Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 142/шш/2021/01429

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн О.Д /регистрийн дугаар /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б овгийн Д.Б-Д холбогдох 24 070 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.Д нь Д.Бд 14 500 000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хэрвээ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 0.5 хувийн хүүтэй алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Д.Б нь нэг ч төгрөг өгөхгүй шалтаг тоочсоор өнөөдрийг хүргэсэн бөгөөд аргагүйн эрхэнд би шүүхэд хандаж байна. Иймд Д.Боос 14 500 000 төгрөг x /2 сарын хүү/ 8%= 2 320 000 төгрөг, алданги хуульд нийцүүлбэл 7 250 000 төгрөг, үндсэн мөнгө 14 500 000 төгрөг нийт 24 070 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний хувьд О.Д гэдэг хүнээс мөнгө аваагүй бөгөөд миний хамтран амьдрагч Ө.Батцэнгэл нь 10 000 000 төгрөг авсан юм байна лээ. Энэ үедээ ямар ч зээлийн гэрээ хийгээгүй байсан бөгөөд О.Д сүүлд нь буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр намайг шахалтанд оруулж буюу ажил дээр ирж хэл ам хийгээд байхаар нь арга буюу гэрээ хийсэн. Ингэж гэрээ хийхдээ Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 64-8 тоотод орших хашаа байшинг барьцаалсан. Надад барьцаалсан тухай гэрээний хувийг ч өгөөгүй. Тус гэрээг хийхдээ нотариатоор орж, улсын бүртгэлд ч бүртгүүлээгүй. Түүнээс биш би О.Д гэдэг хүнээс гар дээрээ буюу дансаар нэг ч төгрөг аваагүй. Харин явцын дунд Ө.Батцэнгэл, О.Дамбын дансанд 500 000 төгрөгийг хийсэн гэж байсан. Түүнээс биш би энэ асуудалд ямар ч холбоогүй бөгөөд хариуцах эзэн биш юм. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин би Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 64-8 тоот хашаа байшинг барьцаанаас чөлөөлүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлээ гаргах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Д хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 24 070 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар ирүүлсэн.

Нэхэмжлэгч О.Д болон хариуцагч Д.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 500 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, зээлдүүлэгч нь зээлийг эгүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги тооцож төлүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд ирүүлсэн хариу тайлбартаа өөрийн гар дээр болон данс руу мөнгө шилжүүлж аваагүй гэж маргасан.

Зээлдүүлэгч О.Д нь зээлдэгч Д.Бын өмчлөлд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 500 000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч Д.Б шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана, 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байна.

Талууд байгуулсан зээлийн гэрээндээ хугацаа, хүү, алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан, нэхэмжлэгч нийт 14 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул тэрээр хариуцагчаас үндсэн зээл болон гэрээгээр тохирсон хугацааны хүү шаардах эрхтэй.

Хариуцагч шүүхэд “...Миний хувьд О.Д гэдэг хүнээс мөнгө аваагүй бөгөөд миний хамтран амьдрагч Ө.Батцэнгэл нь 10 000 000 төгрөг авсан юм байна лээ....би О.Д гэдэг хүнээс гар дээрээ буюу дансаар нэг ч төгрөг аваагүй. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин би Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 64-8 тоот хашаа байшинг барьцаанаас чөлөөлүүлэн авах тухай сөрөг нэхэмжлэлээ гаргах болно” гэсэн тайлбар гаргасан.

Гэвч хэрэгт авагдсан 2019 оны 09 дугаар сарын 04-ний өдрийн Капитрон банкны төлбөрийн баримтаар Д.Бын 3007012060 дугаартай дансанд О.Дас 14 500 000 төгрөг шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.

Иймд хариуцагч Д.Боос үндсэн зээл 14 500 000 төгрөг, гэрээгээр тохирсон 2 сарын хүү 2 320 000 төгрөг, алданги 7 250 000 төгрөг нийт 24 070 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Гэвч хариуцагч Д.Б өөрийн тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагчид 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж өгөх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч хэргийн материал танилцуулсан байна.

Мөн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түүний 99012571 дугаарын гар утсаар холбогдож 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутанд шүүх хуралтайг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 278 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Боос 24 070 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Дд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Боос 278 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Р.Ү