Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 35

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч ЭҮ ТӨҮГ-т

                                     холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/00170 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭҮ ТӨҮГ-т холбогдох,

“Боломжит ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Б.А-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.А би 1980 онд төрсөн бөгөөд 2003 онд Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Цагдаагийн Академийг төгсөн Эрх зүйч мэргэжилтэй болсон. Улмаар 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 1/1770 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Уулын баяжуулах ЭҮХХК-ийн өр барагдуулах албанд өр барагдуулагчаар орж ажилласан. Ингээд 1 жилийн хугацаанд ажиллаж байтал бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж өр барагдуулах албыг татан буулгаснаар ажлаас халагдсан. Өр барагдуулах албанд тухайн үед ажиллаж байсан хүмүүсийг хуулийн хэлтэс рүү шилжүүлсэн. Халагдсан тухай тушаалыг одоог хүртэл надад гардуулан өгөөгүй өдийг хүрсэн. Ажлаас халагдах үед Өөр цех, хэлтэс рүү шилжүүлнэ, Ажлын байраар хангана гэсэн бөгөөд үүний дагуу үгэнд нь итгэсээр мөн л өдийг хүрсэн. Дээрх үгийг тухайн үеийн өр барагдуулах албаны дарга байсан Д.Гансүх, хуулийн хэлтсийн дарга байсан А Цэрэнсодном, хүний нөөцийн албаны дарга байсан Ш.Батдэлгэр, О.Хонгор нар хэлж байсан. Тухайн үедээ үйлдвэрийн дарга нарт хүсэлт гомдлоо гаргаж байсан бөгөөд Байнгын ажлаар хангах талаар анхаарна уу Боломжит ажил гарсан үед шийдэх Журмын дагуу шийдэх зэргээр бичгээр хариу өгч өргөдөл хүсэлтэд цохолт хийж байсан. Би энэ үед 3 хүртэлх насны бага хүүхэдтэй. өрх толгойлсон эмэгтэй байсан юм. Ингээд намайг халснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн асуудал болсон. Иймд ЭҮТӨҮГ-т намайг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Миний бие  Б.А нь тус шүүхэд хандаж, ЭҮТӨҮГ-д урьд ажиллаж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Иймд ЭҮТӨҮГ-аас 2015 оны 07 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэлх 64 сарын хөдөлмөрийн хөлс болох 44,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн дээрх хугацаанд тасарсан эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Миний бие нь тус шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинд 44.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах байдлаар өөрчилж байна. Миний бие нь ЭҮТӨҮГ-т 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээгээр өр барагдуулах албанд өр барагдуулагчаар орж ажилласан бөгөөд нэг жил орчим ажиллаж байтал уг алба татан буугдаж улмаар гэрээ цуцлагдсан. Тухайн үед гэрээг цуцлахдаа та нар ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй учраас цаашид гэрээт ажилчдаа ажлын байраар хангана, хоосон орхихгүй гэж хэлж амлалт өгч, итгэл найдвар үүсгэж ажлыг хүлээн авсан. Энэ амлалтад нь итгэж хүлээлт үүсэж олон удаа өргөдөл өгч цохолт хийлгүүлсэн. Цохолт болгон нь боломжит ажил гарах үед шийдэх, дэмжлэг үзүүлж шийдэх зэрэг итгэл үзүүлсэн дэмжсэн хариуг өгч ирсээр 2020 он хүргэсэн. Ялангуяа тухайн үеийн Хүний нөөцийн дарга байсан Ш.Батдэлгэр, Х.Хонгор, Хуулийн хэлтсийн дарга Цэрэнсодном, албаны дарга Д.Гансүх, захирал Б.Алтанхуяг нар та нар хөлсөөр ажиллах гэрээтэй учраас шүүхээр яваад амжилт олохгүй, та нарыг орон тоо гарсан үед ажлын байраар хангана санаа зоволтгүй гэдэг үгийг хэлж байсан. Энэ нь ЭҮХХК нь өөртөө миний өмнө тодорхой ажилд авах үүрэг хүлээсэн гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл надад ингэж өргөдөл дээр цохолт хийж өгөөд байгаа болохоор нэг л өдөр намайг дуудна, ажилтай болно гэж итгэж хүлээлт үүсгэж ирсэн. Хэрвээ тухайн үед миний өргөдлийг хүлээн аваагүй эсхүл боломжгүй гэсэн хариуг өгсөн бол би энэ олон жил хугацаа алдах шаардлага надад ******* байсан. Иймд намайг боломжит ажлаар хангах үүргээ биелүүлэхийг ЭҮТӨҮГ-д даалгаж, миний зөрчигдсөн эрхийг хамгаалан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Оюунгэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2015 оны 07 сарын 06-ны өдөр ЭҮХХК-ийн ерөнхий захирлын А/398 дугаар тушаалаар Өр барагдуулах алба 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр татан буугдсан. Энэхүү тушаалын дагуу Өр барагдуулах албаны ажилтнуудын хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах гэрээ 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр цуцлагдсан. Б.А 1/155 тоот хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 сарын 30-ны өдрийг дуустал 3 сарын хугацаатай гэрээт ажилтнаар ажиллаж байсан.Б.А-ийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа өр барагдуулах алба татан буугдахаас өмнө 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан бөгөөд тус гэрээг сунгаагүй мөн, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байна. Иймд Б.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Жаргалмаа шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэл, нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1.Б.А нь ЭҮ ХХК-ийн Өр барагдуулах албанд хөлсөөр ажиллах гэрээгээр өр барагдуулагчаар ажиллаж байгаад тус алба татан буугдсан тул Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 06-ны Б/748 дугаар тушаалын дагуу хөлсөөр ажиллах гэрээ нь дуусгавар болсон. ЭҮнь хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тохиолдолд тушаалыг хөлсөөр ажиллагчид гардуулж өгөх, шуудангаар хүргүүлэх зэргээр тухайн иргэнд мэдэгддэг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ тушаалаа өдийг хүртэл гардаж аваагүй гэсэн боловч түүний шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2015 оны 09 сараас 12 сард ажилгүйдлийн тэтгэмж авсан нь тэмдэглэгдсэн байна. Нийгмийн даатгалын сангаас олох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтдээ ажлаас халагдсан тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгөхөөр хуульчилсан байдаг. Иймд нэхэмжлэгч Б.А нь тушаалаа гардаж авсан гэдэг нь үүгээр нотлогдож байна. 2. Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 06-ны Б/748 дугаар тушаал 2015 оны 07 сарын 06-ны өдөр гарсан тул хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэгч Б.А-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 44.800.000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/484 дүгээр тушаалаар Ерөнхий захирлын эдийн засаг хариуцсан орлогчийн шууд удирдлага дор ажиллах авлага барагдуулах алба байгуулагдсан. Тус албанд Б.А нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ нь цуцлагдсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч Б.А 2 удаа ажилд орох өргөдөл гаргаж байсан бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өргөдөл өргөдөл өгөөд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөдлөө буцааж авсан байна. Мөн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өргөдөл ирүүлснийг Захиргаа хүний нөөцийн бодлогын газар судалж хариу өгсөн байна. Нэхэмжлэгч Б.А Хуулийн хэлтсийн хуульчийн сонгон шалгаруулалтад 2 удаа оролцсон боловч тэнцээгүй байна. ЭҮ ТӨҮГ нь иргэдийг ажилд сонгон шалгаруулалтаар авдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Айгулийг ажлын байраар хангах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/00170 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан Б.А-ийн нэхэмжлэлтэй, ЭҮ ТӨҮГ-т холбогдох боломжит ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А давж заалдсан  гомдолдоо:  

Шүүгч нь хэргийг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд биш өмнөх шаардлагатай холбоотой зүйл заалт буюу Хөлсөөр ажиллах гэрээний заалт, хөөн хэлэлцэх хугацааг баримтлан хольж хутган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна. Миний бие 2021-01-15-ны шүүх хуралдаан дээр өөр өмгөөлөгч авч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул шүүх хуралдаан 2021-02-02-ны өдрөөр хойшилсон. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа өөрөө нотлох хуульд заасан үүргийн дагуу гэрч Багдат, Алтантүлхүүр нарыг шүүх хуралдаан дээр асуулгахаар дагуулан ирсэн бөгөөд гэрчээр эдгээр хүмүүсийг оролцуулах хүсэлтээ шүүх хуралдаан эхэлмэгц гаргасан. Мөн Ерөнхий захирал Бадамсүрэнгийн цохолт бүхий шинэ өргөдлийн хувийг олж авсныгаа шүүхэд нотлох баримтаар өгч , эх хувийг нь ЭҮ ХХК-аас гаргуулан авах мөн бусад цохолттой өргөдлүүдийн эх хувийг гаргуулан авах хүсэлт тавьж эдгээр өргөдлүүд хуулбар учраас нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг хэлсэн. Гэтэл шүүгч хүсэлтийг хангахаас татгалзсан ба өмнө нь хүсэлтээ өгөөгүй учраас хүлээн авах боломжгүй гэж хэлээд шууд хурлыг үргэлжлүүлсэн. Өмнө нь хүсэлт гаргах хугацаа надад байгаагүй. Учир нь өөрчилсөн шаардлагыг хариуцагч тал гардаж аваагүй хариу тайлбар ирээгүй ба шүүх хурлын өмнөх өдрийн орой буюу 2021-02-01-нд ажил тарах үед хариу талбар ирлээ гэж дуудан танилцуулсан. Нэгэнт тайлбартай холбогдуулан хүсэлт бичих гэхээр маргааш өглөө нь 9 цагт хурал тулсан учраас шууд шүүх хуралдаан дээрээ нотлох баримтын эх хувийг хэрэгт хавсаргуулах, гэрч асуулгах хүсэлтээ хэлж, гэрчүүд бэлэн ирсэн байгааг мэдэгдэхээс өөр арга байгаагүй. ЭҮ ХХК-д гаргасан өргөдлүүд бүгд эрх бүхий захирлууд цохсон тэр тусмаа Ерөнхий захирал нь өөрөө ажилд авах талаар цохолт хийчхээд байхад доод албан тушаалтнууд нь авахгүй байсан явдал нь миний ажлаар хангагдах эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл, З.Жаргалмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч Б.А нь ЭҮ ХХК-ийн Өр барагдуулах албанд хөлсөөр ажиллах гэрээгээр өр барагдуулагчаар ажиллаж байгаад тус алба татан буугдсан тул Ерөнхий захирлын 2015 оны 07 сарын 06-ны Б/748 дугаар тушаалын дагуу хөлсөөр ажиллах гэрээ нь дуусгавар болсон. Энэ хугацаанд Б.А нь ажилд орох хүсэлтээ үйлдвэрийн захиргаанд хандан 1 удаа гаргаж байсан, 2 удаа тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн хуульчийн сонгон шалгаруулалтанд оролцсон боловч тэнцээгүй байна. Энэ тухай баримтыг хариуцагчийн зүгээс нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Б.А нь хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тухай Ерөнхий захирлын тушаал гарсан өдрөөс хойш 5 жил гаруйн дараа буюу 2020 оны 09 сард нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу 2015 оны 07 сарын 06-ны Б/748 дугаар тушаал, хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 2. Нэхэмжлэгч Б.А нь анх нэхэмжлэлийн шаардлагаа Эрдэнэт үйлдвэрт ажилд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон, дараа нь ажилгүй байсан хугацааны цалин 44.800.000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, хэсэг хугацааны дараа ажлын байраар хангахыг ЭҮ ТӨҮГ-т даалгах болгож өөрчилсөн. Түүний хүсэлтээр шүүх хурал удаа дараа хойшилсон бөгөөд эхний удаад өмгөөлөгчтэй оролцоно гэсэн хүсэлтийг хангаж, дараа нь өмгөөлөгчтэйгөө /А.Төмөрчулуун/ утсаар холбогдож чадаагүй, өмгөөлөгчтэй шүүх хуралдана оролцоно, Эрдэнэт үйлдвэрээс нотлох баримтууд гаргуулна, Д.Энхбаярыг өмгөөлөгчөөр авсан, өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэх зэргээр хэрэг маргаан шийдвэрлэгдэлгүй сунжирч 4 сар гаруй болсон. 3. Нэхэмжлэгч Айгүлийн төрсөн эцэг Багдат, ЭҮ ТӨҮГ-ын ЗХНБГ-т хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байсан Алтантүлхүүр нарын хүмүүс ямар үйл баримтыг нотлох талаар нэхэмжлэгч өөрөө өмнөх нэхэмжлэлүүд дээр огт дурдаж байгаагүй бөгөөд 2021 оны 02 сарын 02-ны өдрийн шүүх хурал дээр гэрч асуулгах хүсэлт гаргахдаа эдгээр хүмүүс хэрэгт ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг нотлох талаар тодорхойлж чадаагүй болно. 4.Хариуцагч талаас хариу тайлбарууд болон ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасны дагуу хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчийн шаардсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаж тухай бүр, заасан хугацаанд нь шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч Б.А нь өөрийнхөө өргөдлийн канондсон хувилбар гэх нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг шүүхэд гаргаж өгсөн байсан, хэрэв уг баримтаа нотолгооны ач холбогдолтой гэж үзэж байсан бол ИХШХШТХ-ийн 38.3, 44.2, 105.2 дугаар зүйлүүдийн дагуу хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан боловч хуулийн энэ боломжуудыг ашиглаагүй. Харин 2020 оны 02 сарын 02-ны өдөр шүүх хурал эхлэхэд шүүх хурлыг хойшлуулъя, үйлдвэрт ямар журмаар иргэнийг авдаг, сонгон шалгаруулалтын журам гаргуулъя гэх зэрэг хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь хуульд нийцсэн.Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/00170 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

        Нэхэмжлэгч Б.А нь “...ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж  “..бололцооны ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн төлөөлөгч “...   нэхэмжлэгч нь тухайн үед 3 сарын хугацаатай хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан, гэрээ сунгагдаагүй байхад Өр барагдуулах алба татан буугдаж Хуулийн хэлтэст нэгдсэн, нэхэмжлэгч тэтгэмж авч байсан, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...сонгон шалгаруултанд тэнцээгүй, хуулиар ажлын байраар хангах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримт гаргаж, мэтгэлцсэн байна. 

         Шүүх нэхэмжлэгч Б.А-ийн хариуцагч ЭҮ ТӨҮГ-т  холбогдуулан гаргасан “бололцооны ажлын байраар хангах үүргээ биелүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “...Хөлсөөр ажиллах гэрээний заалт, хөөн хэлэлцэх хугацаа баримтлан хольж хутган шийдвэрлэсэн, шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлын тухайд:

           1.Нэхэмжлэгч Б.А нь ЭҮ ХХК-д 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд  хөлсөөр ажиллах гэрээний дагуу Өр барагдуулах албанд гэрээт ажилтнаар ажиллаж байсан, гэрээний хугацаа сунгагдаагүй байхад буюу 2015 оны 7 дугаар сард  уг алба татан буугдаж Хуулийн хэлтэст нэгдсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж  талуудын хооронд Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.

           2.Ажил олгогчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Атай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг цуцалж шийдвэрлэснээс хойш талуудын хооронд хөдөлмөрийн болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй /ажил олгохоор харилцан тохиролцоогүй/, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолж шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй  байна. Тухайлбал  нэхэмжлэгч Б.А-ийн төрсөн эцэг Т.Багдатын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...охин Б.Айгүлийг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай” өргөдөл, өөрийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан “...ажлын байраар хангаж өгөх”-ийг хүссэн өргөдлийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн ба тэрээр уг нотлох баримтыг хэзээ, хаанаас хуулбарлаж авсан болох нь тодорхойгүй өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд ирүүлжээ.

        3.Нэхэмжлэгч Б.А-ийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гаргасан  “ажлын байраар хангаж өгөхийг хүссэн өргөдөл”-ийг ажил олгогч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй /буцааж авсан/, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөлд ажил олгогч 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 113/14 дугаартай албан тоотоор “...зарлагдаж буй ажлын байранд ...сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой”  тухай хариу өгч мэдэгдсэн байх тул шүүх 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Б/ 748 тоот тушаалаар талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон гэсэн дүгнэлт хийсэн Иргэний хуулийн 75 дугаар  зүйлийн 75.2.1.-д “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасантай нийцжээ.

        4.Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн гаргасан “...нотлох баримт гаргуулах, гэрчийн мэдүүлэг авахуулах”  тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.Тухайлбал нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн “...2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн  үндсэн ажилтнаар ажиллахыг хүссэн” тухай нотлох баримтын хуулбар нь  нотариатаар гэрчлэгдээгүй, хариуцагч  байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй, тэрээр нотлох  баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг гэрч нараас асууж тодруулах талаар тодорхойлж бичээгүй тул шүүх хүсэлтийг  хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл ******* гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 142/ШШ2021/00170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАТТӨР

 ШҮҮГЧИД                                                                С.УРАНЧИМЭГ

                                                                                         Б.ОЮУНЦЭЦЭГ