Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 142/шш/2020/01270

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үдаргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б овогт Б.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ТӨХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13 001 218.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь ““ЭДЦС” ТӨХК-д Зуухны цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар ажиллаж байсан ба намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан бөгөөд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаар шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин сарын 684 274,66 төгрөгөөр тооцож 3 052 824 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно. Одоогоор шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон байх тул ажилгүй байсан хугацааны цалин болох 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны 1 жил 7 сар буюу 19 сарын цалинг “ЭДЦС” ТӨХК-аас нэхэмжилж байна. Нийт 684 274,66*19=13 001 218,54 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд “ЭДЦС” ТӨХК-аас ажилгүй байсан хугацааны цалин болох 13 001 218,54 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь “Э” ТӨХК-нд холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 сарын 25-ны өдөр хүртлэх хугацааны 1 жил 7 сарын буюу 19 цалинг буюу нийт 684.274.66 х 19 сар = 13.001218.54 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. “Тус нэхэмжлэлийн шаардлагыг Манай компанийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг 2020 оны 09 сарын 10-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэрийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Тус тайлбараа дэмжиж дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

1. Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 сарын 11-ний өдөр 001/ХТ2020/00294 дугаартай тогтоол, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасныг тус тус үндэслэн Б.Эийн 9909-8769 дугаарын'утас руу 2020 оны 08 сарын 26-ний өдөр утасдан “Ажилд эгүүлэн авах тухай” тушаал гаргалаа ажилдаа ирж ор гэж мэдэгдсэн. Б.Э 2020 оны 08 дугаар сарын 27-ний өдөр “Э” ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчинаар ажилдаа орох хүсэлт өгсөнийг хангаж, 2020 оны 08 сарын 27-ний өдөр “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал “Ажилд эгүүлэн томилох тухай” Б/211 тоот тушаал гаргасан. Дээрх тушаалын гарсны дагуу Б.Эт тушаалыг танилцуулах гэж 99098769 дугаарын утас руу нь залгасан боловч, утсаа аваагүй. Эргэж холбогдоогүй. Уг тушаалыг дугтуйлан Орхон аймгийн шуудангийн газраар 2020 оны 08 сарын 28-ний өдөр гэрийн хаягаар хүргүүлсэн. Б.Э нь 5 өдрийн дараа буюу 2020 оны 09 сарын 02-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ажпаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасаны дагуу “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2020 оны 09 сарын 02-ний өдөр Б/216 тоот тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 142/ШШ2019/00230 дугаартай шийдвэр, Орхон аймгийн ирэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 62 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00294 дугаартай тогтоолууд гарсан хэдий ч “Э” ТӨХК, Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Б.Э нарын хооронд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан хөдөлмөрийн харилцаа үүсээгүй. Учир нь:

А. Б.Э-ийг 2020 оны 08 сарын 27-ний өдөр “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б/211 тоот тушаал гарган Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчинаар ажилд нь томилсон боловч ажилдаа ирж манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй.

Б. “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2020 оны 08 сарын 27-ний өдрийн Б/211 тоот тушаалыг Б.Эт танилцуулж, ажилд нь оруулах гэсэн боловч 2020 оны 08 сарын 27-ны өдөр болон 08 сарын 28-ны өдөр 99098769 дугаарын утсыг авч яриагүй учраас 2020 оны 08 сарын 28-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 40-02 тоот руу гэрйин хаягаар нь шуудангаар хүргүүлсэн боловч 5 өдрийн дараа буюу 2020 оны 09 сарын 02-ний өдөр ирж ажпаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасанаар . “Э” ТӨХК-ийн гүйцэтгэх захиралын 2020 оны 08 сарын 27-ний өдөр “Ажилд эгүүлэн томилох тухай” Б/211 тооттушаал биелэгдэхгүй болох нь нотлогдсон.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэсний дагуу Хөдөлмөрийн харилцаа үүсч байж Б.Эт мөнгө олгох ёстой. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн 142/ШШ2019/00230 дугаартай шийдвэрээс хойшхи хугацааны нэхэмжилсэн 13.001.218.54 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.

 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Э” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13 001 218.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч Б.Э нь “Э” ТӨХК-д зуухан цехийн өрлөг, дулаан тусгаарлалтын засварчнаар 2017 оны 04 сарын 12-нд томилогдож ажиллаж байгаад “Э” ТӨХК-ийн захирлын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн Б/246 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Б.Э шүүхэд гомдол гаргаснаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон ба хариуцагчийн гомдлоор хэрэг давж заалдах, хяналтын шатны шүүхэд хянагдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

“Э” ТӨХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлж тус компанийн 2020 оны 08 дугаар сарын 27-нд Б/211 дүгээр тушаалаар Б.Эийг өмнө нь эрхэлж байсан ажилд нь буюу зуухан цехийн засварын хэсэгт өрлөг, дулаан тусгаарлалтын засварчны ажилд эгүүлэн томилсон байх ба 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б/216 дугаар тушаалаар Б.Эийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрээр Б.Эийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо түүний 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг бодож олгосон байх ба тэрээр одоо 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс түүнийг ажилд нь эгүүлэн авсан 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардаж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь цалингаа нэхэмжлэх эрхтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...“Э” ТӨХК болон Б.Э нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан ажил, хөдөлмөр эрхлээгүй байна.

Б.Эийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон боловч түүнийг ажил олгогч 2020 оны 08 дугаар сарын 27-нд ажилд нь эгүүлэн тогтоосон тул энэ ажилгүй байсан хугацааныхаа дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д нийцэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Эийн 1 сарын дундаж цалин хөлсийг үндсэн цалингаас нь акт, амралтын мөнгө, хоолны хөнгөлөлтийг хасч 390 865 төгрөгөөр тооцож нийт 7 426 435 төгрөг төлөхийг зөвшөөрнө гэсэн тайлбар гаргасан.

Гэвч 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00294 дүгээр тогтоолд нэхэмжлэгчийн дундаж цалинг 684 274 төгрөг гэж тогтоосон байна. Энэ тогтоол нь хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байх тул түүнийг дахин нотлохгүй.

Иймд нэхэмжлэгчийн дундаж цалинг 684 274 төгрөгөөр тооцход 1 өдрийн цалин 31 826 төгрөг болж байх ба үүнийг ажилгүй байсан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25 хүртэл тооцож 413 хоногийн цалин 13 144 138 төгрөг байна.

 Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээс хэтэрсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээр тооцож 13 001 218 төгрөгийг “Э” ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 222 960 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 222 960 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Э” ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13 001 218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.- д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 960 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Э” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 222 960 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА