Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

2020        04         01                                   2020/ШЦТ/292    

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ш.Хосбаяр,  

Шүүгдэгч Л.У, түүний өмгөөлөгч Ө.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Уд холбогдох эрүүгийн 209004590156 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг 1-30 байр 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Голомт хотхоны Е байрны 53 тоотод түр оршин суух,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Л.У нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах хүүхдийн 100 дэлгүүрийн DC рестораны гадаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой Э.Өнөмөнхийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ “...Би Өнөмөнхийг цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ гурван шүдний сулралыг үүсгэсэн гэдэг нь эргэлзээтэй байна...” гэв.

Эрүүгийн 2009004590156 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Л.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 100 энтертайментийн хурал болсон. Манай DC нэртэй ресторанд хурлаа үргэлжлүүлж хийнэ гээд манай эхнэр Заяа, Тэмүүлэн, Гэрэлт-Од, Өнөмөнх нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирсэн. Би “архи дарс ууж болохгүй, та нар уулзах болгондоо ууж идэх юм, хийж бүтээж байгаа юм байхгүй” гэж загнасан. Тэгтэл Гэрэлт-Од яваад өгсөн. Заяа, Өнөмөнх, Тэмүүлэн нар үлдээд хурлаа хийж байгаад манайхаас пиво авч уусан. Тэгээд 22 цаг өнгөрч байхад тарсан. Заяа Өнөмөнх нар үргэлжлүүлж караоке орно гэхээр нь би “одоо больцгоо тарцгаа, юун караоке” гэж хэлтэл Өнөмөнх “бид нар найзуудаараа явж байхад танд ямар хамаатай юм” гээд миний өөдөөс томроод картаа шидэж өгсөн. Манай эхнэр Заяа, Өнөмөнх нар гараад явахаар нь би араас нь гараад эхнэрээ “явъя” гээд Өнөмөнхийг “ахын дүү гэр рүүгээ харь, чи согтчихсон байна, битгий урдаас пээдэлзээд бай” гэж хэлтэл миний өөдөөс “тэгээд яахын” гээд зогсоод байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Өнөмөнхийг нэг цохисон. Тэгтэл манай эхнэр Заяа Өнөмөнхтэй хамт яваад өгсөн. Миний хувьд Өнөмөнхийн уруул, ам, эрүү хэсэг рүү нь цохисон. Цохилтоос болж язралт, шарх гэмтлийг учирсан гэж бодож байна. 3 шүдний сулрал гэмтэл үүссэн эсэхийг ойлгохгүй байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Өнөмөнх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах DC нэртэй ресторанд манай 100 энтертайментийн хурал болсон. Тухайн хурал дууссаны дараа хамт байсан Гэрэлт-Од гэр рүүгээ явж Тэмүүлэн бид хоёр үлдсэн. Манай энтертайментийн гүйцэтгэх захирал Заяа эгч бид хоёр текен дээр очоод тооцоогоо хийчихээд гарах гэтэл уг рестораныг ажиллуулдаг Заяа эгчийн нөхөр болох Ууганбаяр нь Заяа эгчийг “чи хаачих гээд юм, явахгүй шүү” гэтэл Заяа эгч “би дүүтэйгээ ганц цаг караокед суучихаад харина” гэтэл Ууганбаяр нь намайг “чи хариач, яах гээд байгаа юм” гэж дээрэлхэнгүй өнгө аястай хэлсэн. Тэгтэл Заяа эгч “хоёулаа гаръя” гээд намайг дагуулаад гарсан. Ууганбаяр нь хойноос гарч ирээд Заяа эгчийг угз татаад “чамайг харь гээд байгаа юм биш үү” гэж хэлэхдээ миний гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би “та яагаад байгаа юм бэ ахаа” гэж хэлтэл намайг шууд цохиод авсан. Би газарт унасан. Миний халаасанд байсан нүдний шил хугарч амнаас цус гоожиж байсан. Миний толгой эргээд би манаралтын байдалтай байсан. Би тухайн үед унахдаа боржур мөргөсөн байж магадгүй гэж бодож байна. Цаана Заяа эгч нөхөр Ууганбаяртайгаа хэрэлдэж байгаад над дээр ирээд намайг аваад нэг газарт оруулаад ус авч өгөөд бид 2 найзыгаа дуудаад авахуулсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Заяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамт ажилладаг дүү Өнөмөнх, Гэрэлт-Од, Тэмүүлэн нар миний ажиллуулдаг ресторан дээр 18 цагийн үед ирсэн. Би нар ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж ярьж сууж байгаад “найз залуу Ууганбаярын ресторан дээр пивоны хямдрал зарласан байгаа тэнд очоод ганц хоёр пиво уунгаа ажлаа үргэлжлүүлээд яръя” гэж хэлээд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “DC” ресторанд ирж суух үед Гэрэлт-Од ажилтай гээд явсан. Өнөмөнх, Тэмүүлэн бид гурав үлдээд ганц хоёр пиво уугаад ажил ярьсан. Тэмүүлэн ажилтай болчихлоо гээд Өнөмөнх бид 2 караоке орох болоод найз залуу Ууганбаярт хандаж “бид хоёр урд талд Порте гэдэг нэртэй караокед ороод нэг цаг дуулъя, чиний ажил дуусчих байх” гэхэд Ууганбаяр “хэрэггүй, та нар ажил ярина гэж хэлчихээд давраад уугаад яваад байдаг шүү, дэмий байх” гэсэн. Би зөрүүдлээд “удахгүй, Өнөмөнх гадагшаа явна, хийх ажлын талаар нилээд зүйл ярьсан” гэхэд Ууганбаяр уурлаад байхаар нь дуулах дуртай болохоороо зөрүүдлээд Ууганбаярын ресторанаас гараад явсан. Явж байтал Ууганбаяр араас дуудаад эргээд хартал “чи түрүүлээд харь”, харин Өнөмөнхийг “ахын дүү одоо харь” гэж хэлтэл Өнөмөнх Ууганбаярын өөдөөс үл тоомсорлосон байдалтай, хэгжүүрхэж “караоке орох гэж байна” гэтэл Ууганбаяр Өнөмөнхийн нүүрэн тус газар буюу ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Би Өнөмөнхийг өмөөрч Ууганбаяртай маргалдаж байгаад Өнөмөнхийг дагуулж яваад ус авч өгсөн. “Найз нар чинь ирж байна уу, одоо яах вэ” гээд хэсэг хүлээж байгаад Өнөмөнхийн найз гэх хүнийг ирэхээр нь өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1430 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Э.Өнөмөнхийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь хамелон 4 харааны шил болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 102.400 /нэг зуун хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирлын баримт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.У нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах хүүхдийн 100 дэлгүүрийн “DC” рестораны гадаа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой Э.Өнөмөнхийг “найз эмэгтэйтэй караоке ороод хэрэггүй” хэмээн маргалдаж түүний нүүрэн тус газар нь хүч хэрэглэн цохисны улмаас эрүүл мэндэд нь “дээд уруулд зөөлөн эдийн няцрал, шарх, доод уруул, уруулын зүүн доод хэсэгт зулгаралт, 3 шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Э.Өнөмөнхийн “...“чамайг харь гээд байгаа юм биш үү” гэж хэлэхдээ миний гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би “та яагаад байгаа юм бэ ахаа” гэж хэлтэл намайг шууд цохиод авсан. Би газарт унасан. Миний халаасанд байсан нүдний шил хугарч амнаас цус гоожиж байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Г.Заяагийн “...Ууганбаяр Өнөмөнхийн нүүрэн тус газар буюу ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Л.Уын “...Миний хувьд Өнөмөнхийн уруул, ам, эрүү хэсэг рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг,

 

Э.Өнөмөнхийн биед хөнгөн гэмтэл учирсан талаар ШШҮХ-ийн шинжээчийн №1430 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.У нь хохирогч Э.Өнөмөнхтэй маргалдаж улмаар харилцан зүй зохисгүй харилцаж, улмаар түүний биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Уын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгчээс хохирогчийн нүүрэн тус газрын ам хэсэг рүү цохиж тэрээр газарт унаснаас шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд үүссэн байх тул шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлээс үүссэн үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой нөхцөл байдал нь тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Тодруулбал Л.У нь хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож нүүрэн тус газар нь цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Э.Өнөмөнхийг биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж өөрчлөлт орж, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж байгаа боловч Л.Уын гэмт үйлдэл нь 2020 оны 01 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг баримталж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд шүүх шүүгдэгч Л.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Өнөмөнхөөс “...Хохиролд 902.400 төгрөг нэхэмжилж байна. Цаашид 800.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай…” гэсэн хүсэлтээ илэрхийлснээс баримтаар 40.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Л.Уаас уг төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Харин Э.Өнөмөнх цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Л.Уаас нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

Хохирогч Э.Өнөмөнхөөс нүдний шил гэмтсэн төлбөрийг нэхэмжлэх боловч энэ нөхцөл байдал нь хангалттай баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Л.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Л.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Уыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ут оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Л.У нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.Уаас 40.000 /дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Өнөмөнхөд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН