Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

                        

  2020             6               16                                         2020/ДШМ/779

 

 

Л.Ут холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Хосбаяр,

шүүгдэгч Л.У, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр,    

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Уын өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлоор Л.Ут холбогдох 209004590156 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овгийн Лхагвасүрэнгийн У, 1993 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дугаар баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................./;

Шүүгдэгч Л.У нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн “DC” рестораны гадаа Э.Өнөмөнхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Олхонууд овгийн Лхагвасүрэнгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уаас 40.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Өнөмөнхөд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч Л.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Уын өмгөөлөгч Ө.Сайнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийн хэсэгт “... Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Шүүгдэгчээс хохирогчийн нүүрэн тус газрын ам хэсэг рүү цохиж, тэрээр газарт унаснаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд үүссэн байх тул шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлээс үүссэн үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой нөхцөл байдал нь тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ... ” хэмээн дүгнэж шийдвэрлэжээ.

Шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1430 дугаар шинжээчийн дүгнэлтэд “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... ” гэсэн дүгнэлт гарсан.

Гэтэл хохирогч Э.Өнөмөнхийн мэдүүлэг “...миний нүүр буюу ам хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” гэх, яллагдагч Л.Уын мэдүүлэг “...миний уур хүрээд би Өнөмөнхийг цохисон. Тэгтэл манай эхнэр Өнөмөнхтэй хамт яваад өгсөн, тэр шөнөдөө эхнэр гэртээ ирж хоноогүй. ...Гэрлэлтийн баталгаа байхгүй, 2015 оноос хойш хамт амьдарч байгаа. ...” гэж мэдүүлсэн байдаг ба энэхүү мэдүүлэг нь ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй.

Гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгээр нэг л удаа цохисон үйлдэл байхад яагаад олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл учирна вэ. Үүнээс Л.Уын цохисон үйлдлээс “дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, 3-н шүдний сулрал гэмтэл” гэсэн гэмтэл учирсан гэж шууд үзэх үндэслэл байхгүй байна. Учир нь, дээрх гэмтэл нь олон газар үүсгэгдсэн гэмтэл байна. Мөн Ц.У нь урдаас нь цохисон гэх мэдүүлэг өгсөн бөгөөд шинжээчийн дүгнэлтээс үзэхэд зүүн хажуугаас хэд хэдэн удаа цохисон байхаар байна. Шинжээчийн дүгнэлтэд зураг хавсаргагдаагүй нь шүүгчийн өөрийн дотоод итгэлээр үнэлэх боломжийг хязгаарласан. Гэтэл шүүгч нэг удаа цохисноос үүсэх боломжтой гэмтэл хэмээн үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай байгаа тухай:

Шинжээч эмч нь Л.Уын нэг цохисон үйлдлээс тухайн гэмтэл учирсан байх боломжтой талаар дүгнэлт гаргаагүй, харин “хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” хэмээн дүгнэсэн. Дүгнэлтийг хэрэг гарсан хугацаанаас хойш даруй 4 хоногийн дараа хийсэн бөгөөд тухайн үед ч шинэ гэмтэл хэмээн үзэхээр байсан нь харагдаж байна. Ийнхүү эргэлзээтэй асуудлыг шүүхийн шатанд хэлэлцүүлж, шинжээчийн дүгнэлтийг судлуулсан атал шүүх нэг цохилтоос шууд үүсэх боломжтой хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн прокурор энэхүү шинжээчийн дүгнэлтийг андуурсан байх хэмээн тайлбарлаж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх нөхцөл байдлыг бий болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно ” хэмээн заасныг зөрчиж байна.

Энэ нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж заасан нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, шүүх яагаад нэг цохилтоор тухайн гэмтэл учирч болох талаар тайлбарлаагүй байна.

Хохирогч Э.Өнөмөнхийг цохисон үйлдэл нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн орой 22 цагаас 23 цаг орчим гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан бөгөөд даруй цохисон үйлдэл гарснаас хойш 4 хоногийн дараа хийсэн. Үүнээс үзэхэд хохирогч Э.Өнөмөнх согтуу байсан бөгөөд Л.Ут 1 удаа цохиулснаас хойш дахин цохиулсан, гэмтэл авсан байж болох нөхцөл байдалтай. Учир нь, олон удаагийн үйлчлэлээр үүсэх гэмтлийг Л.У нэг удаагийн цохилтоор үүсгэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх мөн гэмт хэрэг үйлдсэн нь гарцаагүй баримтаар нотлогдоогүй байхад хөнгөн гэмт хэрэг гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Ц.У цохисон үйлдлээ хэзээ ч үгүйсгээгүй гэсэн хэдий ч шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн нь шууд гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, гэмтэл учирсан нөхцөл байдлыг тогтоолгүй шийтгэл оногдуулж болохгүй бөгөөд заавал гарцаагүй нотлогдох шаардлагатай юм.

Иймд шүүхийн зүгээс хэрэгт цугларсан баримтаар шууд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай ба эргэлзээ болон зөрүүтэй байдлыг арилгасны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Л.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогчийг нэг удаа цохисон, би шүдний аппарат нь шүдний сулрал үүсгэх боломжтой байдаг гэж үзсэн” гэв.

 

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Өнөмөнхийн биед хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт гарсан. Хохирогч Э.Өнөмөнхөөс “намайг цохиод би газарт унасан. Миний халаасанд байсан нүдний шил хугарч, амнаас цус гарсан” гэж мэдүүлдэг. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар гэм буруутай үйлдэл, түүнд учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой болох нь хангалттай нотлогдож тогтоогдсон. Цохисон буюу хүний бие махбодийн эсрэг идэвхтэй үйлдэл хийсний улмаас газарт унаж, дээрх гэмтлийг авах боломжтой гэж үзсэн учраас шүүхээс гэм буруутайд тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Ут холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.У нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн “DC” рестораны гадаа хохирогч Э.Өнөмөнхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Өнөмөнхийн "...2020 оны 1 дүгээр сарын 10-ны орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “DС” нэртэй ресторанд манай “100 энтертаймент”-ийн хурал болсон. Манай энтертайментийн гүйцэтгэх захирал Заяа эгч бид хоёр тооцоогоо хийчихээд гарах гэтэл Заяа эгчийн нөхөр болох У нь Заяа эгчийг "чи хаачих гээд байгаа юм, явахгүй шүү" гэтэл Заяа эгч "би дүүтэйгээ ганц цаг караокед суучихаад харина" гэтэл У нь намайг "чи хариач, яах гээд байгаа юм" гэж дээрэлхэнгүй өнгө аястай хэлсэн. Тэгтэл Заяа эгч "хоёулаа гаръя" гээд намайг дагуулаад гарсан. У нь хойноос гарч ирээд Заяа эгчийг угз татаад "чамайг харь гээд байгаа юм биш үү" гэж хэлэхдээ миний гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би "та яагаад байгаа юм бэ, ахаа" гэж хэлтэл намайг шууд цохиод авсан. Би газарт унасан. Миний халаасанд байсан нүдний шил хугарч, амнаас цус гоожиж байсан. Миний толгой эргээд би манаралтын байдалтай байсан. Би тухайн үед унахдаа боржур мөргөсөн байж магадгүй гэж бодож байна. ..." /хх 13-14/,

 

гэрч Г.Заяагийн "...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хамт ажилладаг дүү Өнөмөнх, Гэрэлт-Од, Тэмүүлэн нар миний ажиллуулдаг ресторан дээр 18 цагийн үед ирсэн. Бид нар ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж ярьж сууж байгаад "найз залуу Уын ресторан дээр пивоны хямдрал зарласан байгаа, тэнд очоод ганц хоёр пиво уунгаа ажлаа үргэлжлүүлээд яръя" гэж хэлээд "DС" ресторанд ирж суусан. ...У араас дуудаад эргээд хартал "чи түрүүлээд харь", харин Өнөмөнхийг "ахын дүү одоо харь" гэж хэлтэл Өнөмөнх Уын өөдөөс үл тоомсорлосон байдалтай, хэгжүүрхэж "караоке орох гэж байна" гэж хэлтэл У Өнөмөнхийн нүүрэн тус газар буюу ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Би Өнөмөнхийг өмөөрч Утай маргалдаж байгаад Өнөмөнхийг дагуулж яваад ус авч өгсөн. ...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

 

“Э.Өнөмөнхийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1430 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19-20/ болон хохирлын баримт /хх 39/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Уын хохирогч Э.Өнөмөнхийн нүүр хэсэгт цохисноос дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, 3 шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Л.Уын өмгөөлөгч Ө.Сайнбаярын “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

 

Шүүгдэгч Л.Уыг Э.Өнөмөнхийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй бөгөөд хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судлаж дүгнэлт хийжээ.

 

Шүүх шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь, эсхүл уг дүгнэлтийн зарим хэсгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байж болох бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Өнөмөнхийн эрүүл мэндэд дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, 3 шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ.

 

Шинээчийн дүгнэлтэд тусгагдсан “дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, 3 шүдний сулрал” гэмтлээс үзэхэд, гэмтлийн хамарсан талбайн хэмжээ, хүч хэрэглэсэн үйлдэлд өртсөн дээд, доод уруул, 3 шүдний сулрал нь нэг удаагийн цохилтоос үүсэх бүрэн боломжтой байх бөгөөд шүүхээс шинжээчийн дүгнэлтийн 2 дахь заалтыг үндэслэлгүй байна гэж үзэв.

Хохирогч, гэрч нарт хууль сануулж авсан мэдүүлгүүдээр хохирогч Э.Өнөмөнхийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Л.Уын цохилтын улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин прокуророос Л.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд дээрх зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж өөрчилсөн тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтуудад өөрчлөлт оруулж, Л.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчлөв.

Мөн шүүх, шүүгдэгч Л.Ут оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Уын өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтад “Шүүгдэгч Олхонууд овгийн Лхагвасүрэнгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Олхонууд овгийн Лхагвасүрэнгийн Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Уын өмгөөлөгч Ө.Сайнбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

 

 

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ