Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 20

 

 

Т.Сийн нэхэмжлэлтэй,

       хариуцагч “Э.Ү” ТӨҮГ-т

                     холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/01420 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э.Ү” ТӨҮГ-т холбогдох,

“Ажилгүй байсан хугацааны олговор, урамшуулал, нэмэгдэл 7.712.039 төгрөг гаргуулах” тухай  иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Т.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаартай шийдвэрээр “Э.Ү” ТӨҮГ-ын засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Хариуцагч тал давж заалдах гомдол гарган шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал гарсан. Талууд хяналтын шүүхэд гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч “Э.Ү” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б/1590 тоот тушаал гаргаж, ЗМЗ-ын аж ахуйн хэсэгт үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн авч ажиллуулсан. Иймд Т.С нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс хойш ажилдаа эргэн орсон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалингаа ажил олгогч “Э.Ү” ТӨҮГ-аас нэхэмжилж байна.Т.С нь сард 1.538.663 төгрөгийг цалинтай ажиллаж байсан бөгөөд 5 дугаар сарын дутуу авсан цалин 1.288.188 төгрөг, “Э.Ү” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаартай тушаалаар ажилтнуудын цалинг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлсэн тул 6,7,8 дугаар сарын цалин 5.077.587 төгрөг, 09 дүгээр сарын 15 хоногийн цалин 846.264 төгрөг, мөн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ерөнхий захирал Х.Бадамсүрэн А/330 дугаартай тушаалаар Э.Ү ТӨҮГ-ын бүх ажилтнуудад 500.000 төгрөгийн цалин олгосон тул энэ мөнгийг дээрх цалин дээр нэмж бүгд 7.712.039 төгрөгийг ажил олгогч Э.Ү ТӨҮГ-аас гаргуулж Т.Ст олгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг шүүхэд  гаргасан хариу тайлбартаа:

 Иргэн Т. Саранцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгээс тус шүүхэд гаргасан “Э.Ү” ТӨҮГ-аас нийт 7.712.039 /долоон сая долоон зуун арван хоёр мянга гучин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Т.С нь “Э.Ү” ТӨҮГ-ын засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр ажиллаж байгаад Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00630 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 3.578.288 төгрөгийг “Э.Ү” ТӨҮГ-аас түүнд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Э.Ү ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1590 дүгээр тушаалаар Т.Сийг ажилд нь эгүүлэн тогтоосон байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Т.Ст олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг нэг сарын 1.538.663 /нэг сая таван зуун гучин найман мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, нэг өдрийн 71. 566 /далан нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөгөөр тус тус тооцсон байна. Энэ тооцоо нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалт болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д тус тус үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор-ын талаар зохицуулахдаа 69.1-т ... Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7/а/-д ажлаас буруу халагдсан ажилтанд олгох олговрыг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж тус тус заасан байдаг.

Иймд холбогдох хууль, журмын хүрээнд тооцож гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар баталгаажсан нөхөн олговрын дүн болох нэг сарын 1.538.663 /нэг сая таван зуун гучин найман мянга зургаан зуун жаран гурав/ төгрөг, нэг өдрийн 71.566 /далан нэгэн мянга таван зуун жаран зургаа/ төгрөгийн дүнг үндэслэж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны буюу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд нь эгүүлэн тогтоосон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн олговрыг олгох үндэслэлтэй гэж үзэж байна. Харин нэхэмжлэлд нэг сарын дундаж цалин хөлс болох 1.538.663 төгрөгийг 10 хувиар нэмэгдүүлж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. “Э.Ү” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/243 дугаар тушаалаар ажилтнуудын дундаж цалин хөлсийг бус үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Т.Ст ажилгүй байсан хугацаанд нь нэмэгдсэн цалин хөлс бус урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн “Э.Ү” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/330 дугаар тушаалаар олгогдсон 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн шагнал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхой бус, тухайн шагналыг нэхэмжлэгчид нөхөн олгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэхүү шагнал нь үйлдвэрийн газрын хамт олны 2020 оны эхний хагас жилийн ажлын үзүүлэлт, амжилтыг үндэслэн олгогдсон байна. Т.Сийн хувьд энэ хугацаанд үйлдвэрийн газарт бүтэн ажиллаагүй, биечлэн байгаагүй нөхцөл байдал үүссэн байх тул түүнд шагналыг нөхөн олгох боломжгүй байна. Хариуцагчийн зүгээс энэхүү хариу тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд эвлэрэн хэлэлцэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/01420 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч “Э.Ү” ТӨҮГ-аас 7.259.406 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 452.633 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Сээс улсын тэмдэгтийн хураамж 27.628 төгрөг нөхөн гаргуулж төрийн санд оруулж, хариуцагчаас 27.628 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 103.472 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэг давж заалдсан  гомдолдоо:  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан, ...ажил олгогчийн үндэслэлгүй шийдвэрээс шалтгаалан нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн, хэрэв ажил олгогч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй бол ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, байгууллагаас ажилтан бүрт олгож буй цалин хөлсийг авах байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй урамшуулал 500.000 төгрөг болон 10 хувийн нэмэгдэл цалин 461.598 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн агуулгатай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалинтай хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасан. Нэхэмжлэгч Т.С нь Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр магадлалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болох нь тогтоогдож, шүүхийн уг шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд “Э.Ү” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1590 дүгээр тушаалаар ажилд нь эгүүлэн тогтоосон. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоогдсон Т.Ст Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-т зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь хамаарах анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох хууль зүйн үндэслэлтэй. Энэхүү урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасан үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал гэх ойлголтууд бүгд хамаарч байгаа болно. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7/а/-д “...ажлаас буруу халагдсан ажилтанд олгох олговрыг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасны дагуу олговрыг дундаж цалин хөлсөөр тодорхойлдог. Нэхэмжлэгч Т.Ст олгох олговор нь эн журмын дагуу буюу сүүлийн 3 сарынх нь дундаж цалин хөлсөөр тодорхойлогдсон. Иймд нэхэмжлэгч Т.Сийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлалаар тогтоосон дүн бол түүнд хуулиар олгогдох ёстой ажилгүй байсан хугацааны олговор юм. Энэ дүнд түүнд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал бүгд хамаарч байгаа бөгөөд нэмэлтээр шагнал, нэмэгдэл гэх зэргийг оруулж тооцох нь үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх Т.Ст урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор /дундаж цалин хөлсийг/ олгох дээрх хуулийн зохицуулалтаас гадна хуулиар зохицуулаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй хугацаанд нь хамаарах нэмэгдэл, шагнал гэж нэмж олгохоор шийдвэрлэсэн нь холбогдох хууль, дүрэм, журамд нийцэхгүй юм. Т.С нь ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдрөөс үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлсэн цалин хөлсөө авч, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.-т “Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно” гэж заасан байдаг. Ийнхүү хуулиар тодорхойлсон нэмэгдэл нь үндсэн цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэхээс ялгаатай ойлголт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /4-р хуудас/ ...нөхөх олговорт 6.297.808 төгрөг, үүн дээр урамшуулал 500.000 төгрөг, нэмэгдэл 461.598 төгрөг нийт 7.259.406 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв... гэж заасан нь үндэслэлгүй бөгөөд 461.598 төгрөгийн тооцоог хэрхэн хийсэн, үндсэн болон дундаж цалингийн алинаас тооцсон нь тодорхой бус байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/01420 дугаар шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, урамшуулал 500.000 төгрөг, нэмэгдэл 461.598 төгрөгийг Т.Ст олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч Д.Оюунчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардсан урамшуулал болон нэмэгдэл цалинг төлөхгүй гэжээ. Үүнийхээ үндэслэлийг үйлдвэрээс ажилтан бүрт нэг удаа 500.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэх үед болон ажилтнуудын цалинг 10 хувиар нэмэгдүүлж олгох шийдвэр гаргах үед Т.С нь ажлаасаа халагдсан байсан тул энэ урамшуулал, нэмэгдлийг авах эрхгүй гээд энэ татгалзлынхаа үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 69 дүгээр зүйлийн 69.1 болон 36.1.2 дахь заалт болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а заалтыг баримтлан тайлбарлажээ. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичгүүдэд заасан дундаж цалин хөлсний талаарх ойлголт нь ажилдаа эгүүлэн тогтоогдсон ажилтанд олговол зохих цалин хөлсний талаар заасан нь зөв. Т.Сийн нэхэмжлэлийн шаардлага ч дээрх хууль тогтоомжид үндэслэсэн байгаа. Т.Сийг ажлаас нь үндэслэлгүй халсан болохыг шүүх тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоосон. Хэрэв ажил олгогч Э.Ү ТӨҮГ Т.Сийг хууль бусаар ажлаас нь чөлөөлөөгүй бол тэрээр бусад бүх ажилтнуудын адил урамшуулал, нэмэгдэл цалинг авах эрхтэй байсан гэдгийг хариуцагчийн төлөөлөгч ойлгохгүй байгаа нь харамсалтай байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна. Шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Э.Ү ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нэмэгдэл, урамшуулал  нийт 7.712.039 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.  

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч “Э.Ү” ТӨҮГ-аас 7.259.406 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 452.633 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Т.С нь 2016 оны 04 дүгээр сараас Э.Ү ХХК-ийн засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчээр  ажиллаж байгаад Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч Т.Сийн нэхэмжлэлийг  Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 630 дугаар шийдвэрээр Т.Сийг Э.Ү ТӨҮГ-ын засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн тогтоосныг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.  

 Хариуцагч Э.Ү ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/1590 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Сийг Э.Ү ТӨҮГ-ын засвар механикийн заводын аж ахуйн хэсгийн үйлдвэрлэлийн байрны цэвэрлэгчийн ажилд эгүүлэн томилжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 630 дугаар шийдвэрээр Монгол улсын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар журмыг баримтлан нэхэмжлэгч Т.Сийн дундаж цалин хөлсийг өдрийн 71.566 төгрөг, сарын  1.538.663 төгрөг байхаар тогтоосон байна.

           Нэхэмжлэгч Т.С нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс түүнийг ажилд нь томилсон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 6.750.441 төгрөг, урамшуулал 500.000 төгрөг, нэмэгдэл 461. 598 төгрөг нийт 7.712.039 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хүлээн зөвшөөрч, урамшуулал болон нэмэгдэл цалин хөлсийг зөвшөөрөөгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж “...нэхэмжлэгч Т.Сийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 6.297.808 төгрөг,  урамшуулал 500.000 төгрөг, нэмэгдэл 461.598 төгрөг, нийт 7.259.406 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 452.633 төгрөгийг хэрэгсэхгүй болгож...”, гэвч ажил олгогчийн үндэслэлгүй шийдвэрээс шалтгаалан нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөн, хэрэв ажил олгогч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй бол тэрээр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгууллагаас ажилтан бүрт олгож буй цалин хөлс буюу үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллыг авах байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй урамшуулал 500.000 төгрөг 10 хувийн нэмэгдэл цалин 461.598 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ...”, гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэгийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч “Э.Ү” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.628 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/01420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Э.Ү” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэбилэгийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч “Э.Ү” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч  П.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.628 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                    Б.БАТТӨР