| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 187/2018/0052/Э |
| Дугаар | 780 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 780
2020 6 16 2020/ДШМ/780
Ү.Ут холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
шүүгдэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
хохирогч С.Жанчивдорж, түүний өмгөөлөгч Б.Энхдалай,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан болон хохирогч С.Жанчивдоржийн өмгөөлөгч Б.Энхдалайгийн гаргасан давж заалдах гомдлуудаар Ү.Ут холбогдох 201525013076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Ү-ийн У, 1983 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../;
Шүүгдэгч Ү.У нь “Женекон групп” ХХК-ийн захирал Б.Дайчинхүү, “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаа нарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 470 тонн арматур төмөр нийлүүлэхээр тохиролцож, үнэнд нь шилжүүлэн өгсөн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106б дугаар байрны 92 тоот, 36.61 м.кв
2 өрөө, 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42в байрны 17а тоот 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудыг С.Сүнжидмааг байхгүй үед 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт түүний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад зарж борлуулан, барьцаанд тавьж Б.Дайчинхүү, С.Сүнжидмаа нарын харилцан тохирч, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд зориуд хүргэн Б.Дайчинхүүд 440.852.700 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106Б дугаар байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42в байрны 17а тоот 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудыг зарж борлуулах, барьцаанд тавих итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн, улмаар уг хуурамч баримт бичгийг ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт хохирогч С.Жанчивдоржийн барьцаанд тавьж 200.000.000 төгрөг авч, 80.000.000 төгрөгийг өөртөө ашиглан, 120.000.000 төгрөгийг иргэний хариуцагч С.Сүнжидмаад шилжүүлэн, түүнд 200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, бусдад нийт 640.852.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ү.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Дэлдгэр галзууд овогт Үржинцогийн Уыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Ут оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Уын урьдчилан цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ү.Уаас 80.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч С.Сүнжидмаагаас 120.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Жанчивдоржид олгож, үл хөдлөхийн №000436215 дугаартай Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106Б байрны 121 тоот, 56.25 м.кв 2 өрөө байр, үл хөдлөхийн №000444480 дугаартай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42в байрны 17а тоот, 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудын бүртгэлийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106Б байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42в байр, 17а тоот, 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудыг хохирогч Б.Дайчинхүүд олгож, шүүгдэгч Ү.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ү.Уын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ү.Ут 6 жилийн ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Энэ хэрэгт Б.Дайчинхүүг хохирогчоор тогтоосноор Б.Дайчинхүүд төлсөн тухайн үеийн ханшаар 40.000.000 төгрөг, сүүлд мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ хийлгэж гаргуулсан 25.000.000 төгрөгийг яах нь тодорхойгүй болсон. Өөрөөр хэлбэл, Б.Дайчинхүүгийн 2 байр анхнаасаа хууль бус хэлцлийн дагуу бусдад шилжсэн, буцаад Б.Дайчинхүүд олгогдоно гэдгийг мэдэж байсан боловч Б.Дайчинхүү нь хохирогч гэдгээр дарамталж 40.000.000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр авсан. Сүүлд үнэлгээ хийлгэж 25.000.000 төгрөг болгосон. Тухайн 25.000.000 төгрөг хохирогч Жанчивдоржид очих ёстой байсан талаар тухайн үед маргаж байсан боловч одоог хүртэл шийдэгдэлгүй орхигдсон. Мөн Жанчивдоржийг Утай танилцуулаад Жанчивдоржоос авсан 200.000.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг авсан Сэргэлэнг иргэний хариуцагч, хамтран оролцогчоор энэ хэрэгт татахгүй байна. Жавчивдоржоос авсан 200.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй байсан Ү.У 6 жилийн хорих ял авчихаад байхад 120.000.000 төгрөгийг авсан Сүнжидмаа, 80.000.000 төгрөгийг авсан Сэргэлэн нар энэ хэрэгт татагдахгүй байна. Хэдийгээр Сэргэлэн нь Ү.Уаас 80.000.000 төгрөгийн авлагатай хэдий ч түүнийгээ хууль бус аргаар авах ёсгүй. Ү.У нь 80.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахын тулд Жанчивдоржид 200.000.000 орчим төгрөгийн үнэлгээ бүхий барилгын өнгөлгөөний пилта, 120.000 ам.долларын үнэ бүхий гүний өрөмдлөгийн машин, сайн чанарын экскаватор, ковш зэргийг төлбөрт тооцуулахаар өгсөн боловч хүсэлтийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байж байгаад шүүх хуралдаанд хохирол төлбөр төлөгдөөгүй гэж ярьсанд бид гомдолтой байна. Шүүх хуралдааны өмнөх өдөр “2018 онд үйлдвэрлэгдсэн “Land cruiser-200” загварын автомашиныг 80.000.000 төгрөгөнд тооцож түр аваач, цаашлаад хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэе” гэхэд тухайн үедээ хүлээж авсан мөртлөө шүүх хуралдаанд татгалзлаа гэж байсан. Үүнээс болж хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгч талаас хохирлоо төлж барагдуулаад хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх гэхээр Жанчивдорж татгалзаад байгаад бид гомдолтой байна. Мөн шийтгэх тогтоол гарсны дараа хохиролд 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Дизел” түлш авахаар тохиролцсон. Тэгээд “Дизел түлшээ ачаад хаана аваачиж өгөх вэ” гэхэд “бид давж заалдах гомдол гаргах гэж байгаа учраас түлшийг хүлээж авахгүй” гэж байсан. Өөрөөр хэлбэл, хохирлоо төлж барагдуулаад хуулийн дагуу шударгаар шийдвэрлүүлэх боломжийг нь хааж байгаад гомдолтой байна. Жанчивдоржийн 200.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй Ү.Ут 6 жилийн хорих ял оногдуулчихаад өөрийнхөө мөнгийг Ү.Уаас авахын тулд Жанчивдоржийг олж ирсэн Сэргэлэн энэ хэрэгт огт хамааралгүй явж байна. Мөн Б.Дайчинхүү нь тухайн үед 40.000.000 төгрөгийн үнэ бүхий, одоогийн үнэлгээгээр 25.000.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авчихаад дахин 2 өрөө байраа шүүхийн шийтгэх тогтоолоор эргүүлээд авчихаж байна. Хэдийгээр Ү.У нь гэмт хэрэгт холбогдсон ч гэсэн энэ нь түүний шударгаар төлсөн мөнгийг тооцохгүй байх үндэслэл болохгүй. Иймд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү, эсхүл Сэргэлэн, Дайчинхүү нарын асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ү.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолын 6 дахь талд “шүүгдэгч Ү.У нь Орхонтуулын өгөөж ХХК-ийн захирал С.Сүнжидмаагийн Бүгд Найрамдах Хятад Ард улсаас 470 тн арматур төмрийг “Женекон групп” ХХК-ийн захирал Б.Дайчинхүүд нийлүүлэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, Б.Дайчинхүүгийн мэдлийн орон сууцнуудыг С.Сүнжидмаагийн нэр дээр шилжүүлэн 440.852.700 төгрөгийн хохирол учруулсан” гэсэн байна. Тухайн үед Сүнжидмаа, Дайчинхүү нарыг би танилцуулж байгаагүй, Сугар гэж хүн танилцуулсан юм. Үүнийг Дайчинхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Мөн тухайн байрыг би үзүүлсэн төдий болохоос байр шилжүүлж байгаа асуудалд оролцсон зүйл байхгүй. 7 хоногийн дараа ирэхэд “Хөрш заан” ХХК-иас “Орхонтуулын өгөөж” ХХК руу 2 байр, хувь хүнээс 1 байр буюу нийт 3 байрыг Сүнжидмаа шилжүүлж авсан байсан. Намайг Дайчинхүүгийн “тэр үед Ү.У нь Сүнжидмаагийн ажлыг амжуулах гээд хөөцөлдөж байсан” гэх мэдүүлгээр яллаж байна. Мөн Сүнжидмааг эзгүй хойгуур буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт хуурамч гарын үсэг зурсан гэсэн байна. Гэтэл тухайн үед “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн нарийн бичиг Бурмаа, Алтанзаяа бид 3 хамт явж байгаад нотариат руу Алтанзаяа, Бурмаа нар орсон. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад олон удаа мэдүүлсэн. Гэрч Бурмаа мэдүүлэхдээ “2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сүнжидмаа захирал буяны ажлаар Америкын Нэгдсэн Улс руу явах шаардлагатай болсон учраас байрнуудаа барьцаанд тавиад зээл аваад эхний ээлжинд дансаа нээлгээрэй гэж хэлээд явсан юм. Сүнжидмаа эгч явахдаа компанийн тамга тэмдэг, итгэмжлэл бүх зүйлээ үлдээгээд явсан юм. Үүнээс хойш Отгонбаяр гэж миний таньдаг мөнгө зээлүүлдэг ах байдаг юм. Тэр хүн байр барьцаалаад 200.000.000 төгрөгийн зээл авах боломжтой байна гэсэн” гэж мэдүүлсэн. Бурмаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө Сүнжидмаа барьцаанд тавьж зээл авах бүхий л үйл ажиллагааг мэдэж байсан гэдгийг мэдүүлээд байхад би барьцаанд тавиад мөнгийг нь авсан юм шиг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Жанчивдоржоос авсан 200.000.000 төгрөгөөс би нэг ч төгрөг аваагүй. Тухайн үед Сэргэлэн намайг Жанчивдоржтой танилцуулсан юм. Тухайн мөнгөний 120.000.000 төгрөгийг Сүнжидмаа аваад дансаа нээлгэсэн. Түүний дагуу 120 тонн арматур орж ирсэн. Уг нь гэрээний дагуу 400 гаруй тонн арматур орж ирэх байсан. Гэтэл 120 тонн арматур орж ирсэнд би гайхаж байна. Ингээд Жавчивдоржоос авсан 200.000.000 төгрөгийг Сүнжидмаа, Сэргэлэн нар хуваагаад авсан юм. Би Сэргэлэнгээс машин зээлээр авсан байсан юм. Тэр машиныхаа мөнгийг нэхэхээр нь би “80.000.000 төгрөгөөр арматур авах хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл Сэргэлэн “80.000.000 төгрөгийг чинь би аваад Сүнжидмаа та хоёрт арматур авч ирж өгье” гээд аваад явсан юм. Түүнээс хойш холбоогүй алга болсон. Сүүлд Сүнжидмаа эгчийг Америкаас ирсний дараа Сэргэлэн тэр хоёр 120 тонн арматурыг хямдхан зарсан гэсэн. Би тухайн үед нь байгаагүй юм. Энэ зарсан мөнгөнөөсөө Б.Дайчинхүү нь С.Жанчивдоржид ямар нэгэн төлбөр төлөөгүй. Би С.Жанчивдоржид 30.000.000 төгрөгийн арматур, Гантөгсөд 7.000.000 төгрөгийн автомашин, 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн Б.Дайчинхүү “Бүгд Найрамдах Хятад Ард Улсад явж байна. Мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 2.500.000 төгрөг өгсөн. Сүүлд 2020 оны 4 дүгээр сард “мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь 6.000.000 төгрөг өгсөн” гэв.
Хохирогч С.Жанчивдоржийн өмгөөлөгч Б.Энхдалай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хууль бус шийдвэр гаргаж байгаагаа мэдсээр атлаа хамаг бурууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэдэг. Давж заалдах шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах асуудал прокурорын бүрэн эрхэд хамаарах учраас гэмт хэрэг үйлдсэн бүх этгээдийг яллагдагчаар татсан эсэхийг хянах эрх шүүхэд олгогдоогүй тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв...” гэж гэм буруутай этгээдүүдийн гэмт үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байтал яллах дүгнэлтээр оруулж ирээгүй нь шүүхэд огт хамааралгүй, прокурорын бүрэн эрхийн асуудал мэтээр тус тус дүгнэж шийдвэрлэснээс болж энэ хэрэг бүхэлдээ буруу шийдвэрлэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина...” гэсэн, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасныг ноцтой зөрчлөө гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 1.4 дэх заалтуудыг зөрчсөнөөс шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх нөхцөл байдал үүссэн.
- Иргэний хариуцагч С.Сүнжидмаа, гэрч Д.Сэргэлэнгийн тухайд:
1.1 Шүүхийн хууль бус шийдвэрийн дүгнэлтүүдээс шалтгаалан ялтан Ү.Уын “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн нэр дээрхи байруудыг бусдад шилжүүлэх, барьцаанд тавих асуудлуудыг АНУ-аас удирдаж зааварлаж байсан, барьцааны 120.000.000 төгрөг өөрийнх нь дансанд орсноос хойш залилан мэхлэх хэрэгт хамтран оролцож ирсэн С.Сүнжидмаа бусдад онц их хэмжээний хохирол учруулсан атлаа ял завшиж, гэрээ хэлцлийн үндсэн дээр хуулийн дагуу хийгдсэн мэт иргэний хариуцагч болгон дүгнэн шийдвэрлэгдэж байгаад гомдолтой байна.
С.Сүнжидмаа нь үнэхээр шударга журамт иргэн байсан бол АНУ-аас ирэнгүүт Ү.Уын хууль бус ажиллагааг таслан зогсоож, хуулийн дагуу арга хэмжээг авч иргэнийхээ үүргийн дагуу гэмт хэргийг хуулийн байгууллагад мэдээлэх ёстой байсан. Гэтэл энэ үеэс эхлэн С .Жанчивдоржийг Ү.У нартай хамтран үргэлжлүүлэн мэхлэж ирсэн нь хэргийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Хэрэв тухайн үед тэрээр миний үйлчлүүлэгчид 120.000.000 төгрөгийг буцаан өгчихсөн, төмөр оруулж ирсэн атлаа төмрөөр тооцоо хийж болох байсан боловч өөрт нь энэ бизнесийг хийх бодит боломж байхгүй гэдгийг АНУ-руу явахаасаа өмнө ХХБанкинд аккредитив нээхгүй гэж татгалзсан хариуг авсан үеэс мэдэж байсан атлаа Ү.Утай хамтран С.Жанчивдоржид янз бүрээр худал хэлж, итгэл найдвар төрүүлэн залилан мэхлэж ирсэн байдаг. С.Сүнжидмаа бусдаас мөнгө авч завшсанаас хойш 5 жилийн хугацаанд боломжтой байсан атлаа С.Жанчивдоржид нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй нь энэ хүний хувийн байдлыг тодорхойлж байгаагаас гадна С.Сүнжидмаагийн гэм буруутай үйлдэл, хамтын идэвхитэй оролцоо байгаагүй бол бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг цаашид үргэлжлэхгүй байх боломжтой байсныг шүүх анхааралдаа авахыг хүсч байна.
Шүүх энэ гэмт хэрэг зөвхөн Ү.Уыг хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилан мэхлэсэн үйлдэлд буруутгаж ял халдаасан боловч хэргийн бусад хамтрагч нарын гэмт үйлдэлд бодит байдалд нийцсэн дүгнэлт өгсөнгүй. Хохирогч С.Жанчивдорж нь С.Сүнжидмаатай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй, харин түүнд мэхлүүлэн хохирсон байгаа нь тодорхой байхад шүүх иргэд хоорондын хуулийн дагуу харилцаа мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
Гэрч Д.Сэргэлэн нь гэмт этгээдүүдэд С.Жанчивдоржийг заан өгч Ү.Уыг ашиглан өөрийн авах авлагадаа хохирогчийн мэхлэгдэн өгсөн 200.000.000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг нь хууль бус үйлдлийн улмаас авсан нь нотлох баримтуудаар тодорхой тогтоогдсон байдаг.
Гэмт хэрэг нь шүүхээр нэгэнт тогтоогдож, шүүхийн шийдвэрээр С.Жанчивдоржийн нэр дээрх орон сууцнууд хохирогч гэх Дайчинхүүд шилжүүлж өгсөн байхад гэрч гэх Д.Сэргэлэнгийн энэ гэмт хэргийн улмаас үр дүнд нь олж авсан 80.000.000 төгрөг яагаад шударга өмчлөгчдөө буцаагдахгүй хууль ёсны мэт шийдвэрлэгдэж байгаа нь ноцтой зөрүүтэй байдал үүсгэж байна.
- Ялтан Ү.Уын давж заалдах гомдлын тухайд:
Ялтан Ү.Уын давж заалдах гомдолтой танилцсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан ял шийтгэл нь түүний хийсэн гэм буруутай үйлдэлд тохирсон шийтгэл гэж үзэж байна.
Харин гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жилийн хугацаанд хохирогч нэг ч төгрөгийн хохирол төлбөрийг авч чадахгүй бодитойгоор хохирч байгаа бөгөөд Ү.Уын хувьд шүүх хуралдаан болохын өмнөх өдрийн орой ийм тийм юм байна өгье гэж утсаар ярьдаг боловч бодит байдал дээр хохирол огт төлөгдөөгүй байгаа нь үнэн юм. Үнэн хэрэгтээ С.Жанчивдоржийг анх Д.Сэргэлэн Ү.Ут заан өгч, итгэл төрүүлэн 200.000.000 төгрөг авсан байдаг боловч үргэлжилсэн хамтарсан үйлдлээр С.Сүнжидмаа гэмт хэрэгт идэвхитэй оролцон 120.000.000 төгрөгийг авч, Ү.У мөнгө авсан өдөртөө 80.000.000 төгрөгийг нь Д.Сэргэлэнд өгөх өрөндөө өгсөн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг. Эдгээр этгээдүүд гэмт хэрэгт хамтран оролцож бусдын өмч хөрөнгийг шунахай сэдлээр завшсан этгээдүүд болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул хийсэн хэрэгтээ тохирсон хуулийн хариуцлага хүлээж, төлбөрийг барагдуулах ёстой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.
Хохирогч С.Жанчивдорж “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.
Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Ү.У нь Сүнжидмаагийн нэр дээр байсан үл хөдлөх хөрөнгийг Сүнжидмааг Монгол улсад байхгүй байх хойгуур нь хуурамч бичиг баримт үйлдэн С.Жанчивдоржийн барьцаанд тавьж 200.000.000 төгрөгийг зээлсэн. Уг зээлсэн мөнгөнөөс 80.000.000 төгрөгийг Ү.У авсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч нараас энэ хэрэгт Сэргэлэнг иргэний хариуцагчаар татах ёстой гэдэг боловч Ү.У нь Сэргэлэнд 80.000.000 төгрөгийн өглөгтэй байсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Сэргэлэн шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Ү.Уаас авлагатай байсан учраас 80.000.000 төгрөгийг авсан. Түүнээс өөр хүнээс авсан мөнгийг над руу шууд шилжүүлсэн гэж мэдээгүй” гэж байсан. Мөн өөрийнхөө мөнгийг авч байгаа учраас уг мөнгө хаанаас орж ирж байна гэх эх сурвалжийг тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Б.Дайчинхүү, Сүнжидмаа нарын хооронд гэрээ байгуулагдаж Сүнжидмаагийн өмчлөлд байр шилжсэн болохыг Ү.У мэдэж байсан. Тэгээд Сүнжидмааг Америкийн Нэгдсэн улс руу явсны дараа тухайн байрыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээлийн барьцаанд тавьсан нөхцөл байдал хэрэгт авагдсан байна. Прокурорын зүгээс Сүнжидмааг залилах гэмт хэрэгт оролцоогүй гэж үзэж байна. Учир нь, Сүнжидмаа нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол улсад байгаагүй болох нь хилийн лавлагаагаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Ү.У нь “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаа нь “Женекон групп” ХХК-ийн захирал Б.Дайчинхүүд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 470 тонн арматур төмөр нийлүүлэхээр үнэнд нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106б дугаар байрны 92 тоот, 36.61 м.кв 2 өрөө, 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 42в байрны 17а тоот 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудыг “Орхонтуулын өгөөж” ХХК-д шилжүүлэхээр амаар харилцан тохиролцсоны дараа С.Сүнжидмааг АНУ руу явсан эзгүй байх үеэр 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйлдсэн хуурамч итгэмжлэлийг ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууцнуудыг бусдад зарах, барьцаанд тавих зэргээр Б.Дайчинхүү, С.Сүнжидмаа нарын харилцан тохиролцсон үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд зориуд хүргэн Б.Дайчинхүүд 440.852.700 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,
мөн “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106Б дугаар байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд 42в байрны 17а тоот 128.92 м.кв 4 өрөө орон сууцнуудыг зарж борлуулах, барьцаанд тавих итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэнийг ашиглаж дээрх орон сууцнуудыг 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 200.000.000 төгрөгийн барьцаанд тавьж, хохирогч С.Жанчивдоржоос бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зээлийн гэрээ байгуулж авсан 200000000 төгрөгөөс 80.000.000 төгрөгийг өөртөө ашиглан, 120.000.000 төгрөгийг “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн ажилтан Т.Бурмаагийн дансанд шилжүүлэн, С.Жанчивдоржид 200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, бусдад нийт 640.852.700 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Б.Дайчинхүүгийн "...2015 оны 8 дугаар сарын сүүлээр би С.Сүнжидмаа буюу “Орхонтуулын өгөөж” ХХК-д 3 байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн. Би бартераар авсан 7 байрны 2 байрыг “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал Сүнжидмаагаас барилгын арматур төмөр авах зорилгоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106Б байрны 5 давхарт 92 тоот, 9 давхарт 121 тоотод байрлаж байсан 2 байрыг барьцаанд тавьж “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Тэр асуудлыг У хөөцөлдөж байсан. Би Сүнжидмаатай буюу “Орхонтуулын өгөөж” ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, итгэлцлээр 2 байраа өгсөн. Сүнжидмаагийн байгууллага дээр очиж ярилцахад бодитой зүйл ярьж байсан учир итгэсэн юм. 2 байраа шилжүүлсний дараа У надад “та үлдсэн нэг байраа өгчих, 2 байрны үнэ аккредитив данс нээх мөнгөнд арай хүрэхгүй байна гэсэн тул би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байрыг “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. ...У надад хэд хэдэн удаа таслаад 28 тонн арматур өгсөн. Тэр арматур нь БНХАУ-аас оруулж ирсэн биш эндээс авсан Монгол арматур байсан. Уаас би нийт 30 орчим сая төгрөгийн арматур авсан. ...” /3хх 156-157/,
“...”Хөрш заан” ХХК-иас авч “Орхонтуулын өгөөж” ХХК-д шилжүүлээд алдсан 2 байрын 1 байрыг Оюунсүрэн гэдэг хүнд зарсан байсан. Тэр байрыг “Орхонтуулын өгөөж” ХХК-иас У, Уаас Алтанзаяа гэгч авч Оюунсүрэнд зарсан байсан. Алтанзаяа тэр байрныхаа оронд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 88.9 м.кв 2 өрөө байрыг өгье гэсэн. Тэр байрыг нь тухайн үед очиж үзээд Оюунсүрэнд зарсан байрны оронд авахаар болсон. Тэгээд би хамт ажилладаг, манай компани дээр гүйцэтгэл хийж байгаа Баярсайхан гэдэг хүн рүү тэр 2 өрөө байрны гэрчилгээг шилжүүлэн авсан. Тэр байранд одоо миний садан төрөл Заяа амьдарч байгаа. ..." /4хх 174/
хохирогч С.Жанчивдоржийн "...2015 оны 9 дүгээр сарын эхээр Сэргэлэн гэдэг залуу надтай уулзъя гэхээр нь уулзтал У гэдэг залууг дагуулж ирсэн юм. Сэргэлэн нь “энэ манай найз байгаа юм, урдаас 1000 тонн арматур төмөр оруулах гээд аккредитив данс нээлгэх гээд байгаа. 200.000.000 төгрөг зээлээч, барьцаа хөрөнгө нь найдвартай, 2 сарын хугацаатай мөнгө зээлээч” гэсэн хүсэлт тавихад У "би “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн менежер байгаа юм, манай компани урдаас 1000 тонн арматур оруулж ирэх гээд банкинд аккредитив данс нээлгэх гэсэн юм, хурдан хугацаанд буюу 7-10 хоногт арматураа авчирч нийлүүлэх шаардлагатай байна, манай компанийн өмчлөлд байдаг 3 байраа барьцаанд тавиад таны нэр дээр шилжүүлж өгнө, гэрээгээ байгуулахдаа 2 сараар байгуулъя” гэж хэлэхээр нь би барьцаа хөрөнгийг чинь үзье гэж хэлээд салсан юм. Үүнээс хойш 10 хоногийн дараа 100 айлд байрлах манай дэлгүүр дээр У компанийнхаа менежер Бурмаа гэх эмэгтэйтэй хамт ирэхдээ 2 байрныхаа гэрчилгээг авчирсан. Тэгэхдээ нэг байрыг нь өөр хүнд зарахаар болчихлоо, барьцаа нь найдвартай, буцаагаад хурдан хугацаанд авчих болохоор 2 байрыг нь барьцаанд тавъя гэж хэлээд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Алтанзаяа, У, Бурмаа 3-тай уулзсан. Тэгээд Алтанзаяа бид 2-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулаад Утай 200.000.000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. ..." /1хх 92/,
гэрч Г.Оюунсүрэнгийн “...манай дүү Ариунболд “Камаро” загварын 55-56 УНЕ улсын дугаартай автомашинаа Ганболдод 2015 оны 8 дугаар сард 35.000.000 төгрөгөөр худалдсан юм. 35.000.000 төгрөгөндөө арматур өгөхөөр тохиролцсон боловч 9 дүгээр сарын эхээр “арматур болон мөнгө өгч чадахгүй байна, оронд нь мөнгө нэмээд байр авчих гэсэн. Уг байрыг бид нар 75.000.000 төгрөгөөр авахаар болж Ганболдод 43.000.000 төгрөгийг нэмж өгөхөөр болсон. Бид нар 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байраа шилжүүлэн авсан. ...” /1хх 43-44/,
гэрч Т.Бурмаагийн "...2015 оны 8 дугаар сарын сүүлээр У нь “Женекон групп” ХХК-ийн захирал Дайчинхүү гэдэг хүнийг дагуулж ирээд Дайчинхүү нь "манайд бэлэн мөнгө бол байхгүй, үл хөдлөхөө танай компанийн нэр дээр шилжүүлэхээр танайх барьцаанд тавьж бэлэн мөнгө болгоод арматураа авч болно" гэж хэлсэн. ...байрыг манай компанийн нэр дээр шилжүүлсэн. Дээрх байруудаа банк болон банк бус санхүүгийн байгууллага, хувь хүмүүст барьцаанд тавихаар У, Ганбаяр 2 хөөцөлдөөд явдаг байсан. ... 2015 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр Сүнжидмаа захирал хувийн ажлаар АНУ-руу явах шаардлагатай болсон учраас байруудаа барьцаанд тавиад зээл аваад эхний ээлжинд аккредитив дансаа нээлгээрэй гэж хэлээд явсан юм. ...Үүнээс хойш У "миний нэг таньдаг ах байдаг юмаа, мөнгө зээлдүүлдэг хүн байна, тэр хүнээс зээл авах боломжтой байна, м.кв-ыг нь 1.000.00 төгрөгөөр бодож барьцаалаад 200.000.000 төгрөг авах боломжтой байна" гэж хэлсэн. Би энэ талаар захиралд хэлэхэд "зээл авах боломжтой бол барьцаанд тавиад нэн түрүүнд аккредитив дансаа нээ" гэж хэлсэн. Надад 128.92 м.кв байрны гэрчилгээ эх хувиараа байсан, харин 38.61 м.кв 2 өрөө байр, 56.25 м.кв 2 өрөө байрны гэрчилгээний эх хувийг У зээл хөөцөлдөх үед хүмүүст эх хувиар нь үзүүлэх шаардлагатай байна гэж хэлээд авчихсан байсан. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед У "зээлийн гэрээ хийх гэж байна, компанийн тамга, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, 128.92 м.кв байрны гэрчилгээг аваад ирээрэй" гэж хэлэхээр нь аваад очтол яг Сүхбаатар дүүргийн хойно байрлах нотариат дээр баахан залуучуудтай хамт байж байсан. ... би хальт хартал зээлийн гэрээ гэсэн толгойтой байсан, мөн гэрээг У иргэнийхээ хувьд хийчихсэн байхаар нь би ард нь гараараа "128.92 м.кв 4 өрөө, байр, 56.25 м.кв 2 өрөө байр нь “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн байр юмаа, уг байрнууд нь У, Жанчивдорж нарын 200.000.000 төгрөгийн барьцаанд тавигдсан, зээлээ төлж дуусахад ямар нэгэн маргаангүй буцаан шилжүүлэх болно" гэж бичээд тэрийгээ баталгаажуулсан. ... У ахиж залгаад "Хан-Уул дүүргийн хойно байдаг нотариат дээр хүрээд ир" гэхээр нь ...У "38,61 м.кв 2 өрөө байрыг арматур авах газар луугаа шилжүүлээд маргааш бэлэн 80.000.000 төгрөгийг нь өгчихөөр үдээс хойш гэхэд 150 тонн арматур ачигдана" гэж хэлээд нотариат орж тамгаа дарчих гэхээр нь би юун дээр дарж байгаагаа сонирхоогүй шууд компанийхаа тамгыг дарчихаад гэртээ харьсан. У маргааш нь буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 9 цагт Сүхбаатар дүүргийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс дээр хүрээд ирээрэй гэхээр нь явж очоод үл хөдлөх рүү материалаа өгтөл Жанчивдоржоос 120.000.000 төгрөг нь миний хувийн төрийн банкны 103900440143 дансанд ороод иртэл У "Үүр тээл" ХХК-иас арматураа ачуулах хэрэгтэй байна" гэхээр нь би тэнд хэн байгаа юм бэ гэж асуутал "Ганбаяр тэнд байгаа" гэж хэлээд 80.000.000 сая төгрөгийг бэлнээр гаргуулж авсан боловч тэр өдөр бороо ороод байсан учраас арматураа ачуулаагүй, ...2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 56.25 м.кв 2 өрөө байрныхаа материалыг Хан-Уул дүүргийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү өгөхөд үлдсэн 80.000.000 төгрөг нь миний дансанд орсон, тухайн үед арматураа ачуулах шаардлагатай байна гэж У руу өглөө залгахаар “үдээс хойш ачуулна”, үдээс хойш залгахаар “өнөөдөр чадсангүй маргааш ачуулна” гээд байдаг байсан. Би тухайн үед У "бэлэн мөнгийг чинь өгчихсөн байхад яахаараа арматураа ачуулахгүй байгаа юм бэ?" гэж асуухаар болох гээд байгаа одоохон гээд л байдаг байсан, надаас аккредитив чинь юу болж байнаа гээд асуугаад байдаг байсан. 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө захирал ирэхэд нь бэлэн мөнгөө юань болгуулж солиулаад бэлдчихсэн байсан учраас шууд аккредитив нээгээд 322.100 юанийг юаний дансанд байршуулчихсан. Тэрнээс хойш 150 тонн арматураа яасан бэ гэсэн хэрүүл гарч эхэлсэн, тэгэхээр У одоохон болох гээд байна гэж хэлдэг байсан. ..." /1хх 96-98/,
гэрч Д.Сэргэлэнгийн "...2015 оны сүүлээр У надтай уулзаад “найзад нь мөнгө яаралтай хэрэгтэй байна, машинаа надад зараач” гэж хэлэхээр нь яах гэж байгаа талаар асуухад “БНХАУ-аас арматурын төмөр оруулж ирэх гээд мөнгө хэрэгтэй байна, би чиний машиныг чинь зараад 14 хоногийн дотор эргүүлж байгаад буцаагаад өгье” гэхээр нь зээлийн гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийгээд машинаа өгсөн. Тэрнээс хойш хэсэг хугацааны дараа У над руу залгаад арматурын төмөр оруулж ирэх гэхэд мөнгө дутаад байна, 200 сая төгрөг байвал зээлүүлээч гэж гуйхаар нь найз Төмөрбаатартай уулзаж 100 сая төгрөг бүрдүүлээд Утай уулзахаар Хан-Уул дүүргийн “Хан-Уул тауэрт” очиход У Сүнжидмаа гэх эмэгтэйтэй хамт сууж байсан. ...Худалдаа хөгжлийн банкинд зээл авах гээд материалуудаа өгчихсөн байгаа, одоогоор үзүүлэх юм алга гэж хэлэхээр нь бид хоёр мөнгөө өгөлгүй буцаад явсан. ... 200 сая төгрөг хэрэгтэй байна, барьцаанд нь 3 орон сууц тавина гэж хэлэхээр нь танил Жанчивдорж гэдэг хүнтэй ярьж, Уын хэлснийг дамжуулж хэлээд тэр хоёрыг холбож өгсөн. Тэрнээс хойш 4-5 хоногийн дараа У, Жанчивдорж хоёр уулзалдаад мөнгөө авчихсан байсан ба У надад өгөх ёстой 75.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /5хх 9/ гэх мэдүүлгүүд,
“Орхонтуулын өгөөж” ХХК-иас БНХАУ-ын Тианжин Хаолижин Стийл Трэйд ХХК-д юань шилжүүлсэн баримт /1хх 11-13/, Импортын аккредитив нээсэн баримт /1хх 14, 6хх 177, 179/, “Орхонтуулын өгөөж” ХХК болон "Женекон групп" ХХК-ийн хооронд бараа материал худалдах, худалдан авах гэрээ /1хх 15-16/, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /1хх 17-19/, Орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /1хх 29-31/, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 03/7328 дугаартай албан бичгийн хавсралт /1хх 45/, Д.Сүнжидмаагийн гадаад паспортын хуулбар /1хх 66-67/, итгэмжлэл /1хх 68, 4хх 42/, зээлийн гэрээ, хавсралт /1хх 72-73/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан аван гэрээ /1хх 75, 216, 4хх 40/, зээлийн гэрээ /1хх 80, 4хх 205, 6хх 228/, Ү.Уын эзэмшлийн Голомт банк нь дахь 3000001045 дугаартай дансны хуулга /2хх 95-106/, Ү.Уын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк нь дахь 499122770 дугаартай депозит дансны хуулга /2хх 108-111, 3хх 16-32/, Ү.Уын эзэмшлийн Төрийн банк дахь 13000024413 дугаартай дансны хуулга /2хх 113, 3хх 35/, Ү.Уын эзэмшлийн Хаан банк дахь 5094484117 дугаартай дансны хуулга /2хх 114-116, 4хх 8-16, 5хх 148-265/, Т.Бурмаагийн эзэмшлийн Төрийн банк дахь 103900440143 дугаартай дансны хуулга /3хх 226/, бэлэн мөнгөний орлогын баримт /2хх 169/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2хх 189-197/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /4хх 76-89, 6хх 157-161/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /4хх 206/, хамтарсан компани байгуулж ган материалын борлуулалтын үйл ажиллагаа явуулах гэрээ /4хх 215/, худалдааны гэрээ /5хх 94-102/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хавсралт /5хх 103, 105/, төлбөр төлсөн баримт /5хх 104/, худалдах, худалдан авах гэрээ /5хх 113-116/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Ү.Уыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч бичиг баримт ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ү.Уыг “Женекон групп” ХХК-ийн захирал Б.Дайчинхүү, “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн захирал С.Сүнжидмаа нарын арматур төмөр нийлүүлэх, төмрийн үнэнд 3 орон сууц шилжүүлэхээр амаар харилцан тохиролцсон үүргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд зориуд хүргэн Б.Дайчинхүүд 440.852.700 төгрөг буюу их хэмжээний хохирол,
мөн “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106б дугаар байрны 92 тоот, 36.61 м.кв, 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 42в байрны 17а тоот, 128.92 м.кв, 4 өрөө орон сууцнуудыг зарж борлуулах, барьцаанд тавих итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэнийг ашиглан 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баяндөл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг нотариатын газарт зээлийн гэрээ байгуулан хохирогч С.Жанчивдоржийн барьцаанд тавьж 200.000.000 төгрөг авч, 80.000.000 төгрөгийг өөртөө хэрэглэж, 120.000.000 төгрөгийг “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн ажилтан Т.Бурмаагийн дансанд шилжүүлж, С.Жанчивдоржид 200.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, бусдад нийт 640.852.700 төгрөгийн хохирол учруулан бусдыг залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгч Ү.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан “...Б.Дайчинхүүг хохирогч гэж үзээд хохиролд Ү.Уаас мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 25.000.000 төгрөгийн үнэ бүхий арматур төмрийн үнийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан, Сэргэлэнг хамтран оролцогч яллагдагч, эсвэл иргэний хариуцагчаар татан шалгаж төлбөр төлүүлэх үндэслэлтэй эсэхийг мөрдөн шалгаж дүгнэлт өгөх шаардлагатай, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн, хохирогч С.Жанчивдоржийн өмгөөлөгч Б.Энхдалайгийн гаргасан “...хэргийн бусад хамтрагч нарын гэмт үйлдлийн талаар бодит байдалд нийцсэн дүгнэлт өгөөгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн тус тус давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ү.Уын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсний дагуу шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг судлан үзэхэд, С.Сүнжидмаа нь 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Буянт-Ухаа боомтоор хил гарч, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр орж ирсэн болох нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2015 оны 03/7328 дугаартай албан бичгийн хавсралт /1хх 65/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ү.У нь С.Сүнжидмааг Монгол Улсад байхгүй үед буюу 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр нотариатын газарт түүний гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч баримт бичиг үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдад худалдах, шилжүүлэх, барьцаанд тавих, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах, төлбөр тооцоо бодох, нэхэх, захиран зарцуулах хуурамч итгэмжлэл /1хх 68/-ийг ашиглаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106б дугаар байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42в байрны 17а тоот 128.92 м.кв 4 өрөө орон сууцыг тус тус хохирогч С.Жанчивдоржийн барьцаанд тавьж, түүнийг залилан 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1хх 72-73/ байгуулж, 80.000.000 төгрөгийг иргэн Д.Сэргэлэнгээс авсан автомашины үнэд өгч, 120.000.000 төгрөгийг “Орхонтуулын өгөөж” ХХК-ийн ажилтан Т.Бурмаагийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул Д.Сэргэлэнг хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд С.Сүнжидмааг иргэний хариуцагчаар татсан нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.
Түүнчлэн хохирогч Б.Дайчинхүү нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Хөрш заан хотхоны 106б дугаар байрны 92 тоот, 36.61 м.кв 2 өрөө орон сууцны оронд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 46 дугаар байрны 13 тоот, 88.9 м.кв, 2 өрөө орон сууцыг авч ашиглаж байгаа бөгөөд Ү.Уаас 30.000.000 төгрөгийн арматур төмөр авсан тухай анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул энэ талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй юм. Харин шүүгдэгч Ү.У нь төлбөрийн талаарх маргаантай асуудлаа жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох...” гэж зааснаар хүчин төгөлдөр бус зээлийн гэрээгээр С.Жанчивдоржид шилжсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 42в дугаар байрны 17а тоот, 128.92 м.кв 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106б байрны 121 тоот 56.25 м.кв 2 өрөө орон сууцнуудыг тус тус хохирогч Б.Дайчинхүүд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин шүүх, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Ү.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хохирлын хэмжээг орхигдуулсан байдлыг нэмж, баримт бичиг үйлдэж гэснийг ашиглаж гэж зөвтгөн өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч С.Жанчивдоржийн өмгөөлөгч Б.Энхдалай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Шүүгдэгч Дэлдгэр галзууд овогт Үржинцогийн Уыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч бичиг баримт үйлдэж, бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Дэлдгэр галзууд овогт Үржинцогийн Уыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг ашиглан эд хөрөнгө шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.У, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч С.Жанчивдоржийн өмгөөлөгч Б.Энхдалай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ