Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 224/МА2023/00012

 

                Г.О-ын  нэхэмжлэлтэй, О.Н,

Б.Э, Х.А, Д.Т нарт

        холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00095 дугаар шийдвэртэй,

Г.О-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт холбогдох, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол 12.666.235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О-ын  өмгөөлөгч Я.Батханд /цахимаар/, хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.О-ын  нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 12.666.235/ арван хоёр сая, зургаан зуун жаран зургаан мянга, хоёр зуун гучин тав/  төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэхэмжлэгч Г.О нэхэмжлэл болон тайлбартаа : Миний хүү Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учирсан. Энэхүү гэмт хэргийн улмаас хүүгийн маань биед тархины няцрал, зүүн дух, зулай чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн, дух чамархай хэсгийн баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний эргэн тойрон, цээж баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд зүүн шагайны үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл үүссэн. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайжраагүй, тархины гэмтэл нь бүрэн эдгэрээгүй, тархины хүнд гэмтлийн дараах хор уршиг хүндрэлүүд учирч байна.

Д.Б нь байнгын эмчилгээ, асаргаатай байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш эрүүл мэнд нь сайжрахгүй байгаа тул дээрх гэмтэлтэй холбоотойгоор өдөр тутам эмчилгээ сувилгаа хийлгэж байна.

Иймд хуульд заасан эрхийнхээ хүрээнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хүү маань Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн болон өрхийн эмчийн хяналтад байж эмчлүүлж байгаа, нөхөн сэргээх эмчилгээнүүд хийлгэсэн. 2021 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу явж нүд, тархины эмчилгээ, оношилгоо хийлгэсэн зэргээр шаардлагатай эмчилгээ сувилгаа хийлгэх, эм тариа худалдаж авах, унааны зардал, эмчилгээ оношилгооны төлбөрт нийт 2.983.768 төгрөгийг зарцуулаад байна. Д.Б нь тухайн гэмт хэргийн улмаас хөнгөн, хүнд гэмтлүүд авч хохирон Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадварыг 24 сарын хугацаанд 80 хувь алдсан гэдгийг тогтоосон.

Хүү маань гэмт хэргийн хохирогч болж, хөдөлмөрийн чадвар алдахаасаа өмнө “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн няраваар ажиллаж байсан. Гэтэл эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Ингэж гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдаагүй байсан бол ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явах байсан. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг шүүгдэгч нараас гаргуулж авсан. Улмаар 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин нийт 16.507.193 төгрөг болж байна.

Үүнд: 2020 оны 8-12 сарыг дуусталх хугацааны цалин 5 x 533.728 = 2.668.640 төгрөг, 2021 оны 12 сарын цалин 12 x 574.214 = 6.890.568 төгрөг, 2022 оны 11  сарыг дуусталх хугацааны цалин 11 x 631.635 = 6.947.985 төгрөг байна. Д.Б хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоолгосон ба нийтдээ 2022 оны 2 дугаар сарыг дуустал 4.896.000 төгрөгийн тэтгэмж авсан ба уг тэтгэмж 11 дүгээр сарыг дуустал 8.064.000 төгрөг болж байна. Авах ёстой байсан цалин орлогоос тэтгэмжийг хасаж тооцоод хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийт 8.443.193 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч надад учирсан хохиролд  12.666.325 /арван хоёр сая, зургаан зуун жаран зургаан мянга, хоёр зуун гучин тав/төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү ” гэжээ.

3. Хариуцагч нарын татгалзал:

3.1. Хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалбаяр анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.Н эрүүгийн хэргийн шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Хариуцагч О.Нын зүгээс Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн эмчилгээний зардал болон бензиний зардал зэргээс өөрт ногдох хэсгийг зөвшөөрч байна. Харин цалингийн орлого 8.064.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.Б групп тогтоолгосон сар бүр халамжийн мөнгө авдаг учир цалингийн орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжиж тусалсан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заасан. Иймд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нар хувааж хариуцах ёстой” гэжээ.

3.2. Хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.О-ын  /хохирогчийн хууль ёсны төлөөлөгч/ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 12.666.235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Гэвч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17дугаар магадлалд шүүгдэгч О.Н, Д.Т, Х.А, Б.Э нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан. Харин шүүгдэгч О.Нын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тус тус дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзэж, шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т: Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч Д.Т, Х.А, Б.Э нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын Хоёрын 2.4. Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан (түр); 2.4.2. хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр (5-10%) тогтонги байдлаар алдагдсан гэмтэл хамаардаг.

Харин хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэлд О.Н гэм буруутай болох нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байхад Б.Э, Х.А, Д.Т нараас гэм хорын хохиролд 12.666.235 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн тодорхойлолтыг үндэслэн цалингийн зөрүүг гаргуулах боломжгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эмчилгээний зардлын хувьд хэлэх тайлбаргүй, тухайн зардлыг О.Наас гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00095 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас эрүүл мэндэд учирсан хохиролд 4.223.042 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4,525,528 төгрөг, нийт 8.748.570 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.917.665 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас улсын тэмдэгтийн хураамж 154.927 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

5.  Хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

2019 оны 7 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Д.Бийг зодож гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Э, Х.А, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар бүлэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 19.464.465 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэснийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 17дугаар магадлалаар өөрчилж, Б.Э, Х.А, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ” гэж заасан. Б.Э, Х.А, Д.Т нарыг бүлэглэж Батхүрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаар зүйлчилсэн. Харин О.Нын хувьд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

Шийтгэх тогтоол 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Харин уг гэмт хэрэг 2019 оны 7 дугаар сард үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш бараг 2 жилийн дараа анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэн. Анхны шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй.

Хүнд гэмтлээс учирсан гэм хор юм уу хөнгөн гэмтлээс учирсан гэм хор уу гэдгийг тодруулаагүй. Мөн нэхэмжлэгч Д.Бийн Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн цалингийн цэс,  ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ зэрэг цалин хөлсний зөрүү гаргахад шаардлагатай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч Г.О нь энэ үүргээ биелүүлээгүй байхад Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 152/ШТ2023/00001 дугаартай “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолоор Д.Бийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэдэн төгрөгийн тэтгэмж авч байсан эсэх нь хэрэгт ач холбогдолтой байх ба тухайн баримтгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх нотлох баримтыг өөрөө цуглуулж, хэтэрхий нэг талыг барьж, хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Г.О-ын  нэхэмжилсэн эрүүл мэндэд учирсан хохиролд 4.223.042 төгрөг, 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд авах цалингийн зөрүү 4.525.528 төгрөгийг хариуцагч О.Наас гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгч Д.Б нь хүнд гэмтлийн улмаас Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 80%-аар тогтоосон байхад анхан шатны шүүхээс Д.Бийн эрүүл мэндэд учирсан хохиролд 4,223,042 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4,525,528 төгрөг, нийт 8,748,570 төгрөгийг хариуцагч Д.Т 2.187.142 төгрөг, Х.А 2.187.142 төгрөг, Б.Э 2.187.142 төгрөгөөр хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай сайдын А/192 тоот тушаалаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.7-т : Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Д.Бийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг тооцох цалин хөлсний цэс, ажилд орсон тушаал зэрэг нотлох баримт авагдаагүй байхад хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүг гаргасан нь үндэслэлгүй юм.

О.Н нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Д.Бийн хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас газар унаж, хохирогчийн тархинд хүнд гэмтэл учруулсан, тус гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа.

О.Нын хүнд гэмтэл учруулсны улмаас үүссэн гэм хорын хохирлыг  хариуцагч О.Н, Б.Э, Х.А нар нь тус тус 6.488.165 төгрөг буюу нийт 19.464.495 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байхад Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь дээрх үйл баримтыг анхаараагүйд гомдолтой байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00095 дугаар шийдвэрт нэхэмжлэгч Д.Бийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч О.Наас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Эрүүгийн хэрэг дээр давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр оролцсон. Д.Бийг 2019 оны 7 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө О.Н, Б.Э, Х.А, Д.Т нар бүлэглэн зодож хүнд гэмтэл учруулсан. Д.Б энэ гэмтлээс болоод сэтгэцийн хувьд хэвийн биш болсон. Уг хэргийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарыг гэм буруутай тооцсон. Улмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар магадлалаар О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарыг мөн гэм буруутайд тооцсон байдаг. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалд цаашид гарах хохирлыг Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу миний үйлчлүүлэгч иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хохиролд 12.666.325 төгрөг нэхэмжилсэн.

Д.Б нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд “ББЭХС” ТӨХК-д нярав ажилтай байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.

Ажилд томилох тухай тушаал, нийгмийн даатгал төлж байсан талаарх баримт болон ажлын газрын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан. Д.Б хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан. Одоо сэтгэцийн хувьд эрүүл биш болсон. Д.Бийн эмчилгээтэй холбоотой зардал гээд нийт 12.666.325 төгрөг нэхэмжилсэн. Өмгөөлөгчийн хувьд нэхэмжилсэн цалингаас 3.917.665 төгрөгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь юуг үндэслээд цалинг хасаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Д.Бийн цалинг 449.626 төгрөгөөр бодоод цалингийн асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар сая илтгэгч шүүгч бас уншиж танилцуулсан 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарын хугацаанд 533000 төгрөгийн цалин авч байсан. Ингээд бодохоор 2.668.640 төгрөг болж байна. 2021 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал 12 сарын хугацаанд нэг сарын цалин 574.214 төгрөг байна. Энэ нь нийт 6.890.568 төгрөг болж байна. 2022 оны 11 дүгээр сард 631.635 төгрөг гээд цалин жил бүр тогтмол өсөж байсан.

Ийм учраас анхан шатны шүүхийн 3.917.665 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.3 дэх хэсэгт:  “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь “хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нар хөнгөн хохирол учруулсан, харин О.Н хүнд хохирол учруулсан” гэж маргаж байна. Гэтэл Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар бол хөнгөн хохирол учруулсан бол арай өөр гэм хор хариуцна, хүнд байвал өөр хохирол хариуцна гэсэн ойлголт байхгүй. Гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.

Нэгэн адил гэдгийг хувь тэнцүүлэн гэж ойлгож болохоор харагдаж байна. Ийм учраас хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хуралдааныг бүрэлдэхүүнийг 3.917.665 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг эргээд нэг хараад өгөөч гэж хүсье. Д.Б нь 3-4 сая төгрөгөөр үнэлэгдэх байдалтай биш, сэтгэцийн хувьд өөрчлөлт орсон. Гэрийнхэн нь байнгын хараа хяналтдаа байлгаж байгаа. 12.666.325 төгрөгийн хохирлыг шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар гаргаж байна” гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Б.Э, Д.Т, Х.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 152/ШШ2023/00095 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Н, Б.Э, Д.Т, Х.А нарт  холбогдуулан Д.Бийн эрүүл мэндэд  учирсан гэм хорын хохиролд 11.426.961 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

- шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1.239.274 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 12.666.325 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “ миний хүү Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр О.Н, Б.Э, Д.Т, Х.А нарт зодуулсны улмаас  эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдож,  уг шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон. Дээрх гэмтлийн улмаас хүү маань хөдөлмөрийн чадвараа алдсан, байнгын эмчилгээ, асаргаатай байгаа. Иймд эрүүл мэндэд учирсан хохирол, цалингийн зөрүү нийт 12.666.325  төгрөг гаргуулж өгнө үү” гэж ,

- хариуцагч О.Нын итгэмжлэгдсэн Ж.Жаргалбаяр: “ Д.Б нь групп тогтоолгосон, сар бүр халамжийн мөнгө авдаг тул цалингийн орлогыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эрүүл мэндэд учирсан хохирлыг бусад хариуцагч нартай хувааж төлнө “ гэж,

- хариуцагч Б.Э, Д.Т, Х.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал : “Г.О-ын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Э, Д.Т, Х.А нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба харин О.Нын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул хохирогчид учирсан гэм хорын хохирлыг О.Н дангаар хариуцан арилгах учиртай “ гэж тус тус маргасан байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 4.223.042 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4.525.528 төгрөг, нийт 8.748.570 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.917.665 төгрөг гаргуулан тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Б.Э, Д.Т, Х.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.О-ын  гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэм хорыг хариуцвал зохих этгээдийг буруу тодорхойлсон байна.

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч О.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл,

хариуцагч  Б.Э, Х.А, Д.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас зүүн нүдний эргэн тойрон, цээж баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 17 дугаар магадлалаар тус тус тогтоогдсон, уг шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар О.Н  Б.Э, Х.А, Д.Т нарын гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул  уг үйл баримт, гэм бурууг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй. 

4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэх/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй боловч уг гэм хор хариуцагч нарын учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэх, шалтгаант холбоотой бол үүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээ хэд болох нь тус тус тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч О.Нын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, уг хүнд зэргийн гэмтлийн улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа 80%-иар алдсан, хохирогчийн тархинд учирсан хүнд гэмтлийн үлдэц хор уршгийн улмаас Улаанбаатар хотод  Болор мэлмий эмнэлэгт нүдний оношилгоонд,  “Фрэндшил Наран” оношилгооны төвд гавал тархины олон зүслэгт компьютер томографийн шинжилгээнд хамрагдаж, тархины болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн байх ба түүний эрүүл мэндэд учирсан гэм хор нь хариуцагч О.Нын  хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Нэхэмжлэгч Д.Бийн биед учирсан хүнд зэргийн гэмтлээс үүссэн үлдэц, уршиг арилаагүй,  хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 80 хувиар алдагдсан,  Д.Бийн  эмчилгээ хийлгэсэн байдал нь түүний тархинд учирсан хүнд гэмтлийн үлдэц уршгаас улбаатай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул  О.Н  нь  Д.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг дангаар хариуцах үндэслэлтэй байна.  

5. Хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын үйлдлийн улмаас   Д.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан, Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар “гэмтлийн хөнгөн зэрэг”-т хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ хөнгөн  зэргийн гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь / тогтонги байдлаар алдагдсан байхаар тус тус заажээ.

Хүний биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл, түүнээс үүссэн эд, эрхтний үйл ажиллагааны хямрал нь 4 долоо хоног / 28 хоног/-оос доош хугацаагаар үргэлжлэх буюу түр хугацаагаар сарнихаар заасан байх тул 2019 оны 7 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Б.Э, Х.А, Д.Т нарын гэм буруутай үйлдлийн улмаас Д.Бийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний эргэн тойрон, цээж баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруу, зүүн сарвууны 2 дугаар хуруу, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийн хор уршиг арилсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч  Б.Э, Х.А, Д.Т нар нь Д.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн үлдэц хор уршгаас үүссэн гэм хорын хохирлыг хамтран хариуцах үндэслэлгүй гэж дүгнэж, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.    

Энэ талаар давж заалдсан хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т: “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт холбогдох, эрүүгийн 1935003000063 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогч Д.Бийн /төрүүлсэн эхийн хувьд/ хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу оролцсон, түүнчлэн Д.Б нь хүнд гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан тул эрх бүхий этгээд буюу Улаангом сумын Засаг даргын захирамжаар түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр эх Г.Оыг томилсон зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Иймд Г.О нь өөрийн асрамжид байгаа хүү Д.Бийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг  шаардаж, нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.О нь хүү Д.Бийн биед учирсан гэмтлээс үүдэлтэй илэрч буй өвчин эмгэг, гэмтлийн үлдэц, эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй  холбоотойгоор оношилгоо хийлгэхээр Улаанбаатар хот явсан замын зардал, хэрэглэсэн эм тариа, эмчилгээний зардал, оношилгооны төлбөр болон  хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авах ёстой байсан цалингийн зөрүү зэрэгт нийт 12.666.235 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба  анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн замын зардал, оношилгооны төлбөр, эмчилгээ хийлгэсэн, эм тариа худалдан авсан зардал зэрэгт 4.223.042 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас авах ёстой байсан цалингийн зөрүү 4.525.528 төгрөг, нийт 8.748.570 төгрөгийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.917.665 төгрөгийг  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т  заасантай нийцсэн гэж дүгнэв.

Д.Б нь гэмт хэрэгт өртөгдөх үедээ Увс аймгийн Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д  няравын ажил эрхэлж байсан, түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлсний хэмжээ 449.626 төгрөг байсан, одоо тэрээр хүнд гэмтлийн  улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж буюу тахир дутуугийн тэтгэвэр сар бүр 288.000 төгрөг авдаг зэрэг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул түүний 2020 оны 8 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацааны хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний зөрүүд 4.525.528 төгрөг гаргуулахаар тооцоолсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

7. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нар хариуцах хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэж, гэм хорын хохирлыг хариуцагч О.Наас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн  тул нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 154.927/ нэг зуун тавин дөрвөн мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийг хариуцагч О.Наас гаргуулж улсын орлогод оруулах, мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.000 / нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох зэрэг үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2022/00095 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг тус тус баримтлан О.Наас гэм хорын хохиролд нийт 8.748.570 /найман сая долоон зуун дөчин найман мянга таван зуун дал/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 3.917.665 /гурван сая есөн зуун арван долоон мянга зургаан зуун жаран  тав/ төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалтын: О.Н, Б.Э, Х.А, Д.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 154.927 /нэг зуун тавин дөрвөн мянган есөн зуун хорин долоо/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж гэснийг О.Наас улсын тэмдэгтийн хураамжид  154.927 /нэг зуун тавин дөрвөн мянган есөн зуун хорин долоо/ төгрөг гаргуулж гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Э, Х.А, Д.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                         Л.АЛТАН

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.ЖАМБАЛСҮРЭН