Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00131

 

Г.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00095 дугаар шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 224/МА2023/00012 дугаар магадлалтай,

Г.Оын нэхэмжлэлтэй

О.Н, Б.Э, Х.А, Д.Тнарт холбогдох

   Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Б, хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж, хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Тнарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00095 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Тнараас эрүүл мэндэд учирсан хохиролд 4,223,042 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4,525,528 төгрөг, нийт 8,748,570 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,917,665 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Тнараас улсын тэмдэгтийн хураамж 154,927 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 224/МА2023/00012 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00095 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан О.Наас гэм хорын хохиролд нийт 8,748,570 /найман сая долоон зуун дөчин найман мянга таван зуун дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,917,665 /гурван сая есөн зуун арван долоон мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: О.Н, Б.Э, Х.А, Д.Тнараас улсын тэмдэгтийн хураамжид 154,927 /нэг зуун тавин дөрвөн мянган есөн зуун хорин долоо/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж гэснийг О.Наас улсын тэмдэгтийн хураамжид 154,927 /нэг зуун тавин дөрвөн мянган есөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Давж заалдах шатны шүүх нь үндэслэл хэсгийн 4.2-д “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцагч нарын учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч О.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан, Улаанбаатар хотод компьютер томограф шинжилгээ хийлгэж тархи болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн нь О.Нын хууль бус үйлдэлтэй шалтгаан холбоотой болно. Д.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн улмаас үүссэн гэх хохирлыг дангаар хариуцах үндэслэлтэй байна. Хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарын үйлдлийн улмаас Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан. Хөнгөн зэргийн гэмтэл нь түүнээс үүссэн эд эрхтний хямрал нь 4 долоо хоног буюу 28 хоногоос доош хугацаагаар үргэлжлэх буюу түр хугацаагаар сарнихаар заасан, хөнгөн зэргийн хор уршиг нь арилсан тул хариуцагч Б.Э, Х Алдар, Д.Тнар нь Д.Б эрүүл мэндэд учирсан үлдэц хор уршгаас үүссэн гэм хорын хохирлыг хамтран хариуцах үндэслэлгүй. ...” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нь үндэслэл хэсэгтээ О.Н, Х.А, Д.Тнарын хууль бус үйлдлийн улмаас Д.Бийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон тул гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд хамтран оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж зааснаар учирсан гэм хохирлыг хариуцагч нар хамтран хариуцах үндэслэлтэй гэж анхан шатны шүүх үзсэн.

Давж заалдах анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 497.1 хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 497.3-т Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжиж тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэсэн хуулийн дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолд дараах тайлбарыг ирүүлжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ Г.Оын 2022.02.21-ний өдрийн шүүхэд гаргасан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 11,426,961 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,284,182 төгрөгөөр нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Иймд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.04.12-ны өдрийн 17 дугаартай магадлалд “... Хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг тархинд учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Нын хохирогчийн хоолойг боож цементэн талбай дээр савж унагаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй"... гэж шийдвэрлэсэн.

Хариуцагч Д.Т, Б.Э, Х.А нар нь Д.Бийн биед зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан байдаг. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Хоёрын 2.4. Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан (түр); 2.4.2.хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-15%) тогтонги байдлаар алдагдсан гэмтэл хамаардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2. Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.3.Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.

Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ. Дээрх хуулийн дагуу хариуцагч О.Н нь хүнд гэмтлийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Г.Оын нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохиролд 4,223,042 төгрөг, 2020.08 дугаар сараас 2022.11 дүгээр сарыг дуусталх хугацаанд авах цалингийн зөрүү 4,525,528 төгрөгийг хариуцагч О.Наас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. О.Н нь 2019.07.27-ноос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Д.Бийн хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас газар унаж, хохирогчийн тархинд хүнд гэмтэл учруулсан, тус гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг тархинд учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Нын хохирогчийн хоолойг боож цементэн талбай дээр савж унагаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Нэхэмжлэгч Г.О нь хүү Д.Бийн биед учирсан гэмтлээс үүдэлтэй илэрч буй өвчин эмгэг, гэмтлийн үлдэц, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор оношилгоо хийлгэхээр Улаанбаатар хот явсан замын зардал, хэрэглэсэн эм тариа, эмчилгээний зардал, оношилгооны төлбөр болон хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авах ёстой байсан цалингийн зөрүү зэрэг нийт 12,666,235 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн замын зардал, оношилгооны төлбөр, эмчилгээ хийлгэсэн, эм тариа худалдан авсан зардал зэрэгт 4,223,042 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авах ёстой байсан цалингийн зөрүү 4,525,528 төгрөг нийт 8,748,570 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,917,665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн.

Хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жын Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.20-ны өдрийн 224/МА2023/0012 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 172 дугаар зүйлийн 172.2.Хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргана, 172.2.1.анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, 172.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, 172.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаагүй тул хэлэлцүүлэхээс татгалзаж өгнө үү. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.20-ны өдрийн 224/МА2023/0012 дугаартай магадлалыг хэвээр үлдээж хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жын гаргасан гомдлыг хангахгүй орхино уу гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 001ШХТ2023/00659 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

7. Хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Г.О /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ нь хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Тнарт холбогдуулан гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “Миний хүү Д.Б нь 2019.07.27-28-нд шилжих шөнө О.Н, Б.Э, Х.А, Д.Тнарт зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан. ... эрүүл мэнд нь сайжрахгүй байгаа ... Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадварыг 24 сарын хугацаанд 80 хувь алдсан гэдгийг тогтоосон. ... гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явах байсан. ...” гэж тодорхойлсон.

9. Хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “хариуцагч О.Н эрүүгийн хэргийн шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. ... хохирогчийн Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон бензиний зардал зэргээс өөрт ногдох хэсгийг зөвшөөрч, ... групп тогтоолгон сар бүр халамжийн мөнгө авдаг учир цалингийн орлого 8,064,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцна. Иймд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Тнар хувааж хариуцах ёстой” гэж тайлбар ирүүлжээ.

10. Хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэлд О.Н гэм буруутай болох нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад Б.Э, Х.А, Д.Тнараас гэм хорын хохиролд 12,666,235 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ... Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн тодорхойлолтыг үндэслэн цалингийн зөрүүг гаргуулах боломжгүй. ... Эмчилгээний зардлыг О.Наас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.” гэв.

11. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8,748,570 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. “...О.Н, Б.Э, Х.А, Д.Тнарын хууль бус үйлдлийн улмаас Д.Бийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон тул гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон гэж үзэж учирсан гэм хорын хохирлыг хариуцагч нар хамтран хариуцах үндэслэлтэй. ... Д.Бийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс 449,626 төгрөгөөс хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжид сар бүр авдаг 288,000 төгрөгийг хасаж 2020.08 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4,525,528 төгрөг /449,626 төгрөг-288,000 төгрөг = 161,626 төгрөг х 28 сар = 4,525,528 төгрөг /-ийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй, нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 4,223,042 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.”гэж дүгнэжээ.

12. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож “... Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Оын гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэм хорыг хариуцвал зохих этгээдийг буруу тодорхойлсон байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар О.Н Б.Э, Х.А, Д.Тнарын гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. ... хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан нь хариуцагч О.Нын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой ба О.Н нь Д.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг дангаар хариуцах үндэслэлтэй ... хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарын үйлдлийн улмаас Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул ... гэм хорын хохирлыг хамтран хариуцах үндэслэлгүй” гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.

13.Хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жын “Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэстэй байна.

 14. Зохигч 2019.07.27-ноос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Д.Бийн биед хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн улмаас хариуцагч О.Н,  Б.Э, Х.А, Д.Тнар эрүүгийн хариуцлага хүлээсэн үйл баримтын тухайд маргаагүй. Хэдийгээр хариуцагч нарын үйлдсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж ял шийтгэл ногдуулсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт хариуцагч О.Н болон бусад хариуцагч болох Б.Э, Х.А, Д.Тнарын үйлдсэн гэмт хэргийг ялгаатай зүйлчилж, зохих хариуцлагыг ногдуулсан байх боловч энэ нь эдгээр шүүгдэгчдийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэм бурууг иргэний эрх зүйн үүднээс дүгнэлт өгөхөд саад болохгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт заасан “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон ...” гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан зөрчлийг хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Тнар хамтран гаргасан байх ба хохирогч Д.Б хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж, цалин орлого, эмчилгээний зардал зэрэг эд хөрөнгийн хохирол учирсан явдалд хариуцагч нар иргэний эрх зүйн гэм буруутай гэж үзнэ.

Харин хариуцагчдын гэм буруугийн хэмжээг тэнцүү тогтоох нь учир дутагдалтай. Хохирогч Д.Бийн эрүүл мэндийг сарниулж, хохирол учруулсан нөхцөл байдалд хариуцагч О.Нын үйлдэл шууд нөлөөтэй байгаа бол Б.Э, Х.А, Д.Тнар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасан “... уруу татсан, дэмжин тусалсан ...” үйлдлийг илэрхий гаргасан нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байна. Хариуцагч нар эрүүгийн хэргийн хувьд ялгаатай зүйлчлэгдэх гэмт хэрэг үйлдсэн байж болох ч иргэний эрх зүйн хариуцлагыг хамтран хүлээх зөрчлийн бүрэлдэхүүнийг хангасан буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан зөрчлийг мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т заасан урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.

Иймд гэм буруутай үйлдлийнх нь улмаас шууд хохирол учирсан тул хариуцагч О.Ныг нэхэмжлэгчид учирсан хохирлын 40 хувийг дангаараа хариуцах, хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнарыг тус бүр 20, 20 хувиар нийт хохирлын 60 хувийг хариуцах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

15. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 4,223,042 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүү 4,525,528 төгрөг, нийт 8,748,570 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба уг төлбөрийг тооцсон аргачлал, нотлох баримтын тухайд хариуцагч нар маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар Д.Бийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь Д.Бд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

16. Анхан шатны шүүх дээрх шаардах эрхийн дагуу дүгнэлт өгөхдөө учирсан хохирлыг хариуцагч тус бүрээс гэм буруугийн хэр хэмжээг үл харгалзан тэнцүү гаргуулахаар шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн зөрчилд өгсөн гэм буруугийн дүгнэлтэд шууд үндэслэж гагцхүү хариуцагч О.Наас гаргуулахаар дүгнэсэн нь энэхүү тогтоолын Хянавал хэсгийн 14-т өгсөн үндэслэлээр буруу болжээ.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирол 8,748,570 төгрөгийн 40 хувьтай тэнцэх хэсэг 3,499,428 төгрөгийг хариуцагч О.Наас, 20 хувьтай тэнцэх хэсэг 1,749,714 төгрөгийг хариуцагч Б.Э, 20 хувьтай тэнцэх хэсэг 1,749,714 төгрөгийг хариуцагч Х.А,  20 хувьтай тэнцэх хэсэг 1,749,714 төгрөгийг хариуцагч Д.Тнараас тус тус гаргуулан хохирогч Д.Бийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгч Г.От олгох нь зүйтэй байна.

17. Хохирогч Д.Бийг төлөөлөн түүний эх Г.О нэхэмжлэл гаргасныг буруутгахгүй бөгөөд хохирогч Д.Б нь хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж, одоогоор сэтгэцийн хувьд эмгэгтэй гэх дүгнэлтийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан нь хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагджээ. 

18. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 8,748,570 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагч тус бүрээс дээр дурдсан хувь хэмжээгээр гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,917,665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэр магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 224/МА2023/00012 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00095 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч О.Наас 3,499,428 төгрөгийг, хариуцагч Б.Эгээс 1,749,714 төгрөгийг, хариуцагч Х.Ааас 1,749,714 төгрөгийг, хариуцагч Д.Тгаас 1,749,714 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Бийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,917,665 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагч О.Наас 70,941 төгрөгийг, хариуцагч Б.Э, Х.А, Д.Тнараас тус бүр 42,945 төгрөгийг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.15-ны өдөр төлсөн 120,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД