Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2020/01051/и |
Дугаар | 142/шш/2021/00106 |
Огноо | 2021-01-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 142/шш/2021/00106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Л.А нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ч овгийн Б.М /регистрийн дугаар ТЕ94102307/,
Нэхэмжлэгч:1 тоотод оршин суух, Ч овогт Д.Б /регистрийн дугаар КЮ67070510/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б овгийн Х.М /регистрийн дугаар ФБ84010772/-д холбогдох,
гэм хорын хохиролд 36 515 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч Д.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОЙРХОЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 01 дүгээр сарын 19-ний орой 18 цаг 30 минутын орчим П.Б нь Булган аймгийн Рашаант сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Пуужинбат хөшөө гэх газарт Х.Мын эзэмшлийн DAEWOO маркийн 94-25 оро улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа З.Х.Д-ийн 11.7-д заасныг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч миний өмчлөлийн Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 35 772 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Итгэл Эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд үнэлгээний ажлын хөлс 736 000 төгрөг зарцуулсан. Баримтуудыг нотариатоор гэрчлүүлэхэд 7 000 төгрөг зарцуулсан. Иймд Х.М-аас нийт 36 515 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Б.Мн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ хүн надаас 35 772 000 төгрөг нэхэмжилжээ. Би энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь П.Б нь техникийн эвдрэлийн улмаас гэнэт зайлшгүй зогсолт хийгээд байж байхад араас нь маш хурдтай нэг машин ирж манай машиныг мөргөөд тэр эрчээрээ эсрэг урсгалаар явж байсан LEXUS 570 маркийн машинтай мөргөлдсөн юм. П.Б нь замаа чөлөөлөлгүй зогссон гэж буруутаад 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн бөгөөд араас мөргөсөн машинд сууж явсан хүмүүсийн 3 нь нас барж, тэдний оршуулгын зардал болон машины хохирлыг П.Б бид хоёроор төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Харин энэ нэхэмжлэл гаргаад байгаа хүмүүс тухайн үедээ шинжээч томилуулж дүгнэлт гаргуулаагүй тул шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож байсан. Өөрсдөө ч анхан шатны шүүх хуралдаанд ирж байгаагүй юм.
Иймд тухайн үед Цагдаагийн байгууллагаар шинжээч томилуулж, машины эвдрэлийг тодорхойлуулаагүй, мөн би энэ хүний машинд эвдрэл учруулагүй, бас манай машиныг мөргөөд эсрэг урсгалд орсон тэр машины эзэмшигч хариуцах байх гэж бодож байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М, Д.Батболд нар хариуцагч Х.Мт холбогдуулан гэм хорын хохиролд 36 515 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа.
П.Б нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Пуужинтай хөшөө” гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний оройн 18 цаг 30 минутын орчимд Х.Мын эзэмшлийн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад тоормосны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан “Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслийг замын тухайн хэсгээс аль болох нэн даруй зайлуулах арга хэмжээ авбал зохино” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогссоны улмаас зам дээр зорчиж явсан жолооч Н.Б араас нь мөргөж, улмаар замын эсрэг урсгал руу орж жолооч Т.С-ийн жолоодож явсан Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсний улмаас А.Г эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.И, Н.Б, М.Г нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдсон,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн 3 хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч П.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499 дүгээр зүйлийн 499.4., 505 дугаар зүйлийн 505.1., 508 дугаар зүйлийн 508.1.-д зааснаар шүүгдэгч П.Б, иргэний хариуцагч Х.М нараас хувь тэнцүүлэн хохирол гаргуулж хохирогч нарт олгож, ...иргэний нэхэмжлэгч Д.Б... нар нь учирсан хохиролоо нотлох баримтаа хангалттай бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Daewoo загварын 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилснийг хохиролд тооцон олгож, Toyota Estima загварын 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэнд нь буцаан олгосугай” гэснийг Daewoo загварын 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Toyota Estima загварын 47-42 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Д.Б-д буцаан олгосугай” гэж,
Тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...17 190 969 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т...” гэснийг “...15 040 969 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-т..” гэж тус тус өөрчилж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Б.Э, Р.Ц, иргэний хариуцагч Х.Мын өмгөөлөгч Д.О нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор дээрхи шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э, Р.Ц нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 423 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 495 дугаар тогтоол, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэмй хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.1.-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499 дүгээр зүйлийн 499.4.-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
П.Б нь Х.Мын эзэмшлийн Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан, хариуцагч Х.М нь жолоогоо сайн дураар П.Бт шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хариуцагч буюу Daewoo маркийн 94-25 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Х.М нь бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тооцож хариуцагчаас үнэлгээгээр тогтоогдсон 35 772 000 төгрөг, үнэлгээ гаргуулахад ажлын хөлсөнд төлсөн 736 000 төгрөг, нотариатын зардал 7 000 төгрөг, нийт 36 515 000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулаагүй, харин мөрдөгчийн тогтоолоор томилсон үнэлгээчин болох “Лэндс” ХХК нь Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 5 483 750 төгрөгөөр үнэлсэн.Бид “Лэндс” ХХК-ийн үнэлгээний 50 хувиар тооцож хохирлыг төлөх саналтай байсан” гэж маргасан.
“Лэндс” ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мөрдөгчийн тогтоолд, “Итгэлт Эстимэйт” ХХК нь захиалагч Д.Б хүсэлтэд үндэслэн тус тус үнэлгээ гаргасан нь тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийн адил шинжээчийн дүгнэлт гэж үнэлэх боломжгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлт, хэргийн оролцогч өөрийн хүсэлтээр аливаа мэргэжлийн байгууллагаар гаргуулсан хохирлын үнэлгээ, тайланг бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Нэхэмжлэгч Д.Б эзэмшлийн Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоо бусдад зарагдсан тул дахин уг автомашинд хохиролын үнэлгээ хийлгэх боломжгүй байгааг харгалзан үзэж, хэрэгт авагдсан “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн үнэлгээ болох 35 772 000 төгрөг, “Лэндс” ХХК-ийн үнэлгээний болох 5 483 750 төгрөгийн дундаж үнэлгээгээр буюу нийлбэрийг 2 хувааж 20 627 875 төгрөг, баримтаар нотлогдож байгаа нотариатын зардал 7 000 төгрөгийг нэмж, хариуцагч Х.Маас нийт 20 634 875 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 880 125 төгрөгийг / үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 736 000 төгрөг нь автомашинд учирсан бодит хохиролд тооцогдохгүй /, мөн нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Мд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож буй үндэслэл нь Орхон аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар осол гарах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Д.Батболд байсан нь тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.Бат-Эрдэнэ учраас Б.М болон Д.Батболд нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш” гэж маргаж байгаа.
Гэвч Д.Бат-Эрдэнэ шүүхэд “...2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.М нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох 12-96 УНҮ улсын дугаартай Lexus 570 маркийн автомашинаа фидуцийн гэрээний дагуу барьцаалан надаас 25 000 000 төгрөгийг зээлж авч улмаар эргүүлэн төлж 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлдэгчийн аав болох Д.Б нэр дээр шилжүүлэн авсан. 2016 оны 06 дугаар сарын 15-нд Д.Б нь дээрхи автомашинаа фидуцийн гэрээний дагуу барьцаалан зээл авч зээлийн төлбөрөө барагдуулан автомашинаа 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буцаан шилжүүлэн авсан. Тухайн автомашин нь миний өмчлөлийн эд хөрөнгө биш тул өмчлөлийн маргаан байхгүй болно. Тиймээс тухайн автомашины өмчлөгч нь Д.Б мөн” гэсэн тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн байна.
Д.Б-ийн автомашины өмчлөгчийг тодорхойлсон үйл баримт нь 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, Орхон аймгийн автотээврийн төвөөс ирүүлсэн лавлагаагаар тус тус нотлогдсон.
Иймд нэхэмжлэгч Д.Б-ыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэж, нэхэмжлэгч Б.Мгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 261 124 төгрөг гаргуулж нэхэмжлэгид олгохоор заав.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хүргэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас хуралдаанд ирээгүй, зохигчид түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасныг баримтлан иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 499.4., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Х.М-аас 20 634 875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 880 125 төгрөг болон нэхэмжлэгч Б.М-ийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 525 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 261 124 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Батболдод олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.Ү
ШҮҮГЧИД Б.Б
Л.А