Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 142/шш/2021/01420

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Я овгийн Т.С /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  /регистрийн дугаар 2074192/ “Э” ТӨҮГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны олговор, урамшуулал, нэмэгдэл 7 712 039 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаартай шийдвэрээр “Э” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч тал давж заалдах гомдол гарган шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гарсан. Талууд хяналтын шүүхэд гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Б 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б/1590 тоот тушаал гаргаж, ЗМЗ-ын аж ахуйн хэсэгт үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн авч ажиллуулсан. Иймд Т.С нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилдаа эргэн орсон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа ажил олгогч “Э” ТӨҮГ-аас нэхэмжилж байна.

Т.С нь сард 1 538 663 төгрөгийг цалинтай ажиллаж байсан бөгөөд 5 дугаар сарын дутуу авсан цалин 1 288 188 төгрөг, “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаартай тушаалаар ажилтнуудын цалинг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлсэн тул 6,7,8 дугаар сарын цалин 5 077 587 төгрөг, 09 дүгээр сарын 15 хоногийн цалин 846 264 төгрөг, мөн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ерөнхий захирал Х.Б А/330 дугаартай тушаалаар “Э” ТӨҮГ-ын бүх ажилтнуудад 500 000 төгрөгийн цалин олгосон тул энэ мөнгийг дээрх цалин дээр нэмж бүгд 7 712 039 төгрөгийг ажил олгогч “Э” ТӨҮГ-аас гаргуулж Т.Ст олгоно уу” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Т. С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оээс тус шүүхэд гаргасан “Э” ТӨҮГ-аас нийт 7 712 039 /долоон сая долоон зуун арван хоёр мянга гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Т.С нь “Э” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3,578,288 төгрөгийг “Э” ТӨҮГ-аас түүнд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1590 дүгээр тушаалаар Т.Сийг ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Т.Ст олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг нэг сарын 1 538 663 /нэг сая таван зуун гучин найман мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, нэг өдрийн 71 566 /далан нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөгөөр тус тус тооцсон байна. Энэ тооцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д тус тус үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд “Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор”-ын талаар зохицуулахдаа 69.1-т “... Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7/а/-д ажлаас буруу халагдсан ажилтанд олгох олговрыг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж тус тус заасан байдаг.

Иймд холбогдох хууль, журмын хүрээнд тооцож гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар баталгаажсан нөхөн олговрын дүн болох нэг сарын 1 538 663 /нэг сая таван зуун гучин найман мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, нэг өдрийн 71 566 /далан нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөгийн дүнг үндэслэж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговрыг олгох үндэслэлтэй гэж үзэж байна. Харин нэхэмжлэлд нэг сарын дундаж цалин хөлс болох 1 538 663 төгрөгийг 10 хувиар нэмэгдүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилтнуудын дундаж цалин хөлсийг бус үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн ба Хөдөлмөрийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Т.Ст ажилгүй байсан хугацаанд нь нэмэгдсэн цалин хөлс бус урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/330 дугаар тушаалаар олгогдсон 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн шагнал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхой бус, тухайн шагналыг нэмэмжлэгчид нөхөн олгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэхүү шагнал нь үйлдвэрийн газрын хамт олны 2020 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлт, амжилтыг үндэслэн олгогдсон байна. Т.Сийн хувьд энэ хугацаанд үйлдвэрийн газарт бүтэн ажиллаагүй, биечлэн байгаагүй нөхцөл байдал үүссэн байх тул түүнд шагналыг нөхөн олгох боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс энэхүү хариу тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.С “Э” ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал, нэмэгдэл нийт 7 712 039 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хүлээн зөвшөөрч, урамшуулал болон нэмэгдэл цалин хөлсийг эс зөвшөөрч маргасан.

Т.С нь 2016 оны 04 дүгээр сараас “Э” ХХК-ийн Засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд томилогдон ажиллаж байгаад “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Б/347 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнийг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах  шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаартай шийдвэрээр Т.Сийг “Э” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 3 578 288 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлыг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор хариуцагч “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1590 дугаар тушаалаар Т.Сийг “Э” ТӨҮГ-ын Засвар механикийн заводын Аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн томилсон байна.

Нэхэмжлэгч нь одоо түүнийг ажилд томилсон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс түүнийг ажилд нь томилсон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 6 750 441 төгрөг, урамшуулал 500 000 төгрөг, нэмэгдэл 461 598 төгрөг, нийт 7 712 039 төгрөг шаардаж байгаагаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хүлээн зөвшөөрч, урамшуулал болон нэмэгдэл цалин хөлсийг эс зөвшөөрч байгаа.

Шүүх нэхэмжлэгч Т.Сийгийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 6 297 808 төгрөг, үүн дээр урамшуулал 500 000 төгрөг, нэмэгдэл 461 598 төгрөг, нийт 7 259 406 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 452 633 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Т.Сийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаар шийдвэрээр Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар журмыг баримтлан нэхэмжлэгч Т.Сийгийн дундаж цалин хөлсийг өдрийн 71 566 төгрөг, сарын цалинг 1 538 663 төгрөгөөр тогтоосныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс түүнийг ажилд томилсон буюу буцаан авсан 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан 88 хоногийн олговор 6 297 808 / өдрийн цалин 71 566 төгрөгх88 хоног/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, харин нэхэмжлэгчийн илүү тооцож нэхэмжилсэн олговор 452 633 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ шаардлагын тухайд “...Харин нэхэмжлэлд нэг сарын дундаж цалин хөлс болох 1 538 663 төгрөгийг 10 хувиар нэмэгдүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилтнуудын дундаж цалин хөлсийг бус үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн ба Хөдөлмөрийн тухай” хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Т.Ст ажилгүй байсан хугацаанд нь нэмэгдсэн цалин хөлс бус урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн “Э” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/330 дугаар тушаалаар олгогдсон 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн шагнал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхой бус, тухайн шагналыг нэмэмжлэгчид нөхөн олгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэхүү шагнал нь үйлдвэрийн газрын хамт олны 2020 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлт, амжилтыг үндэслэн олгогдсон байна. Т.Сийн хувьд энэ хугацаанд үйлдвэрийн газарт бүтэн ажиллаагүй, биечлэн байгаагүй нөхцөл байдал үүссэн байх тул түүнд шагналыг нөхөн олгох боломжгүй байна” гэж маргаж байгаа.

Гэвч ажил олгогчийн үндэслэлгүй шийдвэрээс шалтгаалан нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн, хэрэв ажил олгогч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй бол тэрээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгууллагаас ажилтан бүрт олгож буй цалин хөлс буюу үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллыг авах байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй урамшуулал 500 000 төгрөг болон 10 хувийн нэмэгдэл цалин 461 598 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч 500 000 төгрөгийн урамшуулал болон 10 хувийн нэмэгдэл цалин 461 598 төгрөг, нийт 961 598 төгрөгийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс дээрхи дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 27 628 төгрөг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, хариуцагчаас 27 628 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 103 472 төгрөг гаргуулж төрийн санд оруулахаар заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч “Э” ТӨҮГ-аас 7 259 406 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 452 633 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Сээс улсын тэмдэгтийн хураамж 27 628 төгрөг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, хариуцагчаас 27 628 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 103 472 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.Ү