчилсан байдаг. Иймд нэхэмжлэгч Б.А нь тушаалаа гардаж авсан гэдэг нь үүгээр нотлогдож байна.

2. Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 06-ны Б/748 дугаар тушаал 2015 оны 07 сарын 06-ны өдөр гарсан тул хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.Аажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 44,800,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар Ерөнхий захирлын эдийн засаг хариуцсан орлогчийн шууд удирдлага дор ажиллах авлага барагдуулах алба байгуулагдсан. Тус албанд Б.А нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ нь цуцлагдсан.

Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.А 2 удаа ажилд орох өргөдөл гаргаж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өргөдөл өргөдөл өгөөд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөдлөө буцааж авсан байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл ирүүлснийг Захиргаа хүний нөөцийн бодлогын газар судалж хариу өгсөн байна. Нэхэмжлэгч Б.А Хуулийн хэлтсийн хуульчийн сонгон шалгаруулалтад 2 удаа оролцсон боловч тэнцээгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь иргэдийг ажилд сонгон шалгаруулалтаар авдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Айгулийг ажлын байраар хангах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад боломжит ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1/1770 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өр барагдуулах албанд өр барагдуулагчаар анх ажилд орж ажилласан байна.

Нэхэмжлэгч Б.А нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1/1770 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байх бөгөөд, тус компаний өр барагдуулах албаны гэрээт ажилтнаар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал 6 сарын хугацаатайгаар ажиллаж, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Б.Атай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг 3 сарын хугацаагаар буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Харин ийнхүү гэрээний хугацаа дуусгавар болсон, дахин сунгаагүй байх ба, “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь нэхэмжлэгч Б.Атэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Өр барагдуулах алба нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 06-ны өдрийн А/398 дугаар тушаалаар 2015 оны 07 сарын 07-ны өдөр татан буулгасан байх бөгөөд ажлын чиг үүрэг, орон тоо, цалингийн сангийн хамт Хуулийн хэлтсийн бүтэц, бүрэлдэхүүнд нэгтгэж, өр барагдуулах албаны ажилтнуудын хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээг Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/748 дугаартай тушаалаар цуцалсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ.....Өр барагдуулах албанд тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг хуулийн хэлтэс рүү шилжүүлсэн, халагдсан тушаалаа өдийг хүртэл гардаж аваагүй гэж тайлбарлаж байх боловч түүний хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авсан болох нь тэмдэглэгдсэн байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу ажилтан нь Нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргахдаа ажлаас халагдсан тухай шийдвэрийг бүрдүүлж өгөхөөр заасан байх ба нэхэмжлэгч нь тушаалаа гардан авсан болох нь ажилгүйдлийн тэтгэмж авсанаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь ажлаас халагдах үед өөр цех, хэлтэс рүү шилжүүлнэ, ажлын байраар хангана гэсэн тухайн үедээ үйлдвэрийн дарга нарт хүсэлт гомдлоо гаргаж байсан бөгөөд “Байнгын ажлаар хангах талаар анхаарна уу”, “Боломжит ажил гарсан үед шийдэх”, “Журмын дагуу шийдэх” зэргээр бичгээр хариу өгч өргөдөл хүсэлтэд цохолт хийж байсан гэж байгаа боловч энэ нь албан ёсны шийдвэр биш, түүнийг ажилд авах тушаал гараагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул дээрх цохолтууд нь хариуцагч түүнийг ажилд авах үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасны дагуу Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 06-ны Б/748 дугаар тушаал гарч гэрээ дуусгавар болсоноор нэхэмжлэгчийн дээрх хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Б.Анэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдох боломжит ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

           

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ             Б.БЯМБАСҮРЭН